Нийтлэл 01 сарын 19, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм : 2016.01.19-ний өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

Өнгөрсөн онд “Оюу Толгой” хамгийн ихдээ 195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж таамаглаж байсан. Харин оны эцсийн гүйцэтгэлээр 202 мянган тонныг үйлдвэрлэж, зорилтод түвшинээ давжээ. Алтны хувьд 2015 онд 653 мянган унцыг үйлдвэрлэж, бодит үзүүлэлт таамагтай таарсан. Эдгээр үзүүлэлтийг 2014 оны үзүүлэлттэй харьцуулбал зэсийн гарц 36 хувиар, алтных 11 орчим хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгохоор өнөөдрөөс гадны хөрөнгө оруулагчидтай уулзалтууд зохион байгуулж эхэллээ. Андеррайтер банкуудаар “Goldman Sachs”, “Deutsche Bank”, “ING”, “JPMorgan” банкуудын хамтарсан нэгдэл, дотоодоос “Голомт” банк, “Ти Ди Би Капитал” ажиллаж байна.

Бямба гарагт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны нээлтийн ёслол боллоо. Тус банк нь Ази номхон далайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүсийн орнуудын хооронд тээвэр, харилцаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд байгуулагдсан. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд Монгол Улсыг оролцуулан нийт 57 орон гишүүнээр элссэн.

2015 онд Улаанбаатар хотын инфляци улсын дунджаас 0.8 пунктээр доогуур буюу жилийн 1.1 хувьтай гарлаа.

"Rio Tinto" группийн төмрийн хүдрийн нийлүүлэлт өнгөрсөн онд 11 хувиар өсч, 337 сая тонн болсон байна. Мөн ханшийн уналттай холбоотойгоор энэ онд өсөлтийн хурдаа бууруулж, нийлүүлэлтээ долоон хувиар нэмэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon