Нийтлэл 03 сарын 30, 2017

Уран зохиол: САЙТО САКАЭ"ДУУ ХООЛОЙ"

Хэн хүнд дадаж заншсан зуршил байдаг шиг хүн бүрт ямар нэгэн онцгой чадвар байдаг. Тэр нь тухайн хүнд аз жаргал авчрах уу, үгүй юу гэдэг өөр асуудал л даа...

Бусадтай адил түүнд ч гэсэн нэгэн онцлог байлаа. Бүр байгалиас заяасан төрөлхийн гоц авьяас гэхэд болно.
Тэрбээр хорвоод мэндлээд гурав, дөрөвхөн сарын дараа анх удаа,
- Ээж ээ, ээж ээ гэж дуудан эхийгээ учиргүй баярлуулжээ. Удалгүй,
- Сайн байна уу?, Баяртай......гэх зэргээр ярьж эхлэхэд эх нь ухаан алдах шахам баярлав. Учир нь, хүүгийн ярианы өнгө эхийнхээ баруун хойд нутгийн аялгуутай тун адилхан байлаа.
- Хүү маань яг надтай адилхан ярьдаг гэж эх нь хүүгээрээ бахархан бусдад гайхуулна. Сүүлдээ хүү нь гэрийнхнийхээ хэний ч хоолойтой ижил дуу авиа гаргадаг болохыг мэдээд эх нь баярлахаас гадна алмайрч орхижээ.
- Хурдан ирээрэй гэх нь яг эхтэйгээ адил бол, - Өлсөж үхлээ гэж хоол нэхэх нь яг эцгийн баргил бүдүүн дуу.
Нэг үгээр хэлэхэд, гэрийнхэндээ тэрээр хүний хэлснийг дагаж дуурайдаг хөөрхөн тоть шиг л байлаа. Тиймээс айлчин гийчин ирээд буцсны дараа зочны дуу хоолойг дуурайн ярихад эх нь загнах нь бүү хэл, - Мундаг, мундаг, яг адилхан байна гэж магтан хөөргөж, тэр ч бас өөрийнхөө дуу хоолойд итгэл төгс болж иржээ.
Бага сургуульд ороод тэр энэ чадвараа ашиглан хүнийг шоглож дүрсгүйтэхийн амтанд орлоо.
Нэгэн өдөр, ангийн багш нь цэцэрлэгт хүрээлэнд найз бүсгүйтэйгээ сууж байхыг олж харжээ. Дурлалт хоёр мөнчиг халуун байна. Тэр тэдний сандлын арын өтгөн саглагар бутанд орж нуугдаад захирангуй өндөр дуугаар:
- Сурган хүмүүжүүлэгч багш хүн байж юу болж байна! гэж зандран өгүүлэв.
Энэ дуу сургуулийн захирлын ууртай дуутай яг адилхан байсан тул нөгөө хоёр бөндгөсхийн цочиж үсрэн босов. Тэгээд нүд нь гөлс гөлсхийн эргэн тойрноо гайхан харах тэр хоёр түүнд үнэхээр инээдэмтэй харагдаж, бах нь ханажээ. Ангийн багш нь их ширүүн дарангуйлагч бөгөөд түүнийг байнга дэглэж журамладаг нэгэн байжээ. Дуу хоолой нь түүнд маш сайхан зэвсэг болж өглөө. Гэвч, бага ангид байх үеийн энэ мэт адал явдлууд нь зүгээр нэг гэнэн томоогүй хүүхдийн тоглоом шоглоом дөтийхэн л юм байлаа.
Дунд ангид ороод байдал шал өөр болов. Тэрээр энэхүү авьяасаа ашиглан идэвхтэй мөнгө олдог боллоо.
Юу хийх вэ гэвэл, нэг хүүхдээс нэг удаад зуун иен аваад “орлон тоглогч”-ийн үүргийг гүйцэтгэнэ. Багш нар ирц бүртгэхдээ ихэвчлэн доош тонгойн журнал руугаа ширтсэн хэвээр нэр дууддаг барагтай бол сурагчид руу өнгийн харахгүй, хэн дуугарч байгааг үл мэдэх учир энэ наймаа их гүйлгээтэй байлаа.
Өөр нэг нь, “хайрын утас”. Дунд сургуульд охид хөвгүүдийн дунд хэдийн үерхэл эхэлж, тэр дунд зарим зальтай сэргэлэн хөвгүүд бүр гурав, дөрвөн охинтой давхар найзлах ч бий. Тэрээр тодорхой үнэ заагаад “хайрын утас”-ны орлон тоглогч болж үерхдэг охинд нь баригдуулахгүйгээр жүжиглэж өгнө.
- Би чамайг дандаа боддог гэх мэтээр түүнийг найз А - гийн дууны өнгөөр А - гийн найз охинтой ярьж байхад А өөр охинтой болзож боулинг тоглож байх жишээний. Мэдээж хэрэг үерхэл дурлалаас өөр “орлон тоглох” ажлыг ч дуртайяа хүлээн авна.
Иймэрхүү байдалтай дунд сургууль, дээд сургуулиа дүүргэлээ.
Нэлээн зориглон байж эхэлсэн хүний хоолой дуурайх ажил нь үнэмшмээргүй их орлого олдог болов. Гэвч тэр ийм өндөр төвшинд хүрээд ч жүжигчин юм уу, урлагийн хүн болохыг огтхон ч хүссэнгүй.
“Миний хоолой дэлхийд цорын ганц. Тэр муусайн жүжигчид юу юм!. Үзүүлээд өгнө өө...”
Тэр хүлээж байв. Жирийн нэгэн ажилчны дүр эсгэн цаг нь ирэхийг хүлээж байв. Жолооны үнэмлэх авч, хар тамхи, буу буудах аргыг ч сайтар эзэмшиж авчээ.
Тэгээд хорин таван насны хавар. Тэр өөрийн хоолойн чадлыг дээд зэргээр ашиглан нэгэн том наймааны зах зээлд хөл тавилаа.
Хүнийг хууран дуудаж ирүүлэх ажил.
Ялангуяа улс төрийн ертөнцөд ашиг сонирхлын зөрчил улам бүр ширүүсэж, өрсөлдөгчөө нэгмөсөн арчин хаяхыг хүсэх ноёд түшмэдийн нууц тулаан хөшигний ард хүчтэй өрнөж байв. Гэвч тэд бүгд тус тусдаа харуул хамгаалалтаа чангатган тун хянуур байх тул захиалгын алуурчинд ч гэсэн тийм амар боломж эс олдоно.
Үүнд тэрбээр урин залах буюу мэхлэн дуудаж ирүүлэх ажлыг хүлээн авч мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байлаа.
- Байна уу? Би байна, ерөнхий сайд байна. Энэ удаа чамайг сангийн сайд болгох санаатай. Чи одоо сэмхэн Хаконэд яваад ир. Байгаа газар... гэх зэргээр томчуулыг утсаар дуудан нэг газар ирүүлнэ. Өчүүхэн ч сэжиг авахааргүй туйлын үнэмшилтэй энэ арга зуун хувь амжилттай болж байв. Сайдад нэр дэвшигдсэндээ ухаангүй баярлаж уушиг зүрх нь чээжиндээ багтаж ядан догдлох нөгөө эр ордноос сэм гарч яваад тэгээд ор сураггүй алга болно.
Тэр хэзээ ч түүнээс цааш илүү алхам үл хийнэ. Хүний амь насыг бүрэлгэх сонирхол түүнд огтхон ч үгүй. Зөвхөн “тавин сая”, “жаран сая” гэж амласныг нь л авч байвал бусад юм огт падгүй.
Хэдэн жил ийнхүү ажиллаж дан ганц “хоолойнхоо” хөрөнгө оруулалтаар хэдэн сая, тэрбумыг хуримтлуулж чадав. Нэг мэдэхнээ тэрбээр арын ертөнцийн үл үзэгдэх нууц ноёнтны суудалд хүрч чаджээ. Мэдээж тэр хорвоод мэндэлснийхээ дараахан “ээж ээ, ээж ээ” гэж дуудан эхийгээ баярлуулж байсан дурсамжаа хэдийн ор тас мартжээ.
Түүний энэ том бизнес тун амжилттай үргэлжилж байх шиг байлаа. Гэвч цагдаа нар бас энэ хугацаанд унтаж байсангүй. Ахин дахин гарах хууран мэхлэлтийн утасны гэмт хэргийн эзэн нэг хүн болохыг олж мэдэв.
Өөрөөр хэлбэл, гарын хээ байдаг шиг дуу хоолойны хээ байдгийг илрүүлэн тогтоожээ.
- Хүний хоолойг дуурайдаг хүнийг эрж ол!
Эрэн сурвалжлахынхан бөөс хуурс түүх мэт нэгд нэггүй нэгжин самарсны эцэст гэмт хэрэгтэнд тун их ойртож очлоо.

Хөх тэнгэр цэлийсэн налгар намрын нэгэн сайхан өдөр.
Гудамжны утаснаас Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийг дуудаж байх үед цагдаагийнхан түүнийг газар дээр нь бүслэн авлаа.
- Больцгоо, задарсан муу новшнууд. Юу болж байна? гэж тэр Батлан хамгаалах яамны сайдын дуугаар эсэргүүцэн тийчгэнэв.
- Эсэргүүцэхээ боль гэж таван цагдаа түүнийг даран авч гарт нь хүйтэн гав зүүлээ.
- Тэнэг юмтай орооцолдох шив гэж түүний хүйтнээр инээмсэглэн хэлэх үг нэгэн хошин шогийн жүжигчний хоолойтой адил сонсогдоно.
- Дуу! Битгий маяглаад бай гэж уур нь хүрсэн нэг цагдаа түүний хажуу хавирга руу нэг хүчтэйхэн тийрэв.
- Хэдий болтол хүн дууриаж ярих гэсэн юм. Арзганалгүй зүгээр ярь! гэж зандруулсан тэрээр дуугаа хураав. Баригдаад удалгүй цагдан сэргийлэхийн газарт хүргэгдэж байцаах өрөөнд орон баахан цагдаагаар хүрээлүүллээ.
- Та нартай яриад байх юм алга гэж тэр хотын даргын хоолойгоор жуумалзан хэлэв.
- Дуурайхаа боль гэж ахлах байцаагч хашгичин хэлэхэд тэр дахин чимээгүй болов. Тэгээд тэр удтал яриагүй өөрийнхөө дуу хоолойгоор ярьж хэргээ цагаатгая гэж бодлоо. Бүдэгхээн нэг дуу чүү чамай гарч ирээд хоолой нь таг болов. Тэр үг чухам өөрийнх нь дуу байсан бөгөөд ондоо үг ярьж чадсангүй.
- Ээж ээ, ээж ээ......


------------------------------


Сайто Сакаэ, 1960 он, Япон.
Орчуулсан: Д. Алтанцэцэг

Сэтгэгдэл бичих

arrow icon