Нийтлэл 03 сарын 06, 2019

Өгөөмөр сексизм

Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь сайжирч байгаа ч асуудал бүрэн шийдэгдэх хүртэл маш олон саад бэрхшээл байсаар л. Энэ удаад сонгох сонгогдох эрх, хүчирхийлэл, бэлгийн дарамт гэх мэт хамгийн өргөн яригддаг сэдвээс илүү аль болох хүний санаанд ордоггүй өнцгөөс харж үзэх гэж оролдлоо. Эхлээд ганц хоёр жишээ…
1. Алберт Эйнштейнийг нас барахад сонинд гарсан эмгэнэлд:

"Тэрбээр өдөр бүр ажлаа тараад хоол хүнсээ цуглуулж, хогоо асгаж, сандлын бүрээсээ гараараа угаадаг байв. Дагавар охин нь түүний хувьд жирийн л аав байсан.

Гайхмаар санагдаж байна уу? Үүний оронд "Мягмар гаригт мөнх бусыг үзсэн Алберт Эйнштэйн ажил хэргээрээ атом үнэхээр байдаг эсэхийг харуулах гэж зорьж байлаа. Түүний фотоэлектроны нөлөөлөл хэмээх нээлт нь Нобелийн шагнал авчирсан юм" гэвэл та гайхах уу? Эхний жишээ бол эмэгтэй эрэгтэй эрдэмтдийн эмгэнэлд бичсэн агуулга хэр ялгаатайг харуулах гэсэн сэтгүүлчийн хошигнол.
Тэгвэл пуужин зохион бүтээгч Ивонн Бриллийг нас барахад гарсан эмгэнэл дээр:

"Тэрбээр сайхан хоол хийдэг, нөхрөө даган ажлаас ажилд шилжин, 3 хүүхдээ өсгөх гэж ажлаасаа 8 жилийн завсарлага авч байжээ. Түүний хүү Матью ээжийгээ "дэлхийн хамгийн сайн ээж" гэж тодорхойлжээ. Өнгөрсөн Лхагва гаригт 88 насандаа Принстон хотод мөнх бусыг үзсэн Ивонн Брилл 1970 онд пуужингийн тийрэлтэт систем зохион бүтээсэн сод эрдэмтэн байсан бөгөөд түүний нээлтийн хүчээр хиймэл дагуулууд тойрог замаас хадуурч гарах асуудал үгүй болсон юм." 

гэж үнэхээр бичсэн байдаг. Асуудлын гол нь Ивонн Брилл сайн эзэгтэй бас сайн эрдэмтэн байсанд биш зүгээр эрэгтэй хүн байсан бол түүний эмгэнэл арай өөр байх байж гэдэгт л байна.

Ивонн Брилл (1924-2013), 1980 он

Яагаад эмэгтэйчүүдийн ололт амжилтыг энэ бас сайн ээж гэсэн тодорхойлолт дагах ёстой гэж? Эсрэгээрээ гэр орондоо санаа тавьж хүүхдээ өсгөхөд ижилхэн хувь нэмэр оруулсан эрчүүдийн хувь нэмэр яагаад дурдагдахгүй өнгөрөх ёстой вэ?
 нь үнэн. Дээрх жишээ бол мөн л тийм илүү ачаалал, үүрэг хариуцлагыг тусгаж, эмэгтэйчүүдэд дэмжлэг өгөх зорилготой бичигдсэн байх. Энэ хэлбэрийн нэг талын эерэг ч юм шиг хандлагыг "өгөөмөр сексизм" (benevolent sexism) гэж тодорхойлдог юм байна. Сайн сайхан юм хэлж байхад юу нь буруу байна гэж бодож байна уу? Ийм тодорхойлолтын нөгөө тал нь эмэгтэй хүнийг сул дорой, эрчүүдээс арай дутуу гэдгийг тодотгож байгаатай утга нэг болчихдогт учир нь байдаг. 1996 онд Глик бас Фрискэ гэсэн 2 судлаач 19 оронд 15,000 хүн хамарсан судалгаа хийгээд эмэгтэйчүүдийн талаар "өгөөмөр сексист" сэтгэгдэл хэлдэг бичдэг хүмүүс эмэгтэйчүүдийн эсрэг их хатуу бодолтой хүмүүс байдгийг тогтоожээ. Иймэрхүү үзлийн аюул нь нийгэмд байгаа эрх тэгш байдлыг нуун дарагдуулах, хүмүүсийн эрхээ хамгаалж үг хэлэх идэвхийг бууруулах муу нөлөөтэй гэж дүгнэсэн байдаг. Энэ талаар бичсэн нийтлэлийн эхийг эндээс үзнэ үү.
2. "Нью Иорк Таймс" сонинд CRISPR/Cas9 системийн нээхэд гар бие оролцсон эмэгтэй эрдэмтэн Жениффэр Дуднагийн тухай нийтлэл гарчээ. Дээрх нээлт бол сүүлийн хэдэн жилийн дотор гарсан хамгийн том нээлтийн нэг бөгөөд генийн өөрчлөлтөөр олон өвчин анагаах боломжийг ойртуулсан чухал ажил байгаа юм. Нийтлэлд түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг дурдахаасаа өмнө Харвард төгссөн тэрбээр шаргал үс, цэнхэр нүдтэй, нөхөр нь түүнийг ажлын дарамт тэсэх чадвартай гэж тодорхойлсон гэж эхэлж байгаа юм даа. Хэрэв нийтлэлийн баатар эрэгтэй хүн байсан бол түүний нүд, үсний өнгө, эхнэр нь түүнийг хэрхэн тодорхойлдог тухай бичигдэх байсан болов уу гэсэн асуултад та юу гэж хариулах вэ? Эмэгтэй эрдэмтдийн тухай нийтлэлд заавал дурдагддаг зүйлс:

  ・Түүнийг эмэгтэй гэдгийг тодотгоно
  ・Нөхрийнх нь ажил
  ・Хэдэн хүүхэдтэй, хүүхдээ яаж асардаг талаар
  ・Өөрийнх нь ажилладаг салбар дахь өрсөлдөөн тун хэцүү санагдсан тухай
  ・Бусад эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болсон эмэгтэй
  ・Ямар нэг юм хийсэн анхны эмэгтэй гэсэн тодотгол 

Эрдэмтэн хүний нээлтийн ач холбогдол нь уг хүн эрэгтэй, эмэгтэй байхад биш, эмэгтэй бол түүний нөхөр нь юу гэж хардагт биш, хүүхэдтэй эсэхэд биш, хэн нэгэнд үлгэр жишээ болохуйц хүн гэдэгт ч биш зүгээр л тэр нээлт шинжлэх ухаанд ямар хувь нэмэр болсон бэ гэдэгт л байгаа юм. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал хүмүүсийн төсөөлдөг шиг зөвхөн боловсрол нимгэн давхаргад биш хаа сайгүй байдгийн жишээ энэ болов уу. Шинжлэх ухааны байгууллагад эмэгтэйчүүдийн байр суурь бас л 100% шийдэгдээд сайхан болсон юм байхгүй. Харин ч , судалгааны ажилд орох өргөдөл өгөхөд эрэгтэй хүний сонгогдох магадлал өндөр гээд асуудлууд зөндөө. Энэ талаар Их Британи, АНУ гээд салбар тэргүүлж яваа улсууд их ярьж байгаа ч над мэт шиг хүмүүст яг бодитой шийдэл болоод буух нь арай л болоогүй юм шиг байна.

3. Гурав дахь жишээ бол бүр инээдтэй. Судалгааны ажил хийгээд үр дүнгээ хэвлүүлэх болоход "peer review" гэсэн процесс бий. Тухайн салбарт ажилладаг судлаач таны ажлыг уншиж үзээд сэтгүүлд хэвлэх хэмжээний бүтээл мөн үү үгүй юу гэдгийг шийддэг. Хоёр эмэгтэй судлаачийн нийтлэлийг шүүсэн хүний "Зохиогчийн жагсаалтдаа эрэгтэй хүн оруулчихвал нийтлэл чинь илүү сайжрах юм байна" гэсэн коммэнт баахан шуугиан тарьсан. Би эхлээд хэн нэгэн хошигнож байна уу гэж бодсон үнэхээр тийм юм болсон байгаа юм.
Манай улсад "жендэр мэндэр ярьсан хүүхнүүд" гэх зэргээр энэ төрлийн асуудлыг ярьж бичдэг хүмүүст дургүй талдаа байдаг нь бас л эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурийг тольдох нэг үзүүлэлт мөн болов уу. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн тэгш эрх ярьсаар энэ эрчүүд хөөрхий байдалтай болчихлоо архи уудаг, боловсролоос хоцордог гэсэн гомдол бас явдаг. Харин ч эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь сайжрах тусам энэ асуудал багасна гэж би бодоод байдаг юм. Бод л доо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд амьдралд яг ижил боломж, ижил эрх хүлээж байхад эцэг эхчүүд нэгэнд нь илүү анхаарал тавих нь багасна тэр хэмжээгээрээ эрэгтэйчүүд боловсролоос хоцрохгүй. Хоёрт, эрэгтэй эмэгтэй хүн амьдралд ижил үүрэг хүлээдэг бол эрчүүдийн би л гэр орноо авч явах ёстой хүн гэсэн сэтгэл санааны дарамт хөнгөрөхгүй юу? Та нар юу гэж бодож байна даа.

 

Сэтгэгдэл бичих

    • Tseegii
    • 2019-03-06

    Niitlel taalagdlaa.

arrow icon