Нийтлэл 09 сарын 26, 2019

Явган хүний гарцыг цөөлөх биш, нийтийн тээврээ сайжруулбал түгжрэл багасна ХОТЫН ДАРГА АА

Саяхан хотын удирдлага явган гарцуудыг цөөлөх шийдвэр гаргалаа. Ингэлээ гээд түгжрэл буурахгүй, үр дүн байхгүй. Хүмүүс зам хөндлөн гарахын тулд бүр их тойрдог болно, сайжирч байсан гарцаар гарах соёлд ухралт үүснэ. Явган зорчигчдод гудамж талбай халтай болох тусам, автомашинд зориулсан зам, гүүр барих тусам түгжрэл ихэсдэгийг дэлхийн хотуудын туршлага гэрчилдэг. Тайландын нийслэл Бангкок төвдөө томоохон гүүрэн гарцууд барьсан боловч түгжрэл улам нэмэгдсэн гэдэг.

Арслантай гүүр орчмын хоёр явган гарцын нэгийг арилгасан байна . Одоо түүгээр машин саадгүй нэвт гардаг боллоо ч, хэдхэн секундын дараа зүүн тийш Бөхийн өргөөний уулзвар юмуу, баруун тийш Багшийн дээдийн уулзвар дээр очоод л гацна. Шулуун замаар хэчнээн хурдан явлаа ч, уулзвар дээр очоод саатахаас хойш ялгаа байхгүй. Зам өргөн байх, нарийн байх нь чухал биш. Ногоон гэрэл асах хооронд уулзвараар хэдэн машин гарч амжих вэ гэдэг л үндсэндээ хөдөлгөөний нийт хурдыг шийдэх юм.
Манай голлох уулзварууд цагт дунджаар 6000 машин нэвтрүүлэх хүчин чадалтай. Иймд замын шулуун хэсэгт 40 км цагийн хурдтай ч явсан, 60-тай ч явсан, цаад уулзвар дээр очоод “ээлжээ хүлээн” зогсохоос хойш бөөндөө аажуухан явж байвал таарна. Бензин идэлт болоод аюулгүй байдал талдаа харин ч сайн. Бөхийн өргөө дээр баруунаас хойш эргэхэд зургаан машин гардаг бол зургаа гарна. Тийшээ "нисч" очлоо гээд нэмэргүй. 2012-2016 онуудад "Гудамж" төслөөр нэлээд хэдэн уулзварыг өргөтгөн шинэчилсэн нь үр дүн өгсөн. Гэхдээ бас түүнд ч хязгаар бий.

Түгжрэлийг бууруулах хамгийн найдвартай арга бол нийтийн тээврийг хөгжүүлэх явдал юм. Дээр нь явган зорчих орчинг сайжруулах, дугуй гэх мэт бусад хөнгөн тээврийн хэрэгслийг дэмжих арга байж болно.
Өнөөдөр Улаанбаатар хотод 1000 орчим автобус үйлчилгээнд гарч байна. Энэ 1000 автобус нийт зорчигч хөдөлгөөний 50 хувийг өөр дээрээ үүрч байна. Нийслэлийн хэмжээнд өдөрт 400 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэдэг статистик тооноос харахад ганцхан автобус цаанаа 300 орчим автомашины хөдөлгөөнийг дааж байгаа юм (ачааны болон тусгай зориулалтын машинуудыг бүдүүн тоймоор хасч тооцоход.

Гэтэл тэдгээр автобусны тал орчмынх нь ашиглалтын нас өнгөрчихсөн, парк шинэчлэл хийх шаардлагатай, утаа угаар гаргасан, битүүмж муутай хүйтэн, бохир заваан, жолооч нар нь ааштай, явалт нь огцом бөгөөд гэмтэж бэртэх эрсдэлтэй. Карт цэнэглэх газар нь олдохгүй. Таван хүний хоёр нь бэлэн мөнгө жолоочид атгуулж, ил хулгайг тэтгэсэн, автобус компаниуд нийслэлийн төсвөөс бэлэн татаас авдаг учир санаачлага байхгүй, түүнд нь жил бүр 90 орчим тэрбум төгрөг татаасанд өгч, нийслэлчүүдийн нуруун дээр томоохон ачаа болдог.

42 сая доллараар гүүрэн уулзвар барихын оронд нийтийн тээвэртээ хөрөнгө оруулалт хийсэн бол. Одоо байгаа 1000 автобусаа 1500 ч юмуу болгоод, богино рэйсэнд оруулж, цагийн хуваарийг нь мөрдүүлж, тасралтгүй эргэлддэг болгочихвол хүмүүс хувийн машинаа гэртээ тавьж, хувьсгалын унаандаа суух нь дамжиггүй. Тэгснээр ямар үр дүн гарахыг доорх зурагнаас харж болно. Ганц автобус л гудамж дүүрэн автомашины зайг хэмнэж байна!

 

Сэтгэгдэл бичих

arrow icon