Нийтлэл 01 сарын 20, 2020

UNSICK PODCAST 21 : Монгол аав бүр тэтгэвэрт гардаг болоосой!

МОНГОЛ ААВ БАТ БА ФИНЛЯНД ХӨГШИН ОННИ ХОЁР

Бат эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон жирийн нэгэн МОНГОЛ ААВ. Тэрбээр 25 гаруй жилийн өмнө Бат барилгын компанид инженерээр ажилд оржээ. Ажилд ороод удаагүй байхад Финлянд улсын иргэн Онни хэмээх хөгшин эртэй танилцав. Онни бол 3-4 жилд нэг удаа ирж тэдний компанид зөвлөх ажил хийдэг нэгэн.

Энэ үеэр БАТЫН ААВ элэгний хавдараар эцсийн шатандаа оношлогдсон учраас нээх удахгүй өөд болов. Таагүй мэдээг сонссон хөгшин эр Онни ихэд цочирдон гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ аав чинь хэдэн насандаа өөд болчихов? хэмээн асуулаа. Энэ жил тэтгэвэрт гарч байгаа гэхээр 60-тай юм юмуудаа хэмээн Бат гуниглангуй хариулав. Би аавтай чинь ойролцоо настай юм байна, их залуу насандаа өнгөрч дээ хэмээн Онни хэллээ. Бат тэр яриаг өлгөн авч залуу нас ч юу байхав, алтан хайрцагийг нь нээлгэхэд насны тоо гүйцсэн байна гэсэн, гэхдээ манай улсын хүмүүс тийм өндөр наслаад байдаггүй, ялангуяа эрэгтэйчүүд хэмээн Бат англиар хариулаад тамхиа татахаар гарч одов. Финлянд хөгшин эрийн гайхах нь аргагүй биздээ, Финлянд улсын дундаж наслалт 81 учраас тэр.

Нэг мэдэхэд нүд ирмэхийн зуур 25 жил өнгөрч дээ. Монгол аав Батын тэтгэвэрт гарах хугацаа нь ч ойртож, Финлянд хөгшин эр Онни ч зөвлөх ажлаасаа энэ жил болихоор өргөдлөө өгсөн байв. Нэгэн өдөр Бат ажилдаа ирсэнгүй, маргааш өглөө бас ирэхгүй болохоор Онни учир байдлыг үүдний ажилтанаас тодрууллаа. Бат ах зүрхний шигдээс болж, улмаар эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар өнгөрсөн юм шиг байна хэмээн ажилтан хэлэв. Финлянд хөгшин эр Онни нэг л итгэж өгөхгүй санаа алдлаа.

МОНГОЛ ААВ БАТАД ЯГ ЮУ ТОХИОЛДОВ?

Тэр нэгэн орой Бат унтахын алдад ар нуруугаар нь эвгүй оргиж, амьсгал бачимдаж, дотор муухайрах шинж илрэхэд зүрх гэж бодсонгүй өдөр хэтрүүлж идсэн хоолноос болсон байх хэмээн боджээ. Шөнө дунд нэг л биш, зүрх юм шиг санагдахаар валидол хэлэн дороо тавиад өглөө эмнэлэг явья гэж бодоод унтахаар хэвтэв. Нээх удалгүй байдал бишдэж өглөөг хүлээх аргагүй болохоор тэр шөнө 103 дуудав. Түргэний эмч ирж үзээд даралт тогтмол, зүрхний цохилт бага зэрэг олширсон өглөө хүртэл ажиглая гэж хэлээд өвчин намдаах тариа тарьж өгчээ. Хэсэг хугацаанд өвчин намдсан боловч цээжээр тэсвэрлэхийн аргагүй өвдөж, нүд харанхуйлж эхлэх нь тэр. Шууд эмнэлэг очье хэмээн шийдээд эхнэрээрээ машинаа бариулаад явах гэсэн боловч ажлын цаг эхлэх дөхсөн болохоор түгжрэл ихэссэн аж. Арайхийж ойролцоо байрлах дүүргийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхэд эмч зүрхний шигдээс байна хэмээгээд сэхээний тасаг руу шууд авч орсон боловч төд удалгүй нас барах нь тэр.

МОНГОЛ ААВ БАТ ТЭТГЭВЭРТ ГАРЧ ЧАДСАНГҮЙ, ХЭНИЙ БУРУУ БЭ?

Энэ асуултанд хүмүүс янз бүрээр хариулах боловч зарим нэг нь мэдээж түргэний эмчийн буруу, яагаад гэвэл зүрхний шигдээсийг оношлохгүй өвчин намдаах эм тариад яваад өгсөн байна. Хэсэг бүлэг нь эрүүл мэндийн салбарын буруу. Нэг удаа өвдөөд очиход эмнэлгийн тусламж үйлчилгээ авна гэдэг чинь тийм амар зүйл биш. Нөгөө бүлэг нь төр засгийн буруу. Одоо ч хүртэл замын түгжрэлийн асуудлаа шийдэж чадаагүй, цаашдаа шийдэх эсэх нь тодорхойгүй. За тэгээд сүсэг бишрэлтэй нь насны тоо гүйцсэн биздээ, нас барах хугацаа дөхөөгүй бол тэр байтугай зүйл тохиолдсон ч амьд гардаг хойно.

Аргагүй дээ, энэ улсад амьдрахад эрүүл аюулгүй орчин бүрдээгүй, нийгмийн асуудал шийдэгдээгүй, хөгжих гэж сайн нь муутайгаа тэмцсээр байгаа улс. Тэр дундаа эрүүл мэндийн тогтолцоо бол бүр их асуудалтай. Тийм ч учраас өвөл болохоор нялхас шалаар нэг хэвтэж, хааяа өвдөөд очиход эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж бөөн хүнд суртал, биедээ анхаарал тавиад шинжилгээ хийлгэх гэхээр зөндөө оочир дугаар, арайхийж нэг үзүүлэх гэхээр эмч сувилагч нар ааштай гэж жигтэйхэн, хувийн эмнэлэгт очихоор хэдэн төгрөгийн цалин авдаг билээ дээ гэх мэт болж бүтэхгүй зүйл ганц нэгээр тогтохгүй.

Эмнэлгийн тусламж авч чадахгүй, тэтгэвэрт гарахаасаа өмнө нас барахад хүргэсэн гол буруутан бол Монгол аав Бат гуай та өөрөө гэвэл яадаг бол. Хатуу үг боловч үнэний ортой. Гэхдээ эрүүл мэндийн салбарын болж бүтэхгүй зүйлийг ерөөсөө өмөөрсөнгүй, энэ бүх зүйлд сайжруулах, засаж залруулах олон зүйл байгаа билээ.

ХЭРЭГ ЯВДАЛЫГ ДАХИН НЭГ ТОДРУУЛЬЯ?

Хэдэн сарын өмнөөс Батын цээжээр хөндүүрлэх болсон аж. Ажлаасаа нэг өдрийн чөлөө авч, оочир дугаарыг тэвчээртэй хүлээсээр дотрын эмчид үзүүлсэн боловч шинжилгээ бүрдүүлэх шаардлагатай болов. Шаардлагатай шинжилгээг өгөх гэсэн боловч овоо их оочир дугаартай, хувийн эмнэлэгт өгөх гэсэн боловч тэр бүх зүйлд хүрэлцэхээр бэлэн мөнгө байхгүй учраас дараа болохоос хэмээн хойшлуулав. Хойшлуулах бас нэг шалтгаан бол эмийн санчийн зөвлөсөн валидол хэлэн дороо тавихад зовиур намдааж байсан учраас тэр. Валидол хэлэн дороо тавьсаар овоо хэдэн сар өнгөрөв. Гэтэл тэр нэгэн орой зүрхний шигдээс болж дээрх харамсалтай үйл явдал тохиолдохыг хэнч мэдсэнгүй.

Батын амьдралын түүхийг сөхвөл таргалалтын 2-р зэрэгтэй, өдөр 3-5 ширхэг тамхи татна, сард 1-2 удаа архи хэтрүүлэн уудаг аж. Өглөө ажилдаа машинтайгаа явж, ажил тарахад түгжирч нэг юм орой гэртээ ирнэ. Хоолоо идчихээд буйдан дээр хэвтэн телевизийн суваг солингоо улс төр ярьж, болж бүтэхгүй зүйлийг шүүмжлэнгээ унтаад өгдөг. Батын амьдралд дээрх зүйлс өдөр бүр давтагдах буюу амьдралын хэмнэл ерөөсөө энэ. Амралтын өдрөөр эрүүл мэндээ анхаарч байгаа нэрийдлээр бага зэрэг алхана. Өдрийн од шиг эмнэлэгт хэвтэх үедээ олдсон ганц боломжоо бүрэн ашиглахын тулд дусал тариагаар бөмбөгдөж ядаргаа сайхан тайлагдлаа хэмээн бодно. Олон жил ажилсан боловч тэр бүр эрүүл мэнддээ мөнгө зарцуулж урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж чадсангүй, аргагүй бизээ авдаг жаахан цалин амьдралд хүрэлцэхгүй учраас тэр. Биеэр өвдөх зүйлгүй эрүүл учраас дэмий юманд мөнгө зараад яахав гэж өөрийгөө зөвтгөнө. Харин хэдэн жилийн өмнө байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгээр таргалалтын 2 зэрэг, цусан дахь өөх тос ихэссэн хэмээн оношдогдов. Эмчийн зөвлөсөн эмийг сар гаруй уусан бөгөөд бие өвдөөгүй учир тэр бүр эмнэлэгт очоогүй аж.

Харин Финлянд хөгшин эр Онни туранхайвтар, хааяа эм ууж, эмчид үзүүлж харагдана. 7 хоногт 2 удаа гүйж, ажилдаа ирэх, гэр лүүгээ явахдаа явган явах зуршилтай нэгэн. Зарим өдөр өөх тостой хоолноос татгалзаж алим, жимсгэнэ иднэ. Амралтын өдрөөр теннисээр хичээллэж, ууланд алхаж зураг авах хоббитой нэгэн. Зүрхний хэм алдагдалтай болохоор эмчийн хяналтанд эм тогтмол ууж, жил бүр урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, шаардлагатай эм, витаминыг хааяа нэг ууж харагдана.

ТЭГВЭЛ МОНГОЛ ААВ БАТ ЯАГ ЮУН ДЭЭР АЛДАВ?

Батыг ярихаас өмнө Финлянд улсын иргэн Онни яагаад одоо хүртэл амьд сэрүүн байна. БАТЫН ААВ нас барах үед, одоо ААВ БАТ нас барахад амьд сэрүүн байж л байна. Аргагүйшд тэр чинь Финлянд хүн, урт насалдаг улсын иргэн юм чинь. Тэгэхээр Монгол улсын иргэн богино насалдаг, энэ оронд амьдрахаар урт наслах боломжгүй гэж үү, ялангуяа ААВ НАР!

Тийм юм байхгүй, Монгол аав төдийгүй, энэ улсын иргэн урт наслах боломжтой, наслах ч ёстой. Яагаад гэвэл Монгол хүн, Финлянд хүн адилхан хоёр чихтэй, ганц хамартай, генетикийн хувьд адилхан хүмүүс. Монгол болон Финлянд улс ялгаагүй адилхан уулархаг, өвлийн улиралтай, эрс тэс уур амьсгалтай орон.

Тэгвэл Монгол хүн яагаад зүрх судасны өвчин (тархинд цус харвах эмгэг 2-р, зүрхний шигдээс 13-р, хэрх өвчин 12-р байр), хавдар (элэгний хавдар 1-р, ходоодны хавдар 1-р, улаан хоолойн хавдар 5-р байр) зэрэг эмгэгийн нас баралтаар дэлхийн бусад орнуудыг тэргүүлэх ёстой гэж (healthdata.org). Эдгээр өвчин удамшдаггүй, халдварладаггүй, харин халдварт бус эмгэг юм. Өөрөөр хэлбэл та бидний амьдралын өдөр тутмын хэв маяг, дадал зуршилаас шалтгаалдаг өвчин.

Тэгвэл Монгол аав Бат нь 60 наслахдаа 5000л тос ууж, 100000ш тамхи татаж, 3000л архи ууж, 200000цаг сандал дээр суужээ. Энэ хүнд зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн гэсэн эрүүл амьдралын хэв маяг ерөөсөө байсангүй. Дусал тариа хийлгэж, олон жил дараалан ажилсан атлаа зүрхний шигдээст хүргэж буй цусан дахь өөх тосоо бууруулах, таргалалт хэмээх эмгэгтэй тэмцэх юу ч хийлгүй өдий хүрчээ.

Харин Финлянд хөгшин эр Онни 80 наслахдаа 30000ш алим идэж, 100000км явган алхаж, 3000000км гүйж, амьдралынхаа 50000цагийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулжээ. Монгол аав Бат болон Батын аав хоёулаа нас барахад Финлянд хөгшин Онни байсаар байгаа шалтгаан бол ерөөсөө энэ. Онни бол эрүүл мэндийн боловсрол өндөртэй учраас эрүүл амьдралын дадал зуршил, хэв маягийг өөртөө бий болгосон хүн. Монгол болон Финлянд улсын иргэн энэ зүйлээрээ л ялгаатай юм.

Иймэрхүү өчүүхэн жижиг дадал зуршил урт наслуулах нууцыг агуулж байна гэж үү? Хариулт бол яг тийм, та бид эрүүл мэндээ хэдий сайн тордож арчилна төдий хэмжээгээр урт наслана гэсэн үг.

ТЭГЭХЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ТИЙМ ЧУХАЛ ГЭСЭН ҮГ ҮҮ?

Урт наслах, эрүүл амьдрахад нөлөөлөх хүчин зүйл бүхэлдээ далайд хөвж буй мөсөн уул гэж зүйрлэвэл ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ бол бидний нүдэнд харагдахгүй, далайн гүнд орших мөсөн уулын дийлэнх хэсгийг (60-70%) эзэлдэг (who.int). Мөсөн уулын орой хэсэг буюу далайн түвшнээс дээш бидний нүдэнд үзэгдэж буй хэсэг бол ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО юм. Эрүүл мэндийн даатгал, эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэх мэт тогтолцоо бүхэлдээ 30-40% хувь эзлэнэ гэсэн үг.

Харин мөсөн уулын орой хэсгийн өчүүхэн бага хувь (зураг дээрх улаан хэсэг) бол та бид нарын эрүүл энхийн манаанд зогсдог эмч, сувилагч нар шүү дээ. Таны эрүүл амьдрахад нөлөөлөх хүчин зүйлийн ердөө 5-10% хувийг бүрдүүлдэг хүмүүс. Тэд Монгол улсад эмч, сувилагч хийсэндээ болж бүтэхгүй зүйлийн хамгийн эхэнд өртөж, ачааллын ихийг үүрдэг боловч өчүүхэн бага цалингаар ар гэрээ авч явж буй хөөрхийлөлтэй хүмүүс. ТЭД НАРТАЙ МИНЬ ЭЕЛДЭГ ХАРЬЦАЖ БАЙГААРАЙ!

Мөсөн уулын орой, нүдэнд ил харагдаж буй хэсэг болох эрүүл мэндийн салбараа би өмөөрөхгүй ээ. Яагаад гэвэл засаж залруулах, бүтээж сайжруулах олон зүйл байна. Ийм учраас та нар минь эрүүл мэндийн боловсролоо сайжруулж иргэний нийгэмээ идэвхтэй байлгаж алдаа дутагдлыг засах, болж бүтэхгүй байгаа зүйлийг сайжруулах зэрэгт оролцоно шүү. Тухайлбал, сар бүр төлөгдөж буй эрүүл мэндийн даатгалын хуримтлал нь та биднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн хойно тусламж үйлчилгээ авах, хүндэрсэн үед хэрхэн үр дүнтэй зарцуулагдаж буйд хяналт тавих зэргээр идэвхтэй иргэний нийгмийн нэг хэсэг байгаарай. Харин салбарын минь болж бүтэж буй зүйлийг магтаж, дэмжиж, урамшуулж байхаа битгий мартаарай.

За тэгээд хамгийн чухал зүйл болох далайн гүнд орших харагдахгүй байгаа хэсэг буюу иргэн таны ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ. Дээр дурьдсан Монгол аав Бат, Финлянд хөгшин Онни хоёр зөвхөн энэ зүйлээрээ ялгаатай юм. Онни бол эрүүл мэндийн боловсрол сайн учраас юу хийхээ мэддэг буюу одоо тарьж буй үр нь өсөж томорсоор ирээдүйд эрүүл амьдралыг бүтээхэд нэн чухал гэдгийг мэддэг болохоор тэр. Жишээлбэл, ядаж л үнэн зөв нь мэдэгдэхгүй сүлжээний эмэнд хууртахгүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд таны эрүүл мэнд таны л гарт байдаг, та л түүнийгээ хайрлаж арчлахгүй бол өөр хэн ч анхаарахгүй!

МОНГОЛ УЛСАД ЭЕРЭГ ЗҮЙЛ ИХЭЭР АЖИГЛАГДАЖ АЙСУЙ.

Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш том бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөр, үндэсний хэмжээний чухал ажил ар араасаа хэрэгжиж, ахиц дэвшил ихээр ажиглагдах боллоо. Эрүүл мэндийг дэмжсэн сэтгүүлзүй хөгжиж, нотолгоонд суурилсан контент бүтээгч нар ихсэж, тэр бүү хэл телевизийн нэвтрүүлэг хийгддэг болжээ. Хэдэн жилийн өмнө та бид нотолгоонд суурилсан, мэргэжлийн хүний мэдээллээс илүүтэйгээр ходоодоороо хүчилтөрөгч авах, хавдарыг анагаах шидэт үрэл, арав давсан босоо аварга, дархлаа сэргээгч сүлжээний бэлдмэл зэрэг мэдээлэл авдаг байсан бол одоо тэр ч эмчийн ярилцлага, энэ ч эрдэмтэний нийтлэл зэрэг эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх олон ажлууд хийгдэж байна. Та бүгдийн эрүүл мэндээ анхаарах хандлага ч хүртэл өөрчлөгдөж сайжирчээ.

UNSICK PODCAST БА БИ ГЭЖ ХҮН

Миний бие ард иргэдийн эрүүл мэндийн боловсролд бага ч болов хувь нэмэр оруулахаар хичээхдээ 60 гаруй нийтлэл (ихэвчлэн авторгүй), 20 гаруй подкастын дугаар бэлтгэжээ. Unsick подкастыг давхардсан тоогоор 20000 гаруй хүн сонсож, 1000 гаруй хүн дагасан байна. Бид 2020 онд подкастаар дамжуулан зүрх судас, хавдар, нийгэмд тулгамдсан өвчин эмгэг, сэтгэлзүйн шинжлэх ухаан, эрүүл мэндийн даатгал зэрэг сэдвээр та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол олгохыг зорих болно.

Хэдэн жилийн өмнөөс үнэн зөв нийтлэл бэлтгэдэг байсан боловч өөрийнхөө нэрийг дурьдахгүй (авторгүй) байсаар нилээдгүй хугацаа өнгөрч өдий хүрчээ. Өөрийгөө дурьдахгүй байсан шалтгаан юу вэ гэж үү, яагаад гэвэл өөрийгөө голж мэргэжил нэгт нөхдөөсөө санаа зовсон учир. Хэр удаан чимээгүй явах вэ дээ гэж бодоод энэ удаа өөрийгөө танилцуулж цаашид эзэнтэй нийтлэл бэлтгэж байя хэмээн бодлоо. Намайг зүрх судасны эмч Ц.Сумъяа гэдэг. Би АШУҮИС-ийн зүрх судасны тэнхим/тасагт эмч болон багшаар ажилдаг. Миний бие та бүгдэд зөвлөгөө өгөөд байхаар тийм сайн эмч ч биш, эрдэмтэн ч биш, зүгээр л сайн эмч болохын тулд хичээж буй жирийн нэгэн залуу.

Тэгвэл яагаад эрүүл мэндийн боловсрол олгох гэж хичээгээд байгаа юм гэж үү, энэ зүйлд сэтгэлд шингэсэн нэг түүх байдаг юм. Тэр үед би гэж хүн зүрх судасны сайн эмч болохоор шимтэн суралцах үедээ хайрт аавыгаа зүрхний шигдээсээр алдахдаа ямар ч тусламж үзүүлж чадаагүй юм. Тэр үеэс л миний аавтай адилхан олон мянган МОНГОЛ ААВ НАР тэтгэвэрт гарахаасаа өмнө битгий бурхан болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг учраас тэр. Ядаж л 60-аас дээш насалж, тэтгэврээ авч байсан бол тэтгэврийн зээлээ тэглүүлэхээр сэтгэл нь догдолж баясаж байг л дээ? Энэ өчүүхэн зүйлийг хийхэд цаг ямагт ойлгож дэмждэг ханьдаа, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа.

 

(АУ-ны доктор, зүрх судасны эмч Ц.Сумъяа)

Apple podcast: https://apple.co/2PETmAJ

Youtube channel: shorturl.at/MX245

Сэтгэгдэл бичих

    • ЖАК
    • 2020-01-26

    Баярлалаа

    • ЖАК
    • 2020-01-26

    Баярлалаа

arrow icon