ХУВЬЦАА гэдэг уурын хөдөлгүүрээс дутахгүй орчин үеийг бүтээлцсэн, хүний сэтгэж олсон хамгийн агуу нээлтийн нэг. Хувьцаа баялгийг ардчилсан. Хувьцаа олон хүний дусал мэт хөрөнгө нийлж далай мэт их баялаг бүтээх боломжийг бий болгосон. 30 жилийн дараа Монголын эдийн засаг яагаад 15хан тэрбум долларт эргэсэн хэвээр байна? Яагаад өнөөдөр вакцинаа хүртэл үнэгүй гуйлгачилж авч байна? Яагаад гэвэл манайх яг энэ зах зээлийн голт багана, баялаг бүтээх хөшүүрэг болох хөрөнгийн захыг зохих ёсоор нь хийж амжаагүй. Хийж амжаагүй гэдэг нь компаниуд хувьцаанд задардаггүй, задалж жижиглэсэн хувьцааг эзэмших замаар нийт иргэд эдийн засаг, баялаг бүтээх процесст оролцдоггүйг, тийм процесс явагддаг зах зээл байхгүйг хэлж байна. Үнэт цаасны зах зээл гэдэг товчдоо ийм процесс явагддаг эко систем. Монголд санхүүгийн зах зээлийн 90-94 хувь нь өндөр хүүтэй банкнуудын хяналтад байна гэж жилээс жилд яригддаг. Энэ асуудал л гэхэд хэрэглэгчдэд бодитой үнэ цэнэ нийлүүлдэг, өсөх ирээдүйтэй компаниудад иргэд болон институцууд санхүүгийн илүү нөөцөөсөө хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулдаг, улмаар үйл ажиллагааг нь зах зээлийн механизмуудыг ашиглан хянадаг тогтолцооны орон зайг банкны салбар нөхөж байгааг илэрхийлнэ. Тэр ч утгаараа хөрөнгийн зах зээлийг зохих ёсоор нь хөгжүүлэхгүйгээр манай зах зээл, эдийн засаг хоёр нар үзэхгүй нь лав юм даг. Харамсалтай нь 1990-ээд онд цэнхэр ягаан тасалбар, сүүлдээ 1072 хувьцаа зэрэг төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд энэ системийг хөгжүүлэх байтугай улам бүр буруу ойлголт төрүүлж төөрөгдүүлсэн.
Сүүлийн үед харин Ард санхүүгийн нэгдэл зэрэг хувийн тоглогчид хүртэл угаасаа анхны зорилгоо ойлгож, хөгжиж амжаагүй нийгмийг хөрөнгийн зах зээлийн сүүдэртэй тал руу нь чирж харагдах боллоо. Сүүдэртэй тал гэдэг нь дээр дурдсан процессын дунд бий болдог үнийн өсөлт, уналтаас ашиг хийх спекюляц арилжааг хэлж байна. Хүний ашиг хийх хүсэл шуналд хөрөнгийн зах зээлийн үндсэн зорилго хэдэн удаа дарагдаж, хүн төрөлхтний баялаг, сайн сайхнаас хэчнээнийг залгисныг энд тоолж багтахгүй. Ерөнхий зүй тогтол гэхдээ ойлгомжтой. Санхүү, хөрөнгийн зах зээл гэдэг дээр дурдсан голч шугамаасаа хазайгаад ирэхээрээ л хөөсөрч, хямрал дууддаг.
Уламжлалт хямралууд уламжлалт мөнгө, үнэт цаасны үнийн хөдөлгөөнөөр үүсдэг байлаа. 2008 оны хямрал бол үүсмэл санхүү буюу үнэт цаасны эрсдэлийг нь бараа болгож давхар давхар арилжсанаас үүдсэн. Одоо үүн дээр крипто мөнгө гэж шинэ хүчин зүйл нэмэгдсэн. Гэхдээ биткоин зэрэг крипто мөнгөний онцлог нь ядаж л мөнгө "ховор байх" баталгааг mining систем дотор нь хийсэн бдаг. Мөнгө гэдэг ховор байж байж итгэлцэл хадгалдаг онцлогтой бараа. Сүүлийн 100 жилд зөвхөн уламжлалт мөнгөний хүрээнд л гэхэд засгийн газрууд мөнгөний ховор байх шинжийг нь бага багаар алсаар дэлхийн өр, инфляц дийлдэхээ больсон.
Гэтэл манайд технологийн болон эдийн засгийн баталгааны хязгаарлалт байхгүй зүгээр л худалдааны бонус оноог коин буюу санхүүгийн "хөрөнгө" болгож гаргаад, түүнийгээ төв банкны фиат мөнгөөр солих, дарах зэрэг юм хээв нэг хийж харагдах боллоо. Ав дар! гэдэг уриа бол бүр гэртээ нэг банкноот хэвлэчихээд, надад албан мөнгөө өгчих, энийг гэртээ дарчих гэж байгаагаас өөрцгүй хэрээс хэтэрсэн асуудал. Тэр авч дарахад хэрэглэгдэж байгаа мөнгөн хөрөнгө чинь дээр дурдсан бодит хувьцааг худалдан авах, тэр мөнгийг нь бодит үйл ажиллагаа явуулж, баялаг бүтээж байгаа компани хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр болгож үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг миний үзсэн номонд хөрөнгийн зах зээл гэдэг юм, зах зээлийн эдийн засаг гэдэг юм. Хэрэглэгчийн портфолиод технологийн ч, эдийн засгийн ч, компанийн үйл ажиллагааны ч баталгаагүй бонус орж, харин Ард санхүүгийн нэгдлийн баланст албан ёсны валют, мөнгөн хөрөнгө нэмэгдэнэ. Үүнийг хянадаг зохицуулдаг хороо нь ч таг чиг, Монголын төр даргаар дүүрэн ч тархиар хоосон. Дээр дурдсанчлан эдийн засгийн бүх биеийн цусны эргэлтийг хангаж байх үүрэгтэй санхүүгийн салбар өөрөө өөртөө үйлчилж, толгой руугаа цус юүлээд ирэхээр харвахын цондон болдог. Монголд харин бие ч биш, толгой ч биш Ард Ганхуягийн ав-дарт юүлдэг цоо шинэ үзэгдэл өрнөж байна. Хүний ав-дарт мөнгөө юүлэх дуртай хүмүүс “шинэ мөнгө” гаргасан авторууд өөрсдөө өрмийг хамж, бусдад хусам ногддог алтан дүрмийг уншиж биш гэхэд унаж байж сурах бололтой.