Нийтлэл 01 сарын 26, 2017

Цэнддоо авгаа уучлаарай, феодал нь би байна!

Феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм нийтлэлд сэтгэгдэл зүүв. Яг мөн нийтлэл дотор гишүүн асан С.Баярцогтоор жишээлсэн байгаачлан энэхүү тэмдэглэл нь Б.Цэнддоо хэмээх нэр бүхий хувь хүнд хандсан ямар нэг агуулгагүй ба цэвэр асуудал тойрсон утга агуулгын хэлэлцүүлэг болно. Нийтлэлийн гол эх, идей тус бүрд харгалзах сэтгэгдэл, асуулт зүүв. Эх нийтлэлийн тэкстийг эшлэлийн шугам дотор саарал үсгээр тэмдэглэсэн.

нэг. Хүний эсрэг “Ард түмэн”

-Ард түмэн бөөн баяр аа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн бидэндээ эргүүлж авах юм байна.  Бас ард түмэн биднийгээ баяжуулахын оронд өөрөө баяжсан пяадалуудын мөнгийг офшоороос нь хурааж ирээд ард түмэн бядандаа өгөх юм байна.  Ингэж гялайх гэж, ард түмэн бид чинь цулайх нээ...

Пиарын чанартай агуулгад түгээмэл хэрэглэгддэг техник. Хэлэхийг хүссэн өгүүлэмждээ нийцтэй байдлаар асуудлыг туйлшруулж, worst case scenario буюу эсрэг талын саналаас хамгийн үл бүтэх, хамгийн утгагүй хувилбараар асуудал хөнддөг. 49 хувийг хувийн хэвшилтэй хэлцэл хийх байдлаар төрд худалдаж авах гэх мэт дундын шийдлийг дурдахгүй. Асар царай муутай хүүхэн харуулаад араас нь өнөө муухан сонголтоо үзүүлмэгц за энэ нь ч дээр юм уу даа гэх сэтгэгдэл төрүүлэх маягийн арга гэх үү дээ .

Гэхдээ нэг “Но” байна. Эрдэнэтийг ард түмэн л авч байгаагаас биш чи авсан явдал байхгүй. Иймээс, чи яаран баярлах хэрэггүй, ард түмэнд л Эрдэнэтийг өгөх гэж байгаагаас бус чамд ГОК-ийг өгсөн явдал байхгүй. Хэрвээ чи тэндээс аргыг нь олж луйвардахгүй л бол  юм олж  долоохгүйгээ ойлгох хэрэгтэй.  Бас надад ч өгөөгүй учраас наашаа атаархах явдалгүй.  Түүнчлэн, офшоорчдийн мөнгийг хураагаад ирлээ гэж бодъё, бас л ард түмэнд ногдохоос чи бид хоёрт ногдохгүй. Үүнийг “Төсвийн түмпэн рүү хийгээд хуваагаад цохичихно” гэхээр илүү ойлгогдох байх. Ингэхэд чи бид хоёрт ноогдоогүй юманд баясахын учир юу билээ.

Ер нь “Ард түмэн” гэдэг хэллэг ХХ зууны эхээр хувьсгалт хүчирхийллийг дагалдан монгол хэлнээ орж иржээ. Нууц товчоо, Чингисийн сургааль, Ганжуур, Данжуурын орчуулга, Ноён хутагтын сургаалиас энэ үгийг олохгүй. Монгол язгууртны алтан ургийг устгах геноцид бодлогын хүрээнд энэ үгийг зохиожээ. Язгуур угсаагүй, ихэс дээдэс цагаан ястны эрэмбээс гадуур  хүнийг заах, “(х)аран” “ард” “хар хүн” гэсэн утга дээр түмэн (олон түмэн, түмэн олон гэж ярьдаг) буюу олон гэдэг үгийг залгаж бүтээсэн хэмээн судлаачид хэлдэг. 

Энэ үгийг хувьсгалт засаглалын зүгээс хувь хүний улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг үгүйсгэх хэрэгслэл болгосон. Хувь хүн(жишээлэхэд Дорж, Бат гэх мэт) гэж байхгүй, чи бол юу ч биш, харин “ард түмэн” байгаа хэмээн сурталдсан. “Ард түмэн ингэж үзэж байна” гээд бууддаг, хөрөнгийг нь хураадаг байсан. Хэлмэгдсэн хүн учир явдлаа очиж тайлбарлах, өршөөл уучлал биечлэн гуйх гэхээр хаана ч ард түмэн гэж юм байхгүй. Үнэн хэрэгтээ хүчирхийлэгч төрийн өөрийнх нь бамбай байсан хэрэг.

Харин ардчилсан ёс нь хувь хүн ба түүний эрх чөлөө, өмч хөрөнгийг төрөөс, ард түмнээс хамгаалахаа тунхагладаг. 1924 оны анхны Үндсэн хуулийн “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад(жинхэнэ биш ард байх ба тэд хуулиас гадуур) шилжүүлэн...” гэсэн оршил ба  1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх(№1), эрх чөлөө(№2), шударга ёс(№3), үндэснийхээ эв нэгдлийг(№4) эрхэмлэн дээдэлж...” гэсэн заалтууд бид ямар дэглэмд орж, ямар дэглэмээс салж байгааг их л тодорхой харуулдаг л даа. Сүүлийн ишлэлд, шударга ёс, үндэсний эв нэгдлээс илүү хүний эрх, эрх чөлөө нь үнэтэй гэж үзсэн байгаа биз?

“Ард түмэн” гэсэн хэлцийг дөрвөн эх дамжуулан дэлгэрэнгүй тайлбарласан байгаа нь уг нийтлэлийн гол санаа монголчуудыг ард түмэн ба феодал гэсэн хоёр ангид хуваах, улмаар өмнө бичсэнчлэн эхлээд асар царай муутыг үзүүлж айлгах буюу хамгийн туйлширсан коммунист ангийн тэмцлийг нэхэн сануулж, уншигчийг ард түмэн ч биш феодал ч биш өөх ч биш булчирхай ч биш статуст хөдлөх зорилготой бичигдэж байгаатай холбоотой.  Уншигч бээр хүн нь хүн мөн. Олон хүнийг ард түмэн гэх үү зон олон гэх үү нийгэм гэх үү ямар ч гэсэн олонлогийн хувьд нэг нэршил хэрэгтэй нь гарцаагүй. Алийг нь сонгох нь асуудлын голоос хол лингвистик/хэлзүйн л асуудал тул цаашид миний хувьд сэтгэгдэлдээ нийгэм гэдэг үг ашиглана.

...Ингэхэд чи өөрийгээ “ард түмэн” гэж бодсоор байна уу, шалгах арга байна. Цаад Эрдэнэтийн чинь 51 хувь нь монголын ард түмэн гуайн мэдэлд байгаа. Очоод цагаан сараар хэрэглэх хэдэн цаас, ах дүүстээ золгохдоо унах шинэ машин аваад ирээч. Чи үнэхээр л ард түмэн юм бол өөрийнхээ юмнаас дураараа авах эрхтэй ш дээ.

Энэ хэсгийг эдийн засгийн утга агуулга бүхий энэ зууны манлай тэнэгтүүлэн мангартуулсан өгүүлбэрт өргөмжилье. Харьцаж сэтгэгдэл бичихэд ч хэцүү эд боловч нийгэм 51 хувийн өмчлөлөө засгийн газарт ацаглаж, тэр нь төсвөөр дамжуулан эрхээ хэрэгжүүлж байгааг нэхэн сануулахад илүүц. Өмч нийгмийн өмчлөлд байгаа гэдэг нь Доо авгын өмөөрөөд байгаа талынхан шиг очиж хулуугаад шинэ машин аваад унахыг  хэлдэггүйд гол нь байгаа юм.  Чи ард түмэн гэдгээ эсвэл нийгмийн нэгж гэдгээ маш амархан шалгаж болно. Гараад зам дээр гишгэ. Тэр зам чинь чамаас эрх шилжүүлж авсан төр чиний өмчийн ашиг орлогоос татсан татвараар барьсан юм.

 Хоёр. Сэрэмж  ба Эрх чөлөө

Чи бид хоёр тэмцэх эрхтэй, гэхдээ тэмцлээ өөрийг нь хамгаалах үүрэгтэй. Хэн нэгний  тэмцлийн золиос, оролцомгүй юмны дэм, дээдсийн өмнөөс яс булаалдсан ноход болж болохгүй. Яг нарийндаа ардчилал чамд өөрийгээ хамгаалах боломж л өгдөгөөс биш чиний өмнөөс чамайг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Дашрамд хэлэхэд, чиний өмнөөс чамайг хамгаалдаг төр байдаг ба түүнийг социализм гэдэг, хорвоод үнэгүй юм байдаггүй учраас ажлынхаа хөлсөнд чиний эрх, эрх чөлөөг авдаг. 

Энэндээ тулах юм бол эрхэм хүнийг ардчилсан төрийн тухай анхан шатны лекцэнд суулгах саналтай байна. Монголын төр өнөөдөртөө чамайг биш намайг биш өөр хэнийг ч юм бэ хамгаалж ажиллаж байгаа нь бол үнэн. Ардчилал гэдэг нь ард иргэд өөрсдийгөө хамгаалахуй ба төлсөн татвар нь төр өөрийн хүссэнээ хамгаалахуйд зарагдахыг хэлдэг гэж дээр дооргүй ойлгосных байж мэдэхээр байна.

Ер нь ингэхэд, “Эрдэнэтийн 49 хувийг хэнээсээ хэн нь авсан юм бэ? Чи бид хоёрын нэгэнд  байсныг нь авчихсан хэрэг үү” гэсэн асуулт гарна. Хөндлөнгөөс харвал ийм дүр зураг байна. Эрдэнэтийн тал дээр нэмэх нь нэг буюу 51 хувийг монголын Засгийн газар, талаас нь нэгийг хасах буюу 49 хувийг Оросын засгийн газар эзэмшиж байж.

Монголын тал биш оросын тал, энгүүнээр хэлэхэд орос хэлээр ярьдаг монхор шонхор хүмүүс амьдардаг тэр улс өөрийн хувийг заржээ. Гэхдээ монголчуудад.  Хэрвээ энэ процесс буруу юм бол тэмцэл арай өөр фронт дээр өрнөмөөр. Жишээлэхэд, Улаанбаатарт биш Москвад, навтгар хамартай биш шонхор хүмүүс жагсаж “Оросын ард түмэн бидний өмчийг яагаад монголчуудад өгөв. Монголын тагнуулуудыг Кремлээс хөөе” гэж жагсмаар санагдах юм. 

Үнэхээр л манайхан “Оросууд ийм муухай, юмаа очиж очиж манайханд зараад байхдаа яадгийн” гэж уур нь хүрээд байгаа юм бол авсантай нь биш, зарсантай нь заргалдмаар бодогдох юм. Манайхан ядаж Оросын Элчин сайдын гадаа жагсаж “Манайхнаас юмаа эргүүлж ав, бидэнд өгсөн юмаа буцаа” гэж хашгирмаар төсөөлөгдөх юм.

Эцсийн дүндээ, чи бид хоёрт огт ногдохгүй юмны төлөөх тэмцэлд хутгалдсны утга юу вэ. Мэдээж шударга ёсны төлөөх иргэний зөн. Чухам энэ зөн совингоор маань тоглохыг л улс төр гэж байгаа юм.  Чухам бидний зөн совинг ашиглан уур хилэнг нь хөдөлгөн босгоод нөгөөгөөсөө засгийн эрхээс авахуулаад өмч хөрөнгө эзэмших эрхийг нь булаахыг л улс төр хийх гээд байна. Яг манайд байгаа утгаар. Асуудлын гол нь Эрдэнэтэдээ биш, бидний иргэний зөн совинг зэрэг жинсээ булаалдсан томчууд хоорондын дайндаа ашиглаж байгаа юм.  Иймээс, зөн совингоо хамгаал. 

Эцсийн дүндээ Эрдэнэтийг ч, офшоорыг ч  “чи багтдаггүй, би  ордоггүй” мөнөөх “ард түмэн”-ий хүсэл зоригоор биш, харин хууль шүүхээр шийдэх ёстой. Хүний өөрийн шүүх арбитр юу байна, ийм юмыг хууль ёсоор шийдэх үүрэг хүлээсэн газруудаар шийдүүлэх ёстой.

Энэ хүрмэгц public ownership буюу нийтийн өмчлөлийг төрөөс мөнгө нэхэж аваад машин авч унахуй гэх маягийн ойлгоцтой юм ярьж байгаа хүн ийм ярвигтай асуудалд зөн совингоороо хандаж байгаад гайхахааргүй болсон ч өөр мэргэжлийн уншигчдад мэдээлэл өгөх үүднээс сэтгэгдэл зүүе. 49 хувь санхүү, хууль, банк дамнасан холимог сэдэв боловч хамгийн гол хэд нь:

  1. Санхүүд эрхийг asset хөрөнгө гэж үздэг. Ямар нэг хөрөнгийг тодорхой үнээр худалдаж авах “эрх” гэх мэт үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны зах зээл хэдэн триллионоор хэмжигдэнэ.  49%-ийг түрүүлж худалдаж авах “Давуу эрх” бол санхүүгийн утгаараа Засгийн газрын буюу ард түмэн гэх үү нийгэм гэх үү нэршил нь асуудал болоод байгаа олонлогийн гарт байсан үүсмэл санхүүгийн хөрөнгө юм. Тэр эрхийг  ЗГ яагаад, ямар нөхцлөөр нууц хэлэлцээрийн замаар шилжүүлсэн эсэх нь хариулт авмаар байгаа асуултын нэг.
  2.  Худалдан авсан эх үүсвэрт Монголбанк(арилжааны үйл ажиллагаа явуулах ёсгүй), Хөгжлийн банк, Эрдэнэтийн өөрийн хөрөнгийн барьцаа зэрэг эх үүсвэр дурдагдаж байгаа нь үнэн бол Оросоос авсан 49 хувь гэдгээс үл хамааран нийтийн хөрөнгөөр хувийн өмчийн арилжаа гүйцэтгэсэн гэсэн үг.
  3. Банк гэдэг ер нь юу вэ гэсэн асуулт. Бүр ерөөсөө санхүү гэж юу юм бэ? Нэг хэсэгт нь илүү нөөц байдаг, нөгөө хэсэгт нь хөрөнгө хэрэгтэй байдаг. Үүний дунд зуучлал хий гэж банк, санхүүгийн бусад төрлийн инстүүц оршдог. Нэг хэсгийнх нь илүү нөөцийг хадгаламж болгож татаад түүгээрээ өөрийнхөө бизнесийг хийгээд явдаг байх учир жанцангүй учраас банкны тухай хууль гэж юм байдаг.

Энэ мэтийн учрыг нийгэм асуух эрхтэй л дээ, хүн түрийвчнээс чинь мөнгө аваад хайртай морийг чинь худалдаж авдаггүй юм байгаа биз дээ? Ард түмэн авъя, булаая, шүүе гээгүй. Асуулт асууж хариу хүлээж байна.  Асуухгүй бол шүүх нь яг сайн дураараа шүүлээ юу? Шүүх томилдог эзэн хаан нь хамгийн түрүүнд юун гуя гээд гүйж байхад, тэр тусмаа.

Энд зөвхөн 49 хувьд хамаарах зарим асуултыг дурдав. Сэдвийг бүр ерөнхий агуулга, өмч хувьчлал ба эдийн засгийн реформ, хөгжлийн контекстод харъя гэвэл  Монголын эдийн засгийн реформ дууссан уу? тэмдэглэл, өмч ба эрхийг энгийн амьдралд буулгаж ойлгоход  Тавантолгойн хувьцаа эзэмшигч, Монгол Улсын иргэн бүр эрхээ эдлэх ‘үүрэгтэй’ зэрэг тэмдэглэл нэмэр болох байх.

(Оффшорын эсрэг тэмцэл шийдлийн төлөө биш хүнийх нь эсрэг, Баярцогтын эсрэг тэмцэл болоод байна гэсэн утгатай хэсгийг товчлов. Ерөнхийдөө санал нэг байна. Оффшор бол бага зардал, их орлогын араас явах жам ёсны хөрөнгийн хөдөлгөөн. Төрийн албатууддаа өөрсдөө удирдаж бүтээж байгаа эдийн засаг, дотоодын санхүүгийн эргэлтэд хөрөнгөө багтаах шаардлага тавих эсэх бол тухайн үндэстний ёсзүйн сонголт байх.) (Шүүхийн тухай санаа, мөн Оросоос Хятадуудад зарах гэх мэт worst case scenario дээрх эхүүдтэй давхардаж байгаа тул товчлов.)

дөрөв. Феодлын хөрөнгийг хурааж болдоггүй юм.

Яг өнөөгийнхтэй үнэн адилхан үйл явдал одоогоос яг 90 жилийн өмнө эхэлсэн юм. Монголын төрийг бүрэн хянасан Коминтернийхэн манай алтан ургийн ноёд дээдсийг зайлуулаад ядууст нь ингэж хэлжээ. “Та нар бол ядуус биш, харин ард түмэн. Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал лам ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юмаа эргүүлж авцгаа” гээд хөрөнгө хураах процесс эхэлсэн юм.  “Офшоорт ард түмний 10 тэрбум төгрөгийг нуусан учраас ард түмэн ядуу байна” , “Ард түмэнд байх учиртай Эрдэнэтийн 49 хувийг ХХБанк (монголчууд) авчихнаас болоод би зүдэрч эхэллээ” гэх  өнөөгийн лоозонгууд, зууны дараахь шударга “ард түмэн”-ий араншин нь  тэртээ 1927 оныхтой юутай төсөөтэй, юутай давтамжтай.
     
1927-28 онд эхлүүлсэн феодалын хөрөнгө хураах процесс  ингэж л эхэлсэн. Ядуусын хөрөнгийг хэзээ, хэрхэн булааж авсныг хувьсгалчид тайлбарлаагүй ч гэсэн гаргалгаа нь ард түмэнд таалагдав. Тэд өөрсдөө феодал биш учраас бахтай байлаа. Дараа нь феодалуудын улс төрийн эрхийг хаслаа, ард түмэн өөрийгээ феодал биш гэж үзэх учраас баярлав. Сүүлд нь феодалуудыг  өөрийг нь хүнийх нь хувьд буудаж эхлэв. Ард түмэн гуай өөрөө феодал биш учраас бас л талархлаа. Гэтэл араас нь феодалын хамсаатан гар хөл бологчдийг устгаж эхлэхэд олон тооны “ард түмэн” тэнд багтав. Гайхаж эхэлсэн боловч тамын тээрэм нэгэнт эргээд эхэлчихсэн учраас зогсоох арга байсангүй.  Ийм тээрмийг нэг бол эргүүлэхгүй байх, эргэх гэж хөдлөхөд нь гацаах хоёрхон арга бий.  Тээрэм эргэсээр,  хувьсгалын эсэргүү, ардын дайсан, ноосны төлөвлөгөө тасалдуулагчид, японы тагнуул, намын эсрэг бүлэг илрүүлэн устгасаар, устгасаар...төгсгөлд нь  устгал хийлцсэн, оролцсон, устгал болсныг мэдсэн хэсгийг устгаад, хамгийн сүүлд ард түмний өөрийнх нь малыг хураагаад аажуурлаа. Баячуудын хөрөнгийг  ард түмэнд эргүүлж өгөх процессийн дараа ард түмэн гуай өөрөө хов хоосон, зөвхөн нэгдлийн мал малласан тохиолдолд ам бүлийн тооноос үл хамааран нэг айл 50 хонь эзэмших эрхтэй үлдэв. (Наад зах нь 12 сарын тооллогоос өмнө идшээ хийх эрхгүй байсан зэргээс үзвэл, өмчлөх биш эзэмших эрх гэвэл зохилтой) 

Тийм учраас эд хөрөнгийг хураахаар эхэлсэн ямар ч процесс хувь хүнийг нүцгэлснээр дуусна. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас авсан монголуудын хувь хөрөнгийг хурааж болж байвал, офшоор хэмээх завсрын бүст монгол хүний хадгалсан хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр  хураан авч эхэлбэл 1927 онд феодалын хөрөнгийг хурааж эхэлсэн тэр дээрмийг дугуйг бид дахин эргүүлнэ. Нэгэнт эргэж эхэлсэн бол энэ тээрэм маргааш нь “хэвлэл  мэдээллийн хэрэгсэл хувьд  байгаа учраас ард түмэнд үйлчлэхгүй байна. Иймээс “Өдрийн сонин”,  “Монгол HD”  телевизээс эхлээд  Сансар, Юнивижнийг ард түмэнд өг” хэмээн эргэж эхэлнэ. Учир нь хувь хүний эрх, эрх чөлөөг  чөлөөт хэвлэл л эцсээ хүртэл хамгаалдаг.
 
Улмаар, “MCS, Худалдаа хөгжлийн банкинд ард түмнийг тэжээх ийм хөрөнгө оччихсон байна. Ард түмэнд эргүүлж өгнө. Энэ мөнгөөр хямралаас гарна” хэмээн тээрэмдэж эхэлнэ. Чи бид хоёр сонин гаргадагүй, хувьдаа зурагтгүй, Эм Си Эс ба Худалдаа хөгжилд хувьцаагүй учраас “больж, муусайн баячуудыг” хэмээн дуугүй л ажна.  Дараа нь MCS, Худалдаа хөгжлийн банкны хамсаатанг илрүүлэн тээрэмдэж эхлэхэд бид эргэлзэж эхлэх боловч тээрэм нэгэнт эргэсэн байна. Удалгүй, хоёр машинтай айлын нэгийг, хоёр байшинтай айлын нөгөөг орон сууцгүй ард түмэнд өгөхөөр хураахад надаас мөн л холуур байна гэж залбирна. Харин “машин, болон орон сууцыг иргэд сайн дураараа ард түмэндээ заавал бэлэглэх” шийд гарахад бүх юм нэгэнт оройтсон байдаг. Ийм юм болдог, ийм л юм болсон.

Ийм учраас хувийн эрх чөлөө, хувийн өмчид зөвхөн, зөвхөн, бас зөвхөн шүүхийн шийдвэрээр хүрэх ёстой.

Эцэст тэмдэглэхэд, үндэсний хөрөнгөтнүүдэд нэг юм хэлмээр, та нар бие биенээ дийлж байна, өрсөлдөөн дунд сөргөлдөгчөө дарж байна гэж бүү андуурцгаа. Өнөөдөр ХХБ-ийг,  “нормаль” биш офшоорыг хурааж эхэлбэл, ийм тээрэм нэг л эргэвэл: маргаашийн золиос нь чи өөрөө шүү. Юмтай болох амархан, харин юмтай амьдрахад их ухаан хэрэгтэй шүү, “таваариш”-уудаа. Хөнөөлт тээрэм зохиогчоо, анх эргүүлсэн эзнээ таньдаггүй. Ийм болохоор та нар олсон жаахан юмаа олзлолдон булаалдахын оронд, тогтоцоо хамгаалах талаар бодохгүй бол болохгүй цаг боллоо шүү. Олсон долсноосоо гаргаж, өмчтэй байх эрх, өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан ёс суртлыг бий болголцохгүй бол, оройтох нь байна. Өөр зүйлгүй...

Дөрөвдүгээр хэсэг бүхэлдээ өмнө дурдсанчлан санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу коммунист хомрого хэмээх worst case scenario-г сануулах, феодал ба ард түмэн гэсэн хоёр туйлтай ангийн тэмцлээс зайлсхийх маягийн утгатай бичигджээ. Юу л даа, энэ хоёр анги нь даанч хоёулаа хорьдугаар зуунд үлдсэн. Энэ зуунд, энэ бидний сонгосон нийгэмд ийм хоёр анги байхгүй. Энэ зуунд, энэ нийгэмд хүн бүр ижил статустай. Хүн бүр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх,  баялаг бүтээх, баяжих, хүн бүр амжилтад хүрэх, хүн бүр аль болох ижил гараанаас(бариа биш шүү, бариа гэвэл коммунизм болно) гарч, эд хөрөнгө, эрх мэдэл, нийгмийн статустай болох боломжтой тийм нийгэм. Тийм нийгэм барья гэж шийдсэн атал тийш заах луужин болох ёстой бичгийн ертөнцийнхөн энэ мэт агуулгаар өнөд нийгмийг хоёр хэсэгт хувааж, нэг хэсэг нь народжих, нөгөө хэсэг нь феодалжих явцыг улам бүр өдөөхийг үзэхүйеэ бэрх. Уг нийтлэлд чи ард түмэн биш шүү гэсэн атлаа тэгээд хэн гэдгийг нь хэлээгүй орхиж. Яг л зарим нэг баавар бичээч Монгол коммунизмаар явахгүй шүү гэж хэлчихээд тэгээд юугаар явахыг нь хэлдэггүйтэй адил.

Би ард түмэн биш юм бол тэгээд хэн бэ гэдгээ өөрөөс нь үг зээлдээд хэлье. Би феодал байна.  Феодалд бүү халд гэнэ. Шударга бус өмчийн хуваарилалт, тархи угаалт, улстөр бизнесийн корруптаар эрхэнд нь халдах ёсгүй феодал чинь би байна. Би хуучны феодалын хөрөнгө хураах сонирхолтой ядуу народ биш. Би хориннэгдүгээр зуунд өөрөө хөлжих хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэгш эрх, шударга ёс, зах зээлийн инстүүцийн хөгжил шаардаж байгаа орчин цагийн феодал байна. Хоёр нийгмийн ангитай, хоорондоо гүн ангалтай хуучин цаг ард үлдээсэй гэж шударга өрсөлдөөн, хуулийн үйлчлэл, өөрийн бизнестээ тэгш эрх орчин хүсч байгаа хориннэгдүгээр зууны феодал(орчин цагийн нэршил нь энтэрпренёр) байна . Би эцэг өвгөдөөс өвлөгдөж, бүх нийтийн төлсөн татвараас бүтээн байгуулалт хийгдсэн энэ үйлдвэрийн хувьцааг булаан эзлэх коммунизм ч биш хуульчлагдсан луйвар маягийн анархизм ч биш  орчин үеийн зах зээлийн инстүүцээр дамжуулаад хувьцаа эзэмших хамгийн энгийн, хамгийн стандарт чөлөөт эдийн засгийн эрхээ нэхэж байгаа байдаг л нэг феодал байна. Танай ёсонд феодалын хөрөнгийг хурааж болдоггүй бол манай ёсонд феодалын хөрөнгийг хулгайлж болдоггүй юм.

Эцэст нь ах зах эрхмээс хувь хүнд нь аливааг санасан санаагүй тул уучлал гуймаар байна. Чөлөөт зоргоор, баялаг бүтээх эрмэлзлээр ажиллах боломжтой “феодалын” нийгэм барих сонголтоо хийсэн нэг үндэстний эрүүл нийгэм эдийн засгийн тогтолцоо нэхсэн тэмүүллийг хойшид үзгээр хатгаж алахгүй байгаасай гэсэн хүслээр таталсныг ойлгоно гэж найдна. Хүүхний царайлгийг би Монголдоо ...гээд хангинатал дуулмаар ч болох шиг ээ.

arrow icon