Нийгмийн эгэх хариуцлага амжилттай хэрэгжихэд хэвлэл мэдээлэл ямар үүрэгтэй вэ?

Bolor Rose 2017-09-19

 Нийгмийн эгэх хариуцлага гэж юу вэ?

Нийгмийн эгэх хариуцлага нь төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ, бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудлаар иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс (сонгуульд санал өгөхөөс гадна) төрд хариуцлага тооцох, мөн хариуцан тайлагнах үйл явцаа сайжруулах, холбогдох хариу үйлдэл хийхийг төрөөс шаардах, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, бусад нийгмийн бүлгүүдээс энэхүү хүчин чармайлтыг дэмжиж, оролцохыг  хүсдэг нийгмийн харилцааны механизм билээ.

Нийгмийн эгэх хариуцлага нь нээлттэй байдал, төр засгийн бодлогын боловсруулалт, түүний хэрэгжилтийн чанарыг сайжруулдаг бөгөөд засаглалын асуудлыг шийдэх, улмаар иргэдийн сайн сайхан амьдралыг баталгаажуулах зарчмын гол арга зам юм. Ингэснээр төр, засгийн газрын байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийн уг шалтгааныг илрүүлж, асуудлыг шийдвэрлэх оновчтой хувилбарыг сонгон хэрэгжүүлдэг. 

Эгэх хариуцлага нь тайлагнах, хэлэлцэх, хариуцлага тооцох гэсэн гурван үндсэн элементээс бүрдэнэ. Нийгмийн эгэх хариуцлага амжилттай хэрэгжих урьдач нөхцөлд мэдээллийн хүртээмж, мэдээлэл авах боломж хамгийн чухал нөлөөтэй байдаг.

Мэдээллийн хүртээмж, мэдээлэл авах боломж

Мэдээлэл бол хүч, мэдээлэл бол эрх мэдэл. Нийгмийн эгэх хариуцлагын практикт мэдээлэл авах, ил тод байдал, мэдээллийг системтэйгээр цуглуулж, шинжилгээ хийх, тэдгээр мэдээллийг зөв ашиглах тухай асуудал маш чухал байдаг.

Ардчилсан чөлөөт нийгэмд мэдээлэл бол хүчилтөрөгч юм.

Хэрвээ шаардлагатай мэдээлэл, тоо баримт байхгүй, олдохгүй байх, эсвэл тухайн мэдээллийг холбогдох байгууллагууд нь нуун дарагдуулах, зориудаар иргэдэд өгөхгүй байх тохиолдолд нийгмийн эгэх хариуцлагын санаачлага хэрэгжүүлэх боломж муутай. Тиймээс иргэд, иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл авах эрх чөлөөтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болдог.

Мэдээллийн хүртээмж, мэдээлэл авах боломж гэдэгт дараах 2 зүйл хамааралтай. Нэгдүгээрт, тухайн мэдээлэл агуулсан эх сурвалж, баримт бичигтэй биечлэн танилцах боломжтой байх, хоёрдугаарт, тухайн мэдээлэл нь иргэд, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар бичигдсэн байх асуудал хамаарна. Зарим мэдээлэл нь баримт материал дээрээс олдохгүй, харин холбогдох албан тушаалтнууд, хүмүүстэй уулзаж л олж авах боломжтой байдаг. Иймээс мэдээлэл авах боломж гэдэгт мэдээлэл агуулсан эх сурвалжууд, баримт бичгүүдтэй танилцах боломжоос гадна холбогдох хүмүүс, албан тушаалтнуудтай уулзаж мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх асуудал ч мөн хамаарна.

“Мэдээллийн эрх чөлөө бол хүний язгуур эрх” 

Түүнээс гадна мэдээлэл авах боломж, мэдээллийн хүртээж хэмээх ойлголтод мэдээллийг олж авахад амар, хялбар байх тухай асуудал ч багтдаг байна.

Хэрэв мэдээлэл авах боломж сайн байвал иргэдийн дунд тухайн асуудлаарх мэдлэг нэмэгдэнэ. Хэрвээ тухайн асуудлаар хангалттай мэдээлэлтэй байвал иргэд тухайн асуудлын тухайд (1) юу нь болж байгаа (2) юу нь болохгүй байгаа, (3) яах ёстой байсан, (4) хэн үүнийг хариуцах ёстой байсан, (5) хууль тогтоомжийн дагуу энэ асуудал яаж шийдэгдэх ёстой байсан, (6) энэ асуудалд иргэд ямар эрх, үүрэгтэй оролцож болох талаар мэдээлэлтэй болж улмаар энэхүү асуудал шийдэгдээгүй бол түүнийг шийдвэрлүүлэхийн тулд тодорхой ажил зохион байгуулж, холбогдох албан тушаалтан, байгууллагад хандаж шахалт үзүүлж эхэлдэг.

Иргэдийн зүгээс шахалт үзүүлж, тухайн асуудал олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтнууд тухайн асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд ордог. Иймээс мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах боломж сайн байх нь нийгмийн эгэх хариуцлага амжилттай хэрэгжихэд нөлөөлөх томоохон хүчин зүйл юм.

Монгол Улсын тухайд иргэдийн мэдээлэл авах, мэдэх эрхийг хангахтай холбоотой нилээд хэдэн хуулиуд батлагдан хэрэгжиж байна. Тухайлбал “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” (2011он), “Шилэн дансны тухай” (2014 он), “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” (1995 он), “Төрийн нууцын тухай” (1995 он), “Байгууллагын нууцын тухай” (1995 он), “Хувь хүний нууцын тухай” (1995 он) гэх мэт хуулиудыг дурьдаж болно. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолын дагуу төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ил тод байдлын шалгуур үзүүлэлтүүдийг үйл ажиллагаандаа ашиглахаар заасан.

Та татварт төлсөн мөнгөнийхөө зарцуулалтыг мэдэх эрхтэй.

Энэхүү шалгуур нь дотроо нэгдүгээрт, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, хоёрдугаарт, хүний нөөцийн бодлогын ил тод байдал, гуравдугаарт төсөв санхүүгийн ил тод байдал, дөрөвдүгээрт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал гэсэн 4 хэсэгтэй бөгөөд 30 шалгуур үзүүлэлт багтаасан байна. Зэвсэгт хүчин, цэрэг, тагнуулын байгууллагаас бусад бүх төрийн байгууллага дээр дээр дурьдсан хууль, тогтоомжуудын хүрээнд иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Ямар нэг төрийн байгууллагаас хэрэгцээтэй, сонирхсон мэдээллээ авахыг хүсэхэд ихэнх нь “байгууллагын нууц” гээд огт мэдээлэл өгдөггүй гэж иргэд гомдоллодог. Гэтэл иргэд хууль тогтоомжоо судалж, гаргасан гарын авлага зөвлөгөө зэргийг анхаарч үзвэл энэ талын мэдлэг, мэдээлэл олж авах бүрэн боломжтой байдаг. Хэрвээ иргэд төрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх, уг эрхээ хэрэгжүүлэх арга замыг мэддэг, иж бүрэн мэдээллийг олж авах чадвартай бол нийгмийн үйл явцад тэдний оролцоо нэмэгдэж ирдэг. Энэ тохиолдолд тэд төрөөс хариуцлага нэхэх боломжтой мэдлэг мэдээлэлтэй болдог. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд тэрхүү мэдээллийг үр дүнтэйгээр ашиглаж, төрийн байгууллагууд, албан тушаалтнуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадавхтай болно.

Эх сурвалж: Нийгмийн эгэх хариуцлагын гарын авлага 

Аналист Bolor Rose