ЦЭРГИЙН ЦОЛ АЛИА САЛБАДАЙН ГАНГАРАА БИШ

image

Манайхны үлгэрлэн дуурайх дуртай Баруун Европын ч юм уу, Хойд Америкийн ардчилсан засаглалтай аль нэг улсад хэдийнээ түүх болон хоцорсон фельдмаршалын мөрдэстэй нөхөр гудамжаар хээвнэг алхаж явбал, бүр байтлаа төрийн баяр ёслолд оролцоод явж байвал энэ эр нэг бол сэтгэцийн өвчтэй, үгүй бол түүхэн киноны зураг авалтад орж байгаа жүжигчин л гэж хүн бүхэн бодно. Өнөөдөр засгийн хэлбэрээс үл хамаараад цэргийн болон цэрэгжсэн дүрэмт хувцасны ийм хээнцэрлэлээр хөөцөлдөгч улс Умард Солонгос мэтийн ганц хоёрхон улсад л байгаа биз. Харамсалтай нь ардчилсан Монгол хамгийн тоталитар улсуудад ч байхгүй ийм солиоролд автаж, дайны үеийн нацист Германыг улам бүр санагдуулам болж байна.
Та бүхэн ямар нэгэн баяр ёслол, хурал цуглаанд оролцож буй төрийн үй олон байгууллагын албан хаагчдын, ялангуяа бүх шатны дарга нарынх нь өмссөн зүүснийг зориуд нэг ажиглаарай. Энэ  үзэгдлийг “дүрэмт хувцасны загварын шоу” л гэхээс өөр юу гэх вэ. Хоёр төрлийн ногоон, гурван янзын саарал, гурван өөр хөх, хоёр янзын цэнхэр, дээрээс нь завсрын гэмээр ногоолин, бүр байтлаа улаан зэрэг санаанд багтаж болох бүх л өнгөөр гангарсан төрийн албан хаагчид. Элдэв чимэг, мөрдэс, саа манжлагын хувьд бүр ч гаарч өгнө. Хамгийн их цэрэгжсэн, цагдаажсан, дарангуйлагч төртэй улсууд ч ийм хээнцэрлэлийг ядаж эдийн засгийн үр ашиггүй байдал, төсвийн үрэлгэн зардал талаас нь харж үзээд зөвшөөрдөггүй юм билээ. Хаанахын хэний жишгээр, ямар амин чухал шаардлага байгаа болоод ийм их хөрөнгийг гарын салаагаар урсгаж, арай ядан бэхжих гэж оролдож байгаа ардчилсан тогтолцоогоо харлуулна вэ?
Цэргийн дүрэмт хувцас гэдэг бол өөрийн үүх түүхтэй, дүрэм журамтай, тэр нь төрийн тэргүүний зарлигаар хуульчлагдсан байдаг. Аль ч улсын зэвсэгт хүчний аль нэгэн төрлийн цэрэгт харьяалагдан алба хааж байгааг болон цэргийн цолыг нь илтгэн харуулах таних тэмдэг.

Далайд гарцтай, томоохон улсууд хуурай замын, тэнгисийн болон агаарын хүчнийг тус тусад нь төрлийн цэрэг хэмээн зохион байгуулж, түүх уламжлалаасаа улбаатай өөр өнгө, загвар бүхий дүрэмт хувцастай байлгадаг. Гэхдээ дэлхий даяарын нийтлэгдүү хандлага гэж бий. Ерөнхийдөө хуурай замын цэрэг ногоон, агаарын цэрэг хөх, тэнгисийн цэрэг өвөлдөө хар, зундаа цагаан өнгийн дүрэмт хувцсаар ижилсэх нь түгээмэл болжээ. Харин манай улсын хувьд биеэ даасан том төрлийн цэрэггүй, ерөнхий зориулалтын болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хоёр командлал бүхий нэгдмэл Зэвсэгт хүчинтэй. Тийн атал ийм олон өнгө, загварын дүрэмт хувцасны дийлэнхийг нь лав л цэргийнхэн биш, “хүчний” гэгдэх бусад байгууллагынхан эдэлж хэрэглэж байгаа аж. Тэр бүү хэл яаж ч мэрийгээд “хүчний” болгож тайлбарлахын аргагүй цэвэр иргэний, үйлчилгээний байгууллагуудын гангараа ч хэмээс хэтэрч, алиа салбадайн өмсгөл мэт харагдах болов.
Энэ оны наймдугаар сард Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг орон даяар, ялангуяа Дорнод аймаг, Халх гол суманд ёслон тэмдэглэсэн билээ. Баярын арга хэмжээний үеэр ийм “алиа салбадайнууд” ёстой олноороо гол дүрд тоглож, ахмад дайчдын, албаа хааж яваа жирийн цэргүүдийн зүй ёсны эгдүүцэл, дургүйцлийг төрүүлж байлаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь БНМАУ-ын Маршал цолны мөрдэс зүүчихээд явж байсныг харсан хүмүүс “энэ хүн Халхын голын тухай шинэ кинонд Маршал Чойбалсангийн дүрд тоглох гэж байгаа юм байх даа” гэж шивэр авир ярилцаж байсан нь өнөөдөр ам дамжин яригдсаар байна. Үнэндээ түүний мөрөн дээрх нь Х.Чойбалсангийнх шиг арай биш, харин 1981 оны Ю.Цэдэнбал даргын маршал хувцасны загварынх шиг, алхан хээгээр эмжээлсэн алтан шаргал өнгийн мөрдэс дээр томоос том алтан соёмбыг хатгасан байлаа. Уг нь нэртэйгээр нь яг Х.Чойбалсангийнх шиг цацаг унжлагатай дугуй эполет мөрөн дээрээ тохчихсон бол бүр ч сүрлэг сайхан харагдах байсан байж мэднэ. Маршалын соёмбоны хэрэглээ үүгээр зогссонгүй.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын цэргийн хээрийн хувцсан дээр (гэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчний хээрийн хувцасны өнгө биш, гадаадын аль нэгэн улсынх) дэд хурандаагийн хоёр өлзий, дээр нь мөн л алтан утсаар соёмбо үсгээр хатгасан мөрдэс зүүж явсан. Аль улсын, ямар албан тушаалтны шийдвэрээр, ямар гэгч цолоор шагнуулсан юм бол, эрхэм гишүүн?
Ер нь насандаа цэргийн жинхэнэ алба хааж үзээгүй улс төрчдийн гангараа нь бэлтгэл хурандаа цол болж байгаа юм билээ. Цаашлаад “УИХ-ын гишүүн – бэлтгэл генерал” гэдэг цол ч бий болох юм гэсэн гэх шог яриа цэргийнхний дунд тархаад байна. Уг нь ардчилсан нийгэмд зэвсэгт хүчний болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт гэгчийн амин сүнс нь эдгээрийг цэргийн ямар нэгэн цолгүй энгийн хүмүүс, улс төрийн алба хаагчид удирддагт оршдог гэдэгсэн. Ийм ч учраас цолтой хүмүүс нь улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй, орохоор бол бэлтгэлээр халагдаж эрх зүйн хувьд энгийн болж байж тийм эрх нь нээгддэг хуультай. Мөн ийм учраас улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь цэргийн цолгүй байх ёстой, өөрөөр хэлбэл, энэ хоёрын зааг ялгааг тов тодорхой гаргаж хуульчилсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүдэд, иргэний байгууллагын дарга нарт хаанахын ямар хуулинд заасан нь үл мэдэгдэх цол, ялгах тэмдгийн хэрэгцээ шаардлага юу байгаа юм бол? Гааль, татвар, нийгмийн даатгал, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, мэргэжлийн хяналт, прокурор зэрэг байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцас, ганган мөрдэсэнд зарцуулж буй төсвийн хөрөнгийг тооцоход л манай төр ямар “ухаалаг бус” болох нь харагдана. “Ухаалаг бус” гэхэд ч багадна. Үүнийг дэмийрэл, тэнэглэл гэхээс өөрөөр илэрхийлэх арга алга.
Хууль сахиулах болон дотоод албанд нь тодорхой хэмжээнд цэрэгжсэн харилцаа зонхилж байдаг байгууллагын албан хаагчид зэрэг дэв, цол, түүнийг илэрхийлэх ялгах тэмдэг хэрэглэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ эдгээр байгууллагуудын нийгэм, ард иргэдийн өмнө хуулиар хүлээсэн үүрэг, гүйцэтгэж буй ажлын чиг үүрэг нь цэргийнх биш, тэс ондоо гэдгийг одоо болтол хаа хаанаа бүрэн ухамсарлахгүй байна. Цагдаа, онцгой байдал, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол алба хаах онцгой нөхцөл бүхий төрийн тусгай алба, дотоод зохион байгуулалт, сахилга бат, захирах, захирагдах ёсны хувьд цэрэгжсэн дүрэм, журам үйлчлэх зайлшгүй шаардлагатай. Хэдий тийм боловч эдгээр нь мөн чанарынхаа хувьд иргэнд үйлчлэх, иргэнтэй харилцах байгууллагууд. Тэр утгаар нь иргэний тал нь давамгайлж байх ёстой. Хууль зүйн салбарын шинэчлэлийн гол цөм нь энэ чиглэлд явж байна гэж ойлгогдохоор байгаа. Тэгвэл яагаад “хүчний” гэгдэх ухамсраасаа салж чадахгүй, ганган мөрдэстэй албан тушаалтнуудынх нь тоо улам нэмэгдээд байгаа хэрэг вэ? Шинэчлэл нь “сахил хүртээд шал дордох”-ын үлгэр болж байгаа нь харамсалтай.
Хууль сахиулах тогтолцооны шинэчлэлтийн өмнөх зохион байгуулалтаар Дотоодын цэрэг гэдэг бүтэц Цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд байсан тул ЦЕГ-ын дарга нь Дотоодын цэргийн командлагчийн хувьд цэргийн дээд цолтой байх эрх зүйн үндэслэлтэй байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагын хэмжээнд ганц л генерал цолтон байж болдог байсан. Цэргийн дээд цолыг хуулийн дагуу зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог. Гэтэл энэхүү “шинэчлэл”-ийн үр дүнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар биш, салбарын сайдын тушаалаар гарын хуруугаар тоолохоос наашгүй олон хүнд алхан хээт мөрдэс, алтан таван хошуу, өргөн судалт өмд бүхий төрөл бүрийн “комиссар” цол олгож, хамгийн том комиссар нь Монгол Улсад тайван цагт олгогддоггүй дөрвөн учиртай таван хошуу бүхий “Генерал” цолтон (хуулинд “цэргийн дээд цол нь бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал” байна гэж заасан) гэж андуурагдахаар болчихоод байж байна.
Хэдэн жилийн өмнө ОБЕГ-ын комиссарууд мөн л алтан саа мөрдэс, өргөн судалт өмдөөр гангарч, өөрсдийгөө “генерал” гэж авгайлдаг байгаад Ерөнхийлөгчийн зарлиг гарч, бүгд хураагдсан. Тэгээгүй бол нэг жилийн дотор арван нэгэн тийм “генерал”-ыг агентлаг хариуцсан сайдынхаа тушаалаар төрүүлчихээд байсан байгууллага шүү дээ. Түүн шиг цагдаагийн байгууллагад ч хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй.
Энд дурдсан хоёр жишээ бол тухайн байгууллагуудын дарга нар өөрсдөө генерал цолонд хүрэх боломж хязгаарлагдаад ирэхээр ийм аргаар иргэдийн толгойг эргүүлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Шууд генерал цол хүртчих гэсэн санаархал ч олон газраас гардаг. ХХЕГ, ТЕГ, ТТХГ, тэр байтугай АТГ өөр өөрийн удирдах албан тушаалтан цөөнгүй хүнд цэргийн дээд цол олгуулахаар хөөцөлдөж өргөн мэдүүлсэн жишээг ч дурдаж болно. Ер нь ч нэгд, генерал цолыг Зэвсэгт хүчнээс өөр ямар ч байгууллагын удирдах албан тушаалтан зүүдэггүй дэлхий нийтийн жишиг байна, хоёрт, цэргийн дээд цолтны тоо тухайн улсын хүн ам, Зэвсэгт хүчнийх нь бие бүрэлдэхүүний тооноос хамаарах ямар нэгэн харьцаа байдаг юм билээ.

5 сая хүнтэй Гүрж улс л гэхэд цэргийн жинхэнэ албаа хааж байгаа 5-хан генералын орон тоотой гэж бодоход манай улсын хувьд ч энэ харьцаа арай ихэдчихээд байгаа зүйл. Тийм болохоор хаа хаанаа цэргийн цолны, түүгээр дамжаад цэрэг армийнхаа нэр хүндийг л хамгаалж явах учиртай юм.
Ер нь эндээс ажиглахад, цэргийн цолны нэр хүнд өндөр байгаа учраас л цэргийн биш байгууллагууд өөрийн албаны онцлогийг харуулсан зэрэг дэв, ялгах тэмдэг хэрэглэхийн оронд цэргийн цолыг элдэв чимэг гуншинтай (“онцгой байдлын ахмад”, “цагдаагийн хурандаа” гэх мэт) хэрэглэж, цэргийнхтэй андуурагдам дүрэмт хувцас, мөрдэснээс салж чадахгүй байгаа сэтгэл зүйн үзэгдэл байна. Бүр хууль болон дотоод дүрмээ зөрчин шууд цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж байгаа байгууллага ч байна. ШШГЕГ “Дотоодын цэргийн дүрэмт хувцас хэрэглэнэ.” гэж дүрэмдээ заасан атлаа өдгөө татан буугдсан тэр байгууллагынхаа цолноос татгалзсангүй, харин Зэвсэгт хүчний цолыг хууль бусаар эдэлсээр байна. Зэвсэгт хүчнээс ялгаатай нь, энд дурдсан болон дурдаагүй байгууллагын офицер, ахлагч нар нь цэргийн дүрмээ мэддэггүй, үл хүндэтгэдэг, дүрэмт хувцсаа өмсөх талаар гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлдэггүй нь түгээмэл. Тэгсэн атлаа тодорхой шат, шалгуур давж байж, тухайн шат бүртээ зохицсон цэргийн боловсрол эзэмшиж, ажлын дадлага, туршлага хуримтлуулж байж, дүрэм журмаар тогтоосон хугацаанд авч байх ёстой цэргийн цолыг “албан тушаалын” гэгдэх үндэслэлээр (үнэндээ хэн нэгний үзэмжээр) асар хурдан авч цэргийн цолны эрхэм нэр хүндийг хөсөр унагаадаг. “Офицерийн алба хаах журам”-ын дагуу цэргийн цол хоорондын дай 3-4 жил байдаг. Ахлах офицерийн хувьд хамгийн багаар 4 жил, түүнээс ч дээш байна. Хүний амьдралын 4 жил гэдэг бол их сургууль төгсөж, дээд боловсролын зэрэгтэй болох хугацаа. Түүнтэй яг адилаар цэргийн амьдралд 4 жил гэдэг бол нэгдүгээрт, шат шатныхаа цэргийн боловсролыг танхимын сургалтаар олж авах, анги, байгууллага дахь ажлын туршлагаараа мэргэжил, боловсролоо ахиулж өөрийгөө таниулах хугацаа юм. Иймд дээр дурдсан цол хоорондын хугацаа бол нийгмийн болон цэргийн амьдралаас урган гарсан, үндэслэлтэй зүйл. Тиймээс ч цэргийн албан хаагчийн нэр хүнд өндөр байдаг учиртай. Гэтэл ийм нэр хүндийг ямар ч гавьяагүйгээр өөртөө нялзаах гэсэн мөчөөрхөл, түүнийг нь дэврээж байгаа улс төрийн болон тогтолцооны гажуудал эргээд хууль сахиулах албаныхандаа ч, Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт ч сөргөөр нөлөөлж буруу үлгэр дуурайл үзүүлсээр байна.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд цолны асуудалд хууль, дүрмийн дагуу хандаж, ийм мэт гажуудал гаргахгүй гэсэн байр суурьтай ажилладаг. Гэтэл цэргийн албандаа шамдан мэдлэг боловсролоо ахиулж, халуунд халж, хүйтэнд хөрч, алс газар энхийг сахиулж байгаа офицер, ахлагч нартаа хатуурхан байж өгдөг цолыг иргэний шахуу байгууллагын цагаан захтнууд хэд хэд ахиулан авч гүйцэж түрүүлж байгаа нь дэндүү шударга бус төдийгүй энэ байдлаар цаашдаа цэрэг дайчдын зан суртахуун, шударга чанарт ч сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Иймд Монгол төрийн албыг зөв голдрилоор нь төлөвшүүлэхийн тулд хугацаа алдалгүй анхаарах ёстой асуудал бол энэ болжээ.
Юун түрүүнд, төрийн албаны онцгой төрөл болох “цэргийн алба”-ыг хуульчилж, Зэвсэгт хүчин, хилийн цэргийг хамруулан ойлгох, зөвхөн энэ хоёрт цэргийн цол, дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхээр хязгаарлах нь зүйтэй. Түүнчлэн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг өөр өөрийн онцлогт тохирсон, цэргийн бус, албаны зэрэг дэв хэрэглэх, дүрэмт хувцас зайшгүй хэрэглэх шаардлагатай гэж үзвэл тэр нь ялгаатай байх. Харин иргэний, үйлчилгээний шинжтэй үүрэг гүйцэтгэж байгаа төрийн байгууллага, албан хаагчдыг дүрэмт хувцас хэрэглэхийг болиулах шаардлагатай. Цаашлаад цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудад холбогдох хууль, дүрмийг ягштал мөрдүүлж, цэргийн ямар ч цол бол зүгээр хэвтэж байдаг зүйл биш, түүнд тэмүүлж, өөрийгөө дайчилж байж хүрэх нэг нь л хүрдэг гэсэн хүндэтгэлийг хэлбэрэлтгүй болгох хэрэгтэй. Улс төрчид, удирдах хүмүүс эхлээд өөрсдөөсөө үлгэр дуурайл үзүүлмээр байна.

Тэгж байж Монгол Улс цэргийн цолоо алиа салбадайн гангараа болгохоос аварч чадна. Энэ нь эцэстээ Монгол төрийг ухаалаг болгож, Монголын нийгмийг илүү тууштай ардчилахад түлхэц өгнө.

 Cудлаач Д.МӨНХ-ОЧИР

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga