Агаар, хөрсний бохирдолгүй “Эко Яармаг” амины орон сууцны төслийг хэрэгжүүлэгч “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
Та юуны өмнө “Шинэ Монголын төлөө санаачилга” байгууллагаа манай уншигчдад танилцуулна уу?
Монголд олон төрийн бус байгууллага төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллагын ялгарах зүйл бол Монголын ирээдүй хойчийг гэрэл гэгээтэйгээр харахын тулд урт хугацаанд оновчтой шийдлээр хөгжүүлэхэд хувь нэмэр болох шинэ санаа, санаачилгыг гаргах, иргэдийг мэдээллээр хангах, энэ чиглэлээр нийгмийн боловсрол олгох, энэ зорилгынхоо төлөө бусад байгууллагатай хамтран ажиллах зорилготой нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Ялангуяа хүүхэд, залуусыг том мөрөөдөлтэй амьдрах, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, шийдвэр гаргахад нь туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад анхаарч байна.
Ямар учраас “Эко-Яармаг” гэх барилгын төслийг хэрэгжүүлэх болов?
Өнөөгийн үүссэн нөхцөл байдал, тэр тусмаа сүүлийн үед нийслэлийн өмнө тулгамдсан асуудалд анхаарал хандуулж ажиллахаас өөр аргагүй байна. Яагаад гэвэл Монгол Улсаа оновчтой, зөв шийдлээр хөгжүүлье гэвэл хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлийн тулгамдсан асуудлыг зөв өнцгөөс судалж, оношилж, оновчтой шийдэл, санаачилга, бодит үлгэр дууриал гаргах нь чухал
байна. Үүний тулд бид гэр хорооллыг агаар, хөрсний бохирдолгүй амины орон сууцжуулах нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх гарцын нэг гэж харсан. Иргэдийн зүгээс ч манай энэ санаачилгыг талархан дэмжиж байна.
Та үүнийгээ илүү тодорхой тайлбарлахгүй юу?
Өнөөдөр бид нийслэл хотод тулгамдсан асуудлыг шийдэх гэж оролдохдоо учир шалтгаан гэхээс илүү асуудлын үр дагавруудтай тэмцэж байна. Тухайлбал, замын түгжрэлийг шийдэхийн тулд зам өргөтгөх, тэмдэг тэмдэглэгээ, нийтийн тээврийг сайжруулах зэрэг олон асуудлыг нийслэл хот, төр захиргааны байгууллага шийдэхээр оролдож байгаа боловч түгжрэлийн үндсэн учир шалтгаан болох хотын төвлөрөл, нягтралыг хязгаарлах, стандартыг мөрдүүлэх асуудал хяналтаас гарч зогсоол, ногоон байгууламжгүй орон сууцны барилгууд олноор баригдаж цементэн ширэнгэ нэмэгдсээр л байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, замын түгжрэл, ажлын бүтээмж, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд иргэд хохирсоор байна. Нөгөө талаар нийслэлийн агаар, хөрсний бохирдлын асуудал шийдэгдэхгүй хэвэээр байсаар байна. Өнөөдөр гэр хорооллын 90 хувь нь нүхэн жорлонгоор агаар, хөрсийг бохирдуулж, нүүрсээр галлаж буй зуухны яндангаас агаарын бохирдлын 60 хувийг үүсгэж байна.
2030 онд нийслэлийн хүн ам 2 сая давна. Энэ хэвээр үргэлжилбэл асуудал гамшгийн хэмжээнд тулж захиргааны аргаар шийдэх ч боломжгүй болж эдийн засгийн хувьд дааж давшгүй асар их хохирол амсах нь тодорхой.
Иймд дээрх асуудлыг цогцоор харж шийдэхийн тулд гэр хорооллын иргэд газар дээрээ амины орон сууцаа барихад нь төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих юу юунаас чухал байна.
Тийм бол энэ асуудлыг хэрхэн шийдвэл зохистой вэ, төрд нөгөө л хөрөнгө мөнгөний асуудал байдаг байх даа?
Төрд асар их нөөц боломж бий боловч үр дүнгүй зүйлд зарцуулагдаж байна. Ганцхан жишээ хэлэхэд Хөгжлийн банкнаас “Асем Вилла” хотхонд олгосон 125 тэрбумын зээл. Энэ мөнгөөр гэр хорооллын 5000 өрхийг хямд өртөгтэй тохилог амины орон сууцтай болгож, утаа, агаарын бохирдлыг шийдэх боломжтой.
Энэ онд Засгийн газраас утаатай тэмцэхэд зориулж 200 тэрбум төгрөгийг гаднаас янданд шүүлтүүр худалдаж авах гэх мэт ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Мөн гадны банк, зээл тусламжийн эх үүсвэрээс 2019 онд 115 тэрбум төгрөгийг гэр хорооллын иргэдийн өмчилсөн газрыг урьдчилгаанд хураан авч иргэдийг өндөр орон сууцанд түрээсээр болон зээлээр оруулахад зарцуулна. Жил бүр энэ хэмжээний мөнгийг энэ ажилдаа зарцуулахаар төлөвлөж байна. Амины орон сууцанд мөн энэ санхүүжилтийг зарцуулна гэж байгаа боловч зөвхөн дэд бүтцэд холбогдсон байх шаардлагыг тавьж байгаа нь гэр хорооллын 180 мянган иргэнээ гортигны гадна үлдээж нүд хуурсан ажил болсон. УИХ-ын Үндсэн чиглэлд улсын төсөвт 130 тэрбум төгрөгийг амины орон сууцыг санхүүжүүлэхэд тусгах чиглэлийг баталсан боловч Засгийн газраас оруулж ирсэнгүй.
Үүний цаана нь нөгөө л газрын наймаа, авлига, өндөр өртөг, зардал шингэсэн зарагдахгүй байгаа орон сууцаа иргэдэд өндөр үнээр шахах гэсэн бодлого байгаа гэж харж байна. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр орон сууцны үнэ хөөсрөлттэй байгаа. Гадны улсад эдлэн газартай хаус орон сууцнаасаа өндөр үнэтэй байдаг бол Монголд эсрэгээрээ.
Үүнийг зөв гольдролд оруулахын тулд гадны улс оронд хэрэгжүүлсэн зөв туршлагыг судалж хэрэгжүүлэх шаардлагатай.
Эдгээр өндөр өртөгтэй хэрэгжиж буй ажил нь үр дүн багатай, түр аргацаасан шинжтэй төсөл хөтөлбөрт зарцуулж буй энэ их нөөц боломжоор гэр хорооллын 10,000-15,000 айл өрхийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр тохилог амины орон сууцанд оруулах боломжтой. Мөн үүн дээр гадны ногоон зээлийн сан, хувийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээл дээрээс эх үүсвэр татах замаар нэмэлт санхүүжилт босгох боломжтой. Жил бүр энэ жишгээр шат дараатай, тууштай бодлого хэрэгжүүлж чадвал 5-10 жилийн дотор гэр хороллын 150 мянган өрхийг агаар, хөрсний бохирдолгүй тохилог амины орон сууцтай болгох боломжтой.
Үүнийгээ дагаад хот төлөвлөлт, нийслэлийн өнгө үзэмж, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, нийгмийн бусад асуудал аяндаа шийдэгдэнэ.
Та түрүүн гадны улс орны туршлагын талаар дурдлаа. Энэ асуудлыг бусад улс оронд яаж шийдсэн байдаг вэ?
Иргэдээ хаусжуулах замаар чинээлэг баян болсон улс бол Америк юм. АНУ-ын Конгресс 1934 онд их хямралын үеийг давах, амины орон сууцны байшингийн стандартыг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “National Housing Act” буюу Үндэсний орон сууцны хуулийг баталсан. Уг хуулиар Federal Housing Administration(FHA) буюу Холбооны Засгийн газрын Орон сууцны агентлагийг иргэд эрх ашгаа хамгаалж буй суурьшлын бүсэд газраар баталгаажсан амины орон сууц, үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх зээлдэгчдэд баталгаа гаргаж өгөх зорилготойгоор байгуулсан. Үүний үр дүнд орон сууцны урдьчилгааг 10 хувь хүртэл бууруулж, моргэйжийн зээлийн хугацааг 20-30 жил болгож, үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлж чадсан. Ингэснээр 1972 он гэхэд орон сууц, хаусаа өмчилж авсан өрхийн тоог 63 хувьд хүргэж чадсан туршлага бий. Адилхан л хүн амьдарч байгаа учраас олон улсад туулаад өнгөрсөн, зөв шийдлээ олоод асуудлаа даваад гарсан хөгжлийн жишээ, чиг хандлага тэнд байж л байгаа. Ихэвчлэн иргэдээ насан туршийн үнэ цэнэтэй хөрөнгө буюу амины орон сууцжуулах замаар хөгжлийнхөө замд орсон загварууд ажиглагдана.
Ийм шийдлүүдийг манай улсад бий болгох ямар боломж байна?
Монголд ч гэсэн дэлхийн хөгжиж ирсэн жишгээр асуудлаа шийдэх хэрэгтэй. Энэ тулгамдсан асуудал шийдэгдэхгүй байгаа учир шалтгаан бол энэ асуудлыг шийдэх учиртай төрийн байгууллагын удирдлага цөөхөн ашиг олж буй бүлэг хүмүүст үйлчилж, тэр эрх ашгийг хамгаалсан улстөрчдийн нөлөөгөөр албан тушаалд очиж байгаатай холбоотой. Хатуухан хэлэхэд төрийн байгууллагын тогтолцоо гажуудсан. Иргэдийн хувьд “Цэвэр агаар сан” гэхэд агаарын бохирдол бууруулах нэрээр өндөр үнэтэй бараа шахдаг газар, ТОСК нь танил талдаа орон сууц хуваарилдаг газар, “Гэр хорооллын хөгжлийн газар” нь дахин төлөвлөлт нэрээр иргэдийн өмчилсөн газрыг төрийн нэрээр дээрэмдэж иргэдийг хохироодог газар гэж харагдах болжээ.
Иймд иргэдэд нүдэн дээр илхэн байгаа нөхцөл байдлыг ойлгож, эрх ашгийг хамгаалах талаар зохион байгуулалтанд орж шаардаж, тэмцэж байж үр дүнд хүрнэ. Улс оронд тулгамдсан шийдэл нь бэлэн асуудлын төлөө бид зөвхөн өөрөө л болж бүтэж байвал болоо гэсэн аминчхан сэтгэлээр бус монгол хүний өмнө тулгарч буй, улсын өмнө тулсан эдгээр том асуудлуудыг шийдэхэд иргэн бүр оролцоотой байж иргэн хүний эх оронч сэтгэлээр дэмжээд л өгөх хэрэгтэй байгаа юм.
Uneheer tulgamdaj bgaa asuudliig shiiddeg ter ih tosov mongiig zov zuild ni boditoor zartsuuldag iim l zasaglaliig bii bolgoh chadvartai zaluusiig demjih heregtei demjij bn
Ийм мундаг эх оронч залуусаа төр засаг дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй.Өөрсдөө л хагартлаа баяжаад байдагаа боль.
Эх орноо гэсэн сэтгэлтэй ийм мунлаг залуусыг төр засаг бодлогоор дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй.
Ug zob demjij baina
Ug zob demjij baina
Америкийн хаус буруудсан шүү! Ажлын байр, гэр орон нь холдсон учир өдөр бүр хотын төв орох гэж түгжрэл үүсдэг болсон.
Одоо хөгжилтэй орнууд хувийн оронсууцнаас татгалзаад нураагаад олондавхар байшин бариад байгаа юм бишүү лав лСингапурт Канадад