Монголын Нууц Товчооны 154 –р хэсэгт ийм нэгэн үйл явдлын тухай өгүүлэх. Юув гэвэл Чингис хаан Татаар иргэдийг номхотгоод, дагаж, бууж өгөгсөдийг нь хэрхэн тухай их эеэр зөвлөлдөв.
“... Татаар иргэд
Өвгөд эцгэсийг барсан бүлгээ
Өвгөс эцгэсийн
Өшил өшиж
Хясал хясаж
Цүүнд үлиж
Хядаж, алж өгье.
Үлиттэл хядъя.
Үлдэгсэдийг боол болгоё
Зүг зүгт хуваая”
гэж хэлэлцсэнийг Бэлгүдэй гэрээс гармагц Татаарын Их Чэрэнд ам алдаж орхино. Үүнээс үүдэн Татаарууд дэр авч үхэх гэж тэмцэн, монголчуудад үлэмжхэн хохирол учруулах билээ. Түүнээс хойш Чингис хаан Бэлгүдэйг их эед оролцуулахыг хорин, их эе болж бүхийд “...гадна бүхийг застугай. Засаад, хэрүүлийг, хулгай, худал үйлдэтнийг заргалтугай” хэмээн зарлиг буулгадаг.
Энд өгүүлэхээр бол Бэлгүдэй давхар давхар ноцтой хүнд гэм хийсэн болох нь тодорхой харагдана. Нэгд, их эеийн нууцыг задруулсан. Энэ маш ноцтой алдаа. Удаад нь энэ нууц задарснаар Монголчууд маш хүнд хохирол амсаж, олон дайчид, зарим судлаачдийн үзэхээр бүр 1000 орчим монгол цэрэг алагдсан байна.
ГЭТЭЛ ийм хүнд ял, завхрал гаргасан хүнийг Их хаан яагаад маш хөнгөхнөөр буюу зөвхөн Их эед үл оролцох, тэр зуур гадуурх аюулгүй байдлыг хангах нэлээд хариуцлагатай албанд тохоох төдийгөөр ял хэлтрүүлэв? Чингис хааны өөрийн төрсөн дүү болоод тэр үү? Өнөөх Чингис хааны “Гайтай болбаас шадрыгаа ч шанталсугай, Гавьяатай болбаас дайснаа ч шагнатугай” гэсэн нэн чухал зарчим хаана байна вэ? Эсвэл идэр бага Бэгтэр Тэмүүжин, Хасар хоёрын сумд нэвт сүлбүүлэхийнхээ өмнө хэлсэн “Дүү Бэлгүдэйд бүү хүртүгэй” хэмээсэн гэрээсийг санав уу?
Нөгөө талд Бэлгүдэй яагаад ийм болчимгүй зүйл хийв ээ? Тийм мунхаг, бодлогогүй хүн үү? Эсвэл Хаан ахдаа ямар нэгэн хэмжээгээр хар бурууг, өшил хорсолыг тээж явсан нь энэ үйлдлээр илрэв үү? Гэх мэт олон асуулт бий.
Эдгээр зөрчилтэй асуултуудад бүрэн дүүрэн итгэл үнэмшил төрөхүйц хариулт тэр бүр надтай таарч байсангүй. Түүхч, судлаач, зохиолч бүр өөр өөрийнхөөрөө тайлах ч...
Харин зохиолч Ж.Заяабаатар “Омог босоо Хавт Хасар” түүхэн романдаа дотор цэлмэтэл тайлал хийсэн байх юм.
“... Тэд гэмгүй, би гэмтэй.
Би гэмтэй гэсээр Бэлгүтэй морио хөтлөн Чингис хаанд дөхөн очиж сөгдлөө
.
- Өчигдөр Их Чэрэн надаас Татааруудыг яах гэж байна гэхээр нь би худлаа хэлж түвдэлгүй үнэнийг дуулгачихсан юм... өршөө намайг... гэхэд Хасар уурсан Бэлгүтэйг заамдан авлаа.” (”Омог босоо Хавт Хасар” роман хэсгээс. 194-р хуудас)
Яагаад энэ тайлал бусдаас илүү итгэл үнэмшилтэй байна вэ? Юуны өмнө аливаа шийдвэрийг гаргахдаа, ялангуяа гайтныг яллах, гавьяатныг алдаршуулахдаа уг хүн нь хэн бэ, ямар нөхцөлд, ямар зорилго, сэдлээс тийн үйлдэв гэдэг нэн чухал учир шалтгаан болдог. Эрүүгийн эрх зүйд энэ сэдвийг бүр ч нарийвчлан авч үздэг.
Чингис хааны хувьд том ялд унасан Бэлгүдэйг маш хөнгөн яллах гол үндэслэл нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Бэлгүдэй хэзээ ч худлыг өгүүлж үл чадах, хүн хуурч, мэхэлж, араар нь тавьж, ов заль гаргаж үл чадах маш нандин сайхан чанартай хүн юм. Тэр дайн тулаанд ч ялгалгүй ов мэхийг бус шууд тулж, ид хав, эр бяраар хүчийг тэнсэн үзэх билээ. Тиймээс ч тэрбээр Зэв, Сүбээдэй, Мухулай, Боорчи нар шиг гарамгай сайн жанжин болоогүй биз. Чухамхүү Бэлгүдэйн энэ сайн чанар нь дээрх тохиолдолд ноцтой алдаанд хөтөлсөн байна. Магадгүй, үхэхээс бусдыг үзсэн, бас түгшүүртэй нөхцөлд байгаа Их Чэрэн Бэлгүдэйн тэр чанарыг сайтар мэддэгээс ам алдуулсан ч байж болох... Ялангуяа овог отгоороо “цүүнд үлиж” буюу “тэрэгний голд жишиж” хядагдах болсон тэр овгийнхны хүнд хэцүү байдлыг харж, сэтгэл шаналан байсан нь Их Чэрэнгийн асуултад шууд хариулах нөхцөл ч болсон байж болно.
Чингис хаан эх нэгт дүүгийнхээ энэ чанарыг сайн мэддэг, бас өндөр үнэлдэг байж. Тиймээс ч Бэлгүдэйд машид итгэдэг, ихэд дотно байсан. Бэлгүдэй хэзээ ч хар бурууг санан тийн нууц дэлгэх хүмүүн биш билээ.
Энд Чингис хаан өөрийнхөө тогтоосон Их засаг хууль ёсыг ноцтой зөрчсөн нь ч үгүй юм.
Хэн хүнийг нэвтэрхий таньдаг ер бусын чадвартны хувьд Их хаан маань уг хэргийн мөн чанарыг онож, мэргэн шийдвэр гаргажээ гэсэн гаргалгаа энд байна. Хэрвээ зохиолч Ж.Заяабаатарын гаргалгааг зөв гэж үзвэл шүү дээ. Миний л хувьд энэ гаргалгаанд илүү их итгэж байна. Ер аливаа түүхэн үйл явдлыг, ялангуяа түүхэн их зүтгэлтнүүдийнхээ аливаа үйлдэл бүрийн учир чанарын талаарх сайн болон муу байж болох олон янзын хувилбаруудаас бид аль болох сайн байж болох тайлбар гаргалгааг нь илүүд эрхэмлэж байх учиртай юм. Ингэхэд эцсийн эцэст хүнийг муу муухайгаар гүтгэхээс, сайн сайхнаар “гүтгэх” нь хувь илүү ухаалаг явдал болно. Чухам энэ мэт аливааг сайн сайхнаар тайлан сэнхрүүлэх ухааныг манай хууччуул “Монгол ухаан” гэдэг, дээдэс маань “Тэнгэр ухаан” ч гэдэг.
Зохиолч Ж.Заяабаатарын “Омог Босоо Хавт Хасар” романыг уншиж байхад энэ мэт сэтгэл цэлмээсэн олон сайхан гаргалгаа байх аж. Тэр бүрийг нэг бүрчлэн тоочих аваас магадгүй, эх романых нь хэмжээний юм болох биз. Ер аливаа зохиолчийн зохиол бүтээл нь зохиолчийнхоо дотоод мөн чанарыг ямар нэгэн хэмжээгээр тусган илэрхийлэх нь гарцаагүй юм. Хэрвээ сайн сайхан, гэрэл гэгээтэй зөн, мэдрэмжийг тухайн зохиолоос Уншигч та мэдэрч буй бол зохиолчийнх нь зүрхнээ мөн тийм л зөн мэдрэмж лугшиж байсных болно. Үзэг нэгт анд, зохиолч Ж.Заяабаатарын маань зан чанар ч мөн үүгээр мэдрэгдэнэ.
.
Ингэхэд Ж.Заяабаатартай танилцсан минь ийм мэт. 2009 билүү дээ, миний эрхэлж байсан ажлын хүрээнд Дорноговь аймагт шинээр сурвалжлагч томилох шаардлага гарав. Орон нутгаас хэд хэдэн хүний хувийн хэрэг, анкет ирсний дотор Ж.Заяабаатарынх ч байсан юм. Материал нь нэлээд хагас дутуу. Түүний “Мэнгэ төөрсөн амраг минь” дууг дуулах дуртайн дээр “Холын цэнхэр Алтайд бороо цайрна” зэрэг зохиол бүтээлээр нь эчнээ сайн мэдэх билээ. Уран бүтээлчийнх нь хувьд би Ж.Заяабаатарт илүү оноо өгч байсан ч тухайн ажлын байранд тавьж байсан зарим нэгэн шаардлагад - тухайлбал, ажил давхар хашихгүй байх гэх мэтэд нийцсэнгүй. Хүний нөөцийн дарга болон орлогчтойгоо санал солилцсоны эцэст бид өөр хүн сонгосон юм. Бидний судалж сонгосон хүн маань ажилдаа сайтар таарч тохирч байснаас энэ асуудал тэгсгээд таг мартагдав. Дөрвөн ч жилийн дараа санагдана, хавар цагсан. Дорноговийн Хүслийн хар уулын оргил өөд гүйчихсэн хэдэн хүүхэд хүлээгээд, сүүдрэвчин дотор алсыг ширтэсхийн сууж байтал ширвээ сахалтай, ширүүн ч мэт төрхтэй, манай Алтай зүгийнх байж тун магад нэгэн хөх эр ирж мэндэллээ. Бид хоёрын яриа богинохон зуур халуун дотноор өрнөж, төдөлгүй хэзээ язааны дотно нөхөд мэт тамхиа хувааж нэрэнгээ, уран зохиол, түүхээс эхлээд элдвийг хөөрөлдөн суусансан. “Хэдэн жилийн өмнө танайд ажилд орох гээд бараагүй шүү” хэмээн хар сэргүй сайхан инээх.
Байгал орчин ч таатай сайхан, хаврын урь нэвт сэнгэсэн тал газрын салхи хүрэмний минь хормойг сэрчигнүүлж, тамхины утааг угалзлуулна. Тэртээ алсад хөх униар сэнхэртээд л, нэг л их сэнсэрсэн сэтгэл үнэртэх шиг.
Ер нь би заримдаа зарим нэгэн хүнд ямар ч онцгойлох шалтгаангүйгээр гэнэтхэн учиргүй дотно болчихдог ноцтой дутагдалтай хүн. Гэхдээ ихэнхдээ алдаагүй санагдана, олонхи нь үнэхээрийн сайхан хүмүүс байх. Тэр хууч өвчин минь хаврын тэр өдөр дахин сэдэрч, богинохон хугацаанд уулзсан ч Ж.Заяабаатар хэмээх хуучин цагийн Алтайн хөх эрсийн дүр төрхийг хадгалсан ширвээ сахалтай тэр эр аль эртийн дотно сайхан танил нөхөр шиг маань сэтгэгдэж билээ. Хүслийн хар уулаас бууж явахдаа би “Мань хүнийг тэгэхэд ажилд авчих минь яав даа” хэмээн дотроо харамсан бодож явсансан. Тэр жижиг шажиг дүрэм зааврыг нь зөрж зүтгээд ажилд авчих эрх мэдэл надад бүрэн байсан юм.
Түүнээс хойш бид хэд хэд уулзсаан. Хааяа нүүр хуудсаар мэнд мэдэлцэх, санал бодлоо солилцох. “Омог босоо Хавт Хасар” романаа надад барив. Романы нэрийг харангуут л “Нээрээ л Хавт Хасарыг өөрөөр хэрхэн хэлэх билээ” гэж бодогдож билээ. Сайхан роман. Би боддог юм, Хавт Хасарын дүрийг эрмэг омголон атлаа дотор ертөнц нь их гэгэлгэн, гэгээн хүн л хамгийн дөхүү гаргаж чадна даа гэж. Ж.Заяабаатар ч үнэхээр Хавт Хасарын ямар нэгэн юмыг, үгүй ядахдаа тэр эрмэг сайхан шинж төрхийг нь өөртөө шингээсэн мэт.
2014 оны 5 сарын 5. Дорноговь. Хүслийн хар уулнаа бидэн хоёр уулзав.
“Омог босоо Хавт Хасар” романы тухай олон зүйлийг өгүүлж болох билээ. Түүхэн зохиолд түүхэн бодит үнэн, уран сайхны давс хужир хоёрын тун банг тааруулна гэдэг амаргүй. Түүхэн үнэний тун ихэдвэл зохиол биш түүх бичлэг болж орхино. Харин уран сайхны давс нь хэтэрвэл түүхээ гүтгэн гүжирдсэн хэрэг болно. Харин энэхүү романд тэр зааг, хэмжээ, чанарыг гайхалтай сайхан тааруулсан. Ялангуяа Хавт Хасарын омог босоо оршсоны нууцын тунг тааруулж ч, тайлж ч чаджээ. Монголын Нууц товчоонд өгүүлэхээс төдийлөн зөрөхгүй атлаа, тэнд байх бяцхан өгүүлбэрийг ч бүрэн дүүрэн өгүүлэмж болгон бүтээж чадсан байх юм. Тэгээд түүнээ өвөрмөц сонин өнцгөөс тайлан илэрхийлнэ. Энэ бол уран бүтээлчийн ур чадвар.
Ер түүхэн зохиолын гол мөн чанар нь түүхийн алив үйл явдал хийгээд түүхэн хүнийг шинээр нээн, нууц зангилаа бүхнийг уран сайхнаар тайлах явдал юм. Бид Өвөр Монголын алдарт жүжигчин Г.Баасангийн гол дүрийг нь бүтээсэн “Чингис хаан” олон ангит киног дуртайяа үздэг. Хүний сэтгэлийг татаж чадсаны нэгэн учир нь түүхээ яс барьсан ч, тэр түүхэн үнэнийхээ хүрээнд гайхалтай сайхан уран сайханжуулж чадсаных
юм. Ж.Заяабаатарын “Омог босоо Хавт Хасар” роман ч мөн үүн лүгээ адил. Түүнээс гадна яруу сайхан хэл найруулга, дүр дүрслэлийг эл романы хуудас бүрээс үзэж болно.
“...Хасар хаврын тарчигт ихээхэн туйлдсаар хүрч иржээ. Цаг ямагт дүрэлзэн жийхайж байдаг жартгар бор нүдийг нь үүлэн цайвар нулимс бүрхэж, сахалтай уруул нь чичрэх аж...” (223-р хуудас)
Энэ хоёр өгүүлбэрээс Балжун нуурт ахыгаа олж ирж буй Хасарын дүр төрх нүднээ харагдах шиг болно.
“...Хасарын цэргүүд далай руу хошууран орсон элсэрхэг зөөлөн эрэгт тулж ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд, их усны цав цагаан хөөс алгадан цахлай шувууд шуугилдан нисэлдэх авай. Эрх дураараа, дэндүү зоргоороо, бүгдийн эсрэг ганцаараа тэмцэлддэг эрх чөлөөт, хар толгойт шувуухай салхи хүсэн тэнгэрт чарлалдсаар...” Энэ цахлай шувуудын тухай дүрслэл бараг л дэндүү зоргоороо, дэндүү эрх дураар, омог төгөлдөр Хасарын өөрийнх нь дүр төрхийг дамаа өгүүлэх мэт. Хасарыг яагаад “Хавт” хэмээдэг билээ? Хавтай бахтай байх нь сүр жавхлан, зориг чадлын илэрхийлэл билээ.
Энэ мэт олон сайхан жишээг дурдан өгүүлж болно. Хавтай бахтай, омог босоо Хавт Хасартаа зориулан Монгол түмнээс босгосон яруу сайхан, утга төгөлдөр үгэн хөшөө болжээ хэмээн энэхүү романы тухай тун товчоор үнэлж болно.
Ингэхэд Их хаан ахынхаа алдар цууны цуурайн дор дарагдан буйгаас биш Хавт Хасар бол Монголын эзэнт их гүрнийг бүтээн босгоход яндашгүй их гавьяа байгуулсан Монгол төрийн түүхэн том зүтгэлтэн.
Өнөө Хавт Хасарын удам салтар нь дээдэстээ зориулан гурван ч том тахилга үйлдэх бөгөөд манай түүхийн ямар ч ихэс хаадад тийм гурвалсан тахилга үгүй аж.
Хасарын үр хойчисийн үүх түүх ч мөн арвин баялаг, намтар дүүрэн агаад тэд үе үеийн монгол туургатны түүхэнд үнэлж баршгүй их үүрэг үүрч, ул мөрөө үлдээсэн билээ. Тухайлбал, Их Юань улсын Их вангийн удам залгамжийг эхлүүлсэн Бабушын түүх нэн сонирхолтой. Тэр Хавт Хасарын дөрөвдүгээр үеийн ач байжээ. Мөн Дэлбэг хааныг зүй бусаар тэнгэр болоход Их хаан орыг арав гаруй жил залгасан Адай хаан буюу Асагалдай нь Хасарын наймдугаар үеийн ач болно. Тулааны талбарт баатар, түмний хэрэгт төрийн түшээ, хайр дурлал, сэтгэл зүрхний ертөнцөд жинхэнэ нөмөр нөөлөгтэй эр хүн болох Өнөболд вангийн түүх бол тэр аяараа хайр, харуусал, тэмцлийн дууль. Тэр бол Хасарын арванхоёрдугаар үеийн ач Хорчины баатар Шүүстэйн хүү билээ.
Үүнээс нааш ч олон бий бөгөөд тэдний нэг нь Англи, Францын хүчирхэг флот, армид чухам монгол дайчны ур чадварыг гайхуулсан бахдам хавтай цохилтуудыг удаа дараалан өгч явсан алдарт Сэнгэринчин жанжин юм. Тэр бол Хасарын хорин зургадугаар үе нь болно. Зөвхөн нэгнийх нь тухай л бичихэд дээд өвөг Омог босоо Хавт Хасарын түүхээс огтхон ч үл дутах яруу сайхан зохиолын бэлээхэн сэдэв, “түүхий эд” бий дээ. Хавт Хасарын тухайгаар эхлүүлсэн романаа цааш үр хойчисийнх нь бахдам нууцлаг түүхээр үргэлжлүүлэн бичиж чадах хүмүүн чухам өөрөө мөн билээ хэмээн эрхэм зохиолч нөхөр Ж.Заяабаатарт сануулахын ялдамд, дараагийн романыг нь найдан хүлээж буйгаа уламжилсу.
Сэтгэгдэл бичих