Нийтлэл 03 сарын 29, 2016

БНХАУ-ын гангийн гигант төрийн өмчит Bohai Steel групп өрийн асуудлаа эх үүсвэрийн бүтцээ шинэчлэх замаар шийднэ

2016.03.23-нд Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг Mongolian Mining Corporation BNP, ICBC банкуудад төлөх зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсноо мэдэгдэж, улмаар Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэхүү зээлийг зээлийн бүтэц, нөхцөлийг өөрчлөх замаар шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн билээ.

 Үүнтэй зэрэгцэн мөн Хятадын гангийн томоохон үйлдвэр болох Bohai Steel групп өрийн асуудалтай тулгараад байгаа бөгөөд компанийн эх үүсвэрийн бүтцийг шинэчлэх замаар уг асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. 

 БНХАУ-ын Bohai Steel Group нь 2010 онд Tianjin-д байрлалтай төрийн өмчит томоохон 4 гангийн үйлдвэрийг нэгтгэж 17 тэрбум юанийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгээр байгуулагдсан төрийн мэдлийн гангийн бизнес групп юм. 

 Bohai Steel групп нь одоогоор 192 тэрбум юань (29.5 тэрбум ам.доллар)-ийн зээл төлөх ёстой. Энэхүү өрийн асуудлыг Tianjin-ы захиргаанаас эх үүсвэрийн бүтцийг өөрчлөх буюу зээлийг хувьцаанд шилжүүлэх замаар шийдвэрлэхээр зорьж байна. Бээжингээс ч энэхүү алхамыг дэмжиж байна.

 Шинжээчдийн үзэж байгаар Хятадын засгийн газраас Bohai Steel-д мөнгөн тусламж үзүүлэх талаар хойрго хандаж байгаа нь бусад алдагдалтай ажиллаж буй Хятадын төрийн өмчит аж ахуй нэгжүүддээ ч дээрхи алхамыг хэрэгжүүлэх зорилготой гэж таамаглаж байна.

 Хятадын засгийн газар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгахдаа төрийн өмчит компаниудыг шинэчлэн зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Гэвч маш их өрийн дарамттай төрийн өмчит компаниуд уг шинэчлэлд саад болж байна. Одоогоор Хятадын ган, нүүрс, цемент, төмөр агуулаагүй металлын салбарууд нийт 1.5 триллион ам.долларын өртэй.

Хятадад ялангуяа төрийн өмчит компаниудын хувьд бондын хүүний төлбөр төлөхгүй байх, дампуурах зэрэг нь харьцангуй бага боловч Засгийн газар хэдий эрсдэлтэй ч энэхүү зээлийн  эрсдлийг өөрсдөөр нь шийдүүлэхийг зорьж байна. Bohai Steel-ийг эзэмшдэг Tianjin-ы захиргаа зээлдүүлэгчтэй өрийг хувьцаанд шилжүүлэх, хүү, зээлийн төлбөрийн хугацааг сунгах хэлэлцээрүүдийг хийх юм.

 ANZ банкны Хятад шинжээч David Qu Bohai Steel өрийн асуудлаа шийдэхдээ эх үүсвэрийн бүтцийг шинэчлэх замаар буюу зээл, эзэмшигчийн өмчийн (deb-equity) харьцааг өөрчлөх болон бэлэн мөнгөн төлбөрийг хослуулна гэж үзэж байна. Гэхдээ зээлийг хувьцаанд шилжүүлэх нь тийм ч хялбар биш бөгөөд энэхүү өнгөц өөрчлөлт нь зах зээлд итгэх итгэлийн дахин олоход хангалттай биш гэсэн юм.

 Хөрөнгө оруулагчид Bohai Steel-ийн зээлийн төлбөрийг бууруулахыг хүсч байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал Bohai Steel-ийн 2014 онд гаргасан 1.5 тэрбум юанийн 2017 Dim Sum бонд өнгөрсөн долоо хоногт 22 юаниар унасан нь өнөөдрийг хүртэлх хамгийн том уналт юм. Хятадын ардын банкны дарга Zhou Xiaochuan өнгөрсөн долоо хоногт компаниудын өр эрчимтэй өсч магадгүйг анхааруулсан бөгөөд Bohai Steel группээс гадна Guangxi Non-Ferrous Metals Group мөн дампуурлын эсрэг өрийн бүтцийг дахин шинэчлэх арга хэмжээ авч байна. Тус компани нийт 14.5 тэрбум юанийн өртэй.

 ANZ-ийн тооцооллоор Хятадын компаниудын нийт өр 2015 онд 98.2 тэрбум юань болсон бөгөөд энэ нь ДНБ-ийх нь 145.2 хувьтай тэнцэж байна. Үүнтэй харьцуулахад АНУ-ын компаниудын өр ДНБ-ий ердөө 70 орчим хувийг эзэлдэг. 


Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл бичих

arrow icon