Дэлхийд шар металлын олборлолтоор сүүлийн 9 жил тэргүүлж байгаа Хятад улс
өнгөрсөн 2015 онд уг амжилтаа улам бататган алт олборлолтоо нэмэгдүүлэн 490тн хүргэсэн. Хэдийгээр алтны үнэ буурсаар байгаа ч тус улсын алт олборлолтын хэмжээ 10 хувиар өсөж 490 тонн хүрнэ хэмээн таамаглаж буйгаа тэр үед уул уурхайн ассоциацаас нь мэдэгдэж байсан. БНХАУ-н засгийн газраас өнгөрсөн зууны 80-аад онд хэрэгжүүлж эхэлсэн чөлөөт эдийн засгийн систем, хууль дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор 1990-ээд оноос алт олборлолтонд гадаад дотоодын маш их хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний үр дүнд алт олборлолт маш хурдацтай эрс нэмэгдэж 2007 он гэхэд 280,5тн алт олборлон сүүлийн 100 жил алт олборлолтоороо дэлхийд тэргүүлсэн ӨАБНУ-г ардаа орхин тэргүүлж эхэлсэн.
Сүүлийн жилүүдийн БНХАУ-н эдийн засгийн үсрэнгүй хөгжил дэвшил нь алт олборлолтын хөгжилтэй салшгүй холбоотой.
Геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, алт олборлолтыг дэмжих ажлын хүрээнд Хятадын засгийн газар 1993 онд хууль журмаа өөрчилөн гадны уул уурхайн компаниуд ба хөрөнгө оруулагчидад хаалгаа нээсэн. Мөн дотоодын хөрөнгө оруулагч нарыг ч дэмжин бизнесийн үйл ажиллагаа нь ямар байхаас үл хамааран дурын компанид хүссэн металлаа олборлоход нь чөлөөтэй лиценз, эрхийг олгож эхэлсэн. Үүний үр дүнд Хятадын төрийн өмчит компанууд ч гэсэн хувьцаагаа зарж хайгуулын ажил хийх хөрөнгө мөнгө босгох боломжтой болсон байна. Энэ боломжийг ашиглан хамгийн анх Канадын Placer Dome Inc компаниас эхлээд гадны маш олон уул уурхайн компаниуд Хятадад орж ирэн геологи хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гадны хөрөнгө оруулалтыг татах нээлттэй хаалганы энэ бодлого нь өрөмдөх газар хайсан олон жижиг хайгуулын компаниудыг Хятад руу хошууруулжээ. Хятадын алт олборлолтын үндсэн төв район бол Шандьдуны хагас арлууд тэндээс бүх олборлож буй бүх алтны 50 гаруй хувийг авч байна.
Тэнд Чжаое, Цзяоцзя, Синьчэн, Саньшаньдао гэсэн алт угаан баяжуулах том том шороон ордын уурхайнууд ажилладаг. Түүнээс гадна Хятадын өнцөг булан бүрт нийт 110-120 алт угаах шороон ордын уурхай ажиллаж байнаа. Мөн Хейхэ мужын Хэйлунцзян, зүүн хазгаарт Гирин муж, баруун хязгаарт Хунань муж, хойд нутагт Хэбэй муж мөн Өвөр Монголын төв хэсэгт гээд олон газар маш олон ил , далд уурхайнуудаас алт олборлолдог. Дөнгөж л өнгөрсөн зууны 70-80-иад онд Хятадад алт олборлолтын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж (АНУ, Канад, Финляндын) нэвтэрч эхэлсэн. Гэхдээ өнөөдөр БНХАУ-д алт олборлолт маш эрчимтэй явж байна.
Хамгийн том алтны үйлдвэрлэл нь Хунань мужын төвд орших Уси-Сиань-Таоань-н вольфрам-сурьмагийн уурхайд явагддаг. Тэндээс өнгөт металлыг дагалдан орших алтыг олборлодог. Түүнээс гадна Хунань ба Гуйнжоу мужын Юаньцзян голын хөндийгөөс алт, алмаз олборлож байна.
Хятад улсын алт олборлолтын жил бүрийн өсөлт 1977-2014 он, тонн:
Хятадын алт олборлотын түүх бол гадныхныг үзэн яддаг дотогш чиглэсэн бодлоготой техник технологийн хувьд хоцрогдсон орноос асар их алт үйлдвэрлэгч болсон Хятадын төрийн бодлогын түүх юм. Хятадын алт олборлолтын дийлэнх хэсгийг техник , технологи муутай жижиг ил ,далд уурхайнуудаас авч байна. Жишээн нь ойролцоогоор 1000 орчим уурхайгаас жилд дундажаар 500кг алт олборлодог байна.
Өнөөдөр Хятад улсад бараг 10,000 алтны бичил уурхай ажилладаг гэсэн тоо мэдээ бий бүр 60,000 нь уурхай ажилладаг гэсэн тоо баримт ч байдаг аль алинаар мэдээлдэг яг бодит тоо баримт байдаггүй. Сүүлийн жилүүдэд Хятадад "галзуу юм шиг" алт олборлолт явагдаж байна
гэж хэлж болно. Зарим уурхайд алт угаах хувингаас өөр багаж хэрэгсэлгүй ганц гэр бүл ажиллаж байхад нөгөө хэсэгт нь Бирмээс Монголын хил хүртэлх өргөн уудам газар нутагт том том ордуудад олборлолт явуулдаг. Эдгээр жижиг том уурхайнуудаас жилдээ 300-400 тн алт олборлож байна.
Дэлхийн зах зээл дээрхи алтны үнийн өсөлт тэр олон бичил уурхайг ажиллахад ихэд дэмжлэг болж байгаа. Ер нь Хятад улс дэлхийд тэргүүлэгч алт олборлогч болсон нь баялаг нөөцтэй том том уурхайнуудаас биш харин олон жижиг бичил уурхайнуудын үйл ажиллагааны үр дүн гэдэг нь дараах баримтаас харагддаг. Хятадад 2011 оны байдлаар улсын хэмжээнд хамгийн том 10 уурхайн нийт алт олборлолтын хэмжээ нийлээд дөнгөж 50 тн байжээ тэгэхээр үлдсэн 270тн алтыг бусад 10950 уурхайгаас авсан гэсэн үг юм. БНХАУ-н төрөөс хууль бус алт олборлогчдыг журамлах ажлын хүрээнд гаргасан 2004 оны нэгэн тайланд Хятадад лицензгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн тоог 60,000 гэсэн тоо баримт байсан.
Сүүлийн жилүүдэд алт олборлолтоороо тэргүүлж байгаа улс орнууд:
БНХАУ-н алт олборлолтын түүх бол Хятадын улс төр , эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн түүхтэй салшгүй холбоотой. Түүхээс үзвэл Хятадууд МЭӨ- 1300 онд алт олборлож байсан баримт бий. Тэд тухайн үедээ алт боловсруулах маш боловсронгуй арга хэрэглэж байжээ. VII зууны нэгэн албаны түшмэлийн бичиж үлдээснээр
”Өнгөн хөрсөн дээр улаан мөнгөн ус байгаа бол, түүний дор алт агуулагдаж байгаа гэсэн үг”
хэмээжээ. Тэрч байтугай тэд үнэт металлыг олох чиг баримжаа өгөх ургамлыг бас тодорхойлсон байдаг.
“Хэрэв ууланд мангир элбэг ургасан бол хөрсөн доор нь мөнгө байгаа харин жууцай ихтэй бол алттай байна ”
гэж бичиж байжээ.
Тэдний зөв байж болох юм учир нь ургамал хөрсөнд буй эрдсээс шим тэжээл авч ургадаг. Хожим 1980 онд Лондоны их сургуулийн судлаачид алтаар тэжээгдэн ургадаг, эд эсэндээ алт хуримтлуулдаг ургамлыг нээсэн байна. 1998 оны “Натур “сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд хүдрээс алтыг шингээн авдаг ургамлууд дээр хийсэн туршилтын талаар өгүүлж байсан. 2004 онд Шинэ Зеландын судлаачид ургамал алтны уурхайн хортой хаягдалаас металлыг өөртөө татдаг үйл явц буюу “ургамлын нөхөн сэргэлт”/phyto-remediation/ системийн санааг дэвшүүлжээ. Үр дүнд нь акр тутмаас 32 унц алт авах боломжтой гэж тооцоолсон.
Энэ судалгааны ажлыг 2010 онд Дэлхийн хөрс судлалын XIX хурал дээр танилцуулсан бөгөөд өнөө хэр нь зарим мэргэжилтнүүд “ургамлын төрөл зүйлийг хөрсөн дэх алтны илэрцийг тогтоох био-индикатор болгон ашиглах” санааг дэмждэг. Гэтэл Хятадууд үүнийг бүр эрт үеээс мэддэг байжээ. Тэд алтын галуугаар цэвэршүүлэн баяжуулах гэх мэт жигтэй сонин аргууд хэрэглэж байсан байна. Алтыг гараар хувинд угаахад янз бүрийн хольц ихтэй гарна түүнийг хивэгтэй холиод галуу хооллодог байна. Дараа нь галууны сангасыг цуглуулаад хоёр дахь удаа ,гурав дахь удаа угааж мөн дахин хивэгтэй хольж өгөх гэх мэтээр олон дахин давтахад алт цэвэршдэг байна.
МЭ 1-р мянганы эхээр Хятадын хаад тухайн үедээ Ромын эзэнт улсын хаадтай адил 200 орчим тонн алтны нөөцтэй байсан гэж түүхэн сударт бичсэн байдаг. Гэвч Хятадын уул уурхайн үйл ажиллагаа , хөгжил хэсэг хугацаанд зогссон байна. Харин XIII –зуунд Монголчууд хүчирхэгжин Хятадыг эрхшээлдээ оруулан захирах болсоноор алтны уурхайн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих болсоноор дахин сэргэжээ. Тэд уурхайгаас хулгай хийж байсан дээрэмчдийг нухчин дарж тэнд хяналтаа тогтоон өөрсдийн цэргийн жанждыг хүртэл алт хулгайлахгүй, завшихгүй байх зарлиг гаргаж байжээ. Алт угаах олборлох үйл ажиллагааг эрчимжүүлэхээр Монголын их хаан Хубилай Шандуны 4000 өрхөд алт угаах , боловсоруулах үүрэг өгч байв. Түүний дараа Минь улсын үед алтны олборлолт идэвхтэй сайн хөгжсөнгүй зогсонги байдалд байсан. Харин Хятадын хаан Линлуны уурхайг 1621 онд алдартай тайган эр Вэйд өгч ажиллуулж байжээ. Тэрээр 6 жил алтны уурхайг удирдан ажиллуулж жилд 40,000 унци алт олборлон олборлолтын хэмжээг нэмэгдүүлж байсан баримт бий. Хэдэн жилийн дараа Минь династи задран унахад Линлуны алтны уурхай ч хамт мөхжээ. Түүний дараа төрийн эрхэнд гарсан Манжийн хаад алтны уурхай олборлолтыг ойшоодоггүй байсан. Тэд алтны судлыг луугийн судас хэмээн үзэж түүнийг олборлох нь орон зайн зохицлын тухай сургадаг Фэнг Шүй-д харшлана гэж үздэг байжээ.
Түүнээс гадна Манжийн хаад алт мөнгө гэсэн үнэт металлууд нь төр засгийн эсрэг бослого, үймээн самууныг санхүүжүүлэх эх ундрага болхоос сэрэмжилдэг байсантай холбоотой. Тэд тусгайлан уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хууль гаргаж байжээ. Алт олборлолт зогссонтой холбоотойгоор удалгүй хааны сан хөмрөг хоосорсон байна.
Хятадууд XX зууны эхээр Орос, Герман Франц, Британи , Япон гээд их гүрнүүдэд төлөх нөхөн төлбөрт бүх алтаа
өгч 1942 он гэхэд тэдний улсын сан хөмрөг хоосорч алтны нөөцгүй болж байжээ. Коммунист нам ялсан Хятад улсад алт олборлолтыг нэг хориглож нэг зөвшөөрч байсан ба Дэн Сяо Пиний чөлөөт эдийн засгийн бодлого хэрэгжиж алтны олборлолт чөлөөтэй болсоны дараагаар сэргэж эхэлсэн. Өнө эртний баялаг түүхтэй Хятадын ард түмний уул уурхайн түүхийн тухай бүгдийг энд бичнэ гэвэл боломжгүй юм зөвхөн сэдэвтэй холбоотой алт олборлолтын түүхэн цаг үеийг бага зэрэг тодруулсан болно.
Үргэлжлэл бий.
Ашигласан ном материал: http://www.mining-technology.com/ ,
http://www.mining.com/ http://goldenfront.ru/, http://www.gold.org/gold-mining,
"Eurasian mining" журнал 2015 №1, “Алт” 2015
Уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар. 12.10.2016
Сэтгэгдэл бичих