ЦЭЦЭН ХҮН ТЭХИЙ ДУНДУУР

image

Энэ Швейцарь гэдэг улсад хүмүүс жигтэйхэн найрсаг. Гудамжинд таарсан хүнтэй таних танихгүй хамаагүй бүгдэнтэй нь мэндлэнэ. Таних хүнтэй таван үг солиод салбал өдөр эрт салбал "өдрийг сайхан өнгөрүүлээрэй" буюу BON JOURNEE, оройхон бол BON SOIREE буюу "үдшийг сайхан өнгөрүүлээрэй" гэж хэлээд салцгаана. За тэгээд, дэлгүүрээс талх зэрэгхэн аваад гарах хооронд чинь л BON JOUR-с /Сайн байна уу/ авхуулаад хичнээн ч удаа MERCI буюу "баярлалаа" гэж хэлж байгаан. Би нэг удаа хажуу дах бяцхан супермаркетаасаа талх аваад гарахдаа "хэдэн удаа баярлалаа гэж хэлж байна вэ" гээд өөрийгөө тоолсон чинь 4 удаа хэлж байна лээ ш тээ, бурхан минь. Тэгээд гарахдаа бас BON JOURNEE гэж хэлээд гарна ш тээ, кккк Заримдаа энд тэнд очоод хүн амьтнаас яарч тэвдсэн үед юм асуухдаа УУЧЛААРАЙ гээд юмаа асуухаар нөгөө хүн маань өөдөөс "энэ харь гаригийн хүн хаана юу хийж явна" гэсэн байртай нүүр рүү минь нэг их том харснаа "САЙН БАЙНА УУ" гэж мэндэлж намайг шараа болгож байгаан. Гэхдээ би ч одоо засраад эхлээд хүнтэй заавал мэндэлж байж юм асуудаг болсон л доо. Гэхдээ засрана засрана гэхэд яаж бас бүрэн засрахав, монгол хүнтэй уулзчихаад л салахдаа нэг их ЗА, ӨДРИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ ч гэх шиг орчуулгын модон, эх хэлэнд минь хэвшил болоогүй үг хүчилж хэлж загвардахгүй ээ. Энд байгаа зарим хүмүүс тэгж хэлэхээр үнэн балай сонсогдоод байдаг юм. Харин тэр үгээ франц юм уу англиар нь хэлбэл харин болжийноо, гажиг сонсогдохгүй.

Мэндлэх хүндлэх ёсыг ийнхүү төгс эзэмшсэн /хүүхдүүддээ бас бүр багаас нь эзэмшүүлэхийг яана/ Швейцариуд маань /Франц ч гэсэн бас тиймэрхүү адилхан санагдсан/ харин нэг их мундаг мэндэлчихээд л цааш байхгүй дээ. Дочночлон танилцаж, найзлан нөхөрлөе гэвэл бараг л боломжгүй улс. Таараад худлаа үнэн ойр зуурын юм, цаг агаар мэтхэнийг ярилцаж болох ч тэрнээс айхтар цааш давж сэтгэл зүрхээ нээлцэх үү? Хоорондоо бол магад. Магад ч юу байхав, хараад байхад нээлцээд үерхээд дотносоод хамтдаа энд ч очиж кофе уугаад, тэнд ч очиж шампанск уугаад байгааеэн, хүүхнүүд нь л лав. Харин гадны хүнтэй мэндлэхээс цааш нэг их гүнзгийрэн дотносдоггүй санагдсан. Нэг л их эелдэг, хаалттай, номын, зарчимч улс. Яахав байгалийн жамаар эсрэг хүйсийн хүмүүсийн хооронд бол сонирхол ч юм уу, дотносох юм бол угаасаа байна ш тээ. Хамаагүй амар.

Би оюутан байхдаа галт тэргээр нааш цааш их явдаг байлаа. Тэгээд Швейцарын зүүн хойд хэсгээс /Санкт Галлен гээд германаар ярьдаг хотоос/ баруун өмнөд хэсгийн Женевт ирэхэд бараг бүтэн 5 цаг галт тэргээр явна. Швейцарь хүнтэй өөд өөдөөсөө харж 5 цаг явахад нэг их мундаг мэндэлж орж ирсэн хүн чинь тэгээд л номоо уншвал уншаад л, цонхоороо ширтвэл ширтээд л, эсвэл хөгжмөө сонсоод юун намайг тоох. Тийнхүү таг дуугай 5 цаг суучихаад л аймаар найрсгаар БАЯРТАЙ, САЙХАН АМРААРАЙ нтр гэж хэлчихээд л гараад явчихыг нь хараад би бүр гайхаж билээ. Найз нөхөр болохгүй, нэр усаа мэдэлцэхгүй, ахиж хэзээ ч уулзахгүй ч бас хүн байна даа бага сага ярилцаад явбал сайхан баймаар, гэтэл ихэнх Швейцарь хүн тийм биш. Яахав настай хүмүүс бол арай өөр л дөө, ядаж сониуч.

Гэтэл манайхан болохоор энэ талаар Швейцариудын тас эсрэг. Монголдоо байгаанууд нь мэндэлж барьж сүйд болохгүй ч байгаагаараа сайхан. Холын замд хамт явахаар хөгжилтэй хөөртэй, байгаагаа хуваалцаж идээд чөлөөтэй нь даан ч сайхан. Харин гадаадад байгаанууд нь болохоор хоёр янз. Монголоороо зүгээр байгаараа, таарвал ядаж мэндтэй явдаг нь ч бий, эсвэл бүр нөгөө туйл. Харваас монгол гэдэг нь нүүр царай, будаг шунх, өмссөн хувцас, ааш аяг хөдөлгөөн хамаг юмаараа илэрхий байхад чинь өөр нэг монголоо харангуутаа ухаан жолоогүй зугтаагаад л, халз таарвал нүүр буруулаад л сүйд болдог нэг хэсэг. Би тийм хүмүүсийг ойлгодоггүй юм. Швейцариуд шиг монголоороо зүгээр сайхан мэндэлчихэд яана. Тэдгээр хүмүүсийн бодол нь болохоор "Монголчууд бие биендээ дандаа гай болж байдаг. Хэт ойртон наалдахаар хор болдог, ховонд хутгадаг, араар тавьдаг, самардаг..." яалаа яалаа гэнүү аймаар аймаар юм яриад л чухам чиг бусад монголчууддаа хорлогдчихгүйн тулд тийнхүү чонын бэлтрэг шиг нүүр буруулан сүүлээ хавчин зугтдаг болтой юм блээ. Өөр нэг хэсэг нь болохоор ирж НААЛДАНА гэж айдаг байх. Зарим нь болохоор юм гуйна гэж айдаг гэсэн. Үхсэнээсээ айдгийн, монгол хүнтэйгээ сайан мэндлээд таван үг сольсны зоргоор айхтар ашиглуулчихна гэж юу байхав дээ, энчодо. Тийнхүү сүүлээ хавчин ум хум зугтаагчид болохоор мэдээж тоотой хэдэн монгол найзтай тэдэнтэйгээ ганц ганцаар нь уулзаж монгол хүнийхээ, монголоороо ярих хэрэгцээгээ хангадаг болтой юм даг уу даа, ккк Гэвч бүр тоотой хэдэн найзгүй, ИЖИЛ СҮРГЭЭСЭЭ өөрийгөө хэт тусгаарласан иймэрхүү хүмүүсийн зарим нь сэтгэцийн өвчин тусч байх шиг. Хүн гэдэг чинь нийгмийн л амьтан юм болохоор нийгмээсээ өөрийгөө хэт тусгаарлаж элдвийн юм бодсоор сүүлдээ тэр зохиомол бодолдоо итгээд нөгөө шизо гэдэг өвчин тусч байноо байна. Уулзахаар сонин сонин, нөгөө ҮЛ МЭДЭГДЭХ НИСДЭГ БИЕТ гэдэг шиг, учир нь яаамар ч хүнд үл ойлгогдох юм яриад л, хий юм харж сонсож, жигтэйхэн айдас хүйдэстэй амьдрах болдог юм байна....

Гадаадад амьдарч байгаа Монголчуудын өөр нэг тип буюу саяын миний дүрсэлсний эсрэг туйлын бас бус хүмүүс нь болохоор нэг нүүр өгөөд дотносвол ирээд шууд НААЛДАН ПАД. Байнга яриад, байнга уулзах гээд, ирэхээрээ явахгүй, уулзахаараа салахгүй. Тэгээд бас уулзалт хоорондын зайг хэт ойртуулах гэж шалгаагаастай. Тийм хүмүүс чинь нөгөө энерги сорогч вампир гэдэг шиг бас их ядраанаа. Уул нь энерги сордоггүй байх л даа, гэхдээ нэг хүн ирээд амьсгалах агаар өгөхгүй наалдчихаар чинь аймаар биз дээ, энчдо. Ямар аваад суусан амраг хань биш дээ, хүнд чинь янзан бүрийн хүний, найз нөхдийн хэрэгцээ байдаг юм шиг байгаан.

Миний нэг таньдаг хүүхэн /мэдээж монгол/ хүнд ҮГҮЙ гэж хэлж чаддаггүй, дайламтгай цайламтгай, бас сайхан сэтгэлтэй. Хүн гуйж л байвал өгч л байдаг тийм бүсгүй. Тэгсэн тэр хүүхнийг минь хараад байхнээ зарим тиймэрхүү НААЛДАН ПАД монгол хүүхнүүд аймаар ашиглаж байнаа. Гэрт нь үдийн өмнө хоолонд уригдаж очоод байсаар байгаад шөнийн 3 гэж явдаг гэж байгаа ш тээ. Хоол идээд, яриад яриад, үдээс хойшийн цай ууж бялуу идээд яриад яриад, оройн хоолыг гэр бүлтэй нь хамт идээд, яриад яриад ... ярин ярьсаар албатай юм шиг автобус зогсоогоод шөнийн 3 болгоод тэгээд машинаар нь гэртээ хүргүүлээд. Хөөрхий муу хүүхнийг нөхөр хүүхдээс нь булаан ганцаараа эзэмшээд /монголоороо ярьж байгаа болохоор бусад хүмүүс ярианд нь оролцох боломжгүй/, дээрээс нь нойргүй хонуулаад. Энэ арай л харгис юм шиг ээ. Яахав хаа нэг ганц хоёр удаа бол тохиож болох л доо, гэтэл байнга 7 хоног болгон ирээд ингээд байвал нөгөө хүн чинь шургаж унана биз дээ, энчодо. Би тэр наалдан пад хүүхэнд найзынхаа өмнөөс дургүй хүрээд байгааеэн. Гэвч тухайн хүн САЙН ДУРААРАА ийнхүү бусдад ашиглуулж, өөртөө болоод гэрийнхэндээ хүртэл давхар чирэгдэл учруулж байхад би хажуунаас зааж хэлдэг хэн ч билээ, дуугай л ажиглан заримдаа нөгөөхөө өрөвдөн, уур хүрэн суух.

Зиа тэгээд элдвийг бодон ийнхүү нуршиж сараачсаны учир болбоос ТЭНЭГ ХҮН ТЭХИЙ ДУНДУУР НЬ гэдэг чинь хамгийн худлаа үг юм байна. Харин ЦЭЦЭН ХҮН ТЭХИЙ ДУНДУУР НЬ явах болтой юм. Тэгвэл НААЛДАН ПАД болж бусдад хүндрэл учруулахгүй, эсвэл ижил сүргээсээ ухаан зулаггүй зугтаан хожим галзуурахгүй юм байноо гэж би ухаарав чиг.

 

via Bolortuya Dorj

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga