Нийтлэл 04 сарын 17, 2015

Энэтхэгт зах зээлийн үнэлгээ нь 1 триллион давсан компани 43 болж нэмэгдлээ

Энэтхэгийн их компанийн тоо өнгөрсөн оны 3 сартай харьцуулахад асар хурдтай нэмэгдэж, зах зээлийн үнэлгээ нь 1 триллион иен буюу 8,4 тэрбум доллар давсан компанийн тоо 43 болжээ. Энэ нь өмнөх оны 26 компаниас даруй 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний дотор мэдээллийн технологи, түүнд суурилсан үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын компаниудын өсөлт илт ялгарч байна. Шинжээчид M&A буюу бусад компанийг нэгтгэх, худалдан авах замаар олон улс, гадаадын зах зээлд идэвхитэй нэвтэрсэн нь ийм амжилтад хөтөлсөн гэж үзэж байна. 2014 онд гараанаас гарсан Модигийн засгийн газрын шинэчлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Энэтхэгийн компаниудад хөрөнгө оруулагчид их итгэл хүлээлгэх болж ирсэн нь өдий хэмжээний өсөлт болж илрэв.

 

Топ 5 компанийн нэр болон зах зээлийн үнэлгээ:

  1. Тата консалтинг сервис 95 - 80,4 тэрбум доллар
  2. Рилаинс Индастрис - 43 тэрбум доллар
  3. Газрын тос байгалийн хий олон нийтийн компани - 42,3 тэрбум доллар
  4. Тамхи үйлдвэрлэлийн ITC компани – 42,08 доллар
  5. HDFC банк - 41,3 тэрбум доллар

 

Дэлхийн эдийн засгийн форумын датаг харвал Энэтхэгийн хөрөнгийн биржийн үнэлгээ нийтдээ өнгөрсөн оноос рупи үнэлгээгээр 50 хувийн өсөлттэй байна. Энэ нь уг хөрөнгийн бирж Токио, Шанхай, Хонконг, Шинжээний дараа орох тав дахь том хөрөнгийн зах зээл болсон гэсэн үг. Нэг жилийн дотор л Сидней, Сөүлийг ардаа орхисон амжилттай, анхаарлын төвд орсон цэг болоод байна. Жагсаалтыг мэдээллийн технологиор үйлчилгээ үзүүлдэг Тата Консалтинг Сэрвис тэргүүлж байна. Энэ нь Японы хамгийн том компани болох Тоёта Автомашин, Мицүбиши UFJ санхүүгийн конгломератын ард жагсах аварга бизнес гүрэн гэсэн үг.  Мөн Сан Фармасютикал Индастри эм үйлдвэрлэлийн компани нь салбартаа дэлхийд 8 дугаарт жагсаж байна.

Ийнхүү мэдээллийн технологи, шинжлэх ухааны боловсролд эртнээс хөрөнгө оруулж ирсэн Энэтхэгийн төр, олон нийт Моди ерөнхий сайдын манлайлалтай институцийн шинэчлэлийн нөлөөгөөр арвин ургацаа хурааж эхлэв бололтой. Моди ерөнхий сайд цагаан сараар монгол хэлийг багтаасан азийн 5 хэлээр мэндчилгээ дэвшүүлэх зэргээр олон улсад хандсан, нээлттэй гадаад харилцааны бодлого баримталж буй.

Сэтгэгдэл бичих

arrow icon