Нийтлэл 06 сарын 08, 2020

Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн сонгогчийн зарим анализ

Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа эхэлж, улс төрийн намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулаад удаагүй байна. Орчин үеийн улс төрийн намууд анх Европт, дараа нь тив дэлхийн бусад хэсэгт үүсч, хөгжлийн хэд хэдэн үеийг туулж иржээ. Улс төрийн намууд үүсч буй болсон нь нийгмийн хөгжлийн тодорхой түвшингийн үр дүн гэдгийг улс төрийн сэтгэгчид 16-17 дугаар зууны үеэс тэмдэглэжээ.

УИХ-н өмнөх 7 удаагийн сонгуулийн үр дүнгээс харахад МАН, АН ээлжлэн засаг барьсан байдаг. Тухайлбал, УИХ-ын 1992-2016 оны сонгуульд МАН-аас /хуучнаар МАХН/ болон АН-аас сонгогдсон нэр дэвшигчдийн тоо ээлжит сонгуулийн хооронд ихээс бага руу, багаас их рүү шилжиж буй дүр зурагтай байгаа юм. 

Энэхүү хоёр намын хувьд ямар үзэл баримтлалтай вэ гэдэг анхаарал татдаг. Улс төрийн намыг үзэл баримтлалын ерөнхий хандлагаар нь Зүүний чиглэлийн (Социал демократизм, Cоциализм, Тоталитаризм), Төвийн (Консерватизм, Неоконсерватизм), Барууны чиглэлийн (Либерализм, Неолибератизм, Фашизм) гэж ангилдаг. Барууны чиглэлийн намууд хувийн өмч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, илүү либерал, төрийг оролцоог бага байлгах зохицуулалттай бодлогуудын хэрэгжүүлдэг. Харин зүүний нам нь том төрийг дэмждэг, иргэдэд илүү халамж олгох бодлого хэрэгжүүлдэг. Улс төрийн намууд өөрсдийн чиглэл, үзэл баримтлалаараа ингэж ялгардаг. Өөр өөр чиглэлийн, өөр өөр үзэл баримтлалтай гэдэг нь намуудын мөрийн хөтөлбөрөөс шууд харагдах боломжтой байдаг. Харин манай улсын голлох хоёр нам 1992-2016 оны сонгуулийн үр дүнг харахад хоёр намын систем тогтсон гэж үзэж болох ба чиглэл, үзэл баримтлалаараа ялгаа багатай байдаг. Бүгд нийгмийн халамжийг нэмнэ, цалин тэтгэврийг нэмнэ, төрийн хяналтыг сайжруулна, иргэдэд мөнгө тараана, та нар 1 саяыг тараах гэж байгаа юм бол бид нар 1,5 саяыг тараана гэх мэтээр явдгийг бид мэдэх билээ. Улс орны хөгжилд ардчиллыг бататган бэхжүүлэхэд намуудын төлөвшил, чиглэл, үзэл баримтлалын ялгаа нь ихээхэн чухал. 

Намуудын үзэл баримтлалаас харахад Монгол ардын нам нь зүүний чиглэлийн, Ардчилсан нам нь барууны чиглэлийн нам гэж ойлгогдоно. Гэвч, манай улсын намуудын хувьд чиглэл, үзэл баримтлалын ялгаа байхгүй мэт. Төлөөллийн ардчилалд сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих тул нам чухал байх суурийг эзэлдэг ба хүнээс илүүтэй намын бодлогыг харгалзах, мөрийн хөтөлбөртэй сайтар танилцах хэрэгцээтэй байдаг. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дээр ард иргэд өөрсдийн дүгнэлтийг хийн сонгуульдаа оролцоно.

Манай улсад УИХ-д олонх болсон намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр сул байдаг, ард иргэд ч түүнд нь хангалттай хяналт тавьж чадахгүй байна. Тухайлбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнд олонх болсон МАН-ын 44 хуудас бүхий “Бид хамтдаа чадна” мөрийн хөтөлбөр, АН-ын 39 хуудас бүхий “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр хэр биелэгдсэн талаарх албан ёсны мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны төдийгүй МАН, АН-ын цахим хуудаст огт байхгүй. Ард иргэд ч мөрийн хөтөлбөрийн биелэлтэд оноо өгөхөөс илүүтэй хувь хүнд нь оноо өгөх, хувь хүнийг нь буруутгах хандлага нэлээд байна. 

Иймд энэхүү нийтлэлээр МАН, АН буюу одоогийн эрх баригч намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээг сонгогчийн хувиар шүүн тунгааж, түүний хэрэгжих боломжийн талаарх саналаа хуваалцаж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.1-т “Сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна”, 38.2-т “Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” гэж заасан. Тэгэхээр, намуудын мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь 4 жилийн хугацаанд хэрэгжих боломжтой эсэх, хэрэгжилтийг нь хэмжих боломжтой эсэхэд голлон анхаарлаа.

А. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн зарим дүн шинжилгээ: 

2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрөө “Хүний хөгжил, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, мөн Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого” гэсэн 5 бодлогод суурилан бичжээ. Мөрийн хөтөлбөрийн 1.1-т “Орлоготой иргэн” гэсэн зорилт, арга хэмжээг тусгасан ба 1.1.1-т “Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална” гэжээ. Энэ зорилтод цалингийн хэмжээг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. 4 жилийн дотор хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдэг сонгогчдод чухал юм. Сүүлийн жилүүдэд цалинд өөрчлөлт орсон хэдий ч, жишээлбэл иргэн Б сард 600,000 төгрөгийн цалин авдаг байсан бол цалингийн тоон хэмжээ 800,000 болж, 200,000 төгрөгөөр өссөн мэт харагдаж буй хэдий ч 600,000 төгрөгтэй байхад 1 америк доллар 1800 төгрөгтэй тэнцдэг байсан бол цалин 800,000 болоход нэг америк доллар өнөөдрийн ханшаар 2815 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр 600,000₮=333$-той тэнцсэн, 800,000₮=284$ болсон нь өсөлт үү эсвэл бууралт уу гэдэгт тодорхой хариулт болж байна. Тэгэхээр дээрх зорилтод төгрөгийн хэмжээ нэмэгдэх нэрийн дор төгрөгөөр эд зүйл худалдан авах чадварт хэр эерэг өөрчлөлт гарах нь бүрхэг байна.

Хөтөлбөрийн 1.1.2-т “Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна” хэмээн заажээ. Гэвч, 2016-2020 оны хооронд МАН-ын хувьд парламентад дийлэнх /65/ олонхийн суудал авсан хэдийн ч цалинг нэг дахин ч нэмэгдүүлж чадаагүй. Манай улсын эдийн засаг нь уул уурхайгаас бүрэн хараат гэдгийг бид мэдэх ба Монгол Улсын санхүүгийн үзүүлэлт ч үүнийг батална. Иргэдийн орлогын нэмэгдүүлэхийн яг юу хийх вэ гэдэг нь ихэд чухал. Сонгууль бүрээр намууд эдийн засгаа сайжруулна, солонгоруулна гэдэг ч тодорхой ажил хийдэггүй. МАН дээрх зорилтыг юун дээр үндэслэн гаргаж ирсэн бэ? Магадгүй Оюу толгой шиг мега төсөл хэрэгжүүлэх үү? Эсхүл өнгөрсөн жилүүд шиг яриад л өнгөрөх үү?

Хөтөлбөрийн 1.1.3-т “Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно” хэмээсэн. Бага, дунд орлого гэдэгт хэчнээн хэмжээний орлогыг хэлж байна вэ? Монголчуудын олноороо ажил хийхээр зорьдог БНСУ-тай харьцуулж байна уу, БНХАУ-тай харьцуулж байна уу? Эсвэл саяхан хөрөнгө орлогын мэдүүлэг нь ил болсон олон сая, тэрбумын хадгаламжтай зарим нэр дэвшигчийн орлоготой харьцуулж байна уу? Статистикийн мэдээллийн сангаас харахад, улсын хэмжээнд нэг өрхийн дундаж орлого 1,343,428 төгрөг байна. Энэ нь гэхдээ нэг өрхөд хамаарах хэмжээ. Иргэнд энэ хэмжээг хэд гэж үзэх вэ? иргэдэд банк зээл олгох нь шийдэл биш, харин иргэд зээл авахааргүйгээр өөрийн үндсэн орлогоор ажиллаж, амьдрах боломжтой байх буюу банкнаас авсан зээл нь эдийн засгийн дарамт болохооргүй байх нь жинхэнэ дэмжлэг байх болов уу.

Хөтөлбөрийн 1.1.8-д “Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна” гэжээ. Орлого багатай иргэдэд хэн хамаарах вэ? Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй. Энэ нь “төр оршихуй дор татвар буй, татвар буй дор төр оршихуй” ёстой холбоотой зохицуулалт юм. “Орлого багатай” гэдэг нь иргэний татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх нөхцөл болохгүй. Харин орлогод нь тохирсон буюу хувь тэнцүүлсэн татвар ногдуулах нь шударга байна. Тодруулбал, орлогын татварын хэмжээ нь баян нь улам баяжих, ядуу нь улам татварын дарамтад орохоос сэргийлэх хэрэгтэй байна. Түүнчлэн төрөөс хураасан татвартаа нийцсэн үйлчилгээ үзүүлэх, иргэдийнхээ нийгмийн баталгааг бүрдүүлэх нь илүү чухал байна.

Хөтөлбөрийн 1.1.11-т “Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ” гэжээ. Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 282.2-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байж болохгүй. Тэгэхээр “мөнгө хүүлэлт” гэдгийн цаана зээлийн хүүгийн хэмжээ ямар байх нь тодорхойгүй байна. Нөгөө талаар иргэд хүссэндээ мөнгө хүүлэлтийн хохирогч болоогүй, төрөөс ийм зээлийн хохирогч болгохоос сэргийлсэн нөхцөл бүрдүүлээгүй байгаа нь гол асуудал байна. Иргэд банкнаас зээл авах босго нь өндөр биш, зээлийн нөхцөл нь уян хатан байх, том зургаараа эдийн засгийн нөхцөл таатай байснаар мөнгө хүүлэлтийн хохирогч болох нөхцөл хаагдана. Тиймээс зөвхөн мөнгө хүүлэлтийг хориглох хууль гаргах нь дангаараа асуудлын шийдэл болохгүй.

Хөтөлбөрийн 1.1.13-т “Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ. Төрийн хувьд иргэдийг тэгш гараанаас эхлүүлэх нь төдийлөн чухал биш, харин барианд орох тэгш нөхцөл бүрдүүлэх нь илүү чухал байна. Учир нь хүн бүр тэгш гараанаас гараад тэгш барианд орох боломж харилцан адилгүй.

Хөтөлбөрийн 1.1.15-д “Оюу Толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ” гэжээ. Томоохон уурхайнуудын үйл ажиллагаанд төр оролцож буй нь өөрөө жижиг болон дунд бизнес эрхлэгчдийн зах зээлийн боломжийг хязгаарлах магадлалтай. Яагаад гэвэл манай эрх баригч намын УИХ-д суудал авсан гишүүд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас улаан цайм хулгай хийж байсан түүх нь нэн шинэхэнээрээ байх төдийгүй иргэдийн боломжийг хулгайлсан тэрхүү хүмүүс бүрэн хариуцлага хүлээгээгүй. Дээрх заалт нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сан дээр гарсан хулгайг давтах магадлалыг бий болгох эрсдэлтэй. Бидний нэгэн мэдэх зүйл бол төрөөс хулгай хийсэн, бусдын боломжийг хулгай хийсэн хүмүүс хариуцлага хүлээдэггүй. Энэ нь шудрага ёсны үнэ цэнийг үгүй хийж буй хэлбэр мөн төдийгүй эрх мэдэлтэй, мөнгөтэй гэдгээрээ далимдуулан хуулийн дээр оршиж буй явдал юм. 2016-2020 оны эрх баригч намын гишүүд нь ЖДҮХС-гаас хулгай хийсэн, түүндээ хариуцлага хүлээхгүй байгаа нь нэн харамсалтай. 

Дээрх МАН-ын хөтөлбөрт тусгасан орлоготой иргэний талаарх зорилт, арга хэмжээ нь эхлээд уншихад ихээхэн сайхан санагдаж буй хэдий ч яг биелэгдэх боломжтой юу, хэр тодорхой зүйл вэ гэдэг нь асуудалтай байна. 

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.2-т “Хуримтлалын нэгдсэн сан ба орон сууцтай өрх” гэсэн зорилт, арга хэмжээг тусгажээ. Үүний 1.2.5-д “Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно” гэжээ. Энэ зорилт биелэгдвэл олон залуусын амьдралд эерэг өөрчлөлт гарах хэдий ч 2016-2020 онд ипотекийн зээлийн хүүг яагаад бууруулаагүй нь сонирхолтой. Ер нь зээлийн хүүг ямар нэгэн нам гарч ирээд л багасгачихдаг, тэгэлчихдэг байсан бол амар ч юм уу?

МАН-ын мөрийн хөтөлбөрт орлоготой Монгол иргэн бий болгоход шаардлагатай мега төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байгаа нь нэлээд таатай. Жишээлбэл Оюутолгойтой дүйцэхүйц хэмээн яригдаж,бичигдэж байгаа “Хармагтайн Орд” газар болон бусад мега төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн байна. Манай улсын хувьд уул уурхайн нөөц баялаг давуу тал гэдгийг бид мэднэ. Том мега төслийг хэрэгжүүлэхэд гадны хөрөнгө оруулагчид шаардлагатай. Том төсөлдөө хөрөнгө оруулалт татах замаар гуравдагч хөршийн бодлогыг ч бататгах боломжтой. Манай улсын хувьд гадаад орчинд нэр хүнд муутай байгаа. Учир нь засгийн газар олон удаа солигддог, бодлого, үйл ажиллагаа нь тогтворгүй. Засгийн газар олон удаа солигддогийг намын санхүүжилтын холбон тайлбарлах боломжтой ба том зургаараа намын төлөвшилтийн асуудал ямар чухал гэдгийг харж болно. Мега төсөл хэрэгжүүлэх боловсон хүчний асуудал дээрээ бид мөн анхаарах ёстойг гаднын олон тайланд анхааруулсан байдаг.Мега төсөлд засгийн газрын өмнөөс гарын үсэг зураг хүмүүсийг нь буруутгах хандлага байдаг, уг нь тэр үеийн УИХ мөн засгийн газрыг институцээр нь ярих ёстой мэт.

 Хэрэв МАН ялаад Хармагтайн орд газрыг ашиглалтад оруулж эдийн засагт бодит өсөлтийг бий болгосон тохиолдолд “утопи” сонсогдож байгаа дээрх хөтөлбөрийн орлоготой монгол иргэн хэсэгт тусгагдсан зүйл заалтууд биелэгдэх боломжтой байж болох юм. 

Үүнээс гадна, МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймаг, дүүргүүдэд хийх ажлыг нэг бүрчлэн тусгажээ. Үүнийгээ “бүсчилсэн хөгжил” гэдэгт хамааруулж буй бололтой. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар зүйд зааснаар Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Гэтэл МАН 21 аймаг тус бүрт “ханлиг”-ийн бодлогыг төлөвлөж буй нь Монгол Улсад талцал, хуваагдлыг өөгшүүлэх, улмаар Монгол Улсын нэгдмэл байдлыг алдагдуулах үр дагавартай байна. Мөрийн хөтөлбөртөө хууль тогтоох байгууллага буюу УИХ-д шууд хамааралгүй ажил болох аймаг бүрт сургууль, цэцэрлэг барих ажлыг тусгасан нь засгийн газрын буюу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын ажлыг “булаасан” маягтай байна. Энэ нь төрийн захиргааны байгууллагын хийх үйл ажиллагааг хууль тогтоох байгууллагад хамааруулсан, улмаар эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэртэй байдлыг алдагдуулсан шинжтэй байна. “Бүс нутгийн хөгжил” гэдэг нь нэгдмэл хөгжлийн тухай бөгөөд аймаг бүрийн ялгаатай хөгжил, аймгууд дахь иргэдийн хуваагдал биш ээ. Мөн хууль санаачлан батлах зорилготой УИХ гишүүд нь баталсан хууль түүний үр дүнд бий болсон нийгмийн өөрчлөлтийг ярих болохоос биш танай аймаг, дүүрэгт сургууль, цэцэрлэг хэмээн гишүүний ажлын тайландаа оруулан бахархалтайгаар ярьдаг нь гутамшигтай. Ард иргэдийн сайн сайхны нийгмийн төлөө санаачилсан, баталсан хуулиа ярих ёстой шүү дээ. “Танай хороонд 50 хүүхдийн цэцэрлэг барилаа гэж ярих биш таны бизнес хийх тэгш боломжийг хангах үүднээс Өрсөлдөөний тухай хуулийг боловсронгуй болгон батлуулах үйл ажиллагаанд манлайлан ажиллалаа” гэх зэргээр тайлагнах ёстой. Сургууль, цэцэрлэг барьсан хэмээн УИХ-н гишүүд ярихаа больсон цагт Монгол хөгжлийн нэг шат ахина.  

Нөгөө талаар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх эрмэлзэл МАН-д бий юу гэдгийг урьд хийсэн ажлын байдлаас нь тодорхойлж болно. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3.3.4-т ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана гэжээ. Гэтэл МАН-ын даргын толгойлсон Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны ба үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид уучлал гуйлгах; сануулах хариуцлага хүлээлгэхээр заасан. Энэ нь бодит байдал ба мөрийн хөтөлбөрийн заалт хэр зөрүүтэй байгааг харуулж байна. Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил үйлдсэн бол хүлээлгэх одоогийн хариуцлагыг "чангатгах" биш, "өөрчлөх" хэрэгтэй.

Б. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн зарим дүн шинжилгээ: 

Ардчилсан нам нь 2000 оны 12 сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан хэмээн өөрийн түүхэндээ бичжээ. Ардчилсан нам өөрийн албан ёсны цахим хуудсанд үзэл баримтлалдаа “...Ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэх намын хүсэл зориг, чадамж намын дотоод ардчиллаар хангагдана гэдгийг иш үндэс болгон тулгуур үзэл баримтлалаа үйл ажиллагааны удирдлага болгон хэрэгжүүлэхээр тодорхойлов” гэсэн бөгөөд 2020 оны мөрийн хөтөлбөртөө баруун төвийн намын хувьд хэмээгээд хэрэгжүүлэх ажил, зорилго зорилтуудаа бичсэн байна. 

Сонгогчийн хувьд Ардчилсан намын эдийн засгийг сайжруулахад авах арга хэмжээ, мөн орлоготой монгол хүн бий болгоход авах арга хэмжээнүүд Ардын намтай харьцуулахад харьцангуй тодорхой, бас биелэгдэх боломжтой байна. 

Харин АН-н сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 4.1-т прокурорын байгууллагыг гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулна гэжээ. Гэтэл  прокурорын зохицуулалт нь Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг буюу “Шүүх эрх мэдэл”-д хамаарч байгаа. Эндээс харахад, прокурорыг гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газарт харьяалуулах нь Үндсэн хуульд нийцэхгүй байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,  эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх нь нам үл харгалзан, Монгол хүн бүрийн эрхэм зорилго юм. Харамсалтай нь сүүлийн 4 жилийн хугацаанд буюу 2016-2019 онд гэмт хэргийн улмаас нэг жилд дунджаар 32 мянга орчим, нийт 130 мянга орчим хүн хохирсон, 2514 хүний амь нас хохирсон нь эрх баригч намуудын мөрийн хөтөлбөрийн бодит үр дүнг илтгэж байна. Үүнийг хэрхэн, ямар бодит үзүүлэлтээр өөрчлөх нь дээрх хоёр намын мөрийн хөтөлбөрт тодорхойгүй, эргэлзээтэй байгааг нэр дэвшигчдээс сонгогч бид асууж, нэхэх ажил үлдэж байна.

 

Эцэст нь ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ажиллах нь намуудын үүрэг юм. Ардчилал бол хэн нэгний, нэгэн намын өмч биш. Ардчилал бол хүн төрөлхтний бүтээсэн үнэт зүйл юм. 

Ямар ч нам сонгуульд ялсан бай ардчиллын үнэт зүйл рүү халдах ёсгүй. Мөн Руссогийн хэлснээр хаан ч бай хунтайж ч бай хуулийн дээр орших ёсгүй. Шудрага ёсны үнэ цэнийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. 

 

Сонгогч Б.Хишигжаргал, Л.Галбаатар

 

P.S: Энэхүү нийтлэлийг бичигчид  нь ямар нэгэн нам, эвслийн гишүүд биш болно.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon