Олон улсад уул уурхайн салбар зөвхөн албан ёсоор бүртгэлтэй улсын болон нийтэд нээлттэй арилжаалдаг компаниуд гэхэд 2,5 сая хүнд ажил олгож буй аварга салбар болон хөгжиж ирлээ. Дэлхийн банкны тооцсоноор 15-20 сая хүн бүртгэлгүй, албан бус, эсвэл бага оврын уурхайдад ажиллаж байна. Энэ аварга салбарт шинэ ба хуучин сорилт, өөрчлөлтүүд үргэлжилж, компаниудад богино хугацааны маневр хийгээд урт хугацааны стратегийн тэнцвэрээ олох шаардлага тулгарч байна
. Делойт судалгааны группээс уул уурхайн салбарын 2015 оны трэндийг нэгтгэн гаргасныг танилцуулъя.
- Операцыг ончтой зохион байгуулах: Компаниудын зардал таналт ерөнхийдөө дуусаж, операцыг удирдах зохион байгуулалтын тал дээр илүү үр ашигтай ажиллах хэрэгцээ гарч ирлээ. Эрчим хүчний зардал, явцын менежмент, бусад засгийн газрын шаардлага гэх мэт зүйлсийн удирдлагыг сайжруулахдаа компаниуд биг дата анализ хийх зэргээр хамгийн шинэ технологи, инновацуудыг хэрэглэх болж ирэв. Австралийн зарим компанид харагдаж байгаачлан идэвхи чармайлт гаргасан компаниуд үр дүнгээ хүртэж байна. Гэхдээ салбарын бүтээмжийг дахин нэмж сайжруулах боломж дуусах яагаа ч үгүй байна.
- Инновац хийлгүйгээр тэсэж үлдэхгүй : Хамгийн үндсэн чанартаа инновац капитал, техникийн зардал бууруулах оптимал стратегиэ олох боломж бүрдүүлж ирлээ. Алсын олборлолт, жолоочгүй ачааны машин зэрэг технологийг хэрэглэсэн компаниуд зардлаа асар амжилттай бууруулахын зэрэгцээ бүтээмжээ ч өсгөж ирэв. Гэхдээ цаашдын хандлагыг харвал инновац зөвхөн капиталын зардал багасгах хэрэгсэл төдий байхаа болих нь. Стратегийн зорилттой хэрэглэж чадвал инноваци нь хүн, эрчим хүчний хэрэглээг ч огцом багасгаж, олборлолтын үр ашгийг огцом нэмэгдүүлэх, эрсдэл бууруулж, бизнес моделоо сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж салбар дахь үнэ цэнээ нэмэгдүүлэх боломж олгоно.
- Эрчим хүчний зардал бууруулах: Дэд бүтцийн хязгаарлалт энэ салбарт шинэ сэдэв биш, гэхдээ эрчим хүчний дутагдал илүү их сонсогдох болж ирлээ. Олборлох гүн доошлох, зай уртсах, хол зайнд тээвэрлэх, өндөрлөг газар дахь талбай руу түлш зөөх зэргээр эрчим хүчний хэрэглээ улам өсөн нэмэгдэж байна. Сэргээгдэх эрчим хүч рүү бага багаар шилжиж чадвал дахин нөхөгдөхгүй урсгал зардлыг хяналтдаа авах боломж бүрдэнэ.
- Төслийн сувгуудыг цөөлөх, багасгах: Зарим гол компани цөөн тооны ашигт малтмалыг сонгож төвлөрөх, бусад малтмалыг илүү мэргэжлийн, төвлөрсөн олборлогчдод даатгах хандлагатай болж ирэв. Жижиг компаниудын орчин муудахын хэрээр хайгуулын үйл ажиллагаа багасч, өнгөт металлын хайгуул 2014 оны 10 сар гэхэд өмнөх оны мөн үеэс 39 хувь буурчээ. Том тоглогчид ч өнгөт металын хайгуулын зардлаа 25 хувь орчим бууруулсан дүнтэй. Хайгуул хийх, олох, олборлох хугацааг бодож үзвэл энэ байдал дараагийн нэг юм уу хоёр арванд нийлүүлэлтийн дутагдал үүсгэж мэдэхээр байна.
- Санхүүжилт гэнэт татрах: Нэгэн цагт салбарын гол хөрөнгө оруулагчид болж өгсөн хятадын хөрөнгө оруулагчид капитал хөрөнгө оруулалтдаа туйлын хянамгай болж ирэв. 2010 оноос хойш салбарын нийт хувьцааны үнэлгээ 43 хувь унаад байна. Уламжлалт санхүүжүүлэгчид зангаа хувиргасан нь бүр олон жилийн өмнөөс, дүр зураг арай гайгүй харагдаж байгаа нь улс төр эдийн засгийн тогтвортой орчинд байрлах бэйс металын арвин нөөцтэй ордууд. Залуу, жижиг компаниуд илүү шинэлэг санхүүгийн тоглогчид, санхүүгийн хэрэгслүүдийг идэвхитэй хэрэглэж байж тэсэж үлдэх болно.
- Залуу компаниудын хэмнэлтийн горим: Сүүлийн 18 сарын нөхцөл байдал жижиг, залуу компаниудыг амьд үлдэхийн төлөөх горимд оруулж өгөв. 2013 оны 6 сараас 2014 оны 9 сарын хооронд гэхэд 200 орчим Австралийн жижиг компани дампуурсан. Канадын уул уурхайн шинжээчийн судласан 1731 компаниас 881 нь 200,000-с бага эргэх хөрөнгөтэй, 700 нь хасах эргэх хөрөнгөтэй байна. Бразил, Чили, Их Британи, Африк, Орост ч төстэй нөхцөл байдал үүссэн. Жижиг компаниуд хөрөнгө оруулагчдад харуулах тайлангаа гайгүй барьж байхын зэрэгцээ цомхотгол, зардал хойшлуулах, ногдол ашиг шинэчлэх гэх мэтээр хөрвөх чадвартай байхын төлөө тэмцэж байна. Судалгаагаар 12-18 сарын дараа салбарын эрэлт дахин сэргэх потенциал харагдаж буй. Илүү урт хугацааны бодлоготой, зах зээлийн циклд бэлэн тоглогчид салбар сэргэж ирэхэд хожино.
- Авьяас, ур чадвартай шинэ үе, боловсон хүчний эрэл: Салбарын ерөнхий дүр зураг сайнгүй ч тусгай мэргэшсэн сайн боловсон хүчин дутагдалтай хэвээр байна. Инновацийн хурдтай хамт шинэ ур чадвар улам бүр шаардагдах болж ирж байна. Харин боловсролын салбар, тэр дундаа хөгжиж буй орнууд өөрсдийн иргэдээс ажиллуулах шаардлага тавьдаг, тэдний заримд нь глобал уул уурхайн боловсрол дутдаг. Олон уул уурхайн компани орон нутгийн ажилчдын боловсролд хувь нэмэр оруулж ирсэн. Гэхдээ цаашид илүү зорилтот, хамгийн дутагдалтай байгаа мэргэжилтний боловсролд бодлогын хөрөнгө оруулах шаардлага гарах төлөвтэй.
- Геополитикийн тодорхой бус байдалд зохицох: Эрчим хүчний салбартай харьцуулахад уул уурхай геополитик, улс төрийн тогтворгүй байдалд бэлэн биш байна. Тогтворгүй байдал намжих болоогүй. Тиймээс дархлаа бүрдүүлэхийн тулд ил тод бодлогын шаардлагаа үргэлжлүүлэх, олон улсын болон орон нутгийн ассосиацуудтай хамтран ажиллах, эрсдлийн бодлогоо олон хувилбарт сценээр гаргах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай.
- Ашиг сонирхлын зөрчлүүдийг зохицуулах: Стэйкхолдерууд, ашиг сонирхлын холбоо бүхий талуудын тоо улам олширч, улам олон төрөл болж байна. Орон нутгийн бүлгүүд, засгийн газар, засгийн газрын агентууд, ТББ, үйлдвэрчний эвлэл гээд төрөл бүрийн коммюнити, эвсэлтэй харилцан амжилттай win-win харилцааг хэрхэн үүсгэх вэ? Энэ асуултад хэрхэн хариулах нь урт хугацааны хамтын ажиллагаа, амжилтад нөлөөлөх болно.
Олон улсын салбар тус бүрийн хөрөнгө оруулалтын өгөөж
10. Засгийн газруудтай коммюникац хийх, хамтран ажиллах шинэ арга замууд олох: Делойтын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Т.Биггсийн хэлж буйгаар илүү нөхөрсөг засгийн газрууд бий ч зарим нь уул уурхайн компаниудыг буланд шахаж, ингэснээрээ өндөг гаргадаг тахиагаа өөрсдөө хороох сонголт хийдэг. Орон оронд засгийн газартай хэрхэн харилцах, ярилцах аргаа уул уурхайн компаниуд хайсаар байна. Ерөнхийдөө үл ойлголцол ихтэй, бусад саад бэрхшээл олон энэ салбарт компаниуд болон засгийн газрын бүх түвшний байгууллагууд харилцан ярилцах, хамтран ажиллах аргачлалаа олох хэрэгцээ бий.
Шинэ хийгээд хуучин эдгээр сорилт, өөрчлөлт, эмзэг байдал компаниудад асар хурдтай байх, богино хугацааны маневр хийж байж тэсэж үлдэх шаардлагууд тулгаж байна. Гэхдээ богино хугацаанд ийм байх тусмаа эдгээр трэнд хоорондын холбоо, нуугдмал хэв шинжийг гярхай ажиглаж, урт хугацаанд сэтгэж чадсан нь амьд үлдэнэ
. Хөрөнгө оруулагчдын богино хугацааны хүлээлт хийгээд урт хугацааны бизнес дүрэм. Энэ дунд хэрхэн тэнцвэрээ олох эсэх нь стэйкхолдэрүүдтэй, засгийн газартай ойлголцох, дундын нэгдмэл алсын хараатай болоход цаг гаргах эсэхээс ихээхэн хамаарах болно. Эцэст нь, бизнест илүү сайн шийдвэр бүр илүү сайн анализаас төрдгийг уул уурхайн компаниуд мартаж болохгүй.
Сэтгэгдэл бичих