Нийтлэл 03 сарын 11, 2019

HBR ТРЭНД: Сониуч хүн амьдралын ээдрээг илүү сайн тайлдаг

Harvard Business Review-ийн самбарт бизнес эрхлэгчид, бизнесийн ухааны багш профессоруудын дунд үе үе сонирхолтой хэлэлцүүлэг өрнөдөг. Сүүлийн үед халуухан хэлэлцүүлэг өрнүүлсэн нийтлэлийн нэг Лондон Коллеж их сургуулийн T.Камерро-Премюзик докторын бичсэн сониуч зан нь оюуны чадамж ба эмоцоо удирдах чадвартай ижил хэмжээнд чухал болох тухай нийтлэл багтаж байна. IQ, сониуч зан хоёрыг салгах ёсгүй зэрэг шүүмжлэл гарсан ч ерөнхийдөө сониуч зан оюуны хөгжлийн эх гэдэгтэй уншигчид санал нийлж харагдав. Таны бодлоор сониуч занг IQ болоод EQ-ээс салгаж болох уу?  Та сониуч уу? Сониуч зантай хүн ярвигтай нөхцөл байдалд илүү чадамгай маневр хийдэг нь үнэн болов уу?

 Сониуч хүн амьдралын ээдрээг илүү тайлдаг

Дэлхий хэзээ ч ийм ээдрээтэй, ярвигтай байгаагүй гэж олон хүн хэлэх болжээ. Ийм нарийн түвэгтэй ертөнцийг технологийн хурд, мөн бидний үйлдвэрлэн гаргаж буй асар их мэдээлэл(энэ хоёр хоорондоо холбоотой) бүрдүүлж байна.  Гэхдээ 17-р зуунд философич Лэйбниц, 18-р зуунд Дидерот нар аль аль нь мэдээлэл асар ихслээ гэж гомдоллож байсныг санах хэрэгтэй. “Аймар их ном” гэж тэдний уулга алдсан мэдээллийн өчүүхэн хэсгийн л бид одоо мэдлэг болгон өвлөсөнтэй адил, өнөөдөр бидний мэдэж буй зүйлсийн ихэнх нь ирээдүй үеийнхэнд хамааралгүй болж ирнэ.

Ямар ч цаг үед өөрийн гэсэн ээдрээ бий, аль нь алинаасаа илүү ярвигтай төвөгтэй байсан бэ хэмээх асуулт угаасаа өмнөх амьдралын ээдрээгээ тайлж ядаж буй хүмүүст төдийлөн утгагүй мэт. Тэгэхээр “аль үе хамгийн ярвигтай байсан бэ?” гэхээсээ “Ямар хүмүүс ээдрээ тайлахдаа илүү сайн байна аа?” гэж асуух нь илүү зөв асуулт болно. Хэдийгээр ээдрээ гэдэг ойлголт өөрөө агуулгаас, хувь хүний нөхцөл байдлаас хамаарах ч дараах гурван онцлог ээдрээтэй нөхцөл байдлыг чадварлаг удирдахад тусалдаг байна:

 1. IQ: Оюуны чадамжийн коефицент болох IQ нь оюуны чадамжийг илэрхийлдэгийг бүгд мэднэ. Улиг болж, тоогдохоо байх хандлагатай ч ажлын үзүүлэлт, карьер амжилтад яах аргагүй эерэг нөлөөтэй. IQ өндөртэй хүмүүс хурдан суралцдаг, тиймээс ээдрээтэй нөхцөл байдал дунд шинэ асуудалд хурдан хариу үйлдэл үзүүлдэг.  Олон янзын зүйлсээс бүтсэн орчин тэр хэрээр их мэдээлэл агуулж, тархинаас мэдээлэл боловсруулах хурд, ачаалал даах чадвар шаарддаг.

 2. EQ: EQ буюу эмоцын коэфициент бидний эмоцоо ойлгох, удирдах, илэрхийлэх чадварыг хэмждэг. Өндөр EQ-тэй хүмүүс яагаад ярвигтай нөхцөл байдлыг сайн удирддаг вэ гэвэл нэгд амархан стрессдэх, санаа зовних зэргээс хол хүмүүс байдаг. Хөдөлгөөнтэй, ээдрээтэй нөхцөл байдал ачаалал, стресс их үүсгэнэ, харин өндөр EQ жийргэвчийн үүрэг гүйцэтгэдэг. Хоёрт, өндөр EQ нь хүнтэй харилцах чадвартай мөн холбоотой, иймд уян чадвартай хүмүүс эргэн тойрныхоо хүмүүстэй холбогдон гарах ээдрээтэй нөхцөл байдлыг илүү чадварлаг удирддаг байна. Гуравт, судалгаагаар өндөр EQ-тэй хүмүүс илүү энтэрпренёр хандлагатай, ямар нэг хэцүү нөхцөл дундаас боломжийг олж харахдаа сайн байдаг.

3. CQ буюу сониуч зангийн коэфициент. Нэг үгээр илүү “өлөн” оюунтай, аливаад сониуч хүмүүс. Энэ үзүүлэлт нь өндөр хүмүүс шинийг эрэлхийлж, хуучнаас амархан уйдах хандлагатай. Тэд аливааг заавал нэг утгаар тодорхойлох гэж зүтгэхгүй, олон салаа утга, тайлбарт нээлттэй байдаг байна. Нюанс харах, нарийн зүйлсээс ялгаа гаргах ийм сэтгэлгээний хэв шинж ээдрээтэй нөхцөл байдлаас аль боломжтойгоор нь гарахдаа сайн. Хоёрт, сониуч хүмүүс угаасаа урлаг, шинжлэх ухаанд илүү шунамхай суралцдаг тул энэ нь ямар нэг нөхцлийг удирдах мэдлэг, чадвартай байхтай холбогддог.

Ер нь туршлагатай нэгэн адил мэргэшил, мэдлэг гэдэг нь ямар нэг ээдрээтэй нөхцөл байдлыг өмнө нь сайн мэдэх нөхцөл байдалтай холбон ойлгох чадвар юм. Тиймээс сониуч зантай хүмүүс ярвигтай асуудал шийдэхдээ сайн байх нь түгээмэл.

IQ-г сургалтаар сайжруулахад хэцүү ч EQ, CQ-гээ хөгжүүлж болно. Эйнштэйний хэлсэн алдартай үгийг санацгаая:“Би тийм мундаг авьяастай хүн биш, харин оргилсон их сониуч зантай”. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon