Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Хүний ухамсар болон үйл ажиллагаанаас ангид нийгмийн хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Ухамсар бол хүний зан үйлийн үндэслэл, нөхцөл, шалтгаан нь болдог. Мөн түүнчлэн тодорхой харилцааны хүрээнд бүрэлдсэн нийгмийн бүхий л тогтолцоонд нөлөөлнө.
Нийгмийн амьдрал бол бүхэлдээ хүмүүсийн харилцааны үр дүн юм.
Нийгмийн ухамсар нь түүний бодит байдлын тусгал юм. Тэр нь нийгмийн үзэгдэлд хандах үзэл, онол, оюун санааны ‘’хэлбэржсэн’’ тусгагдахуун. Нийгэм дэх ухамсарлагдсан байдал нь хүн төрөлхтний хөгжлийн болоод соёл иргэншлийн үнэ цэнэтэй зүйл болдог /шинжлэх ухаан, соёл урлаг, улс төр, боловсрол, эрх зүй г.м/.
Эрх зүйн ухамсар гэдгийг нийгэм дэх эрх зүйн үзэгдэл , түүний бодит байдалд хандах үзэл бодол, мэдлэг оюун, онол сэтгэгдлийн бүрдэл цогц гэж ойлгож болно. Эрх зүйн ухамсар нийгмийн амьдралд идэвхитэй, нөлөөлөгч үүрэг гүйцэтгэнэ. Иймээс эрх зүйн ухамсар гэдэг бол хууль зүйн шинжлэх ухаанаар судалбал зохих хууль зүйн ойлголт юм.
Дэвшүүлж буй асуудал:
“Эрх зүйн ухамсар нь эрх зүйн бодит байдлын зүй тогтол, хөгжлийн чиг хандлагын тухай мэдлэг, эрх зүйн зарчим, хэм хэмжээнүүдэд илэрхийлэгдсэн эрх зүйн мэдлэгийн тогтолцооны буюу эрх зүйн онолын ухамсар байх ёстой”
Орчин үед эрх зүйн ухамсар нь эрх үүргийг мэдрэх, ойлгох, түүнийг ухамсарлан сахихад чиглэгдсэн ухамсар бөгөөд нийгэмд нөлөөлөх хүчин чадлаараа харьцангуй дээд түвшинд илэрсэн байдаг.
Эрх зүйн ухамсар гэдэг нь эрх зүйн бодит байдлын оюунжсан илээрхийлэл мөн. Өөрөөр хэлбэл эрх зүйн ухамсар гэдэг нь эрх зүйн тухай бодол төсөөллөөс үзэл баримтлал, онол номлол болон тэдгээрийн хэлбэржиж томьёологдсон хуульчлагдсан оюун санааны нийлбэр цогц юм. Эрх зүйн ухамсар нь эрх , үүрэг, хариуцлагыг ойлгох ,түүнийг өөрийн ухамсарт хэвшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Орчин үед хүмүүс хуулийг албадлагаар буюу төрийн шахалт шаардлагаар бус харин өөрийн ухамсраар биелүүлэх тухайн хүний соёлын шалгуур болж ирсээр байна.
Энэхүү ухамсар нь эрх зүйн шууд эх сурвалж болохынхоо хувьд эрх зүйн актуудад илэрлээ олж эрх зүйг бий болгох үйл явц хийгээд үр дүнд нөлөөлж байдаг.
Эрх зүйн ухамсрын агуулгын дагуу эрх зүйн актын болон тухайн эрх зүйн тодорхой хэм хэмжээний бүтцийн онцлогууд тодорхойлогдож байдаг. Эрх зүйн хэм хэмжээ нь иргэдийн эрх зүйн ухамсрын хөгжилд нөлөө үзүүлж, эрх зүйн зарчмууд хийгээд хэм хэмжээ, эрх зүйн харилцаа, хариуцлагын тухай үнэн зөв төсөөлөл төлөвшихөд нөлөөлдөг.
Эрх зүйн ухамсрын төвшин хэдий чинээ өндөр байна, төдий чинээ их хэмжээгээр зан үйлийг эрх зүйд илэрхийлэгдсэн зорилго, хүсэл зоригтой тохируулан зохицуулж байх үүргээ гүйцэтгэнэ гэж ойлгодог. Тэр хэмжээгээр хууль ёс , эрх зүйн журам батжин бэхждэг.
Эрх зүйн ухамсрын тухай онол нь эрх зүйн ерөнхий онолын үндсэн асуудлуудын нэг мөн. Хүний ухамсраас гадуур эрх зүй оршиж чадахгүй. Эрх зүй нь нийгмийн субьектүүдийн ухамсраар дамжиж байж эрх зүй бий болдог. Тиймээс хүний ухамсар болон эрх зүйн хоороондын харилцан хамаарлын тухай асуудал бол эрх зүйн ойлголтын онцлогыг тодорхойлж буй гол зүйл юм.
Иймд эрх зүйн ухамсрын тухай ойлголтыг шинжлэх ухааны үүднээс танин мэдэх нь чухал юм. Эрх зүйн ухамсрын мөн чанар, бүтэц, үүрэг, түүний төлөвшлийн зүй тогтлын зарим асуудлыг эрдэмтэд онолын үүднээс судлан боловсруулсан юм.
Хуульчдын эрх зүйн ухамсрын мөн чанар , онцлог нь эрх зүйн үзэл суртал, эрх зүйн сэтгэл зүйн агуулга, тухайн мэргэжлийн хамт олны эрх зүйн мэдлэг, үнэлэмж, ойлголт, төсөөлөлд тодорхой илэрнэ.