Өөрийн болон уншигчийн цаг завийг бодолцох үүднээс зарим сэдвээр 500 үгэнд багтаагаад opinion буюу үзэл бодлоо хуваалцаж байя гэж бодож байна. Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн захирал 10 мянган долларын цалинтай гэсэн шуугианы талаар:
10 мянган доллар өндөр цалин мөн үү?
Сүүлийн нэг хоёр хоног Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болоод ТУЗ-ын гишүүдийн цалингийн тухай сенсаацыг ажиглаж байхад манай нийгэмд дор хаяж дараах гурван онцлог байгаа санагдав.
Нэгд, коммунист сэтгэлгээ. Сарын 10 мянга, жилийн 120 мянга бол дэлхийн томоохон уул уурхайн компаниудад удирдлагын биш дундаж түвшний менежер, сайн инженерийн цалин. Цалинг нь өг, харин үр дүн нэх гэдэг бизнесийн зарчим ярьж байгаа хүмүүс байх нь байна, гэхдээ олонхи нь эгээ л гэмт хэрэг илрүүлсэн мэт энэ их мөнгийг хараач идлээ уулаа гэсэн хандлагатай. Дээр дооргүй онцын ялгаагүй цалин авч онцын ялгаагүй хэрэглээтэй, онцын ялгаагүй амьдарч асан нийгэм ард үлдээд удаагүй. Өнөө цагт харин ийм сэтгэлгээ ил цалингаа бусдад тааруулж тогтоогоод, тэндээс хоосон үлдсэн сэтгэл ханамжгүй байдлаа нэг бол бүтээмжгүй ажиллаж(доогуур бүтээмжийн үр дагавар хэмнэсэн цалингаа давбал тэгээд утгагүй), үгүй бол өөртөө далд “цалин” яаж ийгээд үүсгэх коррупц руу түлхэх эрсдэлтэй гэж бодож байна. Шүүгчийн цалин өндөр байх ёстой, хүний амьдрал хэмээх үнэлж баршгүй “барааг” үнэлээд зарчихгүй байхын тулд. Том бизнесийн удирдлага мөн адил. Үнэ цэнэтэй зүйл хариуцаж байгаа тусмаа өндөр цалинтай байхгүй бол хариуцсан их үнэ цэнээсээ хаялга гаргах боломж хэзээд байх болохоор.
Хоёрт, нийгмийн ядуурал. Энэ их мөнгийг ээ!!! гэж халаглах нь ч аргагүй байх, өнөө маргаашийн зээлд түүртэж, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа дундаж цалин 900 мянган төгрөгний нийгэмд. Амьдралд түүртсэн олон нийтэд жишээлбэл Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа хааш нь хэдээр борлуулж байгаа тухай, өндөр цалинг дагаад ямар хариуцлага үүрэхийг асуух, нэхэх сөхөө алга.
Гуравт, хуучин соц орон байсан дээрээ ядууралд нэрвэгдэж, тийм дээр нь мөнгөн хэлбэрийн хуульчлагдсан хулгай газар авснаар бидний сэтгэлгээний гол нэгж cash мөнгө болсон нь ганц энэ удаа ч биш олон жишээн дээр ажиглагддаг. Тэдэн тэрбум төгрөг чинь тэдэн цэцэрлэг штэ гэдэг бол санхүү бизнесээс хэдэн зуунаар хол явсан нүүдэлчдийн тооцооны сэтгэлгээнд гарсан хамгийн том ахиц бололтой. Төрөөс ч гэсэн тогтолцоо биш бэлэн мөнгө горьдсоор, тэд нь тэр эрэлтэд нь хариулж явсаар энэ мэт болсон. Одоо Эрдэнэт үйлдвэрийн хувьд төрийн давуу эрхийг хувьд шилжүүлсэн байсныг буцааж авах процесс үргэлжилж байгаагийн сацуу ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Ийм үед уул уурхайн салбарт байдаг л нэг цалин дээр юм үзээгүй юм шиг тойрч хэрэлдэж байхын оронд яг одоо тогтолцооны, компанийн засаглалын өөрчлөлт нэхмээр байна. Зөвхөн энэ цалин ч биш бусад шахааны хувьд ч гэсэн тэдийг шахаад тэдийг авцан байна гэж мянга хэрэлдээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин хууль ёсны хувьчлал явагдвал дагаад хувьцаат компанийн хэлбэрт орох, хувьцаат компанийн хувьд засаглалын ил тод байдал бий болно. 100 хувь ТӨК байсан ч ил тод байдал нэхэх эрх иргэдэд бий. Эрхээ хэрэгжүүлж чадах эсэх бол идэхээргүй шахаа хийхээргүй засаглал нэхэж чаддаг байх уу, идцэн шахцан хойно мөнгө тоолж гаслаад суух уу бидний сонголт. Ер нь
хамуугүй амьдрах зорилго тавих юм уу, хамуурмагцаа хэн нь хамгийн сайхан маажихаа үзэж амьдрах юм уу?
яг одоогийх шигээ???
Өөрөөр хэлбэл, цалинг нь өгсөн шиг өгье, эргээд үр дүн нэхье.
Үр дүн гарсан эсэхийг харж болдог тогтолцоо, ил тод байдал нэхье. Цаасан мөнгөний хэрүүл биш тогтолцооны зарга хийцгээе. Эзэн нь юмаа мэдье, юм гэдэг нь цалин биш бүтэн үйлдвэр
шүү.
Сэтгэгдэл бичих