Ямар ч утаа эрүүл мэндэд хортой. "Энгийн" нэг тамхи хүртэл. Зарим хотуудын орчны бохирдол өдөрт 25 тамхи татсантай тэнцдэг гэдэг. Улаанбаатарын хоолой хорсгом түүхий нүүрсний утаатай бол ярилтгүй. Уушги, зүрх судас, дотор эрхтний өвчлөл, согогтой ураг, эндэгдэл, дутуу төрөлт, хорт хавдар, бүр үхэлд хүргэх өндөр рисктэй гэдгийг сүүлийн жилүүдэд мэргэжлийн судлаачид, хэвлэл мэдээллээр хангалттай ярьсаар ирсэн, бүгд ойлгох асуудал тул энд товчлоё.
Харин шийдэл нь юу вэ гэдэг дээр нийгмийн зөвшилцөлд хүрэх нь хүн амын 50% нь цугларсан Улаанбаатарт (зарим аймгийн төвүүдэд ч) тулгамдсан асуудал юм.
Улаанбаатарын утаа бол ядуурлын үр дүн.
Ихэвчлэн орлого бага ѳрхүүд гэр хороололд нүүрс түлснээс үүдэлтэй. Гэхдээ утааг шийдэх технологи, арга олон бий. Хорт хавдар шиг шийдэлгүй зүйл биш. Гагцхүү зардлыг нь дийлэх үү, яаж санхүүжүүлэх вэ гэдэг л гол асуудал. Богино хугацааны шийдлүүд нь маск, агаар шүүгч, дулаалга, үр ашигтай зуух, сайн түлш гм зүйлс болно. Харин урт хугацааны суурь шийдэл нь орон сууц, утаагүй халаалга, татвар татаас гэх мэт эдийн засгийн инсентивүүд, хүмүүсийн боловсрол ухамсар болно. Аль ч тохиолдолд зардлыг санхүүжүүлэх орлого чухал юм.
Утааг шийдэх зардлыг санхүүжүүлэх орлогын жор уг нь маш энгийн: "Гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт сайн тат, Оюу толгойгоо бүү гацаа, Таван толгойг хѳдѳлгѳ, Гашуунсухайтын тѳмѳр замаа барь.
Тѳсѳв, банкны секторын санхүүгийн хязгаарлагдмал нѳѳцѳѳ дотоодын хэрэглээнд биш, аль болох экспортын орлого олох дэд бүтэц, үйлдвэрлэл, боловсролд зориул".
Учир нь орлого харьцангуй багатай, цѳѳн хүн амтай жижиг зах зээл дээр олон бараа бүтээгдэхүүн зарагдахгүй, компани дорвитой томрохгүй, үүнийг дагаад хүмүүсийн цалин орлого хурдтай сайжрахгүй. Иймд жижиг эдийн засгуудын хувьд дотоодоос биш, гаднаас орлого олох нь шийдэл болдог. Япон, Солонгос хүртэл хѳгжлийн эхэн үедээ экспортыг гол зорилгоо болгож байв. Орлого олох үйлдвэрлэл үйлчилгээгээ босгох анхны хөрөнгө оруулалтыг хийх дотоодын хуримтлал хангалтгүй улсуудын хувьд хөрөнгө оруулалт гаднаас татах нь (ГШХО) чухал шаардлагатай байдаг. Хятад үйлдвэрлэлээ анх босгохдоо гадны хѳрѳнгѳ оруулагчдыг ихээр татсан шалтгаан энэ. Монголын хувьд дэлхийн зах зээл дээр бараа үйлчилгээ зарах ур чадвартай ажиллах хүч, бүтээмжтэй салбар одоохондоо ховор тул уул уурхайн том төслүүд эхний алхам нь болно. Үүнээс олсон орлого нь дотоодын бусад жижиг үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, дараагийн экспортын салбарыг хөгжүүлэх, дотоодын ажлын байр цалин орлогыг өсгөх суурь, гарц болох юм.
Хэдийгээр байр орон сууц урт хугацаандаа утааны суурь шийдэл боловч орлого нь хангалттай биш, санхүүгийн чадвар бага үед үүнийг хүчилж хийх нь тѳсѳв, мѳнгѳ, санхүүгийн тогтворгүй байдал руу хѳтѳлж, эдийн засгийг хямрааж, ядуусын тоог нэмснээр урт хугацаандаа утааны шийдэлд сѳрѳг нѳлѳѳтэй. Байр байшинг ямар мөнгөөр барих вэ, зээлээр олговол тогтвортой ажлын байргүй тохиолдолд эргэн төлөлт нь хэвийн байх уу гээд олон асуудал үүсдэг. Ялангуяа хямд, үнэгүй зээл бол шийдэл биш: Цѳѳн хүнийг байранд орууллаа ч татвар тѳлѳгчдѳд хэт хүнд ачаа үүрүүлбэл эдийн засаг хүндэрч, олон хүнийг ядуурал руу түлхснээр яндангийн тоо буурахгүй. Эдийн засагт үнэгүй зүйл байдаггүй тул хямд, үнэгүй зүйлийн өртгийг татвар төлөгчид нугалж төлдөг. Учир нь зах зээлийн бус үнэ зах зээлд гажуудлыг бий болгож, үнэ ханшаар дамжаад давхар зардал төлөхөд хүргэнэ. Иймд утааг шийдэхэд тогтвортой эдийн засаг, ажлын байр, цалин орлого л чухал. Харин тэр хүртэл богино хугацааны түр аргуудаа сайн хэрэглэхээс өөр бодит шийдэл одоохондоо алга байна.
Сайжруулсан, шахмал түлш богино хугацааны нэг шийдэл боловч зарим хүн угаартаж нас барсан тохиолдол гарснаар олон хүн айж, эргэлзэх болов. Гэхдээ угаарын хийний шинжлэх ухааны зүй тогтлыг ойлговол олон мунхаг маргаан, шаардлагагүй айдас, гашуун зовлон хохирлоос ангид байх боломжтой. Жишээ нь, амьдрал үхэл яг зэрэгцэж оршоод, нэг томёогоор холбогддогийг дараах энгийн химийн процесс харуулна:
CO + O2 => CO2
Энд, O2 - амьдралыг тэтгэгч хүчилтѳрѳгч,
CO - амьдралыг устгагч угаарын хий,
CO2 - амьдралаас (амьсгалахад) ялгардаг хүлэмжийн хий.
Эндээс байгалийн хууль гэдэг гайхамшигтай, түүнээс айх биш зөв таньж мэдэж ойлгох нь хэр чухал вэ гэдэг нь харагдана. Ѳѳрѳѳр хэлбэл гал түлэх үед ялгардаг угаарын хий агаартай холилдохоор амьсгалах тоолонд биднээс гардаг ердийн CO2 болж хувирдаг гэсэн үг. Эндээс 2 дүгнэлтийг хийж болно:
1. Агаарын солилцоо муутай жижиг ѳрѳѳ, гараж гэх мэт газар угаарын хий алдагдвал хүнд аюултай тул пийшэн зуухаа сайн битүүлж, харин гадашлах урсгалыг хаахгүй байх;
2. CO нь хүчилтѳрѳгч хангалттай газар аюулгүй тул задгай агаарт хөөрсөн хойноо хотын бусад иргэдийг угаартуулахгүй. Дунд сургуулийн түмэн бодис (хими)-ийн энэхүү хичээлээ мартсанаас болж нийгмийг хамарсан асуудал үүссэн нь Монголд боловсрол хэр чухал болохыг дахиад л харуулж байна. Мөн зөвхөн түлшээр утааг 100% шийдэхгүй тул маск, утаа шүүгч, дулаалга гм бусад зүйлсийг ч мартаж болохгүй юм.
Сэтгэгдэл бичих