МЭӨ ? - 1940. Мянга мянган жилийн эдэлгээ хэрэглээнээс үүдсэн туршлагаар монгол гэр өнөөгийн төрхөө олсон буй за. Барих буулгах , нүүж суухад эвтэйхнээс гадна хямд төсрөөрөө урцнаас бага зэрэг л үнэтэй учраас монгол айл бүр өөрийн гэсэн гэр оронтой байдгаараа дэлхийн олон ард түмнээс ялгаатай. Тал хээр нутагтаа тааваараа нүүдэллэж амьдарсан монголчууд хот барьж, суурин амьдралд чадан ядан суралцаж эхэлснээс хойш байр орон сууц гэдэг зүйл том бага, өсвөр өтөлд ялгаагүй өдрийн бодол шөнийн зүүд боллоо.
1950-1989. Социализмийн үед хувийн орон сууц гэж байсангүй, ажил хөдөлмөрөөрөө манлайлж яваа нэгэнд урамшуулж олгодог хэрэгсэл, дарга даамалд томилоход дагуулж өгдөг бонус, очер дугаар бичүүлж 20 жил хүлээлгэж нэг л байгууллагад насаар нь хаддаг хавх дөнгө мэт зүйл байв. Хоршооллын байр гэж улсынх гэхэд улсынх биш хувийн гэхэд бас хэцүү барилгууд баригддаг байсан. Жишээ нь, Урт Цагаан угтаа Нийслэлийн өмч бус олон зуун ажилчин хөрөнгө нийлүүлж хүч хөдөлмөрөөрөө босгосон эд.
1989-2000. Цагаан морин жилийн хувьсгалаас ч өмнө улсын нэртэй байр орон сууцыг мөнгө төгрөгөөр нууцхан сольж авах явдал гардаг байв. Илэрвэл байр ч үгүй, мөнгө ч үгүй хоцордог гэсэн цуу яриатай, чухам хэн хэн байраа хураалгасан тухай баримт надад алга. 1996 онд Ардчилсан хүчнүүд засаг авсан даруйдаа гаргасан чухал шийдвэрийн нэг нь орон сууцыг хувьчлах тухай хууль байлаа.
Төрийн өмчийн орон сууцад амьдарч байсан Монгол Улсын бүх иргэн байраа үнэ төлбөргүйгээр хувьчилж авснаар орон сууц албан ёсоор эдийн засгийн эргэлтэд орох эрх зүйн орчин бүрдсэн юм. Үнэгүй авсан юм чинь хэдээр зарах нь тодорхойгүй байлаа. Хүмүүс тохироод л өгч аваад л, аажим аажмаар эрэлт өссөөр (нийлүүлэлт 0 байсан үе ) нэг өрөө байр 2-10 жилийн цалинтай тэнцэж ирэв. Тэр үед голцуу хоёр өрөө байр давамгайлж байсан ч нэг өрөө байрын эрэлт их байлаа.
2000-2012. Ингээд шинэ мянганы босгон дээр анхны үндэсний барилгын компаниуд орон сууц барьж, борлуулж эхлэв. Нөгөө ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хэд байлаа гэдэг шиг хувийн компаниуд орон сууцаа метр квадратаар нь үнэлснээр хэр баргийн хүн дийлж авахааргүй, бүр 400 ам.доллар хүрч, хур баячууд хүртэл дөнгөн данган дөрвөн өрөө дийлдэг байсан үе. Гуравдугаар хорооллын дөрвөн өрөө байр 22 сая байхад шинэ барьсан байрны дөрвөн өрөөг 60 сая төгрөг тоолж байж авна. Туул голын хөвөө, Төв цэнгэлдэхийн хойхно талд хувийн байшин 150 мянган ам.доллар хүрч байлаа. Орон сууцны нийлүүлэлт нэмэгдэж байрны үнэ буух тийшээ хандаж байтал ТӨР анхааралдаа авч, элдэв нэр зүүсэн хөтөлбөр батлаадахав.
Тэр даруйд байрны үнэ өсөж, метр квадрат нь 650 ам.доллараас эхэлдэг болов. Гай болж дараагийн сонгуулийн мөчлөг таарч нөгөө хөтөлбөрүүд нь тоогоо ч нэмж, элдэв журам батлагдан байрны үнийг тэнгэрт хадаалаа. Шинэ байрыг онцолсон хөтөлбөрийн зээл хуучин байранд ч хамаатай болж, 24 саяар авсан төмөр замын хоёр өрөө гурван сарын дотор 52 сая хүрэв. Ингээд нэг талд нь багавтархан нийлүүлэлт , нөгөө талд нь элдэв хөтөлбөр, уул уурхайн баялгийн хийрхэл, чанаргүй зээлээр баталгаажсан эрэлт
дүүжин даажин тоглох гэж үзэв.
2012-2013. Ардчилсан нам засаг аваадахлаа , одоо л нэг ТӨР элдэв юманд хошуу хуруугаа дүрж бужигнуулахгүй дээ гэж санатал талаар боллоо. Шинэ баяны цээж хөндүүр гэгчээр сонгогч олондоо улам таалагдах гэж юу эсийг хийв дээ. Э.Бат-Үүл захирагч 2012 оныг “барилга зогсоолтын жил” болгож хувиргалаа. Ажлынх нь ид үеэр кранаа буулгаагүй байсан бүх барилгыг зогсоож, дулаан цахилгаанаар хангахыг тас хориглов. Улирлын чанартай учраас зогссон барилгууд бүтэн нэг жилээр шатаж, зарим нь энэ жилдээ ч ашиглалтад орохгүй сурагтай. Үүнээс болоод шинэ байрны метр квадрат нь 1 сая 450 мянга хүрч эхлэв. Элдэв дарга даамлууд нэг саяас хэтэрвэл торгоно барина ч гэж хэлж үзэв. Эрэлт байгаа хойно мянган Магнай байгаад нэмэргүй л дээ... Тэгтэл Засгийн газар овоо ухаарч нийлүүлт талыг нь дэмжинэ гэж зарлав. Юугаар дэмжих нь вэ гэсэн чинь бас л мөнгө. Мэдээлэл, эрх мэдэлд ойрхон нь “дэмжлэг авч” нийлүүлэлт сайжрах юм гэнэ. Зарим нэг нь бүр 20,30 тэрбумаар “дэмжүүлж” байх юм. Угжны хурганууд Засгийн хормойноос зүүгдсээр дуусна даа.. Нийлүүлэлтийг дэмжиж бас нэг зүйл туршсан нь үндэсний таван барилгын компаниар консорциум байгуулж барилга бариулав. Зөв санаа. Дэд бүтэц нь тэдний хурдыг гүйцэхгүй хоцорч байгаа сурагтай. Нээрэн энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Нийлүүлэлт ямар санал өгөх биш, дахиад л сонгогчдод таалагдах гэж найман хувийн зээл бодож олов.
Үр дүнд нь байрны үнэ квадрат метр нь хоёр сая орчим болчихлоо.
ТӨР элдэв нэр зүүж, тоо тавьсан хөтөлбөр батлаагүй, хавтгайрсан зээл тараагаагүй байсан бол гурван удаагийн давтамжтайгаар огцом үнийн хөөрөгдөлт болохгүй байсан нь мэдээж. Ямар үзмэрч биш, байрны үнэ хэд байх байсныг хэлж чадахгүй, гэхдээ л өнөөдрийнхөөс хамаагүй бага, бага ч учраас хавьгүй олон айл орон байртай болох байсан байх. Дараагийн дугаарт яаж зах зээлийн зарчимд хор хөнөөлгүйгээр нийт эдийн засагт эерэгээр нөлөөлж, иргэдээ байртай болоход нь тусалж болох тухай өгүүлнэ.
(Үндэстний Тойм сэтгүүлийн 184 дугаарт нийтлэж байв.)
ТӨР ЗАСАГ
yostoi neg heleedehleedee
saihan bichsen bichsen bna. ene 76 oilgoj bgamu guu muu. fuck l yum da. yaaj bair awahiin bgan.
Tiim shu tur oroltsoogui bol bair yalaa gej iim unetei b.h bilee