Нийтлэл 04 сарын 14, 2015

Хятадыг 1 цагт

Хятадын талаар тэр дундаа эдийн засгийн талаар 1 цагт багтааж уншиж мэднэ гэж байж боломгүй зүйл. Гэвч энэхүү “Хятадын 1 цагт” гэсэн ном бол манай Монгол улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэгч хүчин зүйл болсон Хятадын эдийн засагт гарч буй гол өөрчлөлтүүдийг хүн ойлгоход маш хялбараар тайлбарлаж, ерөнхий чиг хандлагуудыг нүдэнд үзэгдэхээр сайхан буулгасан ном юм.

Та өнөөдөр “Wall Street Journal”, “Financial Times”, “Economist” зэрэг сонин сэтгүүл, “Bloomberg”, “BBC” зэрэг телевизээр өдөр болгон Хятадын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон өсөлт бууралт, цаашлаад олон улсын зах зээлийн түүхий эдийн үнэд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон сонин мэдээлэл гарч байхыг уншиж сонсдог. Тэгвэл энэ ном эдгээр мэдээ мэдээллийн цаана эдийн засгийн хөдөлгөгч хүчин зүйлс юу байгааг тун хялбараар тоо баримттай, Хятадын амжилттай яваа бизнес эрхлэгчдийн түүхтэйгээр танд хүргэж байна.

Номонд танд бизнесээ өргөжүүлэх, цаашид экспортод чиглэсэн бизнес эрхлэх санаа оноо төрөхөөр олон баримтыг дурдсан. Жишээлбэл:

Хятад өнөөдөр дэлхий дээрх жилд хэрэглэж буй агааржуулагчийн 80 хувийг, зөөврийн компьютерийн 90 хувийг, нарны эрчим хүчний хавтаны 75 хувийг, гар утасны 70 хувийг, гуталны 63 хувийг тус тус үйлдвэрлэдэг байна.

Хятадын ДНБ-ний 40 хувийг аж үйлдвэрлэл бүрдүүлдэг бөгөөд энэ салбарт нийт 130 сая хүн ажилладаг аж. Өнөөдөр Хятад улс дэлхийд хамгийн том үйлдвэрлэгч улс бөгөөд жилд 2.2 их наяд ам.долларын нэмүү өртөг бүтээж байна. Сүүлийн 30 жилийн туршид үйлдвэрлэх суурь хүчин чадал 18 дахин нэмэгджээ.

Өнөөдөр Алибаба хэмээх компани эзэмшигч Жак Ма гэгч нөхрийн өөрийн хөрөнгө Монгол улсын хоёр жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээнд хүрлээ. Жак Ма өөрийн сайндаа олон зүйлийг хийж, компаниа амжилтанд хүргэсэн хэдий ч цаад нөхцөл байдал буюу Хятадын эдийн засгийн тулгуур хүчин зүйл Алибаба компаний амжилтын гол тулгуур болсон учраас өнөөдөр Жак Ма ийм их хөрөнгийн эзэн болж суужээ. Цаашид энэ компани улам өсөх болно гэсэн хүлээлт байгаагийн цаана эдийн засагт ямар том хандлага явж байгааг та энэ номоос уншиж мэдэх болно.

Номын Хэсгээс:

Хятадад буй үйлдвэрлэлийн МАНГАС-н талаар цөөн баримт дурдахад:

  • Хятад улс дэлхийд хамгийн том үйлдвэрлэгч улс бөгөөд жилд 2.2 их наяд ам.долларын нэмүү өртөг бүтээдэг. Сүүлийн 30 жилийн туршид Хятадын үйлдвэрлэх суурь хүчин чадал 18 дахин нэмэгдсэн байна.
  • Хятад өнөөдөр дэлхий дээрх жилд хэрэглэж буй агааржуулагч (air-conditioner)-ийн 80 хувийг, зөөврийн компьютерийн 90 хувийг, нарны эрчим хүчний хавтан (solar panel)-ын 75 хувийг, гар утасны 70 хувийг, гуталны 63 хувийг тус тус үйлдвэрлэдэг.
  • Хятадын ДНБ-ний 40 хувийг аж үйлдвэрлэл бүрдүүлдэг. Энэ салбарт нийт 130 сая хүн ажилладаг. Сүүлийн арваад жил эдийн засагт эзлэх үйлдвэрлэлийн ажлын байрны тоо тогтвортой байна.
  • Хятадын үйлдвэрлэлийн салбарт Хятадын асар олон компаниудын хоорондоо ширүүн өрсөлддөг. Жишээлбэл өнөөдөр Хятадын барилгын материалын салбарт нийт 30 мянга гаруй компаниуд ажиллаж, керамик плитанаас эхлүүлээд модон шал хүртэл хийж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon