Монгол Улсын өмнө гурван чухал зорилт байна:
(1) 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-ийг амилуулах шүүхийн, намын зэрэг хуулийг сайн боловсруулж батлах;
(2) Ковид 19-ийн эсрэг ажлыг сайжруулах, ялангуяа Ковид-19-тэй тэмцэх тухай урт нэртэй хуулийн биелэлтийг хангах, түүний биелэлтийг УИХ сар бүр нээлттэй хэлэлцэх үүргээ биелүүлэх, гаднаас илүү олон иргэнээ авч ирэх, хамгаалах;
(3) мэдээж олон жил хуримтлагдсан өр дарах асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангах.
ҮХНӨ-ийн дагуу шинээр байгуулагдаж ажилдаа орж буй УИХ, Засгийн газар энэ хариуцлагыг үүрсэн шиг үүрвэл парламентын ардчиллаа бэхжүүлж тогтвортой хөгжих суурь тавигдана, үгүй бол байдал бүр хэцүүднэ.
Энэ УИХ, ЗГ нь ҮХНӨ-ийн ачаар урьд өмнөх УИХ, ЗГ-уудаас илүүтэйгээр ийм том хариуцлага үүрэх боломжтой болсон. Тухайлбал, Ерөнхий сайд бие дааж кабинетаа бүрдүүлж илүү тогтвортой ажиллах, сайн бодлого тодорхойлж чадвал үр дүнгээ үзэх боломж ч илүү нэмэгдсэн. УИХ-ын ч, ЗГ-ын ч дийлэнх нь харьцангуй шинэ, залуу (70, 80-аад оныхон) хүмүүсээр бүрдэв, мөн гишүүний эсхүл сайдын ажлыг сайн хийчихнэ гэж итгэл хүлээсэн хүмүүс ч харагдана. Гэхдээ, гол нь сайн бодлого боловсруулж хэрэгжүүлэх замаар дээрх болон бусад сорилтыг амжилттай давж чадах эсэх юм. Аливаа асуудлыг ултай шийдэхэд сайн судалгаа, бусад улсын сайн туршлага, Монголын онцлогт тулгуурлах, шаардлагатай хэмжээнд иргэдийнхээ санаа бодлыг харгалзах хэрэгтэй байх гэж бодно. Иймээс та бүхэн түүхэн хариуцлага хүлээж байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй болов уу.
Хууль дээдэлсэн, хараат бус шүүхтэй, хүний эрхийг хүндэтгэсэн, ардчиллаа бэхжүүлсэн, эдийн засгийн хувьд хөгжсөн улс болох энэ эрхэм үйлс хэрэгжихэд АН үнэт зүйлийнхээ дагуу жинхэнээсээ шинэчлэгдэж, сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэх нь маш чухал.
Өнгөрсөн хугацаанд ардчилсан үнэт зүйлийнхээ төлөө (жишээ нь, парламентын засаглалыг тууштай дэмждэг гэдгээ илэрхийлж) тууштай байгаагүй, зарчимч биш гэдгээ харуулсан этгээдүүд АН-ын толгойд гарвал шинэчлэгдэх бүү хэл юм болно, алсдаа бүр дор зүйл рүү түлхэнэ.
Сэтгэгдэл бичих