Нийтлэл 03 сарын 28, 2016

ЦӨМИЙН ХАЯГДАЛ: МОНГОЛ УЛС 1997 ОНЫ КОНВЕНЦИД НЭГДЭХ ЁСТОЙ ЮУ?

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн “ардчилсан ёсны” зарчимд хүндэтгэлтэй хандсангүй.

Монгол Улсын Үндсэн Хуулийн тайлбар номд доктор, профессор И. Дашням “ардчилсан ёсны зарчим” гэдэгт ард түмэн “засаглах эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих”, “олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөх”, “олны санаа бодол, гаргасан шийдвэрт тулгуур ач холбогдол өгөх”-ийг ойлгоно гэжээ.[1]

Баасан гарагт хурлын тов зарлаад, Мягмар гарагт эхлүүлж баасан гарагт дуусгасныг УИХ-ын гишүүдийн олон ургальч үзлийг уралдуулсан, ард иргэдийн дуу хоолойг сонссон гэвэл нар баруунаас гарна. Олон арван хуудастай олон тооны гэрээг УИХ-ын гишүүд уншиж, ухаж ойлгох юм гэнэ, энэ хэдхэн өдөрт. Тэгээд бас мэтгэлцэнэ гэвэл ёстой үлгэрийн далай, үлэмжийн хийрхэл. Ардчилсан ёс гэж үүнийг хэлдэггүй юм. Үндсэн хуульт ёс гэж байдаг л юм бол ийм булхайг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Конвенцийг УИХ баталдаг л юм бол иргэний нийгмийнхэн МУ-ын Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт гаргах, Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах хуулийн арга замуудыг ашиглах боломжтой.

Энэхүү нийтлэлээр Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцийн (цаашид “Конвенци” гэх) зорилго, агуулгыг тайлбарлая. Энэ конвенцид ямар зорилгоор нэгдэх гээд байна вэ?, нэгдэж орох нь манай улсад ашигтай юм уу? гэдэг асуултыг уншигч танд, иргэний нийгмийнхэнд, УИХ-ын гишүүдэд нээлттэй үлдээе. Ирэх өдрүүдийг идэвхитэй ашиглахад энэхүү тайлбар дэм болох болтугай.

КОНВЕНЦИЙН ЗОРИЛГО

Конвенци нь зөвхөн цацраг идэвхит хаягдалд холбогдоно. Цацраг идэвхит хаягдал гэж цаашид ашиглахгүй гэж үзсэн, холбогдох улсын хуулиар цацраг идэвхит хаягдалд тооцох хий, шингэн, хатуу төлөвт байгаа цацраг идэвхит материалыг хэлнэ (1-р зүйл, (h)). “Ашигласан түлш (spent fuel)” гэж цөмийн түлш буюу нэг төрлийн цацраг идэвхит хаягдал юм (1-р зүйл, (n)).

Конвенцийн зорилго нь дайны бус иргэний зориулалттай хэрэглээнээс гарсан цацраг идэвхит хаягдлын менежментийн олон улсын хамтын ажиллагааг хангахад оршино (3-р зүйл). Иргэний зориулалттай хэрэглээ гэдэг нь цэргийн бус зориулалттай гэсэн утгатай ба үүнд эрчим хүч, эрүүл мэнд гээд иргэний зориулалттайгаар цацраг идэвхит бодисыг ашиглаж байгаа бүхий л салбар хамарна (жнь: атомын цахилгаан станц, цацраг идэвхит бодисыг өвчин оношлох, эмчлэх зорилгоор анагаах ухаанд ашиглах г.м.). Цацраг идэвхит хаягдлын менежмент гэдэг нь цацраг идэвхит хаягдлыг бэлтгэх, урьдчилан боловсруулах, зохистой төлөвт оруулах, хадгалах, эсвэл булшлахтай холбоотой үйл ажиллагааг хэлнэ (1-р зүйл, (i)). Энд байгалиас олборлосон уран буюу түүхий эдийн тухай яригдахгүй байна. Харин ураныг эрчим хүчний үйлдвэрлэл, судалгаа, ангаахын салбарт ашигласны дараа үлдэх хаягдалын тухай яригдаж байна.[2]

КОНВЕНЦИЙН АГУУЛГА

Конвенцид цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны ерөнхий стандартыг тогтоож (4, 11-р зүйл), цөмийн хаягдлын менежментийн байгууламжийг хянах (5, 12-р зүйл), шинээр барих газрыг сонгох (6, 13-р зүйл) ба шинээр барихад тавигдах шаардлага (7, 14-р зүйл), нэгэнт барьсан байгууламжийн аюулгүй байдлыг хангах ба ажилуулахтай холбогдсон конвенцийн гишүүн улсын үүрэг (8, 9, 15, 16-р зүйл), ашигласан түлшийг булшлах ба цацраг идэвхит хаягдлын менежментийн байгууламжийг хаахтай холбоотой гишүүн улсын үүргийг (10, 17-р зүйл) тус тус зааж өгсөн.

Конвенцийн 18-р зүйлд нэгдэн орсон гишүүн улсууд дээр заасан конвенцийн үүргийг биелүүлж, холбогдох дотоодын хууль тогтоомжтой болох шаардлагатайг заажээ. Энэхүү дотоодын хуулиар цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад тавигдах үндэсний шаардлага ба дүрэм, журмыг бий болгож, цацраг идэвхит хаягдлын менежментийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах тогтооцоог бүрдүүлж, тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хяналт шалгалт ба эрх үүргийн хувиарлалтыг зохицуулсан байх шаардлагатай гэж конвенцийн 19-р зүйлд заажээ.

Манай улс энэхүү конвенцид нэгдвэл Цацраг идэвхит хаягдлын менежментийн тухай гэсэн нэг шинэ хууль гаргаж, энэ хуулийн дагуу цацраг идэвхит хаягдлын менежментийн байгууламж барих тусгай зөвшөөрлийг олгох төрийн нэг агентлаг, байгууллагатай болох магадлалтай ба энэхүү тусгай зөвшөөрлийг хэн нэг гадна ба дотоодын компаниудад өгч, тэр хэдэн компаниудаа манай төр хянах юм байна. Магадгүй “цацраг идэвхит хаягдлын менежментийн байцаагчтай” болохнээ.

Конвенцийн 20-р зүйлд гишүүн орнуудад ийм хяналт хийх төрийн байгуулага санхүү ба хүний нөөцийн чадавхитай байх үүргийг заажээ. Конвенцийн 21-р зүйлд гишүүн орнууд тусгай зөвшөөрөл авсан компаниуд хуулийн дагуух өөрийн үүргээ биелүүлдэг байх тохирсон арга хэмжээг авахыг үүрэг болгожээ. Манай бяцхан улс цацраг идэвхит хаягдлын менежментийн хяналт хийх төрийн байгууллага, байцаагчдыг сургаж, цалинжууж, тэр зардлыг нь хаанаас ч юм гаргах юм байна. Үүний дээр тусгай зөвшөөрөлтэй компаниудыг хянаж, тэд нар нь хуулийг ягштал биелүүлж, хор хохирол учруулсан бол тэрийг нь арилгуулж чаддаг хүчтэй шүүхтэй байх ёстой юм байна.

Конвенцийн 22-р зүйлд цацраг идэвхит хаягдлын менежментийн байгууламжийг ажиллуулахад мэргэшсэн боловсон хүчинтэй байх, ийм байгууламжийг ашиглах хугацаанд ба ашиглалтаас гарах үед тэдгээрийн аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай санхүүгийн хүрэлцэхүйц нөөцтэй байх, булшлах байгууламжийг хаасны дараа шаардлагатай хугацааны турш хяналт тавих санхүүгийн эх үүсвэртэй байх гишүүн улсын үүргүүдийг тус тус заажээ.

НЭЭЛТТЭЙ АСУУЛТУУД

Манай улсад цацраг идэвхит хаягдлын менежментийн байгууламж барих зорилготой бол энэхүү конвенцид нэгдэж орох эхний дүр зураг конвенцийн агуулгаас харагдаж байна. Цацраг идэвхит хаягдал гэдэгт гол төлөв атомын цахилгаан станцын хаягдлыг ойлгодог.[3] Бага хэмжээний цацраг идэвхит хаягдал анагаахын ба судалгааны салбараас гардаг. [4] Тэгэхээр манай улс хэдэн эмнэлгийнхээ оношлогооны аппратуудад зориулж ийм конвенцод нэгдэж орохгүй нь лавтай.

Үүний ард аль нэг гадаад улсын цацраг идэвхит хаягдлыг монголд булшлах төлөвлөгөө яваад байна уу? гэсэн сэжиг төрж байна. Өнөөгийн дэлхий бол 19-р зуунд Бельгийн Леополд II хаан африкийн Конго улсад өөрийн Бельгидээ ч эдэлдэггүй байсан тийм хэмжээгүй эрх эдлэх боломжийг олгосон дэлхий биш. Жирийн япон, франц иргэд өөрийн улсын компаниудаа цөмийн хаягдлаа ядарсан муу улсад аваачаад зүгээр хаяхыг хараад бид нар болж байвал боллоо гэхгүй. Харин цөмийн хаягдлын менежментийн олон улсын гэрээ конвенцод нэгдэж, олон улсын стандартад заасан аюулгүй ажиллагааг хангаж, Монгол улсаас гаралтай ураны хаягдлыг тус улсад булшиллаа гэвэл япон, франц, герман жирийн сонгогчид, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн арай өөрөөр хүлээж авах болов уу.

Ер нь УИХ, Засгийн газар яг ямар зорилготойгоор, ямар эдийн засгийн ашиг сонирхолтойгоор энэ конвенцид нэгдэх гэж ингэж их яарч байна вэ? гэдэг бүрхэг байна. Үүнийг тодруулах шаардлагатай байна!

Манай улсын удирдагчид, холбогдох төрийн байгууллагууд эхний ээлжинд гадны улсуудаас цацраг идэвхит хаягдлын менежментэд холбогдох хууль боловсруулах, дотоодын техник ба аюулгүй ажиллагааны стандарт боловсруулах нэрийдлээр зээл, тусламж авах л байх. Энэ бол наана харагдаж байгаа “завшаан”. Гэхдээ манай улс энэ бүхнийхээ арыг хэдэн арван жилийн дараа даах юм уу? Цацраг идэвхит хаягдлын менежментийн байгууламжийг хаасны дараа ч түүнийг тордож, хянаж, тодорхой зардал гаргах ёстой. Дээр дурьдсанаар конвенцид гишүүн улсууд ийм санхүүгийн чадвартай байх ёстой гэж байна. Манай улс ийм чадвартай улс уу?

 

[1] Ханс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академийн эрхлэн гаргасан “Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар”, Улаанбаатар, 2009, х. 14.

[2] https://en.wikipedia.org/wiki/Radioactive_waste

[3] https://de.wikipedia.org/wiki/Radioaktiver_Abfall

[4] https://de.wikipedia.org/wiki/Radioaktiver_Abfall

Сэтгэгдэл бичих

    • хуульч Д. Уянга
    • 2016-04-03

    Цацраг идэвхит хаягдалтай холбоотой олон улсын эрх зүйн гарын авлага, номууд: - https://www.oecd-nea.org/…/i…/10th/isnl-10th-anniversary.pdf - http://www-pub.iaea.org/mt…/publications/pdf/pub1160_web.pdf -http://www-pub.iaea.org/MT…/publications/PDF/Pub1486_web.pdf

    • зочин
    • 2016-04-02

    Ш.У .Техникийн хөгжлөөс хоцорч чацга царайлж болохгүй.

    • хуульч Д. Уянга
    • 2016-04-01

    Сайн байна уу, Энэ нийтлэлийг зөвхөн конвенцийн агуулгыг ерөнхий байдлаас товч танилцуулах, конвенцод яагаад манай улс элсэх гээд байгаа талаар тайлбар, хэлэлцүүлэг хийхийг уриалж бичсэн. Та бүхэн энэ конвенцод манай улс нэгдэх ёстой гэвэл ЯАГААД гэдэг асуултад хариулна уу. Түүнээс биш танай нам, манай нам гэж хэрэлдэх, талцах нь асуудлын шийдэлд хариулт болохгүй. Конвенцод нэгдэх нь манай улсад ашигтай байж магадгүй. Тэгвэл ЯАГААД ашигтай вэ? гэдгээ тайлбарлана уу. Улсынхаа хуульчид, цөмийн технологид холбогдох БАЙГУУЛЛАГУУДЫН тайлбарыг сонсоцгоое. Түүнээс биш ганц хүний бичсэн нийтлэлийг улс орон даяар тараагаад талцаж хэрэглдээд, зохиогчийг аль нэг намын харъяат болгохгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Хэвлэл мэдээллийнхэн Цөмийн технологийн мэргэжилтнүүдээс ярилцлага авч болно шүү дээ. Бусад хуульчид үгээ хэлж, тайлбар хийвэл зүгээр дээ. ЗОХИОГЧ ЯМАР НЭГ НАМ, БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮН БИШ ГЭДГИЙГ ОНЦГОЙЛОН ТЭМДЭГЛЭЕ.

    • Зочин
    • 2016-04-01

    Бяцхан улс гэв үү? Өөрөө бүгдийг нь уншсан уу. Миний хувьд бол тэр конвэнцд сүртэй нууц байхгүй л юм билээ. Ер нь танай нам асуудлыг шийдвэрлэх эсвэл төлөвлөсөн байсан мөнгөний ажлыг нь таслан зогсоох болохоор дандаа хуралдаа суудаггүй. Өнгөрөн 4 жилжингээ л хуралын ирц дутуу байлгасан энэ бол танай тактик.

    • АРДЫН ҮГ
    • 2016-03-31

    ЭНЭ КОНВЕНЦД ЗААВАЛ НЭГДЭЖ ОРОХ ГЭСНИЙ ХЭРЭГ ЮУ БАЙГАА ЮМ БЭ? БИД ӨМНӨ НЬ ЭНЭ КОНВЕНЦД НЭГДЭЭГҮЙ БОЛООД Л БАЙСАН ОДОО ЮУ НЬ БОЛХОО БАЙГААД ЗААВАЛ ЭНЭНД НЭГДЭХ ГЭЭД БАЙНА ТӨРИЙН ЭРХ БАРИГЧИД ГАДНААС МӨНГӨ БОСГОХ ГЭЖ ЯНЗ БҮРИЙН АРГА ХЭРГЭЛДЭГ БОЛСОН НЬ ОЙЛГОМЖТОЙ ХЭДИЙГЭЭР ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХЫН ЭСРЭГ ГЭЖ АРД ТҮМЭНД ОЙЛГУУЛЖ БАЙГАА БОЛОВЧ ЯГ ЦАГАА ТУЛАХЛЭЭР ХЭРЭВ ОЛОН УЛСЫН ХУУЛЬД ДЭЭГҮҮР ЗААСАН БОЛ ТЭР ЗААЛТЫГ МӨРДӨНӨ ГЭЭД Л ЯВДАГ ТАЛ БИЙ ТЭГЭЭД Ч ЭНЭ КОНВЕНЦЭЭР ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХЫГ ЯГ БҮР ТАС ХОРГИЛСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ХЭРЭВ ТЭР МЭРГЭЖИЛТЭН АЖИЛТАНГУУД НЬ БЭЛТГЭГДЭЭД ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШИЛЖ БОЛОХ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ КОНВЕНЦИЙГ НЬ ЗӨРЧӨӨГҮЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫГ НЬ ХАНГАЖ БАЙГАА БОЛ БУЛШИЛЖ БОЛХООР БОЛЧИХООД БАЙГАА ЮМ ШИГ СЭТГЭГДЭЛ ТӨРӨӨД БАЙНА ТИЙМ УЧРААС ЭНЭ КОНВЕНЦД ЗААВАЛ НЭГДЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ХЭРЭВ НЭГДВЭЛ ЭРХ БАРИГЧИД ТА БҮХЭНИЙ ШИЙДВЭРЭЭР ЭНЭ КОНВЕНЦЕД НЭГДЭЖ ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ДҮРЭМИЙН ДАГУУ Л МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙН ХАРАА ХЯНАЛТАН ДООР ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛИЛХААР БОЛЛОО ГЭЭД ИНЭЭГЭЭД СУУХ БАЙЛГҮЙ ДЭЭ ИЙМЭРХҮҮ ЗАМААР ХЭДЭН НОГООН ОЛЖ АМЬ ЗУУСАНААС МӨРӨӨРӨӨ ЭРҮҮС САРУУЛ АМЬДАЦГААСАН НЬ ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ. АРД ТҮМЭН МИНЬ ЭХ ОРОН, БАЙГАЛЬ, УСАА АЛИВАА БУЗАР ХАЛДЛАГААС ХАМГААЛЖ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЦГААЯ.

    • Жирийн ард
    • 2016-03-31

    Төрийн 3 өндөрлөг болон хамсаатнууд нь ерөөсөө л Монгол улсыг сүйрүүлэх шуурхай төлөвлөгөөтэй ажиллаад байх шиг. Өөрсдөө эх орон, ард түмнээс хулгайлж хумсалж луйвардаж авсан юмаа аваад гадаадад гарч амьдрах биз.

    • Бяцхан улс гэнэ үү...
    • 2016-03-31

    Монгол улсад цөмийн технологийн хэрэглээ буюу эмнэлэг, аж үйлдвэр судалгаа шинжилгээнд ашиглагдаж буй цацраг идэвхт материалд Бие даасан хараат бус хяналтын байгууллага хяналт тавьж ажилладаг юм шүү. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэс гэж байдаг юм шүү. Бяцхан улсынхаа хяналтын байгууллагаар нэг зочлоод үйл ажиллагаатай танилцаарай эрхэм хуульч сэтгүүлчээ

    • мэдээлэлд авах гээхийн ухаанаар хандаж, үнэн бодит мэдээллийг хаанаас авахаа тунгаа
    • 2016-03-31

    Энэхүү конвенцийн 11-д цөмийн түлшийг хэн ашиглаж эрчим хүч үйлдвэрлэсэн тэр улс нь ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлаа бүрэн хариуцаж аюулгүй байдал аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг хариуцах ёстой гэдгийг заасан. 12-д Аливаа улс бусад улсын ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг авахгүй байх эрхтэй гэдгийг заасан байгаа. Энэ конвенц улс бүр өөр өөрсдөө хаягдлаа хариуцах ёстой гэдгийг хэлээд байна. Энэ чинь шударга зарчим биз дээ. Нүүрсээ экспортолчиохоод үнсийг нь авдаггүй биз дээ, үүнтэй адил уран нийлүүлчихээд түүнийг аль нэг улс цөмийн түлш болгоод эрчим хүч үйлдвэрлэсний дараа нь хаягдлыг авна гэж байхгүй шүү дээ. Дэлхийн дээр цөмийн станцтай 31 улс л байна, гэвч үүнд 71 улс нэгдэн орсон байна. Цөмийн станцгүй энэ 40 улсыг бусдын хаягдлыг аваад байж байдаг гэх нь үү. Том эндүүрэл шүү. Хаягдлыг хэн үйлдвэрлэсэн тэр улс нь бүрэн хариуцах нь шударга зарчим биз дээ, дэлхийн улс орнууд үүн дээр нэгдэж, цөмийн эрчим хүч ашиглаж байгаа бол түүнийхээ аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангаарай, аюулгүй байдлыг бүрэн хангаарай, битгий дэлбэлчээрэй, гарсан хаягдлыг нь бусад оронд хал балгүйгээр өөрсдөө аюулгүй булшлаарай гэдгийг хуульчилсан баримт бичиг шүү дээ.

    • Зочин
    • 2016-03-31

    http://www.trends.mn/n/5410

    • Zochin
    • 2016-03-31

    украины чернобыль хотод одоо болтол цацраг идэвхит туяанд хордсон хүүхдүүд-https://www.youtube.com/watch?v=AvTp0WAz0Fs. зүгээр л энэ видео харчих, ийн хүүхэдтэй, ачтэй, гучтай болмоор байгаа юм уу. ер нь фукусима, чернобыль хавиар энэ нүхдүүд зүгээр л явчих хэрэгтэй

    • Зочин
    • 2016-03-30

    Ер нь Монголд цөмийн холбогдолтой юм яриад байх ч шаардлага байхгүй юм шүү дээ Хэн нь хэдэн төгрөг өгөхөв хэнээс ахиу мөнгө салгах вэ гэсэн бодол өнөөгийн Монголын толгойны өвчин л байна шүү дээ Бид сонгуулиар зөв хүнийг л сонгох хэрэгтэй шүү дээ Тэргнээс энэ ийм сайхан юм хийнэ гэж байна гээд л сонгоод сонгоод байдаг Ард нь өөрсдөөрөө тоглуулаад л дуусдаг Одоо бүр удмын чинь генийн санд нэвтрэх гээд байна гэдгийг л ойлгох хэрэгтэй Миний чиний 3дахь үеээс эхлээд генийн өөрчлөлттэй хүүхдүүд хүмүүс төрөөд эхэлхэд яахав Зарим нь насаараа тэргэнцэрт хадаастай ч юм уу Энэ цөмийн урвалийн уршиг бол тийм л аймшиг ш дээ Энэ дарга нар яах вэ Одоо сонгогдох гээд дайрцгаагаад л байгаа юм Бид юун тэр коневенцод нэгдэх тийм байж яагаад ч болохгүй

    • Зочин
    • 2016-03-30

    Энд бас ганц конвенцийн талаар ярьсан байна. Одоо яригдаад байгаа нь 2 конвенц, 1 конвенцын нэмэлт өөрчлөлтөд нэгдэх талаар яригдаж байгаа. 2015 оны нэмэлт өөрчлөлт нь цэвэр АЦС-ын хаягдал ба уран олборлосон улс эргээд хорт хаягдлыг авах буюу анх үүссэн газар нь буцааж авч хадгалахаар заагдсан байгаа. Булшлах гэхээсээ хадгалах гэвэл таарна. Ер нь гэртээ хог хадгалдаг айл байхгүл л байлтай. Бүүр айлын хортой хогийг шүү.

    • Zochin2
    • 2016-03-30

    аялал жуулчлал зогосно шүү дээ, ямар мангар жуулчин өөрийгөө сайн дурар хордуулья гээд монголд ирэх вэ дээ. цаашилбал энэ цацраг болсон ноолуур ч хэн ч авахгүй ш тээ, оросууд нөгөө махаа авахгүй.

    • Zochin
    • 2016-03-30

    жишээлбэл уран-234 -250 000 мянган жилийн дараа бүтэн задрана. ер нь нэг мөсөн саран ч юм уу, өөр гариг руу нүүх л үлдээд байх шиг байна. украины чернобыль хотод одоо болтол цацраг идэвхит туяанд хордсон хүүхдүүд https://www.youtube.com/watch?v=AvTp0WAz0Fs. мундаг юм аа, бодвол энэ гэрээнд яарж байгаа хүмүүс монголд амьдрахгүй байлгүй дээ, зөндөө мөнгөтэй юм чинь нүүх байлгүй дээ. бид нар энэ хор туяанд үхэх юм бна л даа.

    • sanal neg baina
    • 2016-03-29

    Yutai ch asuudliig hunduj bichij baigaan sain hereg. Ene konventsiig demjihgui baigaa duu hooloigoo jiriin irged bid yaj hurgehee medehgui l baina. Ochij jagsaald n niileh yum boluu ch gej bodoj baina. Dashiramd helehed tanai saitad heseg uursdiiguu asar undur bolovsroltoi gej bodood setgegdel bichsen hun bolgontoi surgulduj baidag niitlelch gesen hedenhuuhnuud baih yum. Erdemtei hun daruu gedegsen. Er n bol mongoldta nar baitugai bolovsbolovsroltoi ohid zaluus ih bolson tsag.

    • миний
    • 2016-03-29

    ер нь бол боловсон олон улсад нэр хүндээ унагаахгүйгээр буурай хөгжилтэй оронд болон Монголд авчирж булах нэг аргыг ' Цацраг идэвхит хаягдлын тухай 1997 оны конвенц' гэж нэрлэх юм байна гээд товчлоод ойлгочиход буруудах юм алгал юм байна. Гэхдээ Хууль Д. уянга минь яагаад мэдээнд чинь анализ хийсэн хүн лүү ингэж биеээ магтан байж дайрна вэ ?

    • хуульч Д. Уянга
    • 2016-03-29

    Өнөөдрөөс эхэлж УИХ-аар хэлэлцэж байгаа Цацраг идэвхит хаягдлын тухай 1997 оны конвенцийн тухай миний нийтлэл гарлаа. http://www.trends.mn/n/5408 Нэг юм нэмээд хэлчихье: Герман голдуу гишүүдтэй нэг санг түшиглэж байгуулсан Эрчим хүчний нэтвок гэдгийн имэйл жагсаалтад ороод нэлээд хэдэн жил болж байна. 2015 онд Германд эрчим хүчний асуудлаархи нэг жижиг хуралд явж байсан. Тэр хуралд ХБНГУ эдийн засгийн хувьд ихээхэн дарамтад орж байж атомын цахилгаан станцуудаа ашиглалтаас гаргаж эхэлж байгаа тухай маш дэлгэрэнгүй тайлбарлаж Германы эрчим хүчний компанийн захирал хүн илтгэл тавьж байсан. Германчууд цөмийн эрчим хүчний эрсдэл, түүнээс гарах хог хаягдалыг 'дийлэхгүй', цөмийн эрчим хүчээс татгалзаж, богино хугацаанд алдагдал хүлээх шийдвэр гаргасан. Үүний оронд сэргээгдэх эрчим хүчийг эрчимжүүлэх, эрчим хүч бага ашигладаг барилга байгууламжын төслүүд, эрчим хүч бага ашигладаг техник төхөөрөмжийн үйлдвэрлэлийг улсын, Европын Холбооны бодлогоор дэмжиж эхэлсэн. Гэтэл манай улс юу уруу яваад байна вэ?

    • Зочин
    • 2016-03-29

    Хөндлөнгийн иргэн, сэтгүүлч хүн ингэж хагас дутуу ч гэсэн саналаа хэлээд байхад хуульчид яагаад чимээгүй байна. Яг мэргэжлийн хуульчийн дүгнэлт анализыг хуульчид хийж иргэдэд мэдээлцгээл дээ.

    • ареваг гаргаа
    • 2016-03-29

    Нэгдэх шаардлагагүй ээ. Дээрээс нь монголд шар нунтаг олборлохыг хуулиар хориглохыг шаардаж банй.бид нар ОТ тт гээд өчнөөн л газар ухаж байна. Тиймээс шар нунтаг олборлох бол шал илүү шд

arrow icon