Сүүлийн үед 60 тэрбум, ЖДҮ болон бусад сангууд, концесс, хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Хэн нэгэн эрх мэдлээ ашиглан хэн нэгний боломжийг хулгайлах нь байж боломгүй асуудал.
ЖДҮ, 60 тэрбумийн хэрэгт холбогдож буй хулгайчдыг хаацайлж болох нэгэн асуудал нь Улс төрийн намын санхүүжилт, Сонгуульд зарцуулсан мөнгөний хэмжээ.
"Би сонгуульд өрсөлдмөөр байна, даанч надад сурталчилгаагаа хийх мөнгө алга яах уу ? Танил бизнесменүүдээсээ мөнгө зээлье ? Харин буцааж яаж өгөх вэ? Бизнесд үнэгүй юм гэж байхгүй. Хэн ч хэн нэгэнд май гээд үнэгүй мөнгө өгөхгүй. Цалингаа хураагаад буцааж өгнө гэдэг асуудалтай. Цалин хэд билээ сонгуульд зарцуулсан миний мөнгө хэд билээ? Сонгогдсон хүн чинь том байх ёстой шдээ. Ядаж Ланд-200 унаж, зайсанд амьдрах хэрэгтэй. хулгай хийгээд сонгуульд зарцуулсан мөнгөө төлчихье , авлига авъя ,өгье ,концесс , тендер ,хөгжлийн банк юу байна бүгдээс авъя".
Яг ийм загвараар яваад байх шиг. Энэ бүхнийг засахын тулд улс төрийн намуудын санхүүжилтийг ил байлгах ёстой мэт. Улс төрд байгаа тусгаар улсын хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэж буй хэн ч аль нэг гурав эсвэл дөрөв тав эсвэл тавин үсэгтэй компанийн халаасанд , хүүхэлдэй мэт байж болохгүй билээ.
Улс төрийн нам,түүний санхүүжилт ямар байгааг , дөрвөн жилийн хугацаандаа засгийн газар тогтвортой ажиллахад ямар саад бэрхшээл тулгардагыг доорхи өгүүллээр тайлбарлахыг оролдлоо.
1990 онд дэлхий дахинаа бий болсон томоохон өөрчлөлт бол АНУ-аар ахлуулсан либерал үзэл суртал ЗХУ-аар удирдуулсан социалист үзэл суртлын дайн төгсөж АНУ-н либерал үзэл ялсан юм. Улмаар социалист системтэй улс орнууд Ардчилсан системд шилжсэн. Өнөөгийн байдлаар цөөн хэдэн улсыг /Вьетнам, Хойд Солонгос/ оруулахгүйгээр тооцвол дэлхий ертөнц либералчлагдаж ардчилсан үнэт зүйлтэй болжээ.
Засаглалын тогтвортой байдал Монгол улсад төдийгүй олон улсын тавцанд ч ихээхэн яригдах болсон ба ардчилалд шилжсэн орнуудад засаглалын тогтвортой байдал үгүйлэгдэж байна. Бидний мэдэх социализм, эсвэл Хятад маягийн социализмд сонголт байхгүй гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Засаглалыг тогтвортой, улсын бодлогыг залгамж шинж чанартай явуулах нь ардчилсан системд шилжсэн орнуудад сорилт болж буй юм. Ардчилсан засаглал олон намын системийг дэмжинэ. Ардчилсан засаглал тогтвортой байх нь улс төрийн намуудтай салшгүй холбоотой. Улс төрийн намын ямар ямар чиглэл байдаг онол дээр юу гэж үзсэнийг дараагийн нийтлэл дээр оруулах болно. Монголын улс төрийн намуудын тухай авч үзвэл:
1990 оноос эдүгээ хүртэл /2018/ олон шинэ нам байгуулагдаж өнөөдрийн байдлаар Улсын Дээд Шүүхэд 27 нам бүртгэлтэй байна.[1]
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд өөрсдийн чиглэл үзэл баримтлалтай хэдий ч үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөрөө эс боловсруулж байгаа явдал түгээмэл байгаа тухай судлаачид онцлон тэмдэглэхийн сацуу сүүлийн жилүүдэд засаглалын тогтвортой байдал Монгол улсад ихээхэн яригдаж байна. Үүний учир нь сүүлийн арван жилд Монгол улсад зургаан Засгийн газар солигдож төрийн албаны халаа сэлгээ газар авчээ.
1996 оны сонгуульд олон нам нийлэн Монголын Ардчилсан Холбоо нэрийн дор сонгуульд оролцон ялалт байгуулсан. 1996-2000 онуудад нийт дөрвөн удаа засгийн газар солигдсон ба засгийн газар олон удаа солигдсон гол шалтгаан нь Монголын Ардчилсан эвсэл нь олон намын нэгдэл байсантай шууд холбон тайлбарлаж байна.Улмаар 2000 он гарч засаглалын тогтворгүй байдал газар авсан. Жишээ нь 2000-2018 онд нийт 10-н засгийн газар солигдсон.[2] Сонгуулийн ерөнхий хорооны сонгуулийн үр дүнг хархад 28-н жилийн хугацаанд хоёр нам ээлжлэн сонгуульд ялалт байгуулж байсан[3] ба Монголын улс төрд 2 намын систем тогтсон гэх дүгнэлтэд хүрч болно. Гуравдагч хүчин гарч ирж байсан ч УИХ-д төдийлөн олон суудал авч чадаагүй юм.
Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй өнөөгийн голлох асуудлуудын нэг нь Засаглалын тогтворгүй байдал, засгийн газрын үйл ажиллагаа болоод буй.
Намын санхүүжилт ил тод биш УИХ-н сонгуульд өрсөлдөхөд намуудад ихээхэн хэмжээний мөнгө шаардагддаг ба төрөөс намуудад олгодог санхүүжилт бага учир бизнесийн салбарынхантай хамтрах тохиолдол газар авсан байна. Намын санхүүжилтийг бизнесийн салбарынхан гаргаж буй тохиолдол нам бизнесийнхний эрх ашигт нийцүүлэн ажиллах зүй ёсны шаардлага гарч буй юм.
Монголын засаглалын тогтвортой байдалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь улс төрийн нам түүний санхүүжүүлэлтийн асуудал байж болох талтай.
Ардчилал тогтмол шинэчлэл хийх, тасралтгүй хөгжихийг шаардаж байдаг. Ардчилалын амин сүнс болсон улс төрийн намын санхүүжилтын асуудал нь засаглалын тогтвортой байдлыг алдагдуулж байгааг олон судлаач тэмдэглэсэн байдаг.
Санхүүжилтийг эс хянаснаас үүдэн бий болдог “Сонгогдсон улс төрчид бүх нийгмийн төлөөлөл бус харин цөөн хүрээний буюу ихэнх тохиолдолд мөнгөтэй хөрөнгөтэй хэсгийн төлөөлөл болох” “Улс төрчид томоохон хандивлагчдын эрхшээлд орох, “Томоохон компаниудын нөлөөгөөр улс төрийн шийдвэр гаргахад хүргэдэг ” ,”Авилгын асуудал улс төрд хэт нэвтэрч, ингэснээр хуулийг хэрэгжүүлэх , “Сонгуулийн кампанит ажил хууль бус эх үүсвэрээс санхүүжиснаар улс төрчид өөрийг нь санхүүжүүлсэн хууль бус эх үүсвэрүүдэд үйлчилж, тэднийг хамгаалдаг”,”Хууль бус мөнгөөр гарч ирсэн улс төрчид зөвхөн өөрийн ашиг тусын тулд сонгогчдын татвараар бүрдсэн хөрөнгийг хувийн өмч болгон хувиргаж эхэлдэг”,“Улс төрийн нам, нэр дэвшигч хууль бус мөнгөөр эрх мэдлийг авч дараа нь өөрөө “улс төрийн төлөөс төлөгч” болж хувирдаг.”зэрэг илрэлүүд нь манай улсад аль хэдийнээс илрээд эхэлжээ.Эдгээр зүйлс илэрч буйг олон судлаачид баталж байгаа. Хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгаас илүүд тавьж дараагийн сонгуульд зарцуулах санхүүжилтийг олохийн тулд намууд улс орныг үл хайхран зүтгэж байна.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 27-н намаас 2 нам нь байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж 1992-2018 он хүртэл 8-н удаагийн парламентын сонгуулийн дүнгээс харахад Монгол улсад Монгол Ардын Нам, Ардчилсан нам нь ээлжлэн сонгуульд ялалт байгуулж нэг нь ялахад нөгөө нь сөрөг хүчин болдог хоёр намын систем тогтжээ.
1996-2018 оны хооронд нийт 14н засгийн газар солигдсон. 1996 оны сонгуульд ялалт байгуулсан Монголын Ардчилсан Холбоо эвсэл нь олон намаас бүрдэж байсан ба эрх ашгийн төлөөх намын лидерүүдийн үзэл суртал эрх мэдэлд хүрэх гэсэн хандлагаас болж 4-н удаа солигдсон гэж үзжээ.
Улс төрийн намын гол зорилго бол сонгуульд ялах сонгуульд ялахын тулд намуудад ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй ба төрөөс намд хангалттай санхүүжилт олгодоггүй учир намууд намын санхүүжилтийг босгох намын эрх ашгийн төлөө явж буй нь нууц биш юм.
Намын санхүүжилтийн асуудал нь засаглал тогтворгүй байх үндсэн зангилаа асуудал болж буй мэт.
Намын санхүүжилтийн асуудлыг намын тухай хуулиар зохицуулж өгсөн ч намууд хуулийн зүйл заалтуудыг эс хэрэгжүүлж байна. Нам санхүүжилтийн тайлангаа өгөөгүй тохиолдолд 50-60 мянгаар торгодог аж.
Мөн улс төрийн намын санхүүжилтээс үүдэн улс төрийн авилга газар авч буй бөгөөд Транспаренс интернационалын гаргасан Авилгын индексийн судалгаагаар Монгол улс байр ухарчээ. Энэ үйл явдлыг зарим судлаач 2016 оны сонгуультай холбон тайлбарлах аж.
Улс төрийн намын санхүүжилтийн асуудал нь улс төрийн авилгад ихээхэн сөрөг нөлөөг үзүүлж байна гэдгийг АТГ-н 2014 онд гаргасан Авлигалын төсөөллийн судалгаа болон 2017 Транспаренс интернешнлийн Авилгалын индексийн судалгаа харуулна.
Олон судлаачдыг дүгнэлтээс харахад намын гол санхүүжүүлэгч нь бизнесийн байгууллага. Бизнесийн салбарынхан намыг санхүүжүүлж буй тохиолдолд бизнесээ таатай болгох хууль эрх зүйн орчинг УИХ-аар батлуулахыг хүснэ.
МАН болон АН-ын санхүүжилтийн байдал нь улсын бүхий л асуудалд сөрөг нөлөөг үзүүлж байна. Намын санхүүжилт ил тод биш, хувь хүн , хуулийн этгээдээс бүрэн санхүүжиж буй үед санхүүжилт нь улс төрийн авилгалыг нэмэгдүүлж байна.Улс төрийн авлига шийдвэр гаргах түвшний хүмүүст тархан засаглалыг тогтворгүй болгож байгаа.
МАН болон АН-н санхүүжилтэд хийсэн зарим дүн шинжилгээний үр дүнд хоёр намын давуу тал гишүүд дэмжигчдийн тоо,1992-2016 оны хооронд УИХ-д суудал авсан , нэр хүндтэй зэрэг нь давуу байдал болсон бол хоёр намын нэр хүнд унаж , ард иргэд намд итгэх итгэл алдарч буй нь сул тал болж буй юм. Гэсэн хэдий ч намууд гишүүд дэмжигчид ард түмний итгэлийг намын санхүүжилтээ ил тод болгох замаар эргүүлж авах боломжтой. Ард иргэдийн МАН, АН-д итгэх итгэл буурч байгаагаас үүдэн 2020 оны сонгуульд шинэ гуравдагч хүчин гарч ирэх өндөр магадлалтай, засаглалын тогтворгүй байдал ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөн ард иргэд засаглалаа солихыг хүсэх, томоохон жагсаал цуглаан хийн иргэний дайнд хүрэх улмаар хоёр хөрш улсууд дотоод хэрэгт оролцож эхлэх зэрэг бодит аюул занал байгаа юм.
Жил ирэх тусам намын санхүүжилт нэмэгдэж байгаа нэр дэвшигчдийн ихэнх хувь нь сонгуульд зарцуулах мөнгөө хувиасаа эсхүл бизнесийн байгууллагаас гаргадаг нь улс төрийг авилгалжуулах ,засаглалыг тогтворгүй байлгах гол нөхцөл болж байгаа юм.
1992-2018 оны хооронд 14-н засгийн газар солигдсон байна. Үүнийг дундчилж авч үзвэл нэг засгийн 1,5 жилийн настай байгаа юм. Засгийн газрын богино хугацаанд солигдсоноороо засаглалын тогтвортой байдлыг алдагдуулж улсын дотоод болон гадаад бодлогыг залгамж шинж чанар мөн алдагдаж буйг тэмдэглэх хэрэгтэй.
Зөвлөмж:
Улс төрийн намууд санхүүжилтийн орчинг ил тод болгож шилэн данс хөтлөх,
УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр долоо хоног бүр сонгуульд зарцуулсан хөрөнгийн хэмжээг олон нийтийн сувгуудаар цацах
Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулан, санхүүжилтийг улсын төсвөөс бүрэн шийдэх ингэснээр нам ,УИХ-н гишүүд санхүүжүүлэгчдээс хараат байж зөв шийдвэрийг гаргах юм. Нийтийн эрх ашгийг илүүд үзнэ.
Төлөөлөлийн ардчилалыг бататган бэхжүүлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ингэснээр засгийн газрын тогтворгүй байдал арилах юм.
Нийтлэл: Б.Хишигжаргал
Шүүмж: П.Мягмардорж
[1] Улсын дээд шүүх-Улс төрийн намын бүртгэл
(http://www.supremecourt.mn/nam)
[2] Монгол улсын засгийн газар
[3] Сонгуулийн Ерөнхий Хороо –Сонгуулийн дүн
(http://gec.gov.mn/details/1754)
Сэтгэгдэл бичих