Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиерийн Ядуурлаас чинээлэг амьдрал руу: Эдийн засгийн хөгжлийг ойлгох нь хичээлийг үзэв. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд дийлдэхээ байсан манайд их дээд сургуулиудын хөтөлбөрт ийм хичээл маш хэрэгтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Хангалттай олуулаа үзэж, ойлгож байж л үр шимийг нь хүртэх уг хичээлийг Монголоос бүртгүүлж үзсэн хүмүүс нийт оюутнуудынх нь 0% байна.
Арван хоёр настайгаасаа ажиллаж эхэлсэн эцэг, эхтэй тэрээр гэрийнхнээсээ боловсролтой болсон анхны хүн нь. Гэвч өдгөө Оксфордод профессор болчихсон нь тэдний нийгмийн шилжих хөдөлгөөн тун сайн байгаагийн баталгаа. Харамсалтай нь бид саяхныг хүртэл, социализмын үед бүгдээрээ адилхан шахуу байснаа өдгөө өөр хоорондоо зиндаархах болж, даргын хүүхэд л дарга, харцын хүүхэд харцаараа үлддэг, шилжих хөдөлгөөн нь зогссон нийгэм рүү явж байна.
Түүхээсээ болоод ч юм уу тэрээр ядуурал, ядуу улсуудыг улс төржсөн эдийн засгийн засгийн (political economy) үүднээс судладаг. Түүний “Адагт үлдсэн тэрбум” (Bottom Billion) ном Интерномд бий.
Уг хичээлийг үзвэл яагаад МУИС, ШУТИС, Анагаах гэх мэт улсын сургуулиудыг хувийн өмчид шилжүүлбэл одоогийнхоосоо муудах болохыг ойлгоно. Учир нь хувьчлахад хэн, яаж, яах гэж авч байна гэдэг нь хамгаас чухал. Үнэхээр ч эдийн засгийн салбарт л гэхэд хувьчлагдсан Санхүү эдийн засаг, Хүмүүнлэгийн сургуулиуд ашиггүй салбарууд, оюутангүй багш нар, алсын хараагүй дарга нарыг тэжээх шаардлагагүй учир өндөр төлбөрөөрөө хамгийн сайн эрдэмтэн багш нарыг өндөр цалингаар татан, шинжлэх ухааныг Монголд хөгжүүлнэ гэсэн найдлага хэрэгжээгүй болохыг бид мэднэ.
Тэрээр байгалийн баялагийн үнийн супер мөчлөгийн өмнөхөн, 2001 он гэхэд OECD-ийн буюу баян улсуудын 2.59 км2 (1 square mile) газрын хөрсөн дор дунджаар 300000 ам. долларын баялаг байсныг дурдаад Африкийн яг ижил хэмжээний газар дор хэр их баялаг байсныг асууж байна (тэр үед тонн зэс 1580 доллар байсан. Харин үнэ 7331 долларт хүрсэн 2013 онд Монгол улсынх оргилдоо хүрч км-д ногдох нь 366538 доллар болсон байх.
Онлайнаанаар уг хичээлийг үзэж байсан 10 мянга гаруй оюутнуудаас нь ганц нь л эдийн засгийн Нобелийн шагналтан л тэр үед энэ нь 60000 орчим доллар байсан гэж зөв хариулав. Тэгэхээр яагаад өөрсдийнхөө газрыг ухахгүй Африк, Монгол мэт рүү улайрдаг юм бэ гэдэгт тэрээр мөн хариулж байна.
Энэ хичээл нь үнэгүй, ярианых нь текст нь хадмал учир англи хэл сурч байгаа хүмүүст тун хэрэгтэй юм. Хадмал текстийг нь Google Translate рүү хуулж оруулаад орчуулчих учир яагаад ядуу байгаагаа, яавал бүгдээрээ чинээлэг, шударга ардчилсан нийгэм рүү очихыг ойлгохыг хүссэн хүмүүст бүр ч их хэрэгтэй юм.
bayrlala. sonirhoj uzye ene amraltiin odruudeer