Нийтлэл 06 сарын 05, 2015

САНАЛ БОЛГОХ НОМ - Ж.Штиглиц 'Глобалчлалыг ажиллуулах нь'

Энэ долоо хоногийн унших номоор та бүхэндээ Joseph E. Stiglitz-ын "Making Globalization Work" номыг санал болгож байна. Joseph E. Stiglitz. Түүнийг хэн гэдгийг мэдэхгүй хүн ховор, тэр дундаа эдийн засагт сонирхолтой, экономикс суралцдаг хүн бүр энэ хүний нэрийг сонссон байх учиртай. 


Колумбын их сургуулийн профессор Жозеф Э. Штиглиц нь одоо амьд сэрүүн байгаа хамгийн чадварлаг эдийн засагчдын нэгд зүй ёсоор ордог бөгөөд АНУ-ын бусад эдийн засагчдын бүхнээ өгөөд ч олж авч чаддаггүй John Bates Clark шагналаас эхлээд Нобелийн шагналыг (2001) хүртэл авч амжсан тэрээр АНУ-д экономиксын ертөнцийн 2 баганын нэг гэгддэг. Нөгөөх нь Lawrence Henry Summers гэдгийг та бүхэн мэдэх биз ээ.

 

IMF-ын үйл ажиллагаа, чиг үүргийг хатуухан шүүмжилдгээрээ дэлхийд алдартай  нэгэн бол Joseph E. Stiglitz. Тэрээр  энэхүү "мэссежээ" тус номондоо оруулахаа мартаагүй нь сонирхол татаж байлаа. Уг ном эдийн засгийн глобалчлал нь дэлхийн эдийн засагт маш их нөлөө үзүүлж байгааг бусад орны глобалчлалын эдийн засгийн бодлогыг амжилттай болон амжилгүй хэрэгжүүлсэн түүхэн жишээгээр сонирхолтой тайлбарласан агуулгатай.

 

Одоогийн улс төрийн өндөрлөгт байгаа хүмүүсийн үүрэг, оролцоо, туйлын зорилго хийгээд тэдгээр хүмүүсийн "Americanization" гэгч үгээр илэрхийлэгдэх олон талын үнэлэмжийг буруу ойлгож, буруу хэрэгжүүлснийг тайлбарлахын сацуу улс бүрийн онцлогт тааруулсан эдийн засгийн хөгжлийн бодлогыг цогц зөвлөмж бий болгох гэж оролдсон санагдав. Хөгжингүй орнууд нь зөвхөн өөрсдийн сайн сайхны төлөө хөгжиж буй орны хувьд ашигтай мэт харагдавч үнэн хэрэгтээ огт ашиггүй, тэгш бус гэрээ хэлцлийг (ялангуяа гадаад худалдаа, газрын доорх баялаг, ашигт малталын тал дээр) хийдэг талаар тодорхой жишээ авч дурдахын хамтаар түүнийг олон бодитой жишээн дээр тулгуурлан шүүмжилсэн байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудыг газрын доорх баялгийг ухаж, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахын зэрэгцээ өөрийн орны үнэт баялагаа харийнханд "бүлтийтлээ" харж суусаар алдаж байгаа тухай хатуухан шүүмжилсэн үг бүр нь тархинд минь хадагдах шиг болов. Үнэндээ асар залхуудаа л ийм юм хийдэг ард түмний хурдхан баяжих гэсэн харалган санааг шүүмжилсэн байх шиг.

 

Үүнээс гадна тэрээр GNNP буюу Green Net National Product-аар дамжуулан бүтээлч, үйлдвэржилтийг хөгжүүлэх сайхан санаануудыг ихээр дэвшүүлсэн байсан нь шимтэн уншсан бүлгийн минь нэг хэсэг байлаа. Түүнчлэн надад ойр туссан өөр нэг жишээ нь хөгжиж буй оронд нүүрлэсэн засгийн газрын бондын үндсэн төлбөр, түүний хүүгийн нөр их дарамт хийгээд зээлдэгч орны хэрээс хэтэрсэн "ёс суртахууны гажуудал"-ыг (moral hazard) маш үндслэлтэйгээр шүүмжилжээ. Тэрээр засгийн газрын бондоос илүүтэйгээр урт хугацааны арай өөр хэлбэрийн хөрөнгө оруулалтыг хөгжиж буй орны хувьд эдийн засгийн хөгжлийн үр үндэс болох боломжтой талаар IMF-ын хэрэгжүүлж байгаа одоогийн үйл ажиллагааг шүүмжлэнгээ тайлбарласан байна. Гэх мэтчилэн маш олон чухаг санааг дэлхийн толгой эдийн засагчийн нэгний нүдээр онолын мэдлэг мэдрэмжтэй, жишээ баримттай, улс хоорондын харьцуулалттай бичиж тайлбарласан энэ номыг эдийн засгийн ухааныг сонирхдог бай үгүй ч бай нийгэм эдийн засгийн харилцаан дунд аж төрж байгаа хүн бүр унших хэрэгтэй санагдлаа. Та ч гэсэн боломж олдвол уншаад үзээрэй. 

 

Б. Тунгалаг

Сэтгэгдэл бичих

arrow icon