Нийгмийн аливаа дадал зуршил цаг үеийн байдал, тухайн үеийн нийгэм эдийн засгийн онцлогийг тусгасан байдаг. Цагаан сараар урд хөршид хийгдсэн, хямд боловч өнгөлөг аахар шаахар зүйлээр гар цайлгаж хэвшсэн нь энэ баярыг дахин сэргээж, өргөн дэлгэр тэмдэглэж эхлэх үетэй монгол үйлдвэрлэгчдэд бараа байхгүй, монгол хэрэглэгчдэд мөнгө байхгүй цаг үе түүхэн шаардлагаар давхцсаных юм
. Харин зарим зуршил, хэв жаяг нэг тогтохоороо орчны нөхцөл өөрчлөгдсөн ч инерцээрээ тэр хэвэндээ тогтоод үлдэх нь бий.
1990-өөд онтой харьцуулахад хүнд өгөхөд нүүр улайхааргүй монгол бүтээгдэхүүн олширч, монгол хэрэглэгчийн бэл ч харьцангуй сайжирч иржээ. Одоо харин дадал, заншил өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгэхийн тулд бидний сэтгэлгээ, хандлага өөрчлөгдөх хэрэгтэй. Баярын бэлгэнд хандах бидний сэтгэлгээ одоогоор ямаршуу байна вэ?
Юун түрүүнд гялгар байх ёстой. Өгч байхад гялгар, өнгөлөг харагдахаар бол ширээн дээр тавьдаг онцын хэрэггүй чулуун матар, төд удалгүй наалт нь салах хавчаар хүртэл бэлэг. Бусад оронд бол боолт нь цэмцгэр, ёсорхуу гэхээс биш бэлэг нь жирийн хэрэглээний зүйл байдаг.
Жишээ нь Японд бэлэгний уут, боолт их цэмцгэр байдаг. Боолт задлахтай хамт баяр дуусаж жирийн амьдрал гарч ирдэг. Жирийн япон хүний гараар бүтээгдсэн, өдөр тутмын л амьдралын хэрэглээний бараанууд байдаг. Варьень, ургамлын тос, цуу, цай, хоол амтлагч, хиам, виски гэх мэт. Жимс ногоо тарьдаг хүн бол хайрцагтай жимс илгээнэ. Зуны халуунд Асахи, Саппоро гэх мэт хүйтэн пиво бэлгэнд илгээнэ. Түүнчлэн Мияазакийн үхрийн мах гэхчлэн нутаг болгон ямар нэг хүнс, хоолны амтаараа алдартай, түүнийгээ янз бүрээр савлаад Токио руу их рекламдана. Бүс нутгийн идээг бэлэг, бранд болгох маркетинг их хөгжсөн байдгийг ердийн л шанцайг гялгар уутанд даршилсан бараа Яманаши мужийн хамгийн гүйлгээтэй бэлгээр сонгогдож байснаас бэлээхэн харж болно.
Бэлэглэх агшнаас илүү түүний дараах хэрэглээг илүү бодож, гар цайлгадаг гялгар эдээс илүү өдөр тутмын амьдралд хэрэгтэй энгийн зүйлсийг ч бэлэг хэмээн сэтгэж сурвал Монголд бүтээгдсэн боломжийн сонголт олширсон. Энхжин цай, Аморе зайрмаг, Шар Доктор, Газар Шимийн алаг салат, варьень, Мах Импексийн хиам, Витафитын жимсний шүүснүүд гээд савлагаа сайтай хэнд ч өгсөн нүүр улайхааргүй хүнсний бүтээгдэхүүн хангалттай олон байна. Цаашлаад Мон Сударын хүүхдийн номнууд, Мандухай Хатан-ы гарын тос, Янмалын оймс, Воштернийн шампунь, Кажугийн суран тэлээ, эсгий сав суулга, үзэгний сав гэх мэт монгол бараануудаа бэлэг болгож заншвал үндэсний компаниудын орлого, ажлын байр болно. Ингэснээр гадаад худалдааны салбарын орлого багасах боловч, бид түүнээс хавьгүй олон монгол хүний ажил хөдөлмөрийг худалдан авч байгаа юм.
Үйлдвэрлэгчид ч нэгэнтээ хүч хөдөлмөр заран хийсэн бараагаа баяр гэдэг сайхан завшааныг алдалгүй, бэлэглэх хүний сэтгэл, нүүрийг түлэхгүй хэмжээнд савлаж, баглах, хүртээмж сайтай борлуулалт хийж баймаар байна. Монгол үйлдвэрлэгч бүр бараагаа бэлэг болгон савлаж, Монгол хэрэглэгч дор бүрнээ монгол бэлэг сонговол нийлбэр дүндээ Монгол хүний орлогын түвшин нэмэгдэж, илүү сайн сайхан нийгэмд нэг алхам дөхөх болно.
Хуучны дадал амар өөрчлөгдөхгүй ч өөрчлөлтийн салхи хэдийн үлээж эхлээд томоохон худалдааны төвүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, соошил медиа, олон нийтийн нетворкоор олон янзын бэлэг, бүтээгдэхүүний санаа их сурталчлагдах болсон байна. Өмнөх онд зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаагаар нийтдээ 4 тэрбум гаруй төгрөгийн худалдаа хийгдэж олон айлын орлого, айл өрхийн хэрэглээ Монголдоо үлдсэн байдаг. Энэ жил жишээлбэл 2015.02.06-наас 2015.02.8-нд “Мишээл Экспо”-д 3 өдрийн турш бэлэгний зориулалттай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах аж
.
Уншигч та ч гэсэн эдгээр үзэсгэлэн худалдаанаас эсвэл Барс захын хажууд байдаг үндэсний барааны дэлгүүрээс худалдан авалт хийж дотооддоо баялаг бүтээдэг нийгэмд нэг алхам дөхүүлээрэй.
Сэтгэгдэл бичих