Нийтлэл 04 сарын 10, 2020

COVID-19 Хятад болон АНУ эдийн засаг

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд буурч 2009 оны хямралын үеэс ч илүү хохирол учрах нь тодорхой боллоо гэж олон улсын байгууллагууд мэдэгдэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг оны өмнө Дэлхийн банк 2.5% байхаар таамаглаж байсан ч одоогийн байдлаар тус төсөөлөл дунджаар 0.3% болж буурсан. Дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон байгаа нь эдийн засгийн эрэлт талын шок бүх салбарт нөлөөлж байгаа юм. Улс орнуудын хувьд ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэгт оновчтой бодлого хэрэгжүүлэхийг хичээж байна.

Хятадын эдийн засаг
• COVID-19 вирусийн тархалт буурч, гаднаас зөөвөрлөгдөн ирснээс бусад дотоодын тохиолдол цөөн байгаа тул Хятад Улс Вухан хотоос бусад Хубэй муж дахь шилжилт хөдөлгөөний хорио цээрийн дэглэмээ 3-р сарын 25-ны өдрөөс эхлэн цуцалж, тус мужийн төв Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлахаар болсон.
• Эдийн засгийн идэвхжил хөл хорионоос болж буурсан тул Хятадын Ардын Банкнаас Хятадын эдийн засаг хурдан сэргэж, эдийн засгийн сэргэлтийг мөчлөгийг ‘V’ хэлбэртэй байх төлөвтэй гэж мэдэгдсэн.
• 3-р сард компаниудын Худалдан авалтын индекс /PMI/ хүлээлтээс давж 52-д хүрсэн /тус индекс 50-с дээш бол тэлэлт гэж үздэг/
• 03.28-ны байдлаар аж үйлдвэрлэлийн салбарын сэргэлт 98.6%, ажиллах хүчний бэлэн байдал 89.9% байгаа нь эдийн засгийн салбарууд алгуур сэргэх хүлээлттэй байна.
• Хятадын Ардын банкны зүгээс 3-р сард банкуудын Заавал байлгах нөөцийн хэмжээг үе шаттайгаар бууруулж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжижээ. Хубэй мужийн жижиг бизнесүүдийн НӨАТ-ыг тэглэж, бусад мужуудын жижиг бизнесүүдэд 3-р сараас 5-р сарыг дуустал НӨАТ-ыг 3 хувиас 1 хувь хүргэн бууруулсан.
2019 онд Хятадын эдийн засгийн өсөлт дунджаар 5 орчим хувьтай байх таамаглалтай байсан ч одоогоор тус таамаглал 2% орчим болж буурсан.

АНУ:
АНУ-н эдийн засгийн өсөлтийн таамаглал энэ онд 1.8%-с буурч дунджаар 0.7% байх төлөвтэй байна.
• АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдлийн тоо гуравдугаар сарын 21-ний өдрийг хүртэлх нэг долоо хоногийн хугацаанд 3.2 сая хүрч түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ 7 хоногт гаргасан судалгаагаар ажилгүйдэл 47 саяд хүрч ажилгүйдлийн түвшин 32.1%-д хүрэх магадлалтай байна.
• АНУ-н Холбооны нөөцийн банкнаас 03-р сарын 03-нд бодлогын хүүг 0.5% бууруулсан бол 03.15-нд дахин бууруулж 0.25-д хүргэлээ. Мөн 700 тэрбум ам.долларын Засгийн газрын бонд худалдан авах шийдвэр гаргасан.
• 3-р сарын 25- ны өдөр COVID-19-ийн тархалтаас үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулаx зорилготой АНУ-ын Сенат 2 их наяд ам.долларын дүнтэй эдийн засгийн багц арга хэмжээний тѳлѳвлѳгѳѳний тѳслийг батлав. Үүнд: дунд орлоготой иргэн бүрт 1200 ам.доллар, хүүхэд бүрт 500 ам.доллар, жижиг, дунд бизнесийг дэмжихэд 500 тэрбум ам.долларын зээл, тусламжийн сан үүсгэх, ажилгүйдлийн тэтгэмжийг 4 сараар сунгаж, нэмэлт 150 тэрбум ам.долларын сан байгуулах, эмнэлэг, эрүүл мэндийн хангамжид 150 тэрбум ам.доллар зарцуулах зэрэг багтжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon