Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий бодит өсөлт 2.3 хувь болж буурсан үзүүлэлттэй гарсан болохыг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Бөөний болон жижиглэн худалдаа буурсан, үйлчилгээний салбар, тээвэр, худалдааны эргэлт буурсан нь гол шалтгааны нэг болж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор татварын орлого буурсан нь өсөлт саарахад нөлөөлсөн байна. Харин өсөлтийг дэмжсэн эерэг нөлөөлөлд хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбарын өсөлт, мөн уул уурхайн зарим бүтээгдэхүүний олборлолт өндөр байсан нь голлон нөлөөлсөн талаар УБСЕГ-аас мэдээллээ
“Moody's” агентлаг “Anglo American”-ийн зээлжих зэрэглэлийг бууруулж "Ba3" болгосон байна.
Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Төр эзэмшигчийн байр сууринаас биш харин хөрөнгө оруулагчийн байр сууринаас хандаж, бизнесийн зарчмаар ажиллах эх үндэс тавигдлаа. Тодруулбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн Төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” компани жинхэнэ утгаараа компанийн засаглалыг хэрэгжүүлж, ашгийн төлөө ажиллах боломжтой боллоо.
Монгол Улсад нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэрийн ажлыг энэ оноос эхлэхээр боллоо.
Уул уурхайн яам, Япон Улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны яамтай хамтын ажиллагааны хүрээнд ийнхүү туршилтын үйлдвэр байгуулан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар баталгаажиж байна. Үйлдвэрийн технологи нь 10-35 мм ширхэглэлтэй нүүрсийг “Fluidized bed separator” төхөөрөмжөөр, 0.5-10 мм ширхэглэлтэй нүүрсийг “Air table” төхөөрөмжөөр баяжуулах бөгөөд төслийн нийт өртөг 13 сая орчим ам.доллар байхаар тусгажээ. Харин менежментийг “Эрдэнэс Монгол” компани хариуцан ажиллахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих