Нийтлэл 03 сарын 01, 2016

ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧДЫГ ҮГҮЙЛЭХ ЦАГ...

Эх орончдын өдөр бол аль нэгэн намын хамааралтай баяр биш шүү. Нийт түмэн олон бидний үе үеийн эх орончдоо хүндэтгэн дурсах өдөр.
Учир нь:
1920-иод он бол

- Монгол төр үгүй болж, Шашин төрийг хослон баригч хааныг маань хүртэл Хятадын ерөнхийлөгчийн зурганд өвдөг сөгдүүлэн мөргүүлж байсан үе.
- Хэдхээн жилийн өмнө хятадын хар цэргийг цагаан хэрэм давтал ширвэж явсан монгол цэргүүд халуун зэр зэвсгээ өнөөх хятад цэргийн өлмий дор гутамшигтайгаар шидлэн бууж өгч, цээжиндээ хорслоо зангидан, ханцуйдаа ташуураа тас атгаж байсан үе.
- Үндэсний тусгаар тогтнолыг манлайлан тэмцсэн Манлайбаатар Дамдинсүрэн Монголын нийслэл Өргөөд байх хятадын шоронд босоогоороо нөхчиж явсан үе.
- Хар мянган хар цэргүүд Нийслэл хүрээ, Хиагт хийгээд бусад олон газраар буу шийдмээ гололзуулан, хахир яхир дуугаар хашгичиж, Монголчуудын хэзээний эрхт эзэн мэт таахалзаж явсан үе.
- Нүцгэн пролетари нартаа сүйртлээ ялагдсан цагаан хааны өлөн зэлмэг цэргүүд монгол нутгаар эзэнгүй балар орон мэт эрх дураар хэрэн хэсүүчилж, тонон дээрэмдэж явсан үе.
- Монгол нутагт наран бүүдийж, эсэргэн жавар тачигнаж, эгэл олон түмэн элдэв дарамтад энэлэн шаналж байсан үе.
- Амь бие эрсдэх нь алга урвуулахын зуур мэт болчихсон ИЙМ хүнд хэцүү үед жинхэнэ ЭХ ОРОНЧИД эрсдэл, тамлал, зовлонг үл тоон, зэвсэгтэй нь зэвсгээ, ташууртай нь ташуураа барин НАМ нийлж, сэм босохоор хэлэлцэн тохиролцож асан тийм л өдөр.


1925 он. Монголын Пионерийн байгууллага үүсэн байгуулагдаж байх үе.

Тийм эх орончидоо мартахгүй байхын учирт, ерөөс үе үеийн эх орончидоо бахархан дурсаж байхын учирт энэ өдрийг буй болгосон хэмээн би мунхаглан ойлгоном. Үе үеийн мянга мянган алдар суутай болон эгэл олон эх орончдоо хүндэтгэн дурсдаг нэгэн өдөр бидэнд заавал байх ёстой.  Бид тийм эх орончидоо мартваас нүгэл алдас болно. Зарим хүмүүсийн үздэгээр 1921 оны хавар Оросын большевикуудын зангаа затуураар хөдөлсөн, тоглоом нь болсон хэдэн хүний явдал огтхон ч байгаагүй юм шүү. Хүнд хэцүү үед дангаар хүчин мөхөсдөх тул тус дэм авах нь ч зүй ёсны явдал байсан.  Энэ өдрийг улс төржүүлж боломгүй.

Түүхээ улс төржүүлэн өмчилдөг нэг хачин хийтэй явдал сүүлийн 25 жил өрнөлөө. Монгол Улсын түүх гэсэн нэг л түүх бийгээс биш Ардчилсан Намын хамааралтай Монгол Улсын түүх, МАХН/МАН-ын хамааралтай Монгол Улсын түүх гэсэн тус тусдаа юм хаана ч, хэзээ ч байхгүй. МАХН/МАН-ын хувьсгалч эх орончид нь тусдаа, АН-ын ардчилсан эх орончид нь тусдаа гэсэн юм огт байхгүй, үнэхээр эх орончид буй аваас тэд аль нэгэн намынх бус Монгол эх орны л хөвүүд. Энэ улс төржсөн хийрхэл ард түмнээ талцуулан хуваагаад зогсохгүй улс орноо ч сүйрүүлж мэдэх аюултай. Бага хаадын үеийн даржин, сүржин түүх бидэнд энэ сургамжыг ямагт сануулж байдаг.

3 сарын 1-ийг МАН/МАХН-ын байгуулагдсан өдөр гэдэг дэндүү явцуу өнцгөөр харж буй бол тэр хүн хэзээ ч ардчилагч биш. Харин ч энэхүү биеэ биеэ хүлээн зөвшөөрч чаддаггүй намууд, түүхээ сэг мэт тасчин хуваадаг намууд ЭНЭ ӨДӨР гар барилцан зэрэгцэж зогсож байгаад эх орончдоо дурсдаг байгаасай.  Мөн 12 сарын 10-ны өдрийг Ардчиллын өдөр хэмээн энэ намууд бүгд хөтлөлцөн зэрэгцэж зогсож байгаад хүндэтгэл үзүүлдэг байгаасай. Энэ хоёр өдрийн аль аль нь Монголын түүхэн чухал өдөр болохоос биш аль нэг намын өмчилдөг өдөр биш. Түүхийг түүхэндээ үлдээгээд улс төрөө улс орноо хэрхэн яаж авч явах вэ гэдэг арга ухаан, сэтгэл зүтгэлээрээ үнэлүүлдэг байгаасай.  Нэгнийгээ жаахан илүү үнэлгээ авчих вий гэж байж яддаг ховч хэрүүлч хүүхнүүд шиг аашилдагаа болиосой.

Монгол орон эх орончдоор үеийн үед дутагдаж явсангүй шиг билээ.
Монголын үе үеийн эх орончид цаг үеийнхээ ачааг үүрсэн шиг үүрч, үүрэг хариуцлагаа даасан шиг дааж ирсэн учраас л өнөө Монгол эх орон маань байгаа юм.

- Манжийг эсэргүүцэн эрслэн босож тулаад ялагдан, хуга харвуулсан тугын зэв шиг унасан Галдан Бошигт хаан ч, улайдсан зоосны нүхээр шахуулсан Чингүнжав ч, эрх хүчийг нь дагахдаа элгэн түмнээ хядуулахгүй, эх орноо бүтэн авч үлдэх ухаан сүвлэсэн Занабазар гэгээнтэн ч бүгдээр халуун ЭХ ОРОНЧИД байсан. Нэг нь хортон, нөгөө нь урвагч гэх зүйл үгүй.
- Монгол түмнийхээ оюун сэтгэлгээний ертөнцөд гэрэл гэгээ болсон Инжинааш, Равжаа хутагт тэргүүтэн олон их мэргэд бүгд л ЭХ ОРОНЧИД байсан.
- Үндэсний тусгаар тогтнолоо шүүрэн барьж авах алтан боломжийг олж харж, ур ухаан, зэр зэвсэг хослуулан тэмцсэн VIII Богд хутагт болон энэ ээдрээтэй тэмцлийг манлайлж яваад хорлогдон эрсэдсэн Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээт хан Дашням, Бинт ван Гончигсүрэн, Түшээт ван Чагдаржав тэргүүтэн бүгдээр ЭХ ОРОНЧИД байв.
- 1921 онд их үйл хэргийг эхлүүлсэн Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан, Д.Лосол, Д.Догсом тэргүүтнүүд бүгдээр ЭХ ОРОНЧИД байв.
- Баруун хязгаарт, Халх голд, Говь-Хянганд, Байтаг богдод амиа өргөсөн, халуу цусаа урсгасан зуу зуун монгол эр цэргүүд бүгдээр ЭХ ОРОНЧИД байв.
- Эх орондоо шинээр хөгжүүлэн цэцэглүүлэх үйлсэд өдөр шөнийг ялгалгүй, алжаал ядралыг умартан хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, ард түмнийхээ эрүүл энхийн төлөө тэмцэж, атрын шан татаж, зуу зуун хот суурингийн шав тавьж, эрдэм номын өргөөнд шинэ шинэ нээлт туурвил бүтээж, их урлагын тайзнаа гялалзаж, их спортын дэвжээнээ бахдуулж явагсад бүгд л ЭХ ОРОНЧИД...
- 1980-аад оны сүүлээс улс орныхоо хөгжлийн шинэ гарц эрж хайж, нийгмийн ардчилсан тогтолцооны төлөө алив эрсдлийг үл тоон тэмцэж явсан мянга мянган залуус ч ЭХ ОРОНЧИД.
- Өнөөдөр ч эх орноо гэсэн чин халуун сэтгэлтнүүд хэдий цөөн ч бий. Алдаа оноотой ч шинэ Үндсэн хуулиа батлалцаж, шинэ нийгмийн тогтолцооны суурь эхлэлийг тавигсад ч ЭХ ОРОНЧИД.
- Цулгай хоосноос шахуу эхлүүлж, шударга ариун шургуу нөр хөдөлмөрөөрөө үндэсний баялаг бүтээсээр босож ирж чадсан цөөхөөн хэдэн үндэсний томоохон компанийн эзэд ч ЭХ ОРОНЧИД. /Гэхдээ төр түмнийхээ халааснаас завшиж, газрын хэвлийгээ ухан баяжигчид, түмэн олныхоо халаасыг суйлагчид болох зарим том эздийг энд орууламгүй байна./
- Ёс бустай хатуу ширүүн тэмцэж, элдвээр хэлүүлэн хэлцүүлэн, нийгмийн алив аюулын дохио чимээ бологсод ч ЭХ ОРОНЧИД.
- Эрх мэдэл, эд баялагт шунасан, харийн ашиг сонирхолыг илэрхийлэгч бүлэглэлүүдийн тэмцлийн золиос болон 17 удаа хутгалуулан эрсэдсэн, манай шинэ эрин үеийн үүдийг нээсэн С.Зориг агсан ч, галтай цогтой үгээрээ хүн ардынхаа оюуныг сэргээж, гол ус мэт намуухан тансаг уянгаараа сэтгэл зүрхийг нь умдаалж асан О.Дашбалбар ч эх оронч, тэр ч бүү хэл эх нутгынхаа онгон тансаг байгал, ховордсон ан амьтдын төлөө юунаас ч үл буцан тэмцэж яваад үл мэдэгдэх шалтгаанаар амь эрсэдсэн ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл хүү ч эх оронч. 

ГЭХДЭЭ харамсалтай нь энэ цаг үед
Эрх чөлөөний далбаан дор харийн элдэв янзын, зарим нь алсын давхар бодлоготойгоор орж ирсэн тархи угаасан, хагаралдуулан талцуулсан үзэл хандлагууд ард түмний маань оюун сэтгэлгээ, итгэл үнэмшлийн талбарт зайгаа аван тэлсээр байна. Үр дүнд нь,

- Эх орон гэхээр шоолон инээдэг даяаршсан сэтгэлгээтнүүд цөөнгүй болж...
- Энэ ч бага хэрэг, эх орон гэхээр тэсэж байж ядан эсэргүүцдэг бэртэгчин шуналтнууд тэднээс ч олон болж...
- "Эх орон гэж байдаггүй юм. Тэр чинь хамгийн хийсвэр ойлголт. Хүн хаана жаргалтай байна, тэнд эх орон нь байдаг" гэж чин үнэнээсээ мэтгэн маргадаг өндөр боловсролтон ч бий болчихож.
- Тэр бүү хэл "Хүн бол угаасаа дээд зэргийн хувиа бодогч, завшигч мөн чанар язгууртай арчаагүй муухай амьтан. Ийм муухай амьтдыг биеэ биеэ бариад идчихэлгүй байлгахын тулд л хууль байдаг, бас эх орон гэдэг сайхан үгээр илбэдэн хуурч нэг хашаанд хашин аргацаадаг юм. Энэ үнэнийг мэдэж буй цөөхөн хэт зэрэглэлийн хүмүүст бол эх орон гэдэг мунхаг олныг тогтоон барьж байхад хэрэгтэй худал хуурмаг ойлголт төдий зүйл юм" гэж үздэг Гүн ухаантнууд ч олон болчихож.
- Эх орны эрх ашгаас илүүгээр харийн эрх ашгийг санаатай болон санамсаргүйгээр илэрхийлэн хамгаалагчид, харийнхны гар хөл бологсод олон болчихож...
- Эх орны нийтлэг эрх ашгаас илүүгээр нам бүлэглэлийнхээ эрх ашгийг тавьдаг намчингууд, энэ үймээн замбараагүйдлийг ашиглан олз ашиг олохыг горилогч цөөврүүд олон болчихож.
- Хэдий эх орон гэж цээжээ дэлдэвч цааш эргээд мөнгө, төгрөг, албан тушаал, эрх ашиг, элдэв найраа ярьдаг "эх орны наймаачид" ч олон болчихож...
- Хэдий эх орон гэж улайравч, юуг хэрхэн яаж өөрчлөх, шинэчлэхээ огтоос мэдэхгүй, мэдэхгүйгээс засаж, залруулж, эвлүүлж бүтээхээс илүүгээр эвдэлж нураах, үймүүлэн сандаргах, хагалган бутаргах нь их талдаа тийм харанхуй эх орончид олон болчихож...
- Эх орон нэгтнийхээ алдааг харвал улай үзсэн хар хэрээ мэт бахардан баярлан бархирдаг, сайн сайхныг нь харвал үрчилзэн мушигнадаг нь ч их олон болчихож... Зүй нь эх орноо, элгэн ургаа гэдэг хүн бол нэгнийхээ алдаанд нь харамсан халагладаг, оноонд баярлан бахаддаг баймаарсан.
- Эх орон нь сүйрч байна уу, сөнөж байна уу, хөгжиж мандаж байна уу гэдгийг огтоос мэдэрдэггүй, тоодог ч үгүй, сонирхдог ч үгүй тийм бүхэл бүтэн унтаа нойрмог алмай үеийнхэн бий болчихож...
- Эх орны тухай сэрэл мэдрэмж, эх оронч байх хүсэл тэмүүлэл хэзээ хэзээнийхээс илүүгээр энэ цагт Монголчууд бидний сэтгэл зүрхнээс алсран холдсон мэт...

Тиймээс энэ бидний цаг үе бол эх орончдийг илүү ихээр үгүйлэн хүсэж буй цаг үе болно.
Өмнөх түүхүүдэд эх орончид харийн дайснаас эх орноо хамгаалан тэмцэх нь ихэнхдээ байсан бол өнөөдөр эх орончид оюун санааны төөрөгдөл, мунхаглал, харанхуйлал, бэртэгчлэлтэй тэмцэх шаардлага нь илүү түлхүү болжээ. Энэ тэмцэл нь эх орны торгон хил дээр буу барин харийн дайсантай шууд тулгаран цусаа урсган тэмцэхээс хэдэн хувь илүү нөр шаргуу, урт удаан хугацааны тэмцэл байж магад юм.

Ялангуяа улс орны эдийн засаг уруудан доройтож, идэж уух хүсэлтнүүд давран тонгочсон, ихэс дээдсийнх нь хараа будангуйрч, иргэд олных нь итгэл алдарч, зүрх түгшсэн, өрд баригдаж, үнэн бүдгэрсэн, нийгэм дотооддоо хэзээ хэзээгүй задран унахад бэлэн байдалтай, бие биедээ буулт хийж, эвлэхэд нэн бэрх олон янзын эрх ашиг, үзэл бодол, анги давхаргын хуурамчхан нэгдэл болчихсон, алсын хараатай бат тогтвортой хөгжлийн суурь бүрхэг бүдэг болсон энэ цаг үед ЭХ ОРОН маань хуурмаггүй жинхэнэ ЭХ ОРОНЧДЫГ үгүйлж байна.

XII зуунд баригдсан Сурамийн цайз.


Ингэхэд Эх оронч гэж хэн юм бэ? Ямар хүнийг эх оронч гэх вэ? Ямар шалгуураар үнэлэх вэ? Энэ асуултын хариулт олон. Мөн олон ч шалгуур үзүүлэлт бий. Гэхдээ нэг л чухал үндсэн шалгуур байдаг юм. Тэр нь хэрэгтэй цагт эх орныхоо төлөө амь, амьдралаа үл хайрлах итгэл, сэтгэл, зүтгэл болно. Энэ гол шалгуурыг яруу тодорхой илэрхийлсэн нэгэн домог бий. Гүржийн төв хэсэгт орших Сурамийн цайз хэмээх ер бусын бат бөх цайз байдаг. XII зууны үед баригдсан уг цайзын тухай домогт ийн өгүүлэх билээ.

"Сурамийн хот дайсанд удаа автаж эрчүүд нь хядагдаж, эмс охид нь булаагдан энгүй их зовлонг үзжээ. Үлдэгсэд нь өндөрлөг газарт нуугдан бүгэх бөгөөд тэнд ургасан олон зууны настай мөчир хугархай нэгэн өндөр Чинарын модны оройд гарч дайснаа харуулддаг байжээ. Тэрхүү модны сүүдэрт жижигхэн хар овоохой байх агаад тэнд нуруундаа ташуурын, шуу, шилбэндээ гавны сорвитой, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх өвгөн амьдардаг байжээ.  Өвгөн нэгэн удаа тэдгээр үлдэгсэдэд ийн хэлжээ. "Энэ өндөр Чинарын мод та бүхнийг аюулт дайснаас хамгаалж үл чадна. Дайсан ирэх л аваас та бүхнийг хядах болно. Харин та бүхэн өндөр хүчирхэг цайз хэрэм босговоос зохино" гэжээ. Өвгөний хэлснээр ардууд зүтгэсээр хүчирхэг бат бэх цайз босгосон байна. Гэтэл цайзын нэг хана нураад огт болдоггүй. Дахин дахин барьсан ч нураад байжээ. Гүрж хүмүүс өнөөх мэргэн өвгөн дээр ирээд асуусанд "Эр ганц хүүтэй эх ол. Тэгээд тэр хүүг нь нураад байгаа хананы завсарт амьдаар нь хийж баривал дахиж нурахгүй" гэжээ. Мөн "Гэхдээ тэр хүү ч, эх ч сайн дураараа сэтгэлээрээ, ямар ч эсэргүүцэлгүй байх ёстой шүү. Өчүүхэн ч эргэлзсэн байдал мэдрэгдвэл цайз нурсаар л байх болно" гэсэн байна. Тийм эх болоод хүүг олох үнэхээр хэцүү мэт санагджээ. Гэтэл бүр хүүгээ энэ үйлд өргөл золио болгоё гэсэн гурвын гурван эх гарч ирсэн байна. Тэднээс Зураб гэдэг бага сайхан хүүтэй, өөр ойр дотнын хэн ч үгүй эхийг сонгожээ.  Хүү маргааш өглөө нь ганцхан шөнийн дотор энэлэн шаналангаасаа пад хар царайтай болсон эхийгээ тэврээд цайзын нурсан ханын дэргэд ирсэн байна. Эхийгээ газарт буулгаад ханын ангархай завсар руу орж зогсожээ. Ингэхдээ өчүүхэн ч эргэлзсэнгүй, эргэж ч харсангүй.  Энэ үеэр өнөөх мэргэн өвгөн ирээд эмэгтэйчүүдтэй цуг чулуу зөөж буй хөөрхий эхийг олж уулзан "Эмэгтэй минь, чи яагаад ганц хайртай хүүгээ цайзын нурсан хананд амьдаар нь булшлахаар шийдэв. Чамд өөр хэн ч байхгүй шүү дээ" гэж асуусанд эх өөдөөс нь ихэд бардам итгэлтэйгээр "Хэн ч надаас ингэж асуух эрх байхгүй. Яагаад гэвэл хүүд минь хоёр эх бий. Нэг нь төрүүлсэн эх болох өчүүхэн би байна. Удаах нь төрөлх аугаа сайхан ЭХ ОРОН нь байна. Ингэхэд эх орон гэдэг бол хамгийн хайртай ЭХ нь юм шүү. Хүү маань тэр эхийнхээ төлөө яваа учир өчүүхэн би юунд татгалзаж чадах билээ" гэжээ. Өвгөн цааш мацан цайзын ханан дотор чулуу шавраар булагдан байгаа хүүгийн дэргэд хүрч, "Хүү минь, чи яагаад энэ ханан дотор сайн дураараа амьдаараа булагдахаар шийдэв. Аймшигтай биш гэж үү? Чамд амь бие чинь хайран биш үү. Чи амьдралын сайхныг амталж ч амжаагүй дэндүү залуухан байна шүү дээ" гэсэнд хүү мөн өчүүхэн ч эргэлзээгүйгээр "Миний зүрхэнд айдас биш, нэр төр, баяр бахдал булгилж байна. Би хэзээ нэгэн цагт эх орноо эрслэн хамгаалах эр цэрэг болохыг мөрөөддөг байсан. Тэр мөч иржээ" гэсэн байна.  Мэргэн өвгөн хүүгийн наагуур чулуун хана өрж байсан хүмүүсийн ажлыг зогсоогоод хүүг гарган ирж, олон түмэнд хандан ийн өгүүлжээ.
"Хүмүүсээ, Та нарын дунд ийм эх оронч хүмүүс байгаа цагт та нар ялагдана гэж үгүй. Хэзээ ч бүү цөхөрч, гуниж, гутарч болохгүй. Энэ цайзын хана арвантаа нурсан ч арван нэгдэх удаагаа барьж болно. Эцсийн эцэст та нар чадах л болно" гэсэн байна. Тэгээд хүмүүс баяр бахтай, итгэлтэйгээр цайзынхаа нурсан ханыг дахин барьж эхэлжээ. Үнэхээр ч тэд цайзынхаа ханыг 11 дэх удаагийнхаа ородлогоор дахиж хэзээ ч нурахгүйгээр барьж чадсан төдийгүй эх орноо ч хамгаалж чадсан байна. Домог ийн өгүүлэх аж. Өнөө ч Сурамийн цайз сүндэрлэсээр... Түүн лүгээ адил эх оронч сэтгэл итгэл няцашгүй, шавхагдашгүй.


.
Эх орон байгаа цагт эх орончид байсаар л байх болно. Эх орончид байгаа цагт эх орон нь мөнх орших болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon