Аливаа сөргөлдөөний үр дүнд хожигч ба хожигдогч тодордог нь жам. АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөөд буй худалдааны дайн цаашид үргэлжлэх, магадгүй зөвхөн тоо хэмжээнээс гадна цаашид гүнзгийрч, оролцогч талуудын эдийн засгийн бүтцэд үлэмж нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа
талаар шинжээчид бичиж байна. Энд энэхүү худалдааны дайнд тухайн хоёр улсын аль нь илүү хохирох талаар, түүнчлэн энэ нь Монгол улсын нийт эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай бус харин бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчдэд санаа өгөх үүднээс энэхүү үйл явц бидэнд ямар боломж нээж буй талаар өөрийн санааг буулгалаа.
Худалдааны дайны натур
Худалдааны дайны цаад шалтгааныг хоёр талын худалдаа АНУ-ын хувьд үлэмж алдагдалтай байгаагаас үүдсэн
гэж тайлбарлаж байна. Гэхдээ АНУ-ын талаас гаргаж тавьж буй өөр нэг асуудал нь АНУ болон тус улсын компаниудын оюуны өмчийг хууль бусаар ашиглаж буйн дээр тус улсын компаниудыг Хятадын зах зээлд ажиллахад тарифын болон бусад саад тотгор тавьж буйг мөн шүүмжилсээр ирсэн. Тийм ч учраас АНУ-ын хувьд худалдааны дайн нь оюуны өмчийн хулгай, хууль бус хэрэглээг хязгаарлах, АНУ-ын компаниудыг Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх давхар зорилго агуулж буй. Хэдийгээр дээрх зорилгууд нь одоо өрнөж буй худалдааны дайнд шууд тусгалаа олсон гэхээргүй байгаа боловч хэрэв хоёр тал хэлэлцээрийн ширээнд суувал дээрх нөхцлүүдийг авч үзэх нь дамжиггүй. АНУ-ын талаас импортын бүтээгдэхүүнд тавьж буй тарифын хязгаарлалтад дотоодын үйлдвэрлэлдээ давуу тал олгох зорилго агуулж буйгаас түүхий эд, түүний орцонд суурилсан татварын бодлого хэрэгжүүлж буй нь ган, хөнгөн цагаанд ноогдуулсан татвараар илэрч байна.
Харин Хятадын талын байр суурь нэлээд өөр байна. Хятадын Засгийн газар энэхүү худалдааны дайныг шударга бус явдал гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын үйлдэлд тохирсон хариу үзүүлэхэд бэлэн буйгаа зарлаад байна
. Түүнчлэн эхний 34 тэрбум ам.доллартай тэнцэх худалдаанд тавьсан 25%-ийн татварын хариуд мөн л адил дүнтэй бүтээгдэхүүнд ижил хэмжээний татвар ноогдуулаад байна. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар Хятадын тал татвар тавих бүтээгдэхүүнийг сонгохдоо түүний эдийн засгийн бус улс төрийн үр дагаварыг бодолцож байгаа бололтой. Товчхондоо ардчилсан системийн эмзэг цэг болох сонгуулийн үр дүнд нөлөөлөх замаар АНУ-ын засаг захиргааг буулгаж авна гэсэн зорилго агуулж байна гэж үзэж болох юм. Тийм ч учраас олон хүн ажилладаг эмзэг, сонгуулийн үр дүнд нөлөөлдөг гэгдэх хөдөө аж ахуйн салбарыг онилоод байна.
Шинэ зах зээлийн боломж
АНУ нь Хятадын хамгийн том худалдааны түнш. Гэхдээ хоёр улсын худалдааны балансыг харвал АНУ-аас Хятадад хийж буй экспортод нисэх онгоц, тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эрдэнэ шиш, хагас дамжуулагч, хуванцар материал жин дарж байна.
Харин Хятадаас АНУ-д экспортолж буй бүтээгдэхүүнд гэр ахуйн бараа, компьютер, түүний дагалдах хэрэгсэл, харилцаа холбооны төхөөрөмж, хүүхдийн тоглоом томоохон байр суурь эзэлж байна. Хятадын АНУ-тай хийж буй өндөр технологийн бүтээгдэхүүний худалдаанд харилцаа холбооны тоног төхөөрөмж, оффисын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүний экспортоос хожиж, эмийн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийн худалдаанаас алдагдал хүлээж байгаа аж. 2015 оны мэдээгээр өндөр технологийн бүтээгдэхүүний баланс Хятад улсад 350 тэрбум ам.долларын ашигтай байснаас үзвэл мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний худалдаанд ч АНУ алдагдал хүлээж байна.
Хэрэв АНУ-ын засаг захиргааны мэдэгдсэнчлэн дахин 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10%-ийн нэмэлт татвар ноогдуулбал Хятадын бүтээгдэхүүний АНУ-ын зах зээлд өрсөлдөх чадвар үлэмж буурна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ орон зайг АНУ-ын үйлдвэрлэгчид богино хугацаанд нөхөж чадахгүй бололтой. Мэдээж дотоодын үйлдвэрүүдээс гадна тус улсад ижил төрлийн бүтээгдэхүүн экспортлодог орнууд энэ орон зайг эзлэхийн төлөө шаргуу ажиллах нь тодорхой. Гэсэн хэдий ч АНУ-ын эдийн засагт шинээр бий болж буй боломжийг ашиглах боломжтой улс орнуудын нэг нь бид байж яагаад болохгүй гэж?
Саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийн АНУ-ын Ерөнхийлөгчид хандан оёмол сүлжмэл бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт авах хүсэлт илгээсэн. АНУ-ын талаас хоёр орны харилцаанд улс төрийн харилцааг илүү чухалчилж ирсэн гэж болохоор боловч манай улстай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлдэг. Тиймээс ардчилалыг бэхжүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих үүднээс хоёр орны хоорондох худалдааг нэмэгдүүлэх, тодорхой бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлэх боломжтой.
Хэрэв бид тодорхой бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлоход тарифын хөнгөлөлт авч чадвал энэ нь АНУ-ын зах зээлд өрсөлдөх давуу тал бий болгож Хятадын экспортлогчдын эзэлж байсан зах зээлд байрших боломжтой
болно.
Ерээд оны дунд үед Монгол улсад үйлдвэрлэгдсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнд АНУ тарифын хөнгөлөлт үзүүлсэн нь бизнесийн томоохон боломж бий болгож Хятадын хөрөнгө оруулалттай олон тооны оёдлын үйлдвэр манай улсад байгуулагдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Өнөөдөр ийм тарифын хөнгөлөлт авч чадвал тэр үетэй харьцуулбал манай бизнесийнхэн дотооддоо хөрөнгө оруулалт хийх чадавхитай болсны дээр бид оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, ялангуяа малын гаралтай түүхий эд, ноос ноолуурын салбарыг өөд нь татах том боломж юм.
Тэгвэл Хятадын хувьд мөн л АНУ-аас импортлож байсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон зах зээл мөн л хоосон үлдэж байна гэж үзэж болно. Хятадын тал ч хөрш орнуудтай хийх худалдаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дэмжих, тарифын хөнгөлөлт эдлүүлэх санаачилга гаргаж, ажил хэрэг болох шатандаа явж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотор махны зах зээл нь бидэнд илүү сонирхолтой. Хятадын зах зээл дэх үхрийн махны эрэлт сүүлийн жилүүдэд дунджаар 20%-иас илүү өсч байхад дотоодын махны нийлүүлэлт 8%-иас хэтэрч байгаагаагүй. Хятадын үхрийн махны нийт импортын 70%-иас илүүг өмнөд Америкийн орнууд тодруулбал, Уругвай, Аргентинд нийлүүлж байна. 14 жил үргэлжилсэн хоригийн дараа 2017 оноос АНУ тус улсад мах эксопортлох эрхтэй болсон ч энэ нь худалдааны дайны дараагийн тойрогт өртөх нь бараг тодорхой байна. Энэхүү хурдацтай өсч буй махны зах зээл дэх АНУ-ын орон зайд бид эзэлж чадвал энэ нь малаа богино хугацаанд эрүүлжүүлэх хөшүүрэг ч байж болох юм.
Үйлдвэрлэлийн технологио шинэчлэх боломж
Өнөөдөр технологийн хувьсгалын үе өрнөж, аж үйлдвэрлэлийн технологи нь бараг бүхэлдээ компьютержээд байгаа билээ. Харин дараагийн буюу аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын технологи нь хиймэл оюунаар удирдуулсан бүрэн автомат үйлдвэрлэл байх болно. Манай улсад орчин үеийн технологитой үйлдвэрүүд хуруу дарам цөөн байгаагаас бид түүхий эддээ анхан шатны боловсруулалт хийх төдийгөөр бизнесийн үйл ажиллагаагаа хязгаарлаж ирсэн.
Харин энэ удаад худалдааны дайны нөлөөгөөр тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд нэлээд хүнд сорилттой тулгарах нь тодорхой болж байна. Учир нь тоног төхөөрөмжийн хамгийн том зах зээл, худалдан авагч Хятадын экспортын хэмжээ буурсанаар үйлдвэрүүд тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хойшлуулж аль болох хэмнэлтийн горимд шилжих хандлагатай болно. Энэ нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болох нь гарцаагүй.
Хэрэв Хятадын бараанд ноогдуулах АНУ-ын тарифын бодлого цаашид үргэлжилбэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгээр нэг ороод гарахад илүүдэхгүй л болов уу. Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн хувьд худалдааны дайн нь гэнэтийн үйл явдлаас гадна дараагийн үеийн технологитой золгох завсрын үе юм. Технологийн дараагийн үеийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зохион бүтээх нь багагүй хөрөнгө оруулалт шаардаж байгаа нь ойлгомжтой.
Тиймээс тэд дараагийн үеийн технологийн судалгааны санхүүжилтээ бууруулахгүй тэсч үлдэхийн тулд нэгэнт боловсруулсан бэлэн технологио бага үнээр ч болов борлуулах нь илүү чухал болж байгаа тул худалдан авагчидтай үнийн хэлцэл хийх эрмэлзэлтэй байна. Товчхондоо худалдааны дайн хямд үнээр өнөөдөр байгаа хамгийн сайн технологи худалдан авах боломж нээж байна гэж харж болох
юм.
М.Чимэддорж
Оксфорд,
2018.07.25
Сэтгэгдэл бичих