Нийтлэл 01 сарын 29, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм : 2016.01.29-ний өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

“S&P” агентлаг бондын бүтцээ шинэчлэхээр төлөвлөж байгаа “Mongolian Mining Corporation”- ийн зээлжих зэрэглэлийг нэг шат бууруулж "CCC-" болгосон байна. Мөн компанийн бондын үнэлгээг ч ижил түвшинд буулгажээ.

Хөрөнгийн зах зээл дээр шинээр хувьцаа болон бонд гаргах компанийн хүсэлтийг ажлын 15 хоногийн дотор хянан шийдвэрлэж байхаар боллоо.

Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2015 онд дэлхийн 168 орноос 72-рт бичигдсэн гэж “Transparency International” байгууллагаас өнөөдөр мэдээллээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад найман байр урагшилсан үзүүлэлт хэдий ч онооны хувьд өөрчлөлтгүй, хоѐр дахь жилдээ 100-аас 39 оноо авсан байна.

“Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад нийт 600 сая ам.долларыг зарцуулаад байгаа гэж “Turquoise Hill Resources”-ийн гүйцэтгэх захирал Жеффри Тайгесен мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх бэлтгэл ажилд 100 сая ам.долларыг зарцуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээлд 99 нэгж даваад байсан ам.долларын спот индекс энэ долоо хоногт буурах чиглэлтэй байна. Голлох зургаан валютын эсрэг жигнэн тооцдог спот индекс өнгөрсөн жилийн 3-р сард 100.3 нэгж давсан нь сүүлийн 52 долоо хоногийн дээд цэг юм.

ТОСК-ийн 929 айлын орон сууцыг төр худалдаж авснаар иргэдийг зах зээлийн ханшаас 3-4 дахин хямд үнээр түрээсийн орон сууцаар хангах боломжтой болно гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon