Вокзалын хажууд байх 1000 машины талбайн хажуугаар өнгөрөх ахуйд машины чээнжийн өмнө шамбааралдан, урт дараалал үүсгэх залуучуудыг харж зогсохдоо би яг энэ номын тухай бодол зурвас орж ирсэн юм. Феррари машинаа зарчихаад гэгээрэх гэж одсон нэгэн хуульчийн оройн хоолны үеэр найздаа өгч буй зөвлөгөөг олон хүн уншаасай гэж битүүхэн хүсч байлаа.
Машин авч буй хүмүүсийг буруутгах гэсэндээ бус харин амьдралын утга учир, таашаал нь зөвхөн төмөр хүлэгт оршдоггүй гэдгийг л бага зэрэг тодотгох гэсэн хэрэг байсан юм. Өнөөдөр олон залуучууд хорь дөнгөж гарчихаад аманд багтахгүй их мөнгө ярьж, пид пад үсэрч, улс төр, нам засгийн эрх мэдлээр өвчилж, даргын бөгсөнд бялуурч, амьдралын сайхан бүхнийг мөнгөөр худалдаж авч болно гэсэн хөөсөрсөн хөлчүү бодол тээж яваа буйг нуух юун. Хэрэглээг бол мөнгөөр хэмжиж болох авч хэрэгцээг бол үгүй юм. Мөнгөөр үнэлэгддэггүй олон зүйлсийн нэг нь хүний аз жаргал шүү дээ
. Харин аз жаргал, амьдралын сайн сайхныг гагцхүү мөнгөөр хэмжиж, худалдан авч болно гэх бодолтой, шунал нь туйлдаа хүрсэн гэмээр хүнтэй нэг бус удаа ч таарч явлаа. Ер нь тэгээд аз жаргал гээч чинь тэгээд яг юу юм бэ? Аз жаргалтай хүн гэж ямар хүнийг хэлдэг юм? Тийм хүмүүс хаана байдаг вэ?
Хамгийн аз жаргалтай хүмүүс хаана амьдардаг юм бэ?
Бутан, Лаос, Хойд Европ... Хүмүүсийн сэтгэл санааны байдлыг тодорхойлдог нэгэн өвөрмөц үзүүлэлт байдаг гэнэ. Үүнийг “Аз жаргалын индекс” хэмээн нэрлэдэг ба “NEF” судалгааны байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг тооцоолон гаргадаг аж. Хамгийн анх 1972 онд Бутаны эзэн хаант улсад Үндэсний нийт аз жаргалын индекс гэх үзүүлэлтийг тооцож байж.
Аз жаргалын индекс = Эрүүл мэнд + Дундаж наслалт + Экологийн нөхцөл байдал.
Манайх энэ үзүүлэлтээр 100 орчимд, Лаос харин нэг хүнд ДНБ-ий хэмжээгээр 123-д жагсдаг хэрнээ, уг индексээр 36-д жагсаж явна. Тэгэхээр тэдний аз жаргалын нууц юундаа байна вэ?
Тэнд зорчиж асан нэг танил маань надад хүүрнэхнээ:
"-Энд дэд бүтцийг хөгжүүлж, эрчлэн урсах Мекон голыг даган үйлдвэр аж ахуй хөгжүүлэх аваас тус индекс муудан, өнгө мөнгөний хойноос улайрч, өнөө аз жаргал нь үгүй болчих юм шиг санагдана. Австралийн нэгэн зохиолч эмэгтэй “Энд л би амар амгаланг мэдэрч, зохиол бүтээлээ туурвидаг. Нийгмийн олон янзын дарамт үгүй энэ газар л би өөрийгөө сонсож чаддаг юм” гэж хэлж байсан удаатай.."
хэмээж байв.
Одоо харин номныхоо талаар товчхон. Өөрийн тэнцвэргүй амьдралын хэв маягаасаа болж шүүхийн танхимд зүрхний шигдээсээр үхэхээ шахсан шилдэг шүүгч Жулиан Мэнтлийн түүхийг энэ ном өгүүлнэ.
Түүний бие муудсан нь амьдралтайгаа тэрсэлдэх сэтгэлийн хямралыг түүнд авчирдаг. Тэрээр аз жаргал, баяр баясал, сайн сайхныг олохыг хүссэндээ ер бусын эрэл хайгуулд гарч, хэрхэн хүсэл мөрөөдөлтэй, зорилготой, сэтгэл хангалуун сайхан амьдрахыг сурдаг. Бүх өмч хөрөнгөө, Ферраригаа хүртэл зараад одсон тэрээр нэг өдөр эргэж ирлээ. Эргэж ирэхэд нь түүний хамтран зүтгэгч, найз нь таньсангүй. Алс холын Гималайн уулсад суух их багш түүнийг тэс өөр хүн болгон илгээсэн аж. Үргэлж л түүн шиг болохыг мөрөөддөг байсан хамтрагчдаа тэр өөрийн сурсан эрдмээ хуваалцах гэж ийнхүү түүнийг зорин иржээ.Билэг оюунаа захирч, хүсэл зорилгоо даган, сахилга баттай амьдарч, цаг хугацаагаа хайрлаж, өөрийгөө умартан өрөөлд туслахын сацуу байгаадаа талархаж сурсан хэн хүнд Феррари бол юу ч биш
ажээ. Өөрийн үнэт зүйлээ тодорхойлж, ёс суртахуун хийгээд сэтгэлийн амар амгаланг олсон хэн атугай ч энэ нийгэмд сайхан амьдарч чаддаг тухай өгүүлэхийг номын зохиолч зорьсон аж.
Зарим хүмүүс энэ номыг “Нууц”, “Морритой өнгөрүүлсэн Мягмар гариг” гэх мэт цувралуудтай ижилтгэх гэдэг хэдий ч, өөр юм. Робин Шарма бол зохиолч биш. Түүний бичсэн зүйлд уран зохиолын хөөсрөлт үгүй. Хэлэх гээд буй санаа нь тодорхой, сонирхолтой. Хувь хүний хөгжлийн талаар дэлхийн залууст олон сайхан үнэтэй зөвлөгөө өгч, уран бүтээлээ туурвиж ирсэн тэрээр “Who will cry when you die”, “The Leader Who had no title”, “The Greatness Guide” зэрэг номнууд бичсэн нь олон сая хувь хэвлэгдсэн аж.Хүн сэтгэлийн амар амгаланг гаднаас бус дотроосоо хайж олсон цагт өөрийгөө аз жаргалтай хүн болгож чаддаг
гэдгийг энэ ном танд харуулаад зогсохгүй, эртний дорно дахины мэргэн сургаалиудыг барууны орчин үеийн амжилтын зарчмуудтай гайхалтай хослуулснаараа энэхүү сэтгэл хөдөлгөм түүх нь илүү их урам зоригтой, тэнцвэртэй, баяр баясгалантай амьдралд хүрэх аргад таныг алхам алхмаар сургах болно.
А.Балжинням
Сэтгэгдэл бичих