Нийтлэл 02 сарын 18, 2016

Бага мөнгө, их стресс, хавтгай архидалт, туйлширсан сүсэг бишрэл... Боловсрол бүгдийг нь шийднэ

Нэг хэсэг Монголд хавтгай архидалт асуудал болж байсан бол одоо харин туйлширсан сүсэг бишрэл асуудал болдог болж. Магадгүй Та бөөнөөрөө түрийвчээ гаргаад мөнгө даллан дууддаг лекцийн талаар сонссон л байх. Энэ талаар янз бүрээр л ярьдаг. Жишээ нь, юугаа сонирхох шүтэх нь хувь хүний эрх чөлөө учраас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэх нэг нь байна. Эсрэгээрээ очсон хүмүүсийг шууд шүүмжилж, “Хөдөлмөрлөхийн оронд мөнгө гуйн залбирч суулаа” гэх хүн ч байна. Хүмүүсийн тархийг угааж 20 мянгын билетээр бизнес хийлээ гэж зохион байгуулагчид нь уурсах нь ч байна. Хэдэн малынхаа буянд баяжиж байна даа гэж егөөдөх нэгэн ч байна. Эсвэл ард түмэн ядуу тарчиг байгаагийн илрэл энэ гэж цөөнгүй хүн үзнэ. Харин зарим нь эд мөнгөөр ядуудаа биш харин сэтгэхүйн ядуурал гэж тайлбарлана. Ер нь иймэрхүү зүйл дэлхийн хаана ч байдаг, сүржигнэхээ байчих л даа гэх хүн ч гарч ирнэ.

Хамгийн сонирхолтой нь, Сарандаваагийн лекцэнд цугласан хүмүүсийн 90% гаруй нь эмэгтэйчүүд (зураг). Гэхдээ яагаад ийм байна вэ гэдэгт дээрх тайлбаруудын аль нь ч зөв хариулт өгч чадахгүй: Үнэхээр Монгол эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү эрх чөлөөтэй болохоор лекцэнд дийлэнх олонхи нь байв уу? Эсвэл эмэгтэйчүүд хөдөлмөрлөх дургүй хялбар юманд дуртай байдаг юм уу? Магадгүй тэд маань иймэрхүү зүйлд амархан итгээд тархиа угаалгачихдаг улс уу? Аль эсвэл эрчүүдээсээ ядуу, амьдрал нь хэцүү учраас Сарандаваа дээр бөөнөөрөө очив уу? Эсрэгээрээ ядуу биш ч сэтгэлгээний доройтолд орчихсон болохоор тэр үү? Ер нь дэлхийн хаана ч эмэгтэйчүүд ийм л байдаг юм уу..?

Уул нь сүсэг бишрэл явж явж эдийн засагтай нэлээд холбогддог. Ер нь ядуу буурай улс байх тусмаа шашин, ид шидэнд итгэх итгэл, мухар сүсэг илүү дэлгэрсэн байдаг нь тогтоогдсон зүйл (энд). 90-ээд оны эхэн үеэс өмнө нь шүтлэггүй байсан хуучин соц орнуудад сүсэг бишрэл маш хүчтэй дэлгэрсэн нь ч үүний нэг жишээ. Энэ нь шилжилтийн үед эдийн засаг хүнд болж, олонхи иргэдийн амьдрал хэцүүдсэнтэй ихээхэн холбоотой гэгддэг. Сүсэг бишрэл ийнхүү ядууралтай холбоотой байдаг нь хялбархан ойлгогдоно. Ядуу буурай орон байх тусмаа иргэдийнх нь зовлон бэрхшээл их. Хангалуун орны иргэдтэй харьцуулахад хоногийн хоолноос эхлээд л нэлээд урт жагсаалт үүсдэг. Харин олон бэрхшээлийг давж туулахын тулд хүмүүст ямар нэг итгэл найдвар зайлшгүй хэрэгтэй. Сүсэг бишрэл тэгвэл стресстэй амьдрал дунд итгэл найдвар өгч амар тайван амьдрахад нь тусалдаг нэг арга хэрэгсэл болдог аж.

Иймд, мухар сүсэг бишрэл тухайн нийгмийн хүнд хэцүү амьдралын толины тусгал нь болдог байх нь. Тэгвэл Сарандаваагийн лекцэнд сууж буй хүмүүсийн 90% эмэгтэйчүүд гэдэг хүйсийн энэ тэнцвэргүй байдлыг юу гэж тайлбарлах вэ? Энд магадгүй эрэгтэй эмэгтэй хүмүүсийн стресстэй хэрхэн харьцдаг ялгаанаас болсон байж болох юм. Эрчүүдийн хувьд бол асуудлын шийдэл нь водка байх нь их. Монголд 90-ээд оны эхэн үеийн хүнд хэцүү жилүүдэд барьц алдсан олон эрчүүд архинд живж байсан нь үүний нэг нотолгоо. Харин Монгол эмэгтэйчүүдийн хувьд стресс ихтэй өдөр тутмын амьдралаа даван туулахдаа сүсэг бишрэлээр л хань хийжээ.  

Тэгэхээр манай нийгмийн анхаарах ёстой нэг эмзэг асуудлууд болоод байгаа мухар сүсэгтэй холбоотой туйлшрал болон өмнө нь байсан хавтгай архидалт улс орны ядуу байдалтай холбогдож байна. Уул нь согтох нь стрессээ тайлах сайн арга хэрэгсэл. Огт уудаггүй хүмүүсээс тогтмол, зохистой хэрэглэдэг хүмүүс урт насалдаг нь ч үүнийг батална. Сүсэг бишрэл ч мөн адил. Бэрхшээл сорилтоор дүүрэн амаргүй амьдрал дунд сэтгэлийн амар амгалан байдлыг бэлэглэдэг зүйл. Гэхдээ туйлширвал архи ч, сүсэг бишрэл ч нийгмийг мансууруулан сохроох чадалтай аюултай зүйлс.

Ер нь аливааа орны хөгжил буурай бөгөөд эдийн засаг нь хүнд байгаа бол тухайн оронд хийж чадах зүйл бага гэдгийг илэрхийлнэ. Жишээ нь Самсунг, Тоёота, Гүүглийг хийж чадаж байгаа улсууд чадахгүй байгаа улсаас ядуу байхгүй л болов уу. Дурын хүн гар утас, машин (ер нь хүнд хэрэгтэй аливаа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ) хийхгүй учраас хийж чаддаг зүйлтэй байхын тулд иргэд нь мэдлэг боловсролтой байх хэрэгтэй. Тэгэхээр архидалт, мухар сүсэгтэй холбоотой туйлшралын шалтгаан ба шийдэл болсон эдийн засаг нь өөрөө боловсролоос л хамаарч байна. Иймд, бид эхлээд боловсролоо шийдвэл ядуу хүн, архичин хүн, түрийвчээрээ мөнгө далладаг хүн асуудал биш болно.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-05-28

    Хөнддөг сэдвүүд нь сайхан юм. Гэвч бичиж байгаа нийтлэл нь тиймхэн юм.

    • Зочин
    • 2016-03-05

    Mash boduushtai zuil bichjee uneheer setgeliin amar amgalan baidliig husdeggui hen baih be tuun dotroo ehchuud emegteichuud l iluu ger bul ur huuhdiinhee telee yavj baigaa amidral duuren bol Ted bas Taivan l bna shuudee

    • munguu
    • 2016-02-19

    harin tiimee. tegeel yavj yavj nuguu uls tur shuu dee ho.

arrow icon