Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд 1.6 дахин буурч, 232 сая ам.доллар болсон
болохыг Сангийн яам өнгөрсөн улирлын эдийн засгийн тоймдоо дурдсан байна. Жилийн эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс импортын 19.8 долоо хоногийн хэрэгцээг хангахуйц нөөцтэй байна.
Японы “Mitsubishi Hitachi Power Systems” болон “MCS International”-ийн түншлэл IV Дулааны цахилгаан станцын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна. Гэрээг өнгөрсөн оны эцсээр байгуулжээ. 2018 оны 10 дугаар сар хүртэл хэрэгжих төслийг Японы 4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх болсон талаар төслийн нэгжээс мэдээллээ. Өнгөрсөн онд тус станцын өргөтгөлийн ажил хийгдэж, өөрийн хүчин чадлаа 25 хувиар, улсын эрчим хүчний нийт чадлыг 13.5 хувиар өсгөжээ.
“Монгол Базальт” компани шугам хоолойн эрчим хүчний алдагдалгүй дулаалгын материал үйлдвэрлэх үйлдвэрээ энэ сарын 12-ны өдөр ашиглалтад хүлээн авсан байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор шугам хоолойн дулааны алдагдал бүрэн буурах боломжтой юм.
Орон сууцны үнийн индекс сүүлийн нэг жил хагасын хугацаанд тасралтгүй буурч байсан бол энэ оны нэгдүгээр сард үл ялиг нэмэгдсэн байна. Тодруулбал орон сууцны үнийн индекс энэ оны нэгдүгээр сард 5.7 хувьтай гарсан нь өмнөх сартай харьцуулахад 0.16 хувиар нэмэгджээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 2 сая 47 мянган төгрөг байгаа
бол хуучин орон сууцны дундаж үнэ 83.4 сая төгрөг байна.
“Rio Tinto” групп 2015 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас харвал “Оюу Толгой” компани өнгөрсөн онд 1.64 тэрбум ам.долларын орлоготой, 57 сая ам.долларын ашигтай ажилласан байна.
Сэтгэгдэл бичих