Манайд улсад сүүлийн 5 жилд орон сууцны нийлүүлэлт ихээр нэмэгдсэн. 2013 он хүртэл орон сууцны нийлүүлэлтээс эрэлт нь давсан байдалтай байсаар ирсэн. Гэтэл өнөөдөр ашиглалтанд орсон борлуулагдаагүй 20 мянган айлын орон сууц зах зээл дээр байна. Орон сууцны үнийн дундажийг СТАНДАРТ, СТАНДАРТ САЙН, ТАНСАГ гэсэн 3 хэсэг ангилж үнийг судлахаас өөр аргагүй ялгаатай байдал бий болсон. Улаанбаатар хотын хэмжээнд захиалга авч буй
200 төслийн хувьд стандарт 108 төсөл, стандарт сайн 69 төсөл, тансаг зэрэглэлийн 23 төсөл
захиалга авч байна.
Стандарт, стандарт сайн, тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ ханшийг дүүрэг тус бүрээр орон сууцны хэрэгжиж буй төслийн тоо, жигнэсэн дундаж үнийг харьцуулан гаргалаа.
- СТАНДАРТ зэрэглэлийн орон сууцны үнэ
Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа стандарт зэрэглэлийн орон сууцны м2-ийн дундаж үнэ 1.8 сая төгрөг байна.
Стандарт орон сууц нь БЗД-т хамгийн өндөр буюу 38 төсөл хэрэгжиж байна. Энэ нь нийт стандарт зэрэглэлийн орон сууцны 35% юм. СХД-т 16 /15%/, БГД-т 13 /12%/, ХУД-т 11 /10%/ төсөл хэрэгжиж байна.
ХУД-т нийт стандарт зэрэглэлийн орон сууцны 10% нь хэрэгжиж байгаа ч дундаж үнэ хамгийн өндөр байна. Харин ЧД-т нийт стандарт орон сууцны 2% нь буюу хамгийн цөөн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үнийн хувьд мөн хамгийн бага үнэлгээтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл ХУД-ийн дундаж үнэ нийт дунджаас 13% өндөр, ЧД-ийн дундаж үнэ нийт дунджаас 38%-иар бага үнэтэй байна.
Стандарт зэрэглэлийн орон сууцны үнэ, хэрэгжиж буй төслийн хувь, дүүргээр
- СТАНДАРТ САЙН орон сууцны үнэ
Хэрэгжиж байгаа СТАНДАРТ САЙН зэрэглэлийн орон сууцны төслийн м2-ийн дундаж үнэ 2.3 сая төгрөг байна.
Стандарт сайн зэрэглэлийн орон сууц БЗД-т хамгийн их буюу нийт төслийн 38% нь хэрэгжиж байна. ХУД-т 29%, БГД-т 16%, СХД болон ЧД-т 3%, СБД-т хамгийн бага буюу 2% нь хэрэгжиж байна.
Үнийн хувьд мөн ХУД-т хамгийн өндөр буюу 2.4 сая төгрөг буюу дунджаас 4% өндөр үнэтэй байгаа бол ЧД-т хамгийн бага буюу 1.6 сая төгрөг буюу дунджаас 30 орчим хувиар бага үнэтэй байна.
Стандарт сайн зэрэглэлийн орон сууцны, хэрэгжиж буй төслийн хувь, дүүргээр
- ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН орон сууцны үнэ
Тансаг зэрэглэлийн орон сууц нь ХУД, СБД, БЗД-т байрлаж байна. Нийт тансаг зэрэглэлийн орон сууцны 57% нь буюу хамгийн их хувь нь ХУД-т хэрэгжиж байгаа бол, БЗД-т 17% /4 төсөл/, СБД-т 4% /1 төсөл/ 2016 оны 1-р улиралын байдлаар хэрэгжиж байна.
Үнийн хувьд дунджаар СБД-т хамгийн өндөр буюу 5.3 сая буюу нийт тансаг зэрэглэлийн орон сууцны м2-ын дундаж үнээс 30%-иар өндөр үнэтэй байна. Харин ХУД-т 3.9 сая байгаа нь дундаж үнэнээс 3% бага, БЗД-т 3.4 сая төгрөг байгаа нь дундаж үнээс 15%-иар бага үзүүлэлт юм.
ХУД-ийн хувьд орон сууцны зэрэглэл өсөх тусам хэрэгжиж байгаа төслийн тоо нь их болж байна. Харин БЗД-ийн хувьд Стандарт болон Стандарт сайн зэрэглэлийн орон сууц хамгийн өндөр хувьтай хэрэгжиж байна.
Тансаг зэрэглэлийн орон сууцны, хэрэгжиж буй төслийн хувь, дүүргээр
Дүүргээр орон сууцны зэрэглэл тус бүрийн жигнэсэн дундаж үнийг харьцуулан харахад Тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ хамгийн өндөр буюу СБД-т 5.3 сая төгрөг байгаа бол стандарт зэрэглэлийн орон сууцны үнэ хамгийн бага буюу ЧД-т хамгийн хямд буюу 1.2 сая, НД-т 1.3 сая, СХД-т 1.5 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ, зэрэглэлээр /мян.төг/
Эцэст нь дүгнэхэд орон сууцны нийлүүлэлт өндөр, худалдан авах чадвар муу, орон сууцны зээлийн нөхцлийн байдал хүнд өнөө цагт орон сууцны үнэ өсөх боломж муу байна. Ойрын 1 жилдээ орон сууцны үнэ өсөх хандлагагүй
байна. Цаашид орон сууцны ялгавартай байдал нэмэгдэж, зэрэглэлийн түвшин илүү нарийсах төлөвтэй
байна.
Б.Билэгтсайхан
Барилга үл хөдлөх хөрөнгийн судлаач
MBA, Эдийн засгийн ухааны докторант
Барилга эм эн ХХК,
Судалгааны албаны дарга
Орон сууцны зэрэглэл одоогийн хамгийн чухал ойлголт болоод байна. Бүгд нэгдсэн зэрэглэл, аргачлал ашигламаар байна
Орон сууцны зэрэглэлийг Монголд цааш нь яаж хөгжүүлж, судлах хэрэгтэй вэ?