Нийтлэл 07 сарын 27, 2020

Язгуурын Монгол хүн нүүхдээ бууриа цэвэрлээд явдаг байсан!

Зуны найртай өдрүүдэд эрхэм дотны хүмүүсээ аваад хөдөө замд гарлаа. Аав ээжээс заяасан Арын сайхан, Өврийн сайхан, Булганы үзэсгэлэнт нутгаар аялахуй, хаа дуртай газраа майхан бариад буудаллах, загас бариад идэх, нүд баясган уужрах энэ их эрх чөлөө, элбэг баянд өөрийн эрхгүй талархан бахдана. Гэтэл очсон газар бүхэнд бидний урд чөтгөр хорлоод явсан аятай хог шил таарах бөгөөд, хүнгүй шахам газар хүртэл энэ байдал үзэгдэх нь үнэхээрийн жигшим! Хогоо ууталж аваад хөдөлнө, гэвч тавьж орхих зориулалтын газар бас олдохгүй. Сүүлдээ энэ төрлийн ачаа маань хуралдаж, тэрүүхэндээ асуудал болох янзтай. Яван явсаар нэг газар олсон нь сумын төвийн “хогийн цэг” буюу уулын энгэрээр асгалсан хогон далай (Архангай аймгийн Цэнхэр сум). Хань минь ийм газар хог хаяхгүй ээ, цааш аваад явъя гэв. Энэ янзаар бол 1500 км туулаад машиныхаа ард айраг цагаа, мах шөл биш, хог лааз ачсаар Улаанбаатар орох бололтой. Азаар Тэрхийн цагаан нуур ордгийн наана зориулж байгуулсан хогийн цэг таарч, баяр хөөртэйгөөр хогноосоо саллаа.

Зам зуур төв суурин газрын хогийн цэг гэж хаягдал нь энгэрээр нэг тарсан, ийш тийш хийссэн, байгалийг гутаасан газрууд байх нь зүрх зүсэм. Хотонт сумын ойролцоо гол дагаж буудаллах гэтэл өмхий үнэртээд явчихав. Газраа сольж, уул өөд тэмцэж ажиглаваас, голынхоо яг ай савд хур хог буулгасан харагдана. Гол үерлэхээрээ зардал мөнгө гэхгүй урсгаад өгнө гэж тооцоолоогүй л байлтай. Тавьсан хог нь салхины чиг, усны урсгалаа дагаад төв рүүгээ явдаг гээд бодохоор хэлэх ч үг үл олдоно.

Хогныхоо асуудлыг шийдэж чадахгүй байж хэдэн дүнчүүр, хэдэн тэрбумаар нь найр наадам, 90, 95 жилээ тэмдэглэх сумд. Түрүүлсэн бөх, морийг байлж хамгаа барих нутгийн зөвлөлүүд. Ийм чадамжгүй, сэтгэлгүй сумын захиргаа, хүн ард гэж байдаг бол 100 жилийн задарсан ой болохоос нь өмнө бүгдийг татан буулгаад, шинээр зохион байгуулбал таарна. Сум болгонд алба хаших байгаль орчны ажилтнууд уул уурхайн ч юмуу, бүтээн байгуулалтын компаниудыг дарамталж явахаар иймэрхүү асуудлаа шийдээд явдаг болоосой. Монгол Улсад 21 аймгийн төв, 330 сумын төв 400 орчим суурин газар хогон далайн эх сурвалж болж, гуравхан сая хүн нааш цааш зорчихдоо хог түгээгч болж байна! Харин ч залуусын маань ухамсар дээшилж, нэг үеэ бодвол хогоо энд тэнд хаяхгүй гартаа бариад, машиндаа ачаад явдаг болсон байна. Гэвч хаях газар нь алга. Оноосон газар нь хаялаа гэхэд нөгөөх нь эргээд л ийш тийш тарамдаж байгалиа бохирдуулж байна. Гадны боловсон жуулчид өмхийрсөн хогоо ачаад л Улаанбаатарт ирдэг. Аялах гэж ирсэн хүмүүст ямар л олиг байхав.

21-р зууны Монгол Улсад ядаж нэг ширхэг хог боловсруулах үйлдвэр алга! KOIKA-гийн шугамаар нэг жижиг үйлдвэр барихчаа аядсан, нөгөөх нь шатаад үнс болсон. Улаанбаатарчууд өдөрт 3000 тонн хог “үйлдвэрлэж”, Нарангийн энгэр, Улаанчулуутад булмар аядаад хог 100 хувь хог чигээрээ газрын дээр болон доор үлдэж байна. Хөдөө орон нутагт бол 100% салхинд хийсч, тарж байна.

Тэгвэл Шведэд нийт хогны 96 хувийг дахин боловсруулж, өөрөөр хэлбэл 4-хөн хувь нь хог болон үлдэх аж. Үйлдвэрүүдийнх нь хүчин чадал ихдээд одоо хог импортлон шийддэг, бас нэг бизнестэй болж. Японы хувьд түүнд хүрэхгүй нийт хогны 20 хувийг дахин боловсруулдаг ч, үлдсэнийг нь хэт өндөр температурт хайлуулж, эцсийн үлдэгдэл нь замын асфальт зэргийн материал болж байна. Бараг л 0% нь хог чигээр үлддэг болох нь. Хайлуулах явцад хорт хий, утаа ялгарахгүй ийм технологи хөгжчихөж.

Гэтэл 1.6 сая хүн амтай “орчин үеийн их хот” Улаанбаатар хогныхоо асуудлыг гаргуунд нь хаячихаад байна. 2017 онд “Хог хаягдлын тухай хууль” батлагдаж, ангилан ялгахыг үүрэгжүүлсэн ч, түүний хэрэгжилтийг хангах механизм алга, хэрэгжлээ гээд боловсруулах үйлдвэр байхгүй тул, ангилсан хогийг буцааж нийлүүлээд булах болж байна.

Хогноос гадна, айл өрхийн 60 хувь нь гэр хороололд буюу, ялгадас, бохироо хөрсөнд асган аж төрж байгааг нэмбэл бид чинь ер нь яачихсан улс вэ! гэхээс өөр үг олдохгүй. Өтгөн, шингэнийхээ 60 хувийг шийдэж чадаагүй хотыг орчин үеийн хот гэхэд хэцүү. Одоо хөрсний бохирдол гүний усны бохирдолд хүрэхэд тун ойрхон байна. Хэрэв нэг нэвчиж, гүний цэвэр ус бохиртвол бид УБ хотоос дайжих л үлдэнэ. Зүйрлэвэл манайх гаднаас харахад нээх тансаг, үнэтэй тавилгатай хэр нь, ноль нь өмхий ханхалсан, бохир, хамаг өрөө нь хогонд дарагдсан айл шиг, жигтэйхэн ганган хэр нь усанд орохгүй өмхий үнэртүүлээд явж байдаг хүн шиг л болчихлоо. Тиймээс ойрын жилүүдэд бидний хувьд шийдэх ёстой нэн чухал асуудал бол хог, хаягдал, бохирын асуудлаа шийдэх явдал мөн!

Ер нь тэгээдБайгаль орчин хариуцсан яам хогны асуудлыг шийдэх дорвитой бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол болохоо байлаа. Аймаг сум болгонд хогийн цэг байгуулах стандарт гаргая, үүрэг өгье. Тэндээс нь төвлөрсөн цэгт татаж, болвол хог ангилан ялгах авсаархан үйлдвэрүүд байрлуулъя, болохгүй бол ландфил буюу технологийн булалт хийдэг байя. Жижиг сумдад төсвийн ихээхэн дарамт учрах нь тодорхой. Тиймээс 2-3 сумдыг нийлүүлж, зарим нэг зардлаа дундаа хариуцах механизм гарцаагүй шилжиж таарна.

Өнөөдөр сайхан байгальтай нутгийн зон олон засмал замаар холбогдохоос айдаг болж. Жуулчид, аялагчид ирэхээр урьж биш, хөөж угтдаг болж. Нутгаа хайрлах тэдний сэтгэлийг ойлгоно. Гэтэл хэзээ байтлаа зах зээлийн нийгэмд аялал, жуулчлалын боломжийг зуурч авахгүй, займчин зугтдаг байлаа? Хаа газар аялал жуулчлал бол тухайн орон нутгийн эдийн засгийн том боломж байдаг. Ард иргэдийн орлогод чухал эх үүсвэр болдог. Манайд ийм биш байгаагийн шалтгаан бол ердөө тогтолцооны асуудал. Уг нь Хөвсгөлийнхөн хотоос аялагчид ирэхэд бөөн баяр угтах ёстой юм. Өнөөдөр тэгэхгүй байгаа нь ихэнх Хөвсгөлчүүдийн хувьд аялагчид ирлээ гээд тэдэнд ямар ч ашиггүй, амьдралд нь нэмэргүй байгаа учраас. Татварын, эдийн засгийн хөшүүрэг, зохицуулалт алга. Орон нутгуудад “хогны хураамж” авах эрхийг нь нээж өгөх ёстой. Түүгээр төвлөрсөн мөнгөөр хогныхоо асуудлыг шийдэх боломжтой болгох ёстой. Орон нутгийн иргэд хувьцаа эзэмшдэг аялал жуулчлалын, худалдаа үйлчилгээний компаниудыг бий болгох эрхийг нь нээж өгөх ёстой. Тухайн газар нутагт амралтын газар, бааз ажиллуулдаг бол тэр орон нутагтаа бүртгэлтэй байх, татвараа төлдөг байхыг шаарддаг болох ёстой. Харин эзэнтэй болгож байна гээд уулын ам, ой мод, гол ус байгалийн сайхныг хувь хүний, нэг хоёр гэр бүлийн өмчлөлд, эзэмшилд өгөхийг дэмжихгүй. Хашаа хороо татаад, алхаж гишгэх эрх зөрчөөд байдгийг бол эсэргүүцнэ. Монгол хүн болж төрснийх, уул модоороо чөлөөтэй алхмаар байна. Хүлээх ёстой хариуцлагаа хүлээж, төлөх ёстой хураамжаа төлөөд, эх орноо мэдрээд чөлөөтэй явнаа л гэнэ. Байгаль дэлхийгээ орон нутгууд хяналтдаа авч, эзэн нь юм бол эзэн шиг байж, төр-хувийн хэвшлийн зөв зүйтэй түншлэлээр эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглаж, эргээд хог хаягдлын асуудлаа хариуцаж ажиллах ёстой.

За тэгээд эцэст нь хүний ухамсарын асуудал. Сүүлийн 30 хүрэхгүй жилд 3 хүрэхгүй сая монгол хүн эх орноо хогийн бункер, хаягдлын далай болгож чадлаа. Тэр нь сая таван зуун хавтгай дөрвөлжин км бөгөөд 1 хүнд ногдох талбайгаар дэлхийд толгой цохих нутаг. Замын дагууд бол нэлэнхүйдээ, замгүй хүнгүй газраар ч шил лаазны хог заавал цухуйж хэвтдэг болсон.

Язгуурын монгол хүн нүүхдээ бууриа цэвэрлээд явдаг байсан. Өнөөдөр бол ганц хонохдоо хүртэл өөр хүн буулгахгүй гэсэн аятай байдгаар нь бохирдуулаад явна. Нэгэн цагт монгол хүний эдэлж хэрэглэж байсан зүйл нь сур, арьс, мод, чулуу гээд байгалийн гаралтай, хөрс дэлхийд уусан зохицохуйц байлаа. Өнөөдрийн бидний идэж ууж, эдэлж тансаглаж байгаа бүхэн шил, төмөр, пластик, есөн шид нь бүрдсэн химийн гаралтай, 1 хормын хэрэглээ 1000 жилийн хог болох зүйл болсон. 30 жилийн өмнө хувьдаа машинтай айл өдрийн од шиг байлаа. Одоо бол айл болгон л сайн муу төмөр унаатай, хүрэхгүй газар ч гэж үгүй болж, хөдөө хүртэл түгжирдэг болж.

Ядуурлаа гээд л орилолддог, харин ч галзуураад сүйд гэлтэй. Ахмад үеийнхэн дотор хог хаягдал хамаа замбараагүй хаях тухайд “засаршгүй гэмт этгээдүүд” олон байна. Гашуун ч гэсэн үнэн. Нэг үе тэр чигээрээ ийм л хүмүүжилтэй болсон байна. Тэгэхээр Боловсролын сайдаа, хүүхдүүддээ багаас нь хогны талаар ойлголт өгч, соёлжуулъя. Хичээлд нь түлхүү оруулъя. Тэд маань л итгэл найдвар болчихоод байна.

Хөдөө тал минь хогоор дүүрэн, хөвчийн ой минь шилээр дүүрэн. Хөрсөн доор хуванцар дүүрэн. Хүнийх нь сэтгэл шуналаар дүүрэн. Яндаж баршгүй далай шиг баян сайхан нутагт яасан мулгуу улс эзэн сууваа. Ингэж дуулаад сууж байхгүйсэн.

 

Сэтгэгдэл бичих

    • Монгол
    • 2020-08-07

    Язгуурын Монгол эр Япон майжиг хүүхэнд дэрлүүлж, Язгуурын Монгол эмэгтэй өмхий амтай хятад эрийн салтаанд хавчуулагдмой

    • Зочин
    • 2020-07-28

    Язгуурын монгол эр япон хүүхэн хайрладаггүй л бхгүй юу Тулгатаа

arrow icon