Хойд, урд туйлын цагирагт ойрхон байрлах бүс нутгуудад зуны өдөр, шөнө тэнцэх өдрийн өмнө, хойно хэдэн хоног нар жаргасан ч гэгээ тасардаггүй үзэгдлийг цагаан шөнө гэж нэрлэдэг
. Энэ үед туйлын цагирагаас туйл руугаа байрласан газар нар жаргадаггүй, туйлын өдөр болж байдаг. Хэдийгээр Санкт-Петербург хот туйлын цагирагаас хол, цагаан шөнө болдог бүсээс 70 очим километр урагш байрласан байдаг боловч тэнгэрийн гэгээ тасардаггүй, шөнө ч гэгээтэй байдаг
учраас Петербургийн цагаан шөнө хамгийн алдартай гэхэд хилсдэхгүй.
Зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын хоёрныг хүртэл үргэлжлэх 20 гаруй хоногт Санкт-Петербург хот жуулчны хөлд дарагддаг. Энэ үеэр зочид буудлууд дүүрч, онгоц, галт тэрэгний тийз ховорддог. Санкт-Петербург хот байгуулагдсан өдөр болох тавдугаар сарын 27-ноос эхлэн тус хотод төрөл бүрийн соёлын арга хэмжээнүүд тасардаггүй бөгөөд Оросын нэрд гарсан дуучид, жүжигчид хотын гудамж талбайд концерт, фестиваль, уулзалтууд зохион байгуулдаг.
Нэгдүгээр Петр хааны зарлигаар богино хугацаанд намаг дээр барьсан энэ хот 1712 оноос 1918 он хүртэл Хаант Орос улсын нийслэл байсны хувьд барилга архитектураас эхлэн алдарт Эрмитаж, Адмиралтейство, хааны зуны ордон Петергоф, Кунст-камера гэх мэт Оросын түүх, соёлын өвийг хадгалж үлдсэн олон үзмэртэй учраас Орос орныг үзэх жуулчид заавал Петербургт ирдэг
.
“Заавал үзэх ёстой” үзвэрийг үзэхэд хамгийн багадаа 6 хоног зарцуулдаг тооцоо бий. Хотын дундуур урсах Нева мөрөн дээгүүр тавьсан гүүрүүд усан онгоц гаргахын тулд шөнөөр салдаг бөгөөд энэ нь бас л жуулчдын анхаарлыг татдаг нэг үзвэр болдог. Цагаан шөнийн үеэр Петербург хотыг зорих бол зочид буудал жирийн үеээс 4 дахин үнэтэй
болдгийг мэдэхэд илүүдэхгүй. Галт тэрэгний тийз жирийн үнээр авья гэвэл дор хаяж сарын өмнө захиалах хэрэг гардаг гэдгийг санаарай. Энэ бүхнээс айж шантралгүй нэгэнт очсон бол үзсэн харсандаа хэзээ ч харамсахааргүй сонин содон мэдрэмж авна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Сэтгэгдэл бичих