Нийтлэл 02 сарын 22, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм: 2016.02.22-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

-Монгол Улс 2016 он гарснаас хойш хоёрдугаар сарын 18-ны байдлаар 37 мянган тонн улаанбуудай, 6400 тонн улаанбуудайн гурил импортолсон талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт болж байна. Засгийн газар хэлэлцэж, импортын гурилын хэмжээг энэ онд 40 мянга 300 тонн байхаар тогтоосноос 15.8 хувийг нь ийнхүү эхний 2 сар хагасын байдлаар оруулж ирсэн байна.

-“Bloomberg”-ийн судлаачдын дүгнэснээр БНХАУ-ын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа дахин дөрвөн жил дараалан өсч, 2020 онд түүхэн дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байна. Тодруулбал судалгаанд оролцсон найман эдийн засагч БНХАУ-ын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 283 хувьтай дүйцнэ гэж үзжээ.

-Энэ оны нэгдүгээр сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос 2.5 хувиар буурч, зээл олголт саарсан хэвээр байна. Өнгөрсөн сарын эцэст M2 мөнгөний нийлүүлэлт 9.9 их наяд төгрөг болсон нь сарын өмнөхөөс 191 тэрбум төгрөгөөр буурчээ.

-Монгол Улс хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн албан ёсоор БНХАУ-руу мах экспортолж эхэллээ. Эхний ээлжинд Увс аймгийн “Мон-Тува” ХХК Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан Хятад руу 16 тонн хонины мах экспортоллоо гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

-Өнгөрсөн долоо хоногт Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон “The Financial Times” сэтгүүл хамтран Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Стамбул хотод зохион байгуулсан байна. Энэ үеэр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабарти дараагийн Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэмжжээ.

-Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк 2006 оноос хойш Монгол Улсад нийт 78 төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж, 1.3 тэрбум еврогийн санхүүжилт гаргажээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon