Тусгай олимп бол хүн төрөлхтний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг бөгөөд энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой энэхүү олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элсэн орж байсан түүхтэй.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгэмд байр суурийг нь бататгах зорилгоор 1968 онд АНУ-д үүссэн энэ хөдөлгөөн өдгөө дэлхийн 170 улсад хүрч, бүртгэлтэй тамирчдын тоо нь таван сая болжээ
11 дэх өвлийн олимп
3 сарын 14-25-ны хооронд Австри улс 1993 оноос хойш хоёр дахь удаагаа тусгай олимпийн өвлийн наадмыг нутаг дээрээ зохион байгууллаа. Австри улсын тусгай олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгчөөр Арнольд Шварцнеггер ажилладаг бөгөөд олимпийн хаалтыг өөрийн биеэр хийсэн. Энэ удаагийн тусгай олимпийн өвлийн наадамд дэлхийн 107 орны 3000 гаруй тамирчид, 1100 дасгалжуулагч багш нар спортын 10 гаруй төрлөөр өрсөлдөв. “Биднийг хүндлээч бас хүлээн зөвшөөрөөч” гэсэн уриан доор явагдсан спортын наадамд нийт 3000 гаруй сайн дурын ажилчид Ротари клубээр ахлуулан ажиллаж оролцож буй тамирчдыг эцэг эхээс нь дутахгүй хайрлан халамжилж байлаа. Эдгээрийг харсан хүн бүр спортын гайхамшигийг мэдрэхээс гадна энэхүү хүмүүнлэгийг хөдөлгөөний утга учрыг төвөггүй ойлгоно.
Бидний амжилт
Алт мөнгөн медалиуд хүртэж алдраа мөнхөлсөн тамирчид. М.Гантөмөр, Б.Оюунбилэг, С.Тэмүүлэн, Н.Уянга нар
Тусгай олимпийн өвлийн 11-р наадамд Монгол улс анх удаа албан ёсоор гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бөмбөгтэй хоккэй гэсэн спортын 3 төрлөөр оролцлоо. Нийт 14 тамирчин (үүнээс дэмжин тоглогч тамирчин нь 4), 3 дасгалжуулагчийн баг бүрэлдэхүүнтэй оролцсон Монгол улсын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 8 медаль авсан бахдам амжилт үзүүлэв. Харин бөмбөгтэй хоккэйн баг тамирчид маань шагналт 4-р байрт шалгарсан юм.
Алт | Н.Уянга | Гүйлтийн цана 100 метрийн төрөлд |
Алт | М.Гантөмөр | Гүйлтийн цана 100 метрийн төрөлд |
Мөнгө | С.Тэмүүлэн | Цасны гуталтай гүйлт 25 метрийн төрөл |
Мөнгө | Б.Оюунбилэг | Цасны гуталтай гүйлт 50 метрийн төрөл |
Мөнгө | Б.Оюунбилэг | Цасны гуталтай гүйлт 100 метрийн төрөл |
Мөнгө | Н.Уянга | Гүйлтийн цана 50 метрийн төрөлд |
Хүрэл | С.Тэмүүлэн | Цасны гуталтай гүйлт 50 метрийн төрөлд |
Хүрэл | М.Гантөмөр | Гүйлтийн цана 50 метрийн төрөлд |
Алс холын Австри улсыг зорьсон багийн тамирчид маань бүгд анх удаагаа гадаад явж байгаа, анх удаагаа онгоцонд сууж үзэж байгаа хүүхдүүд байв. Сууж байгаа анхны онгоц нь Туркиш Эйрлайнсийн онгоц болж байгаад онгоцны дарга билэгшээн амжилт хүсч, 10000 метрийн өндөрт нисч байхад микрофоноороо зарлан манай хүүхдүүдэд медаль авахыг ерөөсөн нь талаар болоогүй. Багийн бүх тамирчид ба гишүүдэд онцгой хөнгөлөлт үзүүлж тив алгасан тухтай аялуулсан Туркиш Эйрлайнс компанийн онгоцтой аялалаа хүүхдүүд хэзээ ч мартахгүй биз ээ.
Хосолсон тоглолт – Unified Play
Энэ жилийн олимпийн хувьд манай улс багийн спортын төрлөөр зориглон оролцсон юм. Тэр дундаа хосолсон тоглолт хувилбарыг нь сонгосон нь цаанаа учиртай. Спортын тэмцээн учраас бүхий л төрөл нь олон улсын спортын хороодын дүрэм, журмаар явагдаж, мэргэшсэн өндөр зэрэглэлийн шүүгчид бүх тоглолтыг шүүнэ. Хосолсон тоглолт гэдэг нь спортын багийн тоглолтонд оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчид болон энгийн дэмжин тоглогч тамирчид холилдон нэг баг болж тоглохыг хэлдэг. Жишээ нь бөмбөгтэй хоккэйн хувьд хаалгачтайгаа нийлээд талбай дээр 5 тамирчин гарах ёстойгоос хамгийн багадаа 3 тамирчин нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй байх ёстой. Багийн тоглогчид аль болох эдгээр тамирчдаа дэмжин тоглуулах бичигдээгүй хуультай.
Шуугиант тоглолт – Шагналт байр
Бөмбөгтэй хоккэй нь 2013 онд БНСУ-д болсон өвлийн олимпийн үеэр анх олимпийн төрөлд орсон харьцангуй шинэ спорт юм. Тухайн үед энэ төрөлд 8 улсын баг л оролцож байлаа. Харин 2017 онд болсон Австрийн өвлийн олимпийн тоглолтонд 41 баг оролцлоо. Үүнд Монгол улс анх удаагаа оролцсон юм. 2021 оны өвлийн наадамд бүр 60 гаруй баг оролцох тооцоо судалгааг ч багш дасгалжуулагч нар гаргасан байлаа.
Асралт дасгалжуулагчтай, Эрдэнэбаяр ахлагчтай манай бөмбөгтэй хоккэйн 10 хөвгүүд маань нийт 14 хүнд тоглолтыг хийж, хэсгээсээ 3-р гарснаар барахгүй шөвгийн наймд Энэтхэгийн багийг элбэг хожин шалгарсан.
Манай тамирчид хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Зааны Ясан Эргийн багтай ана мана үзэлцэн оноо тэнцэж цаг сунган, улмаар багийн 3 тоглогч бүр торгуулийн цохилт хийж харамсалтайгаар 1 бөмбөгний зөрүүгээр хожигдсон юм. Энэ тоглолт болж байхад зэргэлдээ 2 заалны бүх үзэгчид ирж үзэн уухайлж ордныг нураах шахаж байлаа. Граз хотын Монголчууд бараг тэр чигээрээ ирж хүүхдүүдээ дэмжсэн юм. Манай багийг хожсон энэ баг олимпийн алтан медалийг хүртсэн билээ. Зааны ясан эргийн шигшээ баг Монголын багийг хожоод талбай дээрэ багш дасгалжуулагч, тамирчид, хөгжөөн дэмжигчидтэйгээ хэрхэн баярлаж, бүжиглэж, дуулж байсныг та нар төсөөлөхгүй л болов уу. Харин манай хөвгүүд шарандаа бүгд уйлж, 4 жилийн дараа том болж байгаад ирээд энэ багийг заавал хожно доо гэж шазуураа зууж байлаа.
Хүрэл медалийн төлөөх тоглолтонд хэсгийн тоглолтондоо хожиж байсан Намиби улсын багтай тоглон 3:2-ийн харьцаатайгаар мөн л ганц бөмбөгний зөрүүтэй хожигдож шагналт 4-р байрт шалгарсан. “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк мэдээллийн ивээн тэтгэгчээр биднийг дэмжин ажилласны хүчинд бид тоглолт болгоны мэдээллийг газар дээрээс нь сошиал медиагаар шуурхай хүргэж байлаа.
Энэ голд нь зогсож буй гадаад хүн энэ зочид буудлын ерөнхий тогооч юм. Тэр интернэтээс хайж байгаад бидэнд хийцтэй, сүүтэй цай чанаж өгсөн билээ. Харин тэр гипстэй эр бол багийн Эрдэнэбаяр. Тэрээр шөвгийн наймын тоглолтын эхэнд хөлөндөө гэмтэл авч тэмцээнийг орхисон нь манай багийн амжилтанд багагүй нөлөөлсөн.
Багийн тоглолт - Гипстэй хөл
Багийн тоглолт, тэр дундаа хосолсон тоглолтын дүрэм маш хатуу. Сэлгээний бүх тоглогчид талбайд гарч дор хаяж 2 минут тоглосон байх ёстой. Тоглолт ид явж байхад талбайн шүүгч, ерөнхий шүүгч ирж танай тэд дугаартай тамирчид талбай дээр гарсангүй, тэд дугаартай тоглогчид хэт их тоглож, талбай дээр тоглож буй өөрийн багийн тамирчдаа тоглуулахгүй байна гээд тамирчдыг дугаараар нь бөмбөг эзэмшиж буй хувиар нь статистик гарган хүрч ирж үзүүлж байв. Хожиж, хожигдож, тэнцэж улайрч байсан бид үүнтэй манатай байснаас болж талбайн шүүгчээс торгууль авч, баг тамирчдаа жигд тоглуулахгүй бол тэмцээнээс хөөгдөх сануулга ч авч үзэв. Манай баг тамирчид насны хувьд хамгийн залуу нь байлаа. Олон улсын тусгай олимпийн хорооны дүрмээр тамирчдын доод нас 8 байх ёстой бөгөөд насны дээд хязгаар байхгүй. Мөн хосолсон тоглолтонд улсууд багаа янз бүрийн насны тамирчдаар бүрдүүлэхээс гадна хүйсийн хувьд ч чөлөөтэй холих боломжтой байдаг. Жишээ нь, Энэтхэг, Намиби, Шри Ланк зэрэг улсуудын баг эмэгтэй тамирчдаар багаа сэлгэн бүрдүүлсэн байсан. Олимпийн аварга болсон багтай энэ тэнцүү өрсөлдсөн ганц баг нь манай баг байсан юм. Уг тэмцээн ид болж ордныг нураах шахаж байхад Австрийн хамгийн алдартай өдөр тутмын сонин Монголын багийг онцолж сурвалжлан нийтлэл мэдээ бичиж маргааш өглөөний сониндоо хэвлүүлж байлаа. Нийтлэл мэдээндээ манай багийн ахлагч гипсэн хөлтэй Эрдэнэбаярыг онцолсон байв.
Бүгд ялагч – Бид чадна
Тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол тоглолт дуусаад баг тамирчид хоорондоо тэврэлдэн баяр хүргэх. Нэг нь баярын нулимстай, нөгөө нь харамссан нулимстай тэврэлдэх боловч нэгийгээ ялж баярлаж байгаад нь жинхэнэ сэтгэлээсээ хөөрч дэмжих тэднийг хараад хэний ч сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Хоёр минутын өмнө уйлалдаж байсан тэд дороо өмнөхөө мартаад улс улсынхаа тэмдгийг солилцон, найзлан инээлдэж, хөөцөлдөж гүйлдээд явчихна.
Шахуу хугацаатай хүнд тоглолтууд явж байхад нутгаасаа авч ирсэн Тесо корпорацийн нэрс ба чацарганын 100 жүүс, аарцтай ундаанууд тамирчин хөвгүүдийн маань хүчийг сэлбэж байлаа. Нормтой юм шиг өдөр бүр нэгийг бие биенээсээ харамлан цүнхэлж авч ирээд ууж байгаа тэднийг хараад өхөөрдөхгүй байхын аргагүй. Ярилцлага нийтлэл бичсэн Австри улсын сонины сэтгүүлч ч энэ ундааг маань сонирхож амтархан уугаад амжсан.
Хэрвээ бөмбөгтэй хоккэйн төрөлд оролцсон манай хөвгүүд ямар нэг медаль хүртсэн бол анх удаа өвлийн тусгай олимп оролцсон манай 14 тамирчид бүгд медальтай буцаж 100 хувийн амжилт үзүүлэх тун чиг ойрхон байсан шүү. Тусгай олимпийн хамгийн гол онцлог нь хожих, түрүүлэхдээ биш байдаг юм. Харин бүх тамирчдын жигд оролцоо, хөгжөөн дэмжигчдийн уухай, хүндлэл эдгээр ялгаатай хөгжилтэй хөөрхөн хүүхдүүд, тамирчдад өөртөө итгэх итгэлийг өгч, эргээд тэр нь танд, бидэнд амьдралын маань жинхэнэ утга учрыг мэдрүүлдэгт оршдог билээ.
Сэтгэгдэл бичих