“Human dignity” хэмээх нэр томьёог эрхэмсэг оршихуй, нэр төр, алдар хүнд, хүнлэг чанар, хүний үнэлэмж зэрэг янз бүрийн нэр томьёогоор орчуулж ирсэн боловч сүүлийн үед "хүний эрхэм чанар" гэж орчуулж хэвшиж байна. Энэ өгүүлэлд “human dignity”-г хүний эрхэм чанар гэсэн нэр томьёогоор нэрлэж үндсэн утгыг нь тайлбарлах бөгөөд өгүүллийн төгсгөлд яагаад энэ нэр томьёог сонгосон бэ гэдгийг тайлбарлах болно.
Хүний эрхэм чанарын үндсэн утга
Соён гэгээрлийн үеийн философичид хүний эрхэм чанарыг хүн бүр хүн болох хувьдаа адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг гэдгийг гаргаж тавьсан. Үлгэрлэвэл, И.Кант энэ ойлголтыг олон янзаар тодорхойлсон боловч илүү ойлгомжтой байж болох нэгийг нь харья: "Хүн өөрийгөө эсхүл бусад хүнийг хэзээ ч зөвхөн арга хэрэгсэл гэж бүү ханд, харин ямагт зорилго гэж ханд." Энэ нь хүнийг ямар нэг зорилгод хүрэх арга хэрэгсэл эсхүл объект төдийгөөр хэзээ ч үзэж, харьцаж, хандаж болохгүй гэсэн үг. Жишээ нь, 10 хүний амь насыг аврахын тулд нэг хүнийг золиосолж болохгүй. Нийгмийн нийт гишүүдийн эрүүл мэндэд тустай гээд хэсэг хүн дээр өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршилт хийж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх зорилготой гэдгээр хүнийг хэзээ ч эрүүдэн шүүж болохгүй
. Хүн амын тоог өсгөх нь зүйтэй гэсэн төдий шалтгаанаар үр хөндөлтийг бүрэн хориглож эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлдэг машин шиг үзэж болохгүй.
Хүн бүрт эрхэм чанар бий гэдэг нь хүн бүрийн амьдрал адилхан үнэ цэнэтэй гэсэн үг бөгөөд үүнээс хүндлэлийн тухай ойлголт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүнийг хүндлэх гэж юу вэ гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Хүндлэлийг ерөнхийд нь хоёр хувааж болно: ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ хүндлэл ба ҮНЭЛЭХ хүндлэл.
Бид хүмүүсийг зан чанар, бүтээсэн зүйлийг нь үнэлж хүндэлдэг. Харамсалтай нь, зарим хүн ийм хүндлэл огт хүлээдэггүй. Гэхдээ энэ нь бид хүлээн зөвшөөрөх хүндлэлийг алдсан гэсэн үг биш. Хүлээн зөвшөөрөх хүндлэл нь хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч хүндлэх тухай норматив ойлголт юм. Энэ нь хүний эрхэм чанар гэх ойлголтын цөм утгыг илэрхийлдэг.
Үнэлэх хүндлэл болон хүлээн зөвшөөрөх хүндлэл хоёр дээр жишээ авъя. Би хуульчдаас та бүхний хувьд хамгийн их хүндлэл хүлээсэн хүнийг хэлнэ үү гэхэд ихэнхдээ Б.Чимид багшийг нэрлэдэг. Ингэж хүндлэх шалтгаан нь Үндсэн хуулийг боловсруулан батлахад Б.Чимид багшийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг, Үндсэн хуулийг тайлбарлаж бичсэн түүний бүтээлүүд, мөн түүний зарчимч, шударга, хичээнгүй зан чанарт өгч буй үнэлэмж юм. Товчдоо, хувь хүний хийсэн ажил, зан чанар зэргийг нь үнэлээд хүндлэхийг үнэлэх хүндлэл гэдэг. Гэвч, ийм хүндлэлийг хүн бүр хүлээж чаддаггүй.
Хүлээн зөвшөөрөх хүндлэл гэдэг бол хүн бүрийг хэн байхаас нь үл хамааран хүнийх нь хувьд хүндлэх буюу хүний эрхэм чанартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндлэх тухай юм. Жишээлбэл, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршлын хамгийн эхэнд “Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн төрөлх эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх эрх чөлөө, шударга ёс, эрх тайвны үндэс…” гэж бичсэн байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын оршил мөн адилхан өгүүлбэрээр эхэлдэг. Хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүд болон ардчилсан улсуудын үндсэн хуулиудад хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, хувийн амьдрал халдашгүй байх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх талаар зааж, хамгаалах механизмыг тогтоосон байдаг. Хүний эрхэм чанар бол хүний эрх, эрх чөлөөний үндэс.
Хүний эрхэм чанарын шинж
Хүний эрхэм чанар нь дөрвөн үндсэн шинжтэй. Нэгд, хүний эрхэм чанар бол хүн бүрд адилхан байдаг.
Сайн уу, муу юу, нэр төртэй юу, үгүй юу, Монгол улсын иргэн мөн үү, үгүй юу, эсрэг хүйстэнээ сонирхдог уу, үгүй юу зэргээс үл хамааран хүн бүрд хүний эрхэм чанар байдаг бөгөөд үүнийг нь бусад хүн, олонх, төр, хэн ч хэзээ ч зөрчиж болохгүй. Жишээ нь, Монгол хүн болон Хятад хүн яг адилхан эрхэм чанартай бөгөөд олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний үндсэн эрх, эрх чөлөөг Монголд ч, Хятад ч адилхан эдлэх ёстой. Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа Монгол хүн ч, Хятад хүн ч адилхан уг хэргээ шударгаар шүүлгэх, өмгөөлөгч авах, давж заалдах, эрүүдэн шүүгдэхгүй байх эрхтэй. Хэн байхаас нь үл хамааран хүн бүрийн хүний эрхэм чанарыг хүндлэх ёстой.
Хоёрт, хүний эрхэм чанар бол норматив зарчим. Хүний эрхэм чанар гэдэг нь сэтгэл судлаачид хүмүүсийн сэтгэл зүйг судлаад, социологичид хүмүүсийг хэрхэн үнэлбэл зохилтой тухай асуулга аваад, түүхчид хүн төрөлхтний түүхийг судлаад, антропологичид хүний соёлыг судлаад олж тогтоосон зүйл биш. Харин, ерөөсөө хүн бүрд өөрөөс нь салгаж үл болох эрхэм чанар байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн норматив зарчим юм. Ардчилсан улсын соёл, үндсэн хууль, түүнийг тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэр, олон нийтийн хэлэлцүүлэг нь хүн бүрийг эрхэм чанартай гэж үздэг бөгөөд энэ зарчимд тулгуурладаг. Жишээ нь, ажилд авах, албан тушаалд дэвшүүлэх зэрэгт хүйсээр ялгаварлан гадуурхдаг эсэх, эрэгтэй хүнийг эмэгтэй хүнээс илүү гэж ханддаг эсэх хэлэлцүүлгийг авч үзье. Үүний цаана эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доогуур гэж үзэж буй тухай яригддаг бөгөөд энэхүү ялгаварлан гадуурхал нь хүний эрхэм чанарыг зөрчиж байдаг. Учир нь, эмэгтэй болон эрэгтэй хүмүүс тэгш эрхтэй, адилхан эрхэм чанартай гэж Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд тулгуурласан улс төрийн соёл үздэг.
Гуравт, хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болдоггүй. Хүний эрхэм чанарт халдаж болохгүй. Жишээ нь, хүн аймшигтай муухай гэмт хэрэг үйлдсэн гээд тэр хүн хүний эрхэм чанаргүй болчихно гэсэн үг биш. Гэмт хэрэгт яллагдаж байгаа хүн, эсхүл ял авсан хүнийг буруу юм хийсэн гэдгээр нь хүнлэг бус, хэрцгий хандаж, зодож, тарчлааж болохгүй. Цагдан хорих байр болон хорих анги нь хүний эрхэм чанарыг үгүйсгэхүйц хүлэг бус байж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу эрүү шүүлтээс ангид байх эрх бол хэзээ ч зөрчигдөж болохгүй абсолют эрх.
Дөрөвт, хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл. Хүн бүр хүн болох хувьдаа адилхан үнэ цэнэтэй, тэр үнэ цэнэ нь мөнгө, олонхын санаа бодол, сайн муугийн үнэлэмж зэрэг юугаар ч үл хэмжигдэнэ. Баян болон ядуу хүмүүс яг адилхан эрхэм чанартай. Олонхын санаа бодол гээд нэг хүнийг эсхүл цөөнхийг золиосолж болохгүй.10 хүний эрхэм чанар нэг хүний эрхэм чанараас илүү чухал биш.
Нэр томьёоны тухайд
“Human dignity”-ыг эрхэмсэг оршихуй, нэр төр, алдар хүнд, хүнлэг чанар, хүний үнэлэмж зэрэг өөр өөр нэр томьёогоор орчуулж ирсэн. Энэ ойлголтыг "хүний эрхэм чанар" (эсхүл “хүний эрхэм” гэх) гэж орчуулж хэвших нь илүү оновчтой. Учир нь, хүний эрхэм чанар нь “human dignity” гэсэн ойлголтын утгыг илэрхийлж чадах, товч, тодорхой нэр томьёо. Сүүлийн жилүүдэд хүний эрхийн ТББ-ууд энэ нэр томьёог хэрэглээд нэлээн хэвшсэн. Мөн, 2013 онд Хуульчдын анхдугаар их хурлаас баталсан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд ч гэсэн хүн бүрийн хүний эрхэм чанарыг хүндлэх нь хуульчдын баримтлах үндсэн зарчим гэж зааж хууль зүйн хувьд албан ёсны хэрэглээнд оруулсан. Энэ нь хуульчид төдийгүй бүх хүн баримтлах ёстой нийтлэг үнэт зүйл юм.
Эрхэмсэг оршихуй. 1990-ээд оны дунд үед улс төрч Б.Дэлгэрмаа human dignity гэж ойлголтыг “хүний эрхэмсэг оршихуй” гэж орчуулж анх хэрэглэсэн. Мөн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Тэмүүлэн 2014 оны 11 сарын 28-ны өдөр Хүний эрхийн үндэсний комисс дээр “Хүний эрхэмсэг оршихуй” гэдэг нэртэй лекц уншсан. “Эрхэмсэг оршихуй” гэсэн нэр томьёо хэрэглэж болох ч энэ нь хэтэрхий уянгын халилтай, утга зохиолын хэллэг шиг сонсогдож магадгүй. Гэвч, “human dignity” нь ёс суртахууны чухал ойлголт боловч хуулиар хамгаалагдаж, шүүхээр хэрэглэгдэж болохуйц байх ёстой.
Хүний үнэлэмж. Энэ нэр томьёог доктор, профессор Ц.Сарантуяа Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр 2014 оны 9 сарын 26-ны өдөр уншсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хязгаар” нэртэй хүндэтгэлийн лекцэд хэрэглэсэн. Human dignity бол хүнийг үнэлж хүндлэх тухай биш хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч хүндлэх тухай ойлголт гэдгийг энэ өгүүллийн эхний хэсэгт тайлбарласан. Гэтэл, хүний үнэлэмж гэсэн нэр томьёо нь тухайн хүнийг үнэлэх гэсэн санааг илэрхийлж болзошгүй юм.
Хүний нэр төр, алдар хүнд. Хүний эрхэм чанарыг хүний нэр төр, нэр алдартай хутгаж болохгүй. Монголд “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” гэж тэмдэглэдэг болоод нэлээн удаж байна. Энэ өдөр улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт амжилттай явж байгаа хүмүүс сурагчид болон оюутнуудад хэрхэн яаж амжилтад хүрэх вэ гэдэг талаар лекц уншиж тэмдэглэж заншжээ. Энэ арга хэмжээн дээр хүний эрхэм чанар нь хүн бүрд хамаатай гэсэн санааг сайн илэрхийлэхгүй бол хүний эрхэм чанар зөвхөн тэр амжилттай яваа, нэр төр, алдар хүндтэй цөөн хүмүүст байдаг гэж ойлгогдох эрсдэлтэй юм.
Олон улсын гэрээ конвенцэд хамгаалагдсан human dignity гэсэн ойлголтыг honour and reputation гэсэн өөр хоёр ойлголттой хольж хутган орчуулжээ. Жишээлбэл, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг Монгол хэлээр орчуулахдаа dignity-г нэр төр гэсэн үгээр илэрхийлсэн боловч honour and reputation гэсэн үгийг мөн л нэр төр, алдар хүнд гэсэн адил үгээр орчуулжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлд "All human beings are born free and equal in dignity and rights" гэж заасныг "Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна" гэж орчуулсан бол 12-р зүйлд "No one shall be subjected to arbitrary interference with his privacy, family, home or correspondence, nor to attacks upon his honour and reputation" гэж заасныг "Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй" гэж орчуулжээ. Эндээс харахад гурван өөр ойлголтыг хоёр нэр томьёогоор орчуулсан байна: dignity = нэр төр; honour and reputation = нэр төр, алдар хүнд. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 10, 17-р зүйлүүдийг орчуулахдаа мөн адил dignity-г нэр төр, honour and reputation-г нэр төр, алдар хүнд хэмээн зөрүүтэй нэрлэжээ. Тиймээс, олон улсын гэрээний орчуулгыг дахин хянаж dignity-г эрхэм (чанар), honour and reputation-г нэр төр, алдар хүнд хэмээн ялгаж нэрлэх хэрэгтэй байна.
Эрхэм чанарын тухай цэгцтэй ойлголт авахад тусалсанд баярлалаа.
Хэлний мэдлэгтэй олон сйахан залуус залруулж орчуулайсай билээ.
Хэлний мэдлэгтэй олон сйахан залуус залруулж орчуулайсай билээ.
Orchuulga neeree alj bnaa. ner tur, aldar ner, aldar hun. Yag ali ni ym be? Tolgoi ergechihlee. Ner ni ym uu, tur ni ym u?aldar ni ym uu? hund ni ym uu?
hunii mun chanar=human nature l dee.
Баярлалаа❤️
Баярлалаа❤️
Баярлалаа❤️
gosh2 gang
Баярлалаа
Баярлалаа
GOY NIITLEL BOLJEE
GOY NIITLEL BOLJEE
маш ойлгомжтой байлаа
HUG
GOGOGOGOGOGOGOGOGOGO
Баярлалаа ☺
Uneheer oilgomjtoi bailaa bagshaa bayrlalaa
ih zyil oilgolloo tand ajiliin amjilt hysie
masn ih uym medlee jiriin humuus bidnii meddeggui zuiliig oilgomjtoi todorhoi bichsen bn aa baurlalaa
үр хөндөлтийг хориглосноор эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг машин болчихож байгаа хэрэг биш шүү дээ. Гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголттой хүн бол ингэж хэлэхгүй
Англи хэл мэдэхгүй болохоор яг яаж орчуулах нь зөв юм гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүний эрхэм чанар гэдэг бол арай өөр ойлголт байх аа. Хүний эрхэм чанар гэдэгт минийх биш илүү дээд зүйлийнх гэсэн санаа явж байдаг. Тухайлбал, шударга ёс, үнэн, итгэмжит байдал, зөв гэсэн ойлголтууд нь үнэндээ бол дээд оршихуйн мөн чанар юм. Харин хүн энэ мөн чанараас зуурч чадвал энэ нь тухайн хүний хувьд эрхэм чанар болно. Өөрөөр хэлбэл, Бурхан, Улс, Эх орон гэх бодгалиуд нь шударга, үнэн, зөвийн мөн чанарыг эзэмшдэг. Харин хүний мөн чанар бол нүгэлт мөн чанартай. Тиймээс л хүн хувирамтгай байдаг. Гэхдээ Бурхан, Улс, Эх орон гэсэн субъектүүдийн мөн чанараас зуурч чадвал энэ нь эрхэм чанар болно. Өөрөөр хэлбэл, хүний эрхэм чанар бол дээд оршихуйн туйлын мөн чанарлаг үнэнийг эрхэмлэнэ гэсэн санаа юм.
ene sedviig niited ih tugeeh heregtei sanagddag. yalanguya toriin tusgai hamgaalalt huuli huchniihen geh met gazruudad. zugeer yarih bus mash sain oigloltiig olgoh l heregtei bolov uu
Санал нэг байна, Honour Reputation гэдэг 2 үгнээс dignity бол өөр Мөнхсайханы тайлбарласан шиг утгатай үг юм.
Vnher hrgt zuil bnaa yridg hvn tsoohon bdg ene medeell mash ih taalgdjn vnheer ih bayllaa tsaashdaa ch gsn olon heregt zuil tawiara