Дэлхийн хөгжингүй орнуудын эдийн засаг тогтвортой өсдөг, дундаж болон өндөр орлоготой иргэд нийгмийн дийлэнхийг бүрдүүлж байдаг нь тухайн улсын санхүүгийн системтэй нягт холбоотой юм. Учир нь олон улсын санхүүгийн системийг банк, даатгал, хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан гэсэн үндсэн 4 институци бүрдүүлж,
эдгээрийн үйл ажиллагааны үр дүнд баялгийн шударга хуваарилалтыг бий болгодог. Банкны салбар нь зээл, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж, даатгалын систем нь эрсдэлээс хамгаалдаг бол тэтгэврийн болон хөрөнгө оруулалтын сан нь хуримтлал үүсгэх, үнэт цаасны зах зээлд оролцож хөрөнгөө өсгөх боломжийг олгодог.
Манай улсын хувьд нийт санхүүгийн системийн 95 хувийг банк, 0.9 хувийг даатгал бүрдүүлдэг
бол хөрөнгийн зах зээл, ББСБ, ХЗХ зэрэг салбарууд үлдсэн хэсгийг эзэлдэг. Харин хөрөнгө оруулалт болон тэтгэврийн сангийн тогтолцоо хөгжөөгүй гэж хэлж болно. Тиймээс эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, баялагийн шударга хуваарилалтыг бий болгоё гэвэл санхүүгийн системийн бусад салбаруудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай
. Монгол улсад банкны салбарын хөгжил сайн байгаа хэдий ч банкны бус санхүүгийн салбаруудын хөгжил сул байгаа тул эдгээрийн өнөөгийн хөгжлийн үйл явцад ямар саад бэрхшээл тулгарч буйг авч үзье.
Хөрөнгийн зах зээл:
Манай улсад хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байгаа нь компани, аж ахуй нэгж бага хүүтэй санхүүжилт олох, иргэд компанийн хувьцаа эзэмшиж өгөөж хүртэх боломжийг хязгаарлаж байна. Хэдийгээр Монгол улсад 2014 оны байдлаар үнэт цаасны 75 компани үйл ажиллагаа явуулж буй хэдий ч хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин сул хэвээр байгаа юм.
Хөгжингүй орнуудын хөрөнгийн зах зээл нь эдийн засагт чухал байр суурь эзэлдэг бөгөөд 2014 оны байдлаар хувьцаат компаниудын нийт хөрөнгийн дүн ДНБ-тай харьцуулахад АНУ 132 хувь, Канад 113 хувь, Солонгос 97 хувь зэрэг үзүүлэлттэй байгаа бол Монгол улсын хувьцаат компанийн үнэлгээ 1.4 их наяд буюу ДНБ-н дөнгөж 7 хувь
тай тэнцэж байна. Судалгаагаар дэлхийн шилдэг компаниудын 90 гаруй хувь нь хувьцаагаа бирж дээр арилжаалдаг бол манай улсын шилдэг 100 компанийн 8 нь л хувьцаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, биржид хувьцаа гаргасан шилдэг компанийн хувь дэлхийд 90 гаруй%, манайд 8%
. Үүний шалтгаан нь арилжааны дүн бага, зах зээлд иргэдийн оролцоо бага буюу худалдан авагч цөөн, компанийн засаглал муутай зэрэг юм.
Үндэсний компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хөрөнгийг хувьцаа гаргах замаар бүрдүүлэх нь бизнесээ тогтвортой явуулах, иргэдэд хүртээмжтэй байх боломж бий болдог. Олон улсын жишигт хөрөнгийн зах зээл дээрх гол худалдан авагч тал нь хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн болон даатгалын сангууд байдаг. Иймд эдгээр сангийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод байдлыг хангах, төлбөр тооцооны системийг найдвартай байлгах нь хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжих гол нөхцөл юм.
Даатгалын салбар:
Даатгалын салбарын хэмжээ, өсөлт, үйлчилгээний чанар нь тухайн орны эдийн засаг, санхүүгийн салбарт чухал үүрэгтэй. Учир нь даатгал нь нийгмийн институциудэд санхүүгийн болон нийгмийн олон асуудлыг шийдвэрлэж эрсдэлээс хамгаалдаг салбар юм. Тус салбарын эдийн засгийн ач холбогдол, зах зээл дэхь байр суурийг ДНБ-д эзлэх хувь болон нэг хүнд ногдох хураамжийн хэмжээ илэрхийлдэг. 2014 оны байдлаар Монгол улсын даатгалын салбар ДНБ-ний 0.64%, харин өндөр хөгжилтэй орнууд дунджаар 50 гаран хувийг эзэлдэг
байна.
2009 оноос хойш Монгол улсын даатгалын салбар жил бүр 40%-р өсөж байгаа хэдий ч нийт актив, хураамжийн орлого, нөхөн төлбөр, хөрөнгө оруулалтын ашиг болон бусад дүн үзүүлэлтээр бусад орнуудаас хол зөрүүтэй. Монголын даатгалын салбарын нийт активыг банкны салбарын нийт активтай харьцуулбал – даатгалын салбар 106 дахин бага бол Казахстан улсын хувьд даатгалын салбар нь банкны салбараасаа 38-40 дахин бага. Тиймээс даатгалын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
- Хууль эрхзүйн орчинг сайжруулж эрсдэлтэй салбаруудад албан журмын даатгалын системийг нэвтрүүлэх
- Монголын даатгалын компаниуд нийт хураамжийн орлогын 20 гаруй хувийг олон улсын давхар даатгалын компаниуд руу шилжүүлж давхар даатгуулж байгаа тул үндэсний давхар даатгалын компанийг байгуулах
- Хөрөнгө оруулалтын орчиныг сайжруулж даатгалын компани хөрөнгийн зах зээлд оролцож компанийн хувьцаа худалдан авах нөхцөлийг сайжруулах, бусад хөрөнгө оруулалт хийх боломжийг нээх зэрэг.
Хөрөнгө оруулалтын сан:
2013 оны 10-р сард Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан нь эдийн засаг, санхүүгийн салбарт чухал алхам болсон юм. Уг хуулиар хөрөнгө оруулалтын сан байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, сангийн хөрөнгийг хадгалах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зэрэг суурь харилцааг зохицуулах бөгөөд одоогийн байдлаар хөгжлийн анхан шатны ажлууд хийгдэж байна. Хөрөнгө оруулалтын сан бий болсноор иргэд өөрт байгаа боломжит хөрөнгөөр нэгдээд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хувьцаа бонд худалдан авах, бусад төрлийн хөрөнгө оруулалт хийж өгөөж хүртэх боломж нээгдэнэ. Иргэдийн хувьд сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх нь өөрөө зах зээлийг судалж дүн шинжилгээ хийж цаг алдалгүй зөв сонголт хийх, нөгөө талаас мэргэжлийн үйлчилгээ авч хөрөнгө оруулалтыг тархаан байршуулах замаар эрсдэлээ бууруулах сайн талуудтай юм.
Мэдээж сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг мэргэжлийн өндөр ёс суртахуунтай, хараат бус олон жилийн туршлагатай тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компани хийх бөгөөд сангийн хөрөнгийг тусдаа дансанд байршуулдаг тул иргэд байнгийн хяналтаа хийх боломжтой байдаг.
Дүгнэлт
Өнөөгийн Монголын санхүүгийн сектор ганц тулгуурт байгаа тул бусад санхүүгийн салбарыг хөгжүүлж олон улсын жишигт хүргэх нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, баялагийн шудара хуваарилалт бий болох боломж юм. Учир нь хөрөнгө оруулалт, хувийн тэтгэврийн сан, даатгалын систем хөгжсөнөөр хөрөнгийн зах зээлд томоохон худалдан авагч бий болж хөрөнгийн зах зээл хөгжихөөс гадна үндэсний үйлдвэрлэгч компаниуд хурдацтай хөгжиж чадна. Мөн даатгалын систем нь нийгэм дэхь эрсдэлийн түвшинг бууруулж ард иргэдийн ая тухтай эрсдэлгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг бол хөрөнгө оруулалт тэтгэврийн сангууд нь хуримтлал, өгөөж хүртэх боломжийг олгодгоороо улсын эдийн засагт чухал ач холбогдолтой. Тиймээс төрийн зүгээс тогтвортой хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, иргэд аж ахуйн нэгж эдгээр санхүүгийн салбарт идэвхтэй оролцвол санхүүгийн салбар хурдацтай хөгжих боломжтой.
yag unen.