Нийтлэл 10 сарын 09, 2015

Түүхийн дурсгалгүй улс үндэсгүй модтой адил

Ойрын 3 хоног би олигтой зүйл бичсэнгүй. Ажлаар хөдөө явахдаа бишгүй олон хоног буудлаар хоноглов. Буудалд орой амарч байгаа хүнд суваг солихоос өөр ажил олдохгүй учир дэмий суваг солин хэвтэнэ. Гэтэл ТМ телевиз дээр нэг шинэ кино эхэлж байна шүү. Шинэ ч гэж дээ, Хятадын хийсэн 1992 оны кино. Жэки Чаны Согтуу мастер. Аав нь оточ, ээж нь аз жаргалтай эмэгтэй. Галт тэргэнд дүрсгүйтэж яваад ачааны хэсэгт орж ирэх ба тэр үед нэг хүн хүмүүсийн ачаан дундаас нэг зүйлийг хулгайлан гарна. Үүнийг ажигласан Жэки Чан араас нь үсэрч хөөцөлдөж Кун Фугийн эрдэм солилцоно. Зодолдох явцдаа Жэки Чэн асууна. 

-Та юу хулгайлж байгаа юм бэ?

-Чи муу урвагч надтай тулалдах хэрэггүй. Энэ тамга байгаа юм.

-Энэ тамга чинь аль дээр үеийнх биз дээ. Бид одоо энэ эртний тамгаар яахын

- Өнөөдөр нэгийг авч гарч байгаа юм, маргааш ч гэсэн зөөнө. Тэгээд хожим манай Хятадын залуучууд харь улсын музей-гээс түүхээ судлах хэрэг гарна гэж тэр хулгайч өвгөн хэлдэг. Үнэндээ хулгайч өвгөн Английн элчин сайдын чемоданаас өөрийн эртний хааны тамгыг хулгайлсан байдаг. За энэ ч яахав...Энэ киног үзсэний дараа надад нэг зүйл маш эвгүй санагдсаныг одоо бичье!

 

Бид мэддэг мөртлөө анзааралгүй өнгөрөөдөг, аа наадахаас чинь илүү найман хувийн хүүтэй байрны зээл чухал гэж амьдралын аахар шаахар зүйлд автаж анхааралгүй орхидог зүйлийн талаар бичих гэж байна

Миний нэг танил бий. Тэр хүнд хийж үзээгүй бизнес ховор. Газар тариалан, тогооч, хамгаалагч, зөөгч, буудал, барилга гээд л олон ажил тэр хийнэ. Хийсэн ажил болгоноо надад ирж сонин сайхныг нь сонирхуулдаг. . Нэг өдөр найз над дээр хүрч ирээд мөнгө зээлээч гэж байна. -Хэд? -1 сая. -За чи мөнгөөр яах нь уу, өөрийн мөнгөө яачаав. Покер тоглоод байгаа юм биш биз дээ гэсэн чинь? -Үгүй ээ ирээд ярина гэж байна. Өгөөд л явуулав. 1 сарын дараа 1 сая 500 мянган төгрөг надад авчирч өгч байна. Найз ярина.
-Хөгшин чинь бүр мөнгөгүй болоод тэгээд Хархорин зах дээр явж байсан чинь манай жорлонгийн өрөөнд арцаа асаадаг сангийн бойпор харин эртний эдлэлийн лангуун дээр 120,000 төгрөг гэж байна. Авах уу гэсэн чинь дуртай нь аргагүй аваад ир гэж байна шүү. Аваад очсон чинь нээрээ шууд л бэлэн мөнгө тоолж өгөөд авч байна. Харахад ноорхой хувцастай, ард талдаа төмөр сейф тавьсан, гудамжны хуушуур бууз идэж, варений шилэнд цай уудаг ах эгч нар чинь торох юмгүй мөнгө тоолоход би гайхсан гэж. Тэгээд нэг авгай нөхөр хоёр орой намайг хоолонд оръё гэж байна. Тэгээд бойпор авсан мөнгөн дээрээ 70,000 төгрөг ямар нэг шалтгаангүй надад нэмж өгөв. Орой ч хэлсэн газар нь очтол ах эгч хоёр дотно инээмсэглээд миний дүү их сэргэлэн санагдлаа. Их мөнгөний ажил хийх үү гэж байна. Манай хүн мэдээж тэгье, сонсъё л гэж авсан байх. Тэгээд 1,500,000 төгрөг олоод хүлээж бай. Гурав хоногийн дараа хамт хөдөө явна гэж хэлсэн гэсэн. Ингээд л гурав хоногийн дараа зүүн аймаг руу явсан бөгөөд юу хийх гэж буйгаа хэлэхгүй үйлдлээр нь үзүүлнэ гэсэн байна. Нэг аймгийн төвийн зах дээр очоод машинтайгаа зогсч ажиглалт хийнэ.Арай ч арчаагаа алдаагүй тэгсэн мөртлөө архичин байрын бөөгнөрсөн залуучууд дээр очиж шууд ажлаа ярих аж. За ах нь хуучин л зүйл байвал юу ч хамаагүй авна. Юу ч хамаагүй миний дүү нар гэрийнхээ амбаарт хэвтэх хуучин муусан зүйлүүдээ авчирч ахдаа өгөөрэй гэв. Тамхилж зогсох хэсэг залуучууд гайхсан хэрнээ хэдэн цагийн дараа хэлсэн зочид буудлын гадаа ихэнх нь тэвэр дүүрэн, цүнх дүүрэн олон юмтай ирнэ. Хуучны дээр үеийн СССР-ын эвдэрхий радио, Оросын халуун сав, марк, тэмдэг, лам дээл, сэтэрхий хагархай аяга, эмэгтэй хүний чимэг зүүлт, бурхан, хос модон савх гээд л дээр үеийн гэсэн болгоноо. Авчирсан юм болгоныг хэдээр өгөхийн гэж асуух ба нөгөөдүүл нь ширхэг бүрийг нь 5000-10,000 төгрөг гэж үнэлнэ. Ах нь ширхэглэж авах дургүй. Ингээд багцлаад шууд 80,000, 90,000 гээд л авахад нөгөөдүүл нь бараг зүүд биш байгаа даа хэмээн баярлана. Хэний ч хэрэггүй айлын амбаарт хэвтэх хогийг харамгүй худалдан авч, өөрийнх нь 1,500,000 төгрөгөөр ч гэсэн хог худалдан авсан нь манай найзын гайхширлыг төрүүлсэн байна. Тэгээд хотод эргэж ирээд хэн нэгэнтэй утсаар ярьтал удалгүй дээр үеийн муудсан машин унасан хэсэг хүмүүс гэрт нь ирсэн ба шууд авчирсан хогоо дэлгээд зарж гарав. Зарсан зүйлийн үнийг надад ярьснаар би санахыг хичээж доор бичлээ.

Лам хувцас анхны үнэ нь 20,000 энд ирээд тэр хүмүүст 120,000

Сэтэрхий модон аяга анхны үнэ нь 5000 энд ирээд тэр хүмүүст 25,000

Сэтрээгүй бүтэн модон тагш 10,000 энд ирээд 50,000

Алдарт эхийн одон 3000 төгрөг энд ирээд 10,000 төгрөг.

Будаатай болон дээр үеийн сэтэрхий ч хамаагүй гангар шаазан 2500 энд ирээд 6000 төгрөг

Оросын халуун төмөр сав 15,000 энд ирээд 45,000 төгрөг гэх мэт бараа болгоноо ширхэглэж зарна. Тэр өөрөө 2 сая төгрөгтэй явсан. Манай найзын мөнгөтэй нийлээд 3,5 сая төгрөг. Нүдэн дээр нь мөнгө нь 6 сая төгрөг болов. Зүүд зэрэглээ шиг л манай хүнд санагдав. Гэхдээ явсан хэрэг бүтсэн гээд л дотроо их баярласан гэсэн. Манай найзад анх явсан гээд 2,500,000 төгрөг өгсөн. Миний мөнгийг 1,5 сая болгож өөрөө 500,000 цэвэр олсон гэнэ.

Тэр ах нь хүмүүсийн авчирсан зүйлийг багцалж авдаг нь их учиртай. Хүн халуун сав болон сэтэрхий аяга, савхандаа их ач холбогдол өгөөд зарим жижиг сажиг зүйлээ тоодоггүй өнгөрөөдөг гэсэн. Энэ үед нь жинхэнэ тоглолтоо хийж том зүйлийн цаана нуугдах жижиг хогноос л их ашиг олдог гэв. Бүр алт ухаж нинжа хийснээс илүү гэж байна. Нөгөө ах нь бүх бараагаа зарж дуусаж хүмүүсээс мөнгөө тоолж авсныхаа дараа одоо гол наймаандаа оръё хэмээн энгэрээсээ цагаан алчуурт боосон нэг зүйл гаргаж ирсэн нь хоёр ширхэг энгэрийн тэмдэг байв. Хэн ч анзаараагүй ногоон тэмдэг. Багцалсан хогон дунд энгэрийн тэмдэгнүүдийг даавуунд хатгасан зүйлийг хэн нэг залуу зарсан. Алдарт эх болон гавьяатын тэмдэгтдээ их ач холбогдол өгөөд тэр тэмдгээ үнэлээгүй юм, тэр залуу. Тэгсэн найзын нүдэн дээр нөгөө тэмдгийг 2 сая 800 мянгаар зарсан. Нөгөө тэмдэг нь бүр үнэтэй. Тэмдэг биш бүр одон байсан. Ойн медаль болон тэмдэгнээс одон нь үнэтэй. Гэхдээ тэр одон нь бүр ховор. Хүндэт Чекист билүү юу билээ би санахгүй байна. Ямар ч байсан ногоон дээлтэй хүний зурагтай одонгоо 18 сая төгрөгөөр зарав. Мань хүнд бас урамшуулал болгож 1 сая төгрөг нэмж өгөв. Би асууна. Тэр тэмдгээр энэ хүмүүс яах гэж байгаан юм бол?  -Мэдэхгүй ээ. Тэр ах надад нэг альбом өгсөн. Бүх тэмдэг болон одонгийн зурагтай каталоги. Би цээжлэх ёстой. Найз нь цээжилчихвэл удахгүй байр авлаа гээд л надад томров. Мөн миний тэр таньдаг ах бол анхан шатны гэж байна. Тэр худалдаж авсан хүмүүс нь дунд шат. Дээд шатны нөхдүүд нь бүгд нууц. Хүн явуулж авахуулдаг. Өөрсдөө ил гардаггүй. Гэхдээ дээд хүмүүсийнх нь дээр Хятадууд байдаг. Ихэнх ховор зүйлээ багцлаад урагшаа гаргадаг. Мөн хогоо ч гэсэн багцлаад контейнэрт хийж урагшаа гаргадаг гэсэн хэмээн надад ярилаа. Сүүлд найзтайгаа дахин тааралдсан чинь, энэ бизнес ашиггүй болсон. Хөдөөгүүр юм байхгүй болсон байна лээ. Яваад яваад тун муухан зүйл л олдож байна гэж надад ярив.

 

За нөхдөө бид Жэки Чаны Согтуу Мастер гэх кинон дээр гардаг шиг хамаг зүйлээ гадагшаа алдаад дуусч байгаа юм байна. Эцсийн эцэст ойн медаль ч үгүй одон тэмдэг ч байхгүй. Дээр үеийн бүх соёл дурсгалын зүйлээ алдаад дуусч байгаа юм байна. Хөдөө хог олдохгүй байна гэхээр ховордоод дуусч байгаагийн шинж.

Ихэнх улсын бизнесмэнүүд хязгааргүй их хөрөнгөтэй болсныхоо дараа дэлхийн үндэстэй болгоны соёлын өвийг худалдаж авах нууц нийгэмлэгт мөнгөн хандив өргөдөг (Марк Ольсен...Мөнгөөр юу авч болох вэ? ном).

Ингэх нь хөгжиж буй буурай орны түүх соёлыг үгүй хийж устгах гэсэн санаа. Мөн өөрийн улсын сан хөмөргийг баяжуулж, өөрийн улсаа дэлхийд сурталчлах гэсэн санаа, өөр юу ч биш. Хятадын баячууд LV, Сhannel гэх мэт том брэнд хэрэглэдэг хэрнээ манай 19-20 зууны үеийн лам хүний хуучин хувцсаар гоёхгүй нь тодорхой.

 

Эрээнээр би тоног төхөөрөмж хайгаад зэргэлдээх жижиг тосгонуудаар санамсаргүй  явж байтал нэгэн гудамж байв. Яваад үзтэл дан Монголын мөнгөн тэмдэгтүүд он оноороо цоо шинээрээ лангууны ард байх ба тус бүрийг нь үнэлэн зарж байв. Нөгөө эртний эдлэл хэрэгслүүд ч байв. Захын нэг муу Эрээнд хүртэл шүү. Урьд нь алдаад байхад хэн ч тоодоггүй байсан үлэг гүрвэлийн ясыг сая Монголд авчирахад сонгуулийн шоу болон батаар Оюунгэрэл гэж хоч хүртэл өгч шоолох хүмүүс олон байсан. Яасан их ярьж рекламддаг юм гээд л. Уг нь миний ойлгосноор Олон улсын шүүхэд цаад талын иргэнийг нь буруутгаж, өөрийн өв соёлын түүхээ авчирч болдог талаар залуу үедээ үлгэрлэхийн тулд авчирч байна. Ингэж улиг болтол суртачилсан нь бидний залуу үеийг түүхийн дурсгалаа хайрла гэсэн санааг өгөх байх хэмээн бодсон байх. Даанч манай залуучууд ойшоосонгүй. Бүр зарим нэг намын дэмжигчид АН-ын шоу гээд үр хүүхдээ түр музейг нь очиж үзүүлээгүй тухай онигоо хүртэл гарсан байсан. Би өөрөө нам бус. Хэн нь надад ялгаагүй. Гол нь намын сурталчилгаа биш түүх соёлын өв гэдэг талаас нь хараасай, бидний өнгөрснийг батлах "хуучин" зүйлсээ хог битгий болгоосой, өнгөрснөө хайрлаасай гэж би энэ тэмдэглэлийг бичиж байна.  Миний нийтлэл бодит үнэн. Худал үгийг би хэзээ ч бичихгүй. Мөн зарим хүмүүс миний нийтлэлээс бизнесийн санаа оллоо гэж байна лээ. Нэг биш нэлээд хэдэн хүн шүү. Харин энэ нийтлэлээс битгий бизнесийн санаа олоорой хэмээн хичээнгүйлэн хүсч байна.

Түүхийн дурсгалгүй улс үндэсгүй модтой адил ..... Ирээдүйд бид эх хувь нь ч олдоогүй Нууц товчооноос өөр юу үр хүүхдүүддээ заах вэ, урд хөршийн лангуу бэдрэх үү, Ватиканы номын сан дахь эртний бичвэрээс өөрийн түүхээ хайх уу?!

Сэтгэгдэл бичих

arrow icon