Нийтлэл 02 сарын 03, 2020

АМЬДРАЛ САЙХАН: Маш их өвдөлтийг сайн давсаны шагнал болгож бурхан надад бяцхан гүнж бэлэглэсэн

"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт 2 удаагийн хорт хавдар, 10 гаруй хагалгааны ард гарч, одоо 3 дахь хорт хавдартайгаа тэмцэж байгаа Б.Мөнхтуяа бүсгүйн яриаг хүргэж байна.

Эхний хавдарыг давсаны дараа охиноо төрүүлсэн болохоор тэр их зовлонг давж туулсаны шагнал болгож бурханаас бэлэглэсэн бэлэг бол миний охин гэж ойлгодог. Маш их өвдөж, өрөөсөн хөхөө тайруулсан надад үнэхээр хэмжээлшгүй аз жаргал байсан юм.Өмнө би тийм их, гайхалтай хайр байдгийг мэдээгүй. Зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайрыг гайхалтай хайр гэж төсөөлдөг байлаа.  Гэтэл охиноо өлгийдөн авах тэр мөчид үгээр хэлэмгүй гайхалтай, өөр хайр гарч ирсэн. Анх охиноо цээжин дээрээ авахдаа л охинтойгоо хийх зүйлсээ мөрөөдөж эхэлсэн. "Яагаад ч юм би охиноо урт шулуун үстэй охин болох байх гэж боддог. Тэр үед би бүх зүйлийн ард гарчихсан байх тул үсээ маш гоё урт ургуулна. Дахин хэзээ ч ийм богино болгохгүй". Тэгээд охинтойгоо эмэгтэй хүмүүсийн нууцхан мөрөөдлөө ярина. Охиныхоо анхны гэсэн бүхэнд би зөвлөгөө өгч хамтдаа нууцаа ярилцахыг маш их хүсэж байна. Ээжийгээ өвтгөхгүй гэсэндээ "фүү фүү" үлээе гэдэг тэр жаахан үрийн төлөө заавал амьд явах хэрэгтэйг ойлгож байна. Хүн чинь тэгээд ийм үед шүтлэггүй байсан ч шүтлэгтэй болж эхэлдэг юм билээ. Охиноо цэцэрлэгт өгчихөөд нарандаа сүү өргөөд “Нар ээж минь, өглөө бүр амьтай, амьгүй бүхнийг халуун элчээрээ дулаацуулдагт баярлалаа. Намайг  гэр бүлтэй минь хамт илүү их, урт удаан амьдруулж өгөөч” гэж гуйдаг.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon