Нийтлэл 01 сарын 18, 2017

Бид амин дэм ба эрдсийг бэлдмэлээр авах шаардлагатай юу?

Бид зуу гаруй жилийн өмнө В1 амин дэмийн дутагдал бэрибэри гэх муухай өвчний шалтгаан болохыг олж мэджээ. Ийм өвчтэй хүмүүст хэт туранхай, сэтгэл санааны хувьд тогтворгүй, мэдрэлийн системийн доройтолтой, хөл гар өвддөг, сул дорой, зүрхний цохилт жигд бус гэсэн олон шинж тэмдэг илэрдэг. Голландийн эмч, эмгэг судлаач Кристиан Айкман ба Английн судлаач Фрэдэрик Хопкинс нар бэрибэри өвчний шалтгаан нь  хоол тэжээлд байх ёстой ямар нэг элемэнтийн дутагдал гэж тодорхойлсон бөгөөд 1907 онд Английн эмч Уилиам Флэтчэр Малайзийн сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдийг ажигласан ажиглалтандаа үндэслэн цагаан будааг хивэгнээс нь салгаж идэхэд бэрибэри өвчин тусч, хивэгтэй нь идэхэд өвчин эдгэдэг болохыг тогтоожээ. Будааны хивэг нь В1 амин дэмийн чухал эх үүсвэр юм. Тэр цагаас хойш олон төрлийн амин дэмийн дутагдал нь тодорхой өвчин үүсгэдгийг нээж мэдсэн бөгөөд орчин үед амин дэмийн бэлдмэл хэрэглэх, хоол хүнсэнд амин дэмийг баяжмал маягаар нэмэх гэх мэтийн арга хэмжээ авсаны үр дүнд амин дэмийн хурц дутагдал эрс ховордсон билээ.

Хоол хүнс судлалаар тавиад жил ажилласан АНУ-ын Оакландын хүүхдийн эмнэлгийн эмч Брүүс Эймсийн олон жилийн ажиглалт, судалгааны үр дүндээ тулгуурлан дэвшүүлсэн эрдэс, амин дэм болоод бодисын солилцооны тухай сонирхолтой таамаг бий. Түүний үзэж байгаагаар биохимийн бүх урвал ямар нэг микроэлемент (амин дэм, эрдэс) шаарддаг тул микроэлементийн хүрэлцээ тааруу үед эс байгаагаа юунд зарцуулж амьд гарах вэ гэсэн сонголттой тулгардаг гэнэ. Хамгийн түрүүнд эсийн амьдралд хамгийн чухал шаардлагатай урвалд микроэлементээ хэрэглэх бөгөөд яг айхавтар аминд тулсан биш ч яваандаа их чухал урвалууд хойш тавигдана. Ийм нөхцөл байдал удаан үргэлжлэхэд ДНХ, уургийн бүтцийн гэмтлүүд засагдахгүй явсаар эсийг үхэлд хүргэх юм уу, хорт хавдар бий болох боломж нээгдэж болно. Энэ нь товчхондоо амин дэм сох дутвал чийг бам, бэрибэри гэх мэт хурц өвчний суурь болох ба харин таг дутаагүй ч хүрэлцээ тааруу бол бодисын солилцооны доголдол мэтийн архаг өвчин үүсгэж болох юмаа гэсэн таамаг юм л даа. Чухам энэ таамаг амин дэмийн бэлдмэл хэрэглэх шаардлага байна гэсэн ойлголт өгч байна уу?

Амин дэм хүчилтөрөгчийн чөлөөт язгуурыг (ХЧЯ) саармагжуулах чадалтай антиоксидантын бүрэлдэхүүнд багтах тул ингэж таамаглах үндэслэл бас бий.  Эмийн үйлдвэрлэлийн хөгжлийн хурд сүүлийн 30 жилд хүн амын дунд эрүүл мэндийн ямар нэг асуудлыг эм бэлдмэлээр засаж болно гэсэн итгэл үнэмшил бий болгосон бөгөөд зөвхөн АНУ-д л гэхэд амин дэм болоод микроэлементийн бэлдмэл үйлдвэрлэдэг жилд 100 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг том салбар бий болжээ. Өнөөдөр америкчуудын 50% нь ямар нэгэн амин дэм, микроэлементийн бэлдмэл хэрэглэдэг гэсэн тоо баримт бий. Манай улсын хувьд тоо баримт тодорхой бус ч тийм бага байхгүй  л болов уу. Наад зах нь ядарлаа гээд  эмнэлэгт хэвтэж, амин дэм тариулж “тэнхэрдэг” өвөрмөц зуршил  бий.

Амин дэм, эрдэс бодис хүний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой ч ингэж ихээр хэрэглэх шаардлага бий юу? Амин дэм, микроэлементийн бэлдмэл тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ямар нэг мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэггүй болохыг олон судалгаагаар нотолсон боловч амин дэм хэрэглээний талаарх санал асуулганд оролцсон ийм төрлийн бэлдмэл хэрэглэгчдийн 71% нь амин дэм хэрэглэхээ зогсоохгүй гэж хариулсан байдаг. Энэ нь маркетинг, зар сурталчилгаа шинжлэх ухааны баталгаа нотолгооноос илүү хүчтэй гэдгийг харуулсан тод жишээ юм.

Тэгэхээр амин дэм антиоксидант учраас залуужуулах ид шидтэн мөн үү? Антиоксидантийн ид шидийг аминд дэм, эрдэс бодис агуулсан бэлдмэл, жимс, ногооны шүүс, янз бүрийн өглөөний хоол хийж зардаг олон компани "залуужуулна", "биеэс хортой бодисыг зайлуулна" гэх зэргээр тун шаргуу сурталчилж, тэр хэмжээгээр иймэрхүү бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа билээ. Өглөөний хоолны сереалийн сурталчилгаа бүр атга нэрс бүхий зураг агуулдагийг та анзаарсан уу? Сүүлийн хэдэн жилийн турш нэрсийг антиоксидант ихээр агуулсан сүпер хүнсний жагсаалтны дээгүүр бичигдэж байгаа жимс юм. Антиоксидантийн шидэт чанар хүний биеийн эд эс дэх ХЧЯ-ын исэлдлийн стрессийг саармагжуулах чадалтай тул хөгшрөлтөөс сэргийлнэ гэсэн тайлбар бий. Ургамлын антиоксидантууд нь фотосинтезийн үед үүсэх ХЧЯ-ыг саармагжуулах үйчилгээтэй тул хүний бие махбодид ижил нөлөөтэй гэсэн ойлголт түгээмэл.

Гэтэл бидний биеийн эд, эрхтэн бүр өөр өөрийн арга замаар ХЧЯ-ыг бий болгох бөгөөд антиоксидантийн хэрэгцээ тэр хэрээрээ эрхтэн тус бүрт өөр байна. Антиоксидант өөрөө мөн олон төрөл, төлөв, хэлбэртэй учир тэдгээрийн урвалд орох чанар бас ялгаатай. Өнөөдөр олон төрлийн антиоксидантийн бодисын солилцооны эмгэгийн эмчилгээнд хэрэглэх боломж, үр дүнгийн талаар мөн маш олон судалгаа явж байгаа ч одоогоор бодитой эерэг үр дүн харагдаагүй байгаа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй [1]. С болоод Е амин дэм бол тосны перкесжих урвалаас сэргийлдэг (энэ нь арилгасан төмс харладагтай ижил урвал) тул инсулин мэдрэх чадварын доройтол болоод зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байх ёстой гэсэн таамаг дэвшүүлж хийсэн судалгааны үр дүн бодсоноос эсрэгээр гарчээ [2]. Тэр бүү хэл бэлдмэл хэлбэрээр өндөр тунгаар хэрэглэсэн Е амин дэм нас баралтын өсөлттэй хамааралтай бөгөөд Е амин дэм, селениум эрдсийн бэлдмэлийн хэрэглээний үр ашгийн судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хавдрын эрсдэл 17%-иар өссөн байна. Одоогийн байдлаар амин дэм, эрдсийн бэлдмэлийн хэрэглээ бодисын солилцооны эмгэгийн эмчилгээнд ямар нэг эерэг нөлөө үзүүлсэн баримт нотолгоо байхгүй. Харин фолийн хүчлийн бэлдмэл нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг болсон цагаас хойш нугасны ивэрхийтэй хүүхэд төрөх тохиолдол багассан нь яах аргагүй үнэн билээ. 

D амин дэм

Олон өвчнийг анагаах чадалтай гэж их ярьж бичиж байгаа D амин дэмийн дутагдал хүүхдийн сульдаа өвчний үндсэн шалтгаан юм. Хүн өөрт хэрэгцээтэй D амин дэмийн ихэнхийг нарны гэрэлд байснаар, бас багахан хэсгийг нь хоол хүнснээсээ авдаг. Өнгөрсөн зууны хориод оны үеэр эмч нар өдөрт нэг халбага сагамхай загасны тос уухад сульдаа өвчнөөс сэргийлдэг болохыг ажигласан бөгөөд сүүлд тавиад оны үед өнөөх нэг халбага тосонд 400 нэгж D амин дэм агуулагддаг болохыг нээж сульдаа өвчний шалтгааныг олж мэдсэн гэдэг. Хүнд өдөрт хэр их D амин дэм шаардлагатай нь одоо ч тодорхойгүй бөгөөд зарим зөвлөмжинд 400 нэгж гэдэг бол зарим нь 800 нэгж байх шаардлагатай гэж үзэх нь бий. Манай орны хувьд газар зүйн байрлал, нарны туяаны тусах өнцгөөс хамаарч D амин дэм нийлэгжүүлэгч туяа ялангуяа өвлийн цагт бага байдаг тул дутагдалд орох эрсдэлтэй бүс нутагт хамаардаг.

D амин дэм олон төрлийн архаг хууч өвчинд эерэг нөлөөтэй байдаг тухай ажиглалтууд бий. Хүний цусан дах D амин дэмийн төвшин чихрийн шижин, цусны даралт ихсэх болоод зүрх судасны өвчинтэй урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр өвчний тархалт нь D амин дэмийн дутагдалтай давхацдаг гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд D амин дэмийн дутагдал өсч байгаа нь нарны туяа арьсны хорт хавдар үүсгэх нөхцөл болдог тул наранд биеэ шарахаас зайлсxийх, нарны туяанаас хамгаалах тос хэрэглэхийг зөвлөдөг болсон бөгөөд бас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ багассантай холбоотой гэж судалаачид үздэг байна. Сүүний хэрэглээ багасахад чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээ эсрэгээр өссөн тул бодисын солилцооны эмгэгт чухам D амин дэмийн дутагдал, чихрийн хэрэглээний аль нь илүү нэрмээс болоод байгааг тогтооход бэрх.

Хэдий цусан дах D амин дэмийн төвшин насанд хүрэгчдийн эрүүл мэндийн тодорхой үзүүлэлттэй хамааралтай байдаг ч D амин дэмийн бэлдмэлийн үр ашиг тийм ч тодорхой бус. Тэгэхээр D амин дэмийн дутагдал нь өвчлөл нэмдэг гэхээсээ илүү энэ дутагдал өөрөө өвчний шинж тэмдэг байж болох юм гэсэн таамаг бас бий. Бага насны хүүхдийн нарны гэрэлд хангалттай удаан байж чаддаггүй бол бэлдмэл шаардлагатай. Өдөрт 15-20 минут гар нүүр ил гарсан байдалтай наранд байхад л өдрийн хэрэгцээгээ хангана гэсэн тооцоо бий. Өндөр настнуудын хувьд D амин дэмийн бэлдмэл хэрэгэлдэг бол нас баралт багахан хэмжээгээр буурдаг гэсэн нэг судалгаа бий, тэгэхээр энэ бүлэгт хэрэглээ чухал байж болох юм.

 

 

 

Товьёог

  1. Davì G, Santilli F, Patrono C.

Nutraceuticals in diabetes and metabolic syndrome.

Cardiovasc Ther. 2010 Aug;28(4):216-26. doi: 10.1111/j.1755-5922.2010.00179.x. Review.

PMID: 20633024

 

  1. Gee PT.

Unleashing the untold and misunderstood observations on vitamin E.

Genes Nutr. 2011 Feb;6(1):5-16. doi: 10.1007/s12263-010-0180-z.

PMID: 21437026

  1. Mursu J, Robien K, Harnack LJ, Park K, Jacobs DR Jr.

Dietary supplements and mortality rate in older women: the Iowa Women's Health Study.

Arch Intern Med. 2011 Oct 10;171(18):1625-33. doi: 10.1001/archinternmed.2011.445.

PMID: 21987192

  1. Bjelakovic G, Nikolova D, Gluud LL, Simonetti RG, Gluud C.

Antioxidant supplements for prevention of mortality in healthy participants and patients with various diseases.

Cochrane Database Syst Rev. 2012 Mar 14;(3):CD007176. doi: 10.1002/14651858.CD007176.pub2. Review.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-01-25

    2012 оноос хойших судалгааны үр дүнгээс яагаад ашиглаагүй юм бол?

    • Зочин
    • 2017-01-20

    Амин дэмийн асуудал дээр яагаад ийм бөөрөнхий, орон гаран судалгаанууд бдгийм бол? Тийм тийм сайн, гэхдээ нотлогдоогүй нтр :))

    • zochin
    • 2017-01-19

    ymar undesleltei heregtei niitlel oruulaa ve. ug niitleliig bichsen hund mashi ih bayarlalaa.

arrow icon