Нийтлэл 12 сарын 28, 2018

Японд төгсөгчдийн карьер хөгжлийн арга хэмжээ боллоо

Энэ сарын 26- ны өдөр япон хэл дээрх Монголын цонх платформ monnichi.today платформыг хөгжүүлэгч багаас зохион байгуулсан Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болон Японд төгссөн боловсон хүчнийг холбох meet@monnichi career and networking арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтын хүндэт зочноор Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатар, УИХГ, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, Хишиг Арвин Индустриал ХХК-ний дэд захирал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, нар оролцож, шинэ залуу төгсөгч нартаа зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Арга хэмжээнд оролцсон төгсөгчдөд хандаж арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч “Моннис групп”,  "АПУ" ХК, "Анд Глобал",  "Хишиг Арвин Индустриал компаниуд хүний нөөцийн бодлого болон компанийн цаашдын төлвийн талаар танилцуулга хийлээ. Мөн эсрэгээрээ идэвхитэй ажил хайж буй шинэ залуу төгсөгчдөөс ажилд олгогчод хандан илтгэл тавьж өөрсдийгөө танилцуулсан юм. 

Түүнчлэн 2018 онд хийж бүтээсэн ажил, гаргасан амжилт бүтээлээ дүгнэн ярьж 2018 оноо хамгийн амжилттай үдсэн төгсөгчийг шалгаруулж урамшууллаа.Тодруулбал аялал жуулчлалын компанийнхаа жилийн орлогыг өмнөх онуудаас даруй 25 хувиар нэмэгдүүлсэн Б.Мөнхтуг, 67000 үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг цахимжуулахаас гадна шүд суулгах хоёр төрлийн технологи шинээр нэвтрүүлсэн “Энэрэл Дент” эмнэлэгийн эрүү нүүрний тасгийн эмч Б.Цасан зэрэг зургаан залуу төгсөгч нар өөрсдийн амжилт бүтээлээ хуваалцсанаас Окинава аралд амьдардаг хүмүүсийн хоол хүнс болон бусад биологийн хүчин зүйлсийг судалсан судалгаандаа үндэслэн Японы зах зээлд “Nyusankin ippain” бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлсэн судалгааны багийн төлөөлөл  Б.Билигсайхан шалгарч  Ерөнхий ивээн тэтгэгч  “Моннис групп”, Аэро Монголиа авиа компанийн нэрэмжит шагнал болох хүссэн чиглэлдээ хоёр талдаа нисэх эрхийн бичгээр шагнуулсан юм. 


Энэхүү арга хэмжээ нь зөвхөн ажил олгогч компани болон японд төгсөгч нарыг холбох албан уулзалт бус он оны  японд төгсөгч нар уулзалдан,  оюутан ахуй цагаа дурсаж, цаашдын ажил амьдрал, амжилт бүтээлээ хөөрөлдсөн ажил хэрэгч баярын арга хэмжээ хэлбэртэй зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Сэтгэгдэл бичих

arrow icon