Нөхөр Төмөрбат Сумын засаг дарга болсныхоо дараахан нэг ажил эхлүүлжээ. Хийх ажил нэн тодорхой. Засаг даргын мөрийн хөтөлбөрт сумын иргэдийг хямд цагаан идээгээр хангана гээд тов тодорхой заачихсан байж
. Энэ зорилтыг л хэрэгжүүлнэ. Яаж вэ гэхээр Сумын төвөөс 35 км-т байдаг иргэн Шаавайхүүгийн үнээний фермээс газар дээрээс нь хямд үнээр сүү худалдан авч боловсруулаад сүүн бүтээгдэхүүнээр сумын төвийн иргэд болон эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг хангах... Сумын төвд зах зээлийн ханшаар бол литр сүү зуны улиралд 1000 төгрөг, намар өвлийн цагт 1500 төгрөгний үнэтэй. Харин ааруул кг нь 15 000 төгрөг, өрөм 6000 төгрөг. Зах зээлийн энэ үнээс л хямдаар борлуулах ёстой. Уг нь үнээний ферм дээрээс нь авбал литр сүү 300 төгрөг л дөө.
Ажил эхэллээ.
Сүүтэй Буян хоршоо байгуулсан нь
Ноён засаг дарга энэ ажлаа “СҮҮ ХӨТӨЛБӨР” хэмээн нэрлэж, өөрийн орлогч Сүхбатад тус ажлыг хийж гүйцэтгэхийг даалгасанд юуны өмнө СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО байгуулж, татан буугдсан банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан сэргэлэн, сүйхээтэй залуу Доржжаваар удирдуулав. Доржжав сайн ярьвал Сүхбаттай холын хамаатан болох хүн, гэвч сумын төвд үзээд өгөе гэсэн ч өөр тийм сэргэлэн хүн орлогчийн санаанд орсонгүй. Түүнд сард 750 000 төгрөгийн цалин амлав. Ингээд орлогч Сүхбат, Доржжав нар урам зоригтой ханцуй шамлан ажилдаа оржээ.
Шаавайхүүгийн үнээн фермтэй хоршсон нь
Юуны өмнө тэд Үнээний фермийн эзэн, “Баялаг нуга” ХХК-ийн эзэн Шаавайхүүтэй очиж уулзан, тэдний өдөр тутмын бүх сүүг он дуустал тасралтгүй авч байхаар гэрээ хийв. Өдөр бүр дор хаяж 300 литр сүү. Сүү саалиа борлуулах ажлыг нь ихээр хөнгөвчилж буй гэсээр байгаад литрийг нь 300 биш 270 төгрөгөөр худалдаж авахаар боллоо. Эхний алхам амжилттай. Гэвч нэгэн хүндрэл гарсан нь Шаавайхүү төлбөрийн тодорхой хэсгийг урьдчилгаа болгон бөөнөөр нь авах болзол тавив. 9 сая төгрөг. Шинэ тутам байгуулагдсан СҮҮТЭЙ БУЯН хоршоонд тийм мөнгө байсангүй, учир байдлаа Засаг даргадаа хэлбэл, дарга өөрийн мэдлийн хөрөнгөнөөс 6 саяыг 6 сарын хугацаатайгээр хүүгүйгээр зээлүүлэх болжээ. Засаг дарга, Орлогч хоёр хувиасаа тус бүр 1.5 сая төгрөг гарган нэмэрлэв. Түүнээс гадна Засаг дарга Үнээн фермийн эзэн Шаавайхүүг тусгайлан хүлээн авч уулзан, аж ахуйгаа өргөжүүлэхэд нь зориулж сум хөгжүүлэх сангаас 26 сая төгрөгийн маш хөнгөлөлттэй зээл олгосон байна (орлогч энэ бүх ажилд сумын ЗДТГ-ын 69 машиныг хөлөглөн явжээ).
Тээвэрлэсэн нь
Удаад нь сумын төв рүү сүүгээ зөөвөрлөх ажил байлаа. Хэд хэдэн хүнтэй уулзсаны эцэст амжиргаа цагаан жолооддог Халзантай хэлэлцэн тохиролцов. Сумын агуулахад байсан хуучин цагийн хэдэн 40 литрийн битоныг өгч, өдөр бүр сүү тээвэрлүүлэх, ингэхдээ шатахууны үнээс гадна сард 600 000 төгрөгний цалин өгөхөөр ярив. Эхэндээ Халзан цалингаа чамласан ч сард 600 000 бол сумандаа том цалин гэдгийг ойлгоод зөвшөөрчээ. Уг нь өдөрт үсрээд 3 цаг л зарцуулах ажил байлаа. Үнэхээр шар тос л гэсэн үг. Халзангийн эхнэр бол шинэхэн Засаг дарга Төмөрбатын эхнэртэй бүл улс байв.
Боловсруулсан нь
Гурав дахь том ажил нь сумын төвд зөөвөрлөж авчирсан 300 литр сүүгээ өдөрт нь хөөрүүлж, өрөм тосыг нь авах, мөн тараг, бяслаг, аарц ээдэм хийх... Эрхэлсэн ажилгүй хоёр гэрийн эзэгтэйг энэ ажилд дайчлав. Сард 450 000 төгрөгний цалинтай. Авгайчуул баяртай хүлээн авчээ. Энэ хоёр авгайн нэг нь орлогчтай бага ангидаа хамт суралцаж байсан, нөгөө авгайнх нь нөхөр сумын ЗДТГ-ын жолооч юм байж. Сумын захиргаа өөрийн мэдлийн 2 гэрийг гаргаж өгөв. Тогоо сав, шанага, дэлгэц гээд зарим зүйлийг ар гэрээсээ хүртэл цуглуулав. Түлш түлээ, цахилгааны төлбөрийн асуудлыг ЗДТГ-аас хөнгөлж өгчээ.
Борлуулсан нь
Ингээд л ажил эхэлсэн байна. Өдөр бүр доод тал нь 300 литр сүү авчирч, талыг нь 600 төгрөгөөр сумын төвийн иргэдэд болон сумын төвийн албан байгууллагуудад зарав. 1000 төгрөгөөр авч байсан сүү 600 төгрөг болтол буурсанд иргэд баяртай байх нь ойлгомжтой.
Үлдсэн сүүг нь хөөрүүлж, өрөм тос, аарц, ааруул, бяслаг болгон борлуулж эхлэв. Ажил ч гялалзаж, ард олон ч ам сайтай, ашиг орлого ч овоо. Засаг даргын мэдлийн хөрөнгөнөөс зээлсэн 6 сая төгрөгөө 4 сарын дотор төлж барагдуулав. Нөгөө хоёрын мөнгийг ч дараагийн хоёр сард төлөв. Хоршоо юутай ч үйл ажиллагааныхаа зардлаа бүрэн нөхөж, 3 хүнийг цалинтай байлгаж, дээр нь улсад бага ч гэсэн татвар төлөх болов. Бага сага хуримтлал гарч эхэлсэн ба түүгээр тос цохих машин, мөн хоршоондоо нэг амжиргаа цагаан хэмээх машин, гэр зэрэг авахаар төлөвлөж байв.
Хардлага эхэлсэн нь
Намар дуусаж, өвөл ч өнгөрч, хавар болов. Энэ үеэс л СҮҮТЭЙ БУЯН хоршооны талаар иргэдийн дунд зарим нэгэн дэл сул яриа гарах болжээ. Тухайлбал, үнээний фермээс 270 төгрөгөөр авдаг сүүгээ 600 төгрөгөөр бидэнд зарж байна, Засаг даргын ТГ-ын нэр барьж нугалсан ашиг хийж байна гэсэн эхний шүүмжлэл. Удаах нь эмнэлэг, цэцэрлэг зэрэг зарим албан газрууд сүү сааль өгч авахдаа цаад балансан дээрээ 600 биш 1200 төгрөгөөр худалдаж авсан гэх зэрэг яриа юм. Засаг даргын эсрэг сөрөг намын нөхөд үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй. Засаг дарга Төмөрбат, орлогч Сүхбат нар хууль бус зүйл хийж, албан тушаалаа ашиглан авилгал авч байна гэсэн хэл ам дэгдээв. Сумын ИТХ дээр энэ асуудлыг хэдэнтээ ярилцаж, мэтгэлцсэн ч хүч тэнцүүхэн хоёр намынхан нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй, хэрэлдсээр, зодоон дээрээ тулах шахаж тарцгаах болов.
Хаврын сүүлчээр Баялаг нуга үнээний фермийн эзэн Шаавайхүү хохирогч болон шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сумын сөрөг хүчний намын үүр болон иргэн Ц.., Д.. нар түүнийг нь баталгаажуулан өргөдөл гаргажээ. Мэдээж хэрэг сумын сөрөг хүчнийхэн Шаавайхүүгийнх рүү хэдэнтээ явцгаасныг олон хүн мэднэ. Ингээд хаваржингийн маргаан хэрүүл болсны эцэст сумын ИТХ хуралдан Засаг дарга Төмөрбатыг огцруулах шийдвэр гаргав. Аймгийн засаг дарга шийдвэрийг нь баталж, Төмөрбат ширээнээсээ гулслаа. Харин сумын сөрөг хүчний намын удирдагч Сумын Засаг дарга болов.
Хоригдсон нь
Аймгаас аудиторууд, шинжээчид ирж, СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО-ийн тайлан дансыг зунжин ухав. Энэ ажил эхлэхээс л СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО –ийн үйл ажиллагааг зогсоон, Сүхбат, Доржжав нарыг баривчлан аймгийн хорихт хүргэжээ. Баялаг нуга үнээн фермийн эзэн Шаавайхүү гол хохирогч болон тодорч, хошуугаа унжуулан явах болов. Энэ хооронд хатааж амжаагүй хэдэн зуун кг аарц, бяслаг, өрөм СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО-ны агуулахад хөгцрөн муудав. Зөвхөн шүүхийн шийдвэр эцэслэн гарч байж л уг бүтээгдэхүүнийг зарж борлуулах байсан учир тэнд хэн ч хүрэх, зарах, авч ашиглах эрхгүй байлаа. Сумын иргэд литр сүүгээ бүр 1200 төгрөгөөр авдаг болов. Намар нь Сум дундын шүүхээр Сүхбат, Доржжав нарыг таслан шүүх хурал боллоо. Шинжээчдийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэж прокурорууд ялын санал гаргаж, Сүхбат, Доржжав нарын өмгөөлөгчид хариу мэтгэлцэв.
.
Мэтгэлцээн 1:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО нь 8 сарын хугацаанд Баялаг нуга үнээний фермээс 72 мянган литр сүү авсан гэсэн баримт байгаа ч сумын иргэд, хөдөлмөрчдөд зарж борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн нь дөнгөж 50 мянган литр болж байна. Дундаас нь 22 мянган литр сүүг тооцооноос гадуур зарж хувьдаа завшсан.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО нийт авсан сүүнийхээ 50 хувь буюу 36 мянгыг нь шууд худалдан борлуулсан ба үлдсэн хэсгийг хөөрүүлж, сүүн бүтээгдэхүүн хийсэн. Сүүг хөөрүүлэхэд тодорхой хувиар эзэлхүүн багасдаг, мөн аарц, бяслаг шахахад 60 орчим хувь нь шар сүү болж үргүй асгардаг, өрмийг хайлуулж, шах тос хийхэд ч хэмжээ нь их хэмжээгээр хорогддог. Мөн аарц, бяслагийг хатаахад их хэмжээний жин хасагддаг. Эдгээр хорогдлыг хэрхэн яаж тооцсон бэ? Асгарсан шар сүүг түүхий сүүтэй адилаар 270 төгрөгөөр тооцож тооцоонд оруулж болохгүй. Түүнээс гадна СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО-ийн үйл ажиллагааг зогсоох үед тэдний агуулахад зарж борлуулж амжаагүй байсан хэдэн зуун кг аарц, бяслаг, өрөм тосыг энэ тооцоонд оруулсангүй. Тээвэрлэлтийн явцад ч алдагдал гарсан. Тухайлбал хуучин цагийн 40 литрийн битон нь хэрэг дээрээ яг 40 литр ордоггүй 38 литр ордог байна. Гэвч хоёр тал аль аль нь үүнийг огтхон ч анзаараагүйгээс 40 литр тутамд 2 литрийн алдагдал буюу нийт 3600 литр сүүг СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО дутуу авсан. Иймд харин ч Баялаг нугаас энэ хэмжээний сүү болон түүнтэй тэнцэх төлбөрийг буцаан нэхэмжлэх ёстой. Хэрвээ энэхүү сүү дутуу авсан явдалд хэн нэгнийг буруутгах гэвээс тээвэрлэсэн жолооч буруутай болно. Тэрбээр өдөр бүр 300 литр сүү фермээс хүлээн авч, нөгөө талд тоо ёсоор нь хүргэж өгөх үүрэгтэй. Гэтэл тэр үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, сүүгээ бүрэн гүйцэд авч, мөн бүрэн гүйцэд тушааж байсангүй. Сүү хийсэн бидоны таглаа муугаас их багаар сүү асгарах явдал байнга гардаг байсан.
Мэтгэлцээн 2:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Баялаг нуга үнээний фермийн сүүг СҮҮТЭЙ БУЯН хоршоо 270 төгрөгөөр авсан ч 600 төгрөгөөр борлуулж, литр тутамд 320 төгрөг, нийт 23 сая төгрөгөөр тус үнээний фермийг хохироосон.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: Анхнаасаа үнээний фермээс литр сүүг 270 төгрөгөөр л худалдаж авахаар гэрээ хийж тохиролцсон. Энэ хугацаанд 72 мянган литр сүүний үнэ болох 19 сая 440 мянган төгрөгийг гэрээнд заасан цаг хугацаандаа төлж барагдуулсан. Цааш нь хэдэн төгрөгөөр борлуулах, тэр ашгаасаа Шаавайхүүтэй хуваалцах болон өгөх талаар гэрээнд ямар нэгэн зүйл огт дурдаагүй. Тиймээс энэ нэхэмжлэл ул үндэслэлгүй байна. Харин ч сумын иргэдийг хямд сүүгээр хангах энэхүү ажлын буянаар Шаавайхүү нь сүүгээ авах байнгын худалдан авагчтай болсон төдийгүй Сум хөгжүүлэх сангаас 26 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл авч, фермээ өргөжүүлсэн. Энэ үнээний фермд ямар ч хохирол гараагүй. Харин ч ашигтай байсан гэж үзэж байна.
Мэтгэлцээн 3:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: Сумын засаг дарга Төмөрбат болон орлогч Сүхбат нар нь албан тушаалаа урвуулан ашиглаж, шинээр байгуулсан хамаатан садныхаа хувийн компанид төсвийн мөнгөнөөс хүүгүй зээлүүлсэн. Мөн хувийн компанийн ажлын төлөө албаны унааг ашигласан. Хоршоонд сумын мэдлийн хоёр гэр болон хашааг үнэгүй ашиглуулсан.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: Энэ ажил бол сумын төвийн иргэдийг хямд сүүгээр хангах Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил учир Засаг дарга бүх боломжоороо дэмжиж ажиллах учиртай, түүнээс гадна мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлын төлөө ЗДТГ-ын унааг ашигласан нь хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэхгүй байна. Зээлүүлсэн 6 сая төгрөгийг цаг хугацаанаас нь өмнө бүрэн буцаан төлсөн учир сум ямар нэгэн хохирол хүлээгээгүй. Сумын иргэдийн төлөө хийж буй ажил тул гэр болон хашааг үнэгүй ашиглуулсан. Гэхдээ энэ намраас хоршоог бүрэн бие даалгах төлөвлөгөөтэй байсан.
.
Мэтгэлцээн 4:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Сумын засаг даргаас авч хэрэгжүүлсэн СҮҮ ХӨТӨЛБӨР нь хууль бус байсан. Учир нь Засаг даргын мөрийн хөтөлбөрт СҮҮ ХӨТӨЛБӨР нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх тухай огт тусгагдаагүй.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - СҮҮ ХӨТӨЛБӨР гэдэг бол тусгайлсан хөтөлбөр биш, харин ЗД-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын нэр юм.
.
Мэтгэлцээн 5:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Засаг дарга болон түүний орлогч нар хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээлэлд энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг болж байна.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - Хохирогч байхгүй, төсвийн мөнгийг буцааж төлсөн, сумын төвийн иргэд, байгууллагуудын эрх ашгийн тулд хийсэн ажил... Нэр холбогдож буй Доржжав, жолооч, туслах ажилтан нарын хэн нь ч Төмөрбат, Сүхбат нарыг Засаг дарга, орлогч хийж байх хугацаанд зөвхөн садан төрөл болон танил гэдэг үндэслэлээр ямар нэгэн бизнесийн ажил эрхэлж болохгүй гэсэн хууль заалт байхгүй. Гагцхүү өнөө мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гэрээ хийгдэж, үйл ажиллагаа явуулах учиртай.
.
Мэтгэлцээн 6:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - Баялаг нуга фермээс 270 төгрөгөөр авсан сүүгээ зарим байгууллагад, тухайлбал сумын эмнэлэгт 1200 хүртэл төгрөгөөр хэт дамлан зарж, хууль бусаар ашиг олсон.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: - Энэ явдалд СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО, түүний дарга, ажилтнууд ямар ч холбогдолгүй. Учир нь сумын эмнэлэгтэй СҮҮТЭЙ БУЯН ХХ-ийн хийсэн гэрээ, төлбөр төлсөн баримтууд дээр бүгд 600 төгрөгөөр зарж борлуулсан нь баримтаар батлагдаж байгаа. Эмнэлгийн санхүү, захиргаа л өөрийн блансдаа литр сүүг 1200 төгрөгөөр авсан гэж тусгасан нь ч мөн баримтаар батлагдсан. Асуудал эмнэлгийн санхүү, удирдлагад л байна. Тиймээс тэднийг шалгах учиртай.
.
Мэтгэлцээн 7:
ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТ: - СҮҮТЭЙ БУЯН ХОРШОО, түүний удирдлага 3 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ТАЙЛБАР: Чухам ямар баримтыг үндэслэж 3 сая төгрөгний татвар төлөхөөс татгалзсан гэсэн дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна. Тэр баримтаа бидэнд үзүүлнэ үү. (Баримтыг үзүүлээгүй)
Сумын засаг дарга асан Төмөрбат шүүх хуралд ирж мэдүүлэг өгөхдөө, “Би сумынхаа иргэдийг хямд сүүгээр хангая гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд энэ ажлыг санаачлан эхлүүлсэн ба үүнийг өөрийн орлогч Сүхбатдаа даалгасан юм. Энэ ажлыг буюу СҮҮ ХӨТӨЛБӨРИЙГ буруу байсан гэж үзэж буй бол хийж хэрэгжүүлсэн Сүхбатыг бус, шийдвэр гаргаж, үүрэг өгсөн Засаг дарга асан би л буруутай” гэж мэдүүлсэн байна.
Шүүх хурал удтал үргэлжилж, албан тушаалаа урвуулан ашигласан, үгсэн хуйвалдсан, авилга авах замаар улсыг онц ихээр хохироосон үндэслэлээр Сумын засаг даргын орлогч Сүхбатыг 7, 6 жил, СҮҮТЭЙ БУЯН Хоршооны дарга Доржжавыг 3 жилээр хорих ялаар яллав. Шүүгдэгчид давж заалдах болжээ...
Сумаар нэг яриа... “Энэ түрүүчийн засаг Төмөрөө, орлогч Сүхбат, тэр хоршооны дарга гялалзсан хүү, энэ хэд ч ёстой хээгээ алдсан луйварчид байж ээ”. “Одоо ч хүнд итгэхэд бэрх болжээ. Төмөр хүү уг нь сайн л залуу юмсан. Албан тушаал, мөнгө хоёр хүнийг аймаар эвддэг юм байна”, “Сүнсгүй хогнууд, хэзээ дуусгана гэж тэр их мөнгө иддэг байна аа” гэх мэт... Бас өөр байр суурьтай хэсэг ч байлаа. Ийнхүү сумын иргэд эвлэрэшгүй хоёр тал болон маргалдах болов.
Хоршооны дарга Доржжавыг мөрдөнд байх хооронд залуухан эхнэр нь нярайлжээ. Харин нас ахимаг Орлогч дарга асан Сүхбатын бие муудаж, түүний эхнэр хүүхдүүд, Доржжавын нялх биетэй эхнэрийн хамт аймгийн мөрдөнгийн үүдэнд суулт хийв.
Үйл явдал үргэлжилсээр...
Ene ajilaa meddeggui shuugchid bugd sanalaaraa garaachee
uu helehev dee olniigoo sain yvahiig hussen tolgoig darj bugdeeree uruudah umuu daa zasagt neg iim tolgoi zahirval zugeer l um baival URD HOID zugees amgui bolgono iimdee deer garsan olon zov negdej baij hogjono gej bodohiin
Нүүрс хөтөлбөр гээд Гансүхийг яг энэ үйл явдалтай адилаар шийтгэсэн ч шүүх прокурорын байгууллага ичсэн хүн хүн алдаг гэдэг шиг юм боллоо.Шүүх прокурорын байгууллагын зууны манлай гутамшиг.Гансүхийн хэргийг үүнээс өөрөөр яаж олон түмэнд тайлбарлах билээдээ.Бүтэн 5 хоног үзчихээд Гансүх буруутай гээд бгаа мулгуу усан толгойтууд энэ өгүүллэгийг уншаад ч аягүй бол юун тухай юм бол гээд л эргүүтээд сууж бгаа.
Оюунлаг, төвийг сахисан, бодит байдлыг харуулсан, сайхан үг хэллэгтэй мэргэжлийн сэтгүүлзүйн жишээг харуулж чадсан танд баярлалаа.
АН нь тэр тусмаа өндөрлөгүүд гэж нэрлэгддэгүүд нь дотроо хөлөө жийлцээд, бүр ил тод хэвлэлээр хэрэлдээд байхад л МАН гээд дор нэг хүн бүр заналтайгаар авч өгчээ. Тэр хэлээд буй гутамшигт цаг үеийг нь АН нь авчирч байгааг өөрөөс нь бусад хүмүүс ойлгоод, ойлгоогүй хэсэг нь нүдээрээ хараад гайхаад, хэлэх үггүй болоод сууж байхад. АН төрд гарахаар улсаа самардаг гэсэн хэлц хүртэл гарсан байна. Бичвэрт сөрөг хүчин гээд оруулчихаж Уг нь бол АН-ын жинхэнэ төрх юм даа.
АН нь тэр тусмаа өндөрлөгүүд гэж нэрлэгддэгүүд нь дотроо хөлөө жийлцээд, бүр ил тод хэвлэлээр хэрэлдээд байхад л МАН гээд дор нэг хүн бүр заналтайгаар авч өгчээ. Тэр хэлээд буй гутамшигт цаг үеийг нь АН нь авчирч байгааг өөрөөс нь бусад хүмүүс ойлгоод, ойлгоогүй хэсэг нь нүдээрээ хараад гайхаад, хэлэх үггүй болоод сууж байхад. АН төрд гарахаар улсаа самардаг гэсэн хэлц хүртэл гарсан байна. Бичвэрт сөрөг хүчин гээд оруулчихаж Уг нь бол АН-ын жинхэнэ төрх юм даа.
Зарим хүмүүст ойлгуулж тайлбарлаж болохоор их тодорхой болгон бичжээ. Сайн
Сүү хөтөлбөрийн Сүхбат өршөөгдөх биш цагаадах ёстой учраас давж заалдах хэрэгтэй.
МАН, АТГ, шүүх засаглалын хараат байдлаас болж ийм гутамшиг Монгол даяар нүүрлэж. Хэт нэг талыг барьж буюу заавал сэжигтнийг ялтан болгож байж салдаг шүүх хурал энэ цаг үеийн төрийн төмөр нүүрний илэрхийлэл болж дээ, чааваас. Шударга, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллах сэтгэлийг үрэн таран болгох санаа МАН-аас л гаралтай (МАХН ч бас үүнд хамаатай). Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МУЕрөнхийлөгч болгоод юу ч хийцгээхгүй сууцгааж байхдаа таарсан улс дөө. Юу ч хийхгүй бол ямар ч муу нэр хүнд үүсэхгүй, сайн нь ч бас. Алхайж хэвтэцгээгээд л, уруудаж гуниглацгаагаад л, мөхлийн цондон айсуй...