Вашингтонд захирагдахаас татгалзсан дэлхийн бас нэгэн удирдагч олон нийтийн эмх замбараагүй байдлын улмаас суудлаа алдах эрсдэлд ороод байна. Энэ бол Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро юм. Уго Чавесыг залгамжлан бодлогыг нь үргэлжлүүлэгч, Венесуэлийн аж үйлдвэр Венесуэльдээ үлдээсэй, Латин Америкийн бусад орнууд шиг хөрөнгө нь АНУ руу бүү урсаасай хэмээн ажилласан тэрбээр ийнхүү хүнд байдалд орлоо.
Үнэндээ АНУ ийм эрх чөлөөтэй байдлыг нь тайван харж суугаагүй, хориг арга хэмжээ авсан юм. Энэхүү эдийн засгийн дарамт ч Латин Америкийн хүчирхэг улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, үр дүнд нь өнөөдөр Венесуэль улс Монгол Улсын 1990-ээд оны эхэн үетэй адил болоод байна.
Мөн тус улсад дэлхийн өнцөг булан бүрт үе үе харагддаг өнгөт хувьсгалын дүр зураг давтагдаж байна.
АНУ-ын утсан хүүхэлдэй
Венесуэльд байдал урьдын хэвээр байна.
Сөрөг хүчнийхэн Мадурог сайн дураар Ерөнхийлөгчийн суудлаа өгөхийг уриалж байхад АНУ-ын утсан хүүхэлдэйнүүд чимээгүйхэн Хуан Гуайдог тус улсын хууль ёсны төрийн тэргүүн болгон зарлачихаад сууж байна. Ийм хэцүү нөхцөл байдалд зэвсэгт мөргөлдөөн гарахгүй гэх баталгаа үгүй.
ОХУ дахь Венесуэлийн Элчин сайд Карлос Рафаэль Фариа Тортос өмнө нь арми Мадурогийн Засгийн газрыг бүрэн мэдэлд байгаа гэж мэдэгдэж байсан билээ. Харин Трамп Венесуэлийн улс төрийн хямралыг зөвхөн хүч хэрэглэж байж л зохицуулах боломжтой гэдгийг нуусангүй. Тэгэхээр Цагаан ордны тэргүүний мэдэгдэл Вашингтон энэ улсад төрийн эргэлт хийх байгууллагын талд байгаа гэдгийг илчилчих шиг боллоо.
Америкчуудын зорилго бол тун энгийн. Нефтийн ордуудыг нь эзлэх, тэнгисийн хяналтаа алдахгүй байх.
АНУ-ын хувьд Венесуэлийн орд газруудыг эзэмших, булаан авах гэж эртнээс санаархаж ирсэн юм. Харин Вашингтон эзлэх төлөвлөгөөгөө боловсруулж байх зуур Каракас хар алтны олборлолтоо нэмэгдүүлж, Оростой хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Москваг нефтийн зах зээлээс түлхэх нь Вашингтоны бас нэг бодлого.
Энэ хугацаанд америкчууд Венесуэльд 50 тэрбум орчим долларын хөрөнгө оруулсан Хятадтай ч сөргөөцөлдөж амжсан.
Ерөнхийдөө Венесуэльд гарах гэж буй төрийн эргэлт цэвэр эдийн засагтай холбоотой.
АНУ Мадурод “өршөөл үзүүлэх”-ээр болжээ
“Вашингтоны утсан хүүхэлдэй” хэмээн олон шинжээчийн үзэж буй Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо төрийн тэргүүн Николас Мадурог засгийн эрхээс сайн дураараа татгалзвал өршөөл үзүүлж болох юм гэжээ. Гуайдо “Хуулийн талд бат зогсож, Үндсэн хуулийн журмыг сэргээе гэсэн бүгдэд өршөөл үйлчилнэ” хэмээн мэдэгджээ.
АНУ Мадурог Венесуэлийн Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байгааг санах хэрэгтэй
. Харин Хуан Гуайдо ямар үндэслэлээр вэ гэдэг нь ойлгомжгүйгээр тус улсад түр Засгийн газар үйл ажиллагаа явуулж байх хугацаанд өөрийгөө түр төрийн тэргүүнээр зарлажээ.
Ийнхүү өөрөө Үндсэн хуулиа зөрчиж, жинхэнэ Ерөнхийлөгөө хүлээн зөвшөөрөхөөс татгалзан төрийн эргэлт хийх гэж оролдож буй тэрбээр “ардчиллын үнэт зүйлс”-ийг улсдаа оруулж байна гэж байгаа аж.
Гуайдо ойрын хэдэн цаг Венесуэлийн ирээдүйд маш чухал үйл явдал болно гэсэн байна. Тэрбээр Венесуэлийн өнөөгийн Засгийн газар огт хуваагдаагүй гээд дэмжигчдээсээ өөрийг нь дэмжихийг хүсчээ.
“Намайг битгий орхиорой. Яагаад гэвэл хэрвээ боломжтой бол хайрт Венесуэлийнхээ эрх чөлөөний төлөө би амь амьдралаа өгч байна” хэмээн Гуайдо зарлан тунхагласан байна.
Гэхдээ Мадурогийн хувьд Янукович шиг бууж өгөөд, улс орноосоо гарах бодолгүй байгаа бололтой. Тэрбээр парламентын дарга, өдгөө өөрийгөө төрийн тэргүүн хэмээн зарлах болсон Гуайдог “АНУ-ын утсан хүүхэлдэй” хэмээжээ.
Каракасын гудамжин дахь тэмцэл
Мадурогийн хувьд саяхныг болтол олон нийтийн жагсаал цуглаантай амжилттай тэмцэж ирсэн. Харин энэ удаа эсэргүүцлийн хөдөлгөөн нэлээд хүчээ авч байна. Венесуэлийн нийслэлийн нэгэн дүүрэгт харгис мөргөлдөөн гарч, тэсрэх бөмбөг, нулимс асгаруулагч хий ашигласан тохиолдол гарчээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд мөргөлдөөн эсэргүүцэгчид болон цагдаа нарын дунд гарсан байна.
Мөргөлдөөний үеэр 16 хүн амиа алдаад байна. Николас Мадуро үүнийг Вашингтоноос зохион байгуулсан төрийн эргэлт гэж үзэж, тус улстай дипломат харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Гэвч АНУ-аас Венесуэльтэй “хууль ёсны” Ерөнхийлөгч Хуан Гуайдогоор дамжуулан дипломат харилцаагаа үргэлжлүүлнэ, Мадуро Вашингтонтой дипломат харилцаа таслах бүрэн эрх мэдэлгүй гэж даажигнажээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс ч Венесуэлийн ард түмэнд эрх чөлөө, ардчилал, шударга сонгуулийг эргүүлэн авчиртал тус улсад үзүүлэх эдийн засаг, улс төрийн дарамтаа зогсоохгүй хэмээсэн байна.
Энэ асуудлаас болж венесуэльчүүд хоёр хуваагдаж, нийслэлд төдийгүй өөр хотуудад ч мөргөлдөөн гарчээ. Боливар мужийн Сан-Феликс хотод л гэхэд эсэргүүцэгчид Ерөнхийлөгч агсан Уго Чавесын хөшөөг шатааж, Карабобо мужийн Пуэрто-Кабельо хотод л гэхэд цагдаагийн байрыг галдсан хэрэг гарчээ.
Олон нийтийн сүлжээгээр Венесуэлийн жинхэнэ болон өөрийгөө зарлан тунхаласан хоёр Ерөнхийлөгчийн зурагтай мэдээллүүд ихээр гарч байна.
Нийслэлд цэргүүд орж иржээ
Энэ сарын 10-нд Николас Мадуро тангараг өргөсний дараа тус улсын Дээд шүүхээс парламент буюу Үндэсний ассамблейг Үндсэн хуульд нийцэхгүй байгууллага гэж зарлажээ. Гэвч сөрөг хүчний гишүүд ажлаа зогсоохоос т татгалзаж, тус улсад эсэргүүцэл өрнөж эхэлсэн.
Ингээд нэгдүгээр сарын 23-нд нэгэн жагсаалаар парламентын дарга Хуан Гуайдо өөрийгөө түр Засгийн газар үйл ажиллагаа явуулах хугацаанд Венесуэлийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болно гэжээ. Тэрбээр ээлжит бус сонгууль зарлаж, улс орноо бүрэн чөлөөлөхийн төлөө тэмцэнэ гэж амласан байна.
Түүнийг АНУ, Европын холбооноос дэмжиж, Мадурог бүрэн эрхээ өгөх ёстой гэж үзэж байна. Аргентин ч мөн тэднийг дагажээ. Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск Европын холбооны бүх орныг Венесуэль дэх “ардчилсан хүчин”-ийг дэмжихийг уриалсан байна.
Харин Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес арми Гуайдог Ерөнхийлөгч байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Ингээд Каракас руу үндэсний гвардийн хүчнийг оруулж ирсэн байна.
ОХУ-ын Холбооны зөвлөлөөс Москва Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүнээр Николас Мадуро байгааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Ж.Ууган
Сэтгэгдэл бичих